Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ба даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Төны Бэд холбогдох эрүүгийн 2513000000147 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын... дүгээр /.т/ баг, 1. дугаар гудамжны.оотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш ургийн овогтой Тны Б, регистрийн дугаар: ....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 04-24 ХОЕ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”Шүүгдэгч Т.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2025 оны 04 сарын 08-ны шөнийн 22.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 04-24 ХОЕ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

 

3. Эрүүгийн 2513000000147 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/, жолооч Т.Бийн согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 03, 05 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, иргэн Т.Бийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, яллагдагч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,үйл баримт:

4.Шүүгдэгч Т.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2025 оны 04 сарын 08-ны шөнийн 22.00 цагийн үед 04-24 ХОЕ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

4.2. Жолооч Т.Бийн согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 03 , 05 дахь тал/,

4.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

4.4. Иргэн Т.Бийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

4.5. Яллагдагч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгий аймагт найзуудын хамт ирсэн. Тэгээд Өлгий сум руу орж ирэхэд Өлгийд байдаг 1 найз тосож авсан бөгөөд бид 5 найзууд нийлээд 4 шил 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи уусан. Тухайн архинаас нь би бас уусан юм. Тэгээд би өөрийн хүргэн ахын гэр рүү явах гэхэд манай машины жолоочийн хамраас цус гарахаар нь би түүний машиныг нь жолоодож замын хөдөлгөөнд оролцон, Бугат сумын чиглэлд байх хүргэн ахын гэрийн зүг рүү явж байхад замд замын цагдаа нар зогсоож шалгасан. Тэгээд цагдаа намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, шалгах хэрэгтэй байна гээд цагдаагийн газарт авч ирээд драйгер үлээж шалгахад миний согтолтын хэмжээ 2.64% зааж байсан тул миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулж, намайг ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн.  Би өмнө тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын үнэмлэхтэй байсан. 2014 онд жолооч болж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сард мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан тул би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй юм. Би шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийг маш сайн мэдэж байсан. Тухайн үед жолоо барьж байсан жолоочийн хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь би ойрхон газар юм чинь гээд жолоо бариад замын хөдөлгөөнд оролцсон, миний энэхүү үйлдэл нь хуульд нийцэхгүй буруу гэдгийг маш сайн мэдэж байна. Миний бие Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд ажилд орсон, 14 хоногийн хугацаагаар ээлжийн ажилтай юм. Өмнө нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан бөгөөд энэ ажилд одоо л орж байгаа. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Т.Б нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.   

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Хууль зүйн  дүгнэлт:

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж ,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж  хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

8. Шүүгдэгч Т.Б нь урьд 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр  согтуугаар /2.69% промиль/ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдон шалгагдаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/166 дугаар шийтгэврээр  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.(хавтаст хэргийн 11-13 дахь тал),

Түүнчлэн шүүгдэгч Т.Б нь шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин 2025 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 22.00 цагийн үед  /2.64 промиль (%)/ согтуугаар 04-24 ХОЕ улсын дугаартай, “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтуурыг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

9. Шүүгдэгч Т.Бийн шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин  2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт  04-24 ХОЕ улсын дугаартай, “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

10.Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Шүүгдэгч Т.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Т.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

2.Шүүгдэгч Т.Бээс “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дараа нь дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

5. Шүүгдэгч Т.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. 

6.Шүүгдэгч Т.Бийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1992 онд төрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

7.Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2.64 промиль (%) согтолттой үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж,  нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Т.Бэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах шийтгэлийг эдэлж дууссаны дараа үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Төны Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссаны дараа үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б