Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 184

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч В.Отгончимэг,

хохирогч Ц.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Улаан хүрэмт овогт Баасанжавын Мөнхбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726030435 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6-159А тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 06 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Улаан хүрэмт овогт Баасанжавын Мөнхбат /РД: ИР67092914/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь ялтай байхдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6-159А тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архидан согтуурч, агсам тавьж, эхнэр Ц.Даваасүрэнг хэл амаар доромжлон ална, гэр орноо шатаана гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэсэн,

Мөн эхнэр Ц.Даваасүрэнг байнга бусадтай хардаж, дарамтлан зодож, улмаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой “ажлаасаа оройтож ирлээ, ямар их хүлээлгэдэг юм” гэх шалтгаанаар түүнийг газар унаган толгой, нүүрэнд олон удаа хөлөөрөө дэвсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ агсам тавьж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж, ална гэж айлган сүрдүүлсэн зэргээр сүүлийн 1 жилийн хугацаанд хохирогч Ц.Даваасүрэнг байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч Ц.Даваасүрэн: “...Б.Мөнхбат өдөр бүр л намайг зоддог, намайг автобуснаас буугаад гэр лүүгээ явах замд зодчихоод гэр лүүгээ явчихдаг, хүүхдүүддээ битгий хэлээрэй гэдэг. Би хүүхдүүддээ аав чинь намайг зодчихлоо гэхээр хүүхдүүд худлаа ярьлаа гэдэг. Архи ууж согтуу ирэхээрээ байнга зоддог, маш их гомдолтой байна. Миний хувьд маш их мартаж санадаг болсон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Даваасүрэн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.Мөнхбаттай гэр бүл болоод 33 жил болж байна, бидний дундаас 3 охинтой. Б.Мөнхбат нь сүүлийн жилүүдэд архи уухаараа бид нарт агсам согтуу тавьж, намайг зодож цохих болсон. Энэ үйл явдал нь хэрээс хэтэрч 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирэх үед Б.Мөнхбат нь чи ямар орой ирдэг юм бэ, намайг автобусны буудал дээр яасан их хүлээлгэдэг юм бэ, би чамайг 1 цаг 30 минут хүлээлээ гэж хэлээд гэртээ оруулж байгаад газар унаган нүүрэн дээрээс хөлөөрөө удаа дараа дэвсэж, миний биед гэмтэл учруулсан. Гэрт байсан охин салгах гэхэд охиныг бас цохьсон, охин бид хоёр илбэж байгаад арай гэж зогсоогоод гэрээ онгойлгоод гарч зугатаасан, тэгээд цагдаа дуудсан. Миний хамар хугарсан, хоёр нүд хөхөрсөн, толгой тархи өвдөж, хамаг бие хөндүүр болсон. Ер нь намайг байнга хардаж зоддог, архи уугаад л согтуу гэртээ ирж намайг янхан, гичий минь хаагуур банзалдаж, янхандаж яваад ирдэг пизда вэ гэх зэргээр хэлдэг. Манай ажил дээр согтуу ирж манай ажлын эмэгтэйн нөхөртэй хардаж нөхөрийг нь ална гэх зэргээр дарамдалж байсан. Зодохдоо биеийн ил харагдах хэсэгт гар хүрдэггүй, далд хэсгүүдэд цохиж гэмтэл учруулдаг, тухайн үед цагдаад хандах гэсэн боловч охид маань жаахан байсан, Б.Мөнхбатаас салаад хэдэн хүүхдээ өнчрүүлээд яах билээ гээд тэвчиж, энэ хүнийг давраасан. Б.Мөнхбат 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр намайг оройтож ирлээ гэх шалтгаанаар зодсон, манай ажил  орой 18 цагийн үед тардаг, замын бөглөөнд 2 цаг орчим түгжирч байгаад гэртээ очиход чи хэнтэй хаана явалдаж байгаад ирэв гэх шалтгаанаар мөн л нөгөө хардалтын улмаас зодсон...” /хх-ийн 14, 15-16/ гэсэн,

Гэрч М.Хандмаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Аав архи уучихдаг зантай, уухаараа нилээд агсам, уух болгондоо ээжид агсам тавьж заримдаа гар хүрдэг. Аав ээжийг гараараа цохиж гэмтээдэг, хөлөөрөө өшиглөж, нилээд ширүүн байдаг...” /хх-ийн 18-19/ гэсэн,

Гэрч М.Цэенханд хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 3 дугаар сарын 29-ний орой 20 цаг 30 минтуын үед ээж ажлаасаа ирсэн, аав ээжийг гадаа 2 цаг гаруй хүлээгээд гадуур тэнэлээ, хэнтэйгээ явалдаж байгаад ирэв гээд зодсон юм. Тухайн үед ээжийн нүүр лүү гараараа цохиж, дараа нь газар унагааж нүүр лүү нь нилээд олон удаа дэвсэх үед би болиулах гэж хичээгээд арай гэж ээжийг босгоод гаргаж зугтаалгасан, намайг нэг удаа цохьсон, тэр үед толгой эргэсэн боловч удалгүй зүгээр болж гэрээс гарч аавыг гаднаас цоожилж зугтаалгахгүй байж байх үед ээж цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь аав ээжийг нилээд олон удаа цохиж зодож байсан, зодохдоо дандаа согтуу байдаг...” /хх-ийн 21-22/ гэсэн,

Гэрч Б.Мягмаржав хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Даваасүрэнгийн нүүр нь хавдартай, хөхөрсөн толботой харагдаж байсан, би юу болсон талаар асуухад ах Б.Мөнхбат нь эхнэрээ 2 цаг гаруй хүлээж байгаад оройтож ирлээ гэх шалтгаанаар зодсон байсан. Ах Б.Мөнхбат жаахан архинд дуртай, архи уухаараа агсан зан гаргаад байдаггүй...” /хх-ийн 23-25/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Мөнхбат хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 3 дугаар сарын 19-ний орой эхнэрээ тосох гээд 19 цагийн үед автобусны буудал дээр очиж нэг цаг орчим хүлээсэн боловч эхнэр маань ирээгүй. Гадаа нилээд сэрүүхэн байсан учраас даараад эхнэр Ц.Даваасүрэнг ирэхгүй болохоор нь буцаад гэртээ харьсан. Гэртээ хариад хувцасаа тайлаад сууж байхад эхнэр Ц.Даваасүрэн 21 цагийн үед ирсэн. Эхнэртээ хандаж чи ямар орой ирдэг юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гээд гипсдэж боосон хугархай гар руу сандлаар цохиод гар хөндөхөөр нь гэнэт уур хүрээд зүүн гараараа барьж байгаад нүүрэнд нь 3-4 удаа цохиж, газар унагаагаад нүүрэн дээрээс нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл нүүрээ дараад хэвтчихсэн, араас манай том охин татаж чангаагаад салгасан. Тэгтэл манай эхнэр босоод зугатаачихсан, манай охин гэрт байсан цоожийг аваад намайг гэрт цоожлоод цагдаа дуудсан. Би ч цагдаа нар ирэх юм байна гэж бодоод хувцасаа өмсөөд хүлээгээд сууж байхад цагдаа нар ирээд намайг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр авчирсан. Манай эхнэр намайг байнга зайл чи, чиний хэрэг байхгүй гэж хөөдөг юм, ингээд би гутарч архи уусан үедээ агсам согтуу тавьдаг. Эхнэр заримдаа ажлаасаа оройтож ирдэг, заримдаа утсаа авдаггүй, салгаад алга болчихдог, тэгэхээр нь уурлаж чи хаагуур яваад байдаг юм, ажил чинь хэдэн цагаас тардаг юм гэж хардаж хэрүүл маргаан хийдэг. Хоёр удаа ажил дээр нь очиж захиралтай нь уулзсан...” /хх-ийн 39 40/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5/,

- Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн №4513 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Ц.Даваасүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” /хх-ийн 34/ гэсэн,

- Шүүгдэгч Б.Мөнхбатын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа, тодорхойлолт, ял шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 47-58/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 60-61/,

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох магят /хх-ийн 63-67/ зэрэг болно.

 

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6-159А тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архидан согтуурч, агсам тавьж, эхнэр Ц.Даваасүрэнг хэл амаар доромжлон ална, гэрээ шатаана гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэсэн,

Мөн эхнэр Ц.Даваасүрэнг байнга бусадтай хардаж, дарамтлан зодож, улмаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой “ажлаасаа оройтож ирлээ, ямар их хүлээлгэдэг юм” гэх шалтгаанаар түүнийг газар унаган толгой, нүүрэнд олон удаа хөлөөрөө дэвсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ агсам тавьж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж, ална гэж айлган сүрдүүлсэн зэргээр сүүлийн 1 жилийн хугацаанд хохирогч Ц.Даваасүрэнг байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Хандмаа, М.Циенханд, Б.Мягмаржав, Б.Тунгалаг, М.Цэрэнханд, З.Буянтогтох нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4513 тоот дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, шүүгдэгч Б.Мөнхбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбатыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа эхнэр Ц.Даваасүрэнг бусадтай хардаж, байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан... бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, заналхийлж, гутаан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны зовиур шаналал байнга учруулсан бол долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Мөнхбатад 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй, өөрөөр хэлбэл нэг сараас гурван сар хүртэл хугацаагар баривчлах ял оногдуулахаар заасан байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 06 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4, 78.4 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбатад ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Ц.Даваасүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 төгрөг нэхэмжлэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол, төлбөргүй, харин гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхбатын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохирогчийн аюулгүй байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийх, өөрийн гэм бурууг ухамсарлах, гэмших, зан төлөв, хандлагаа өөрчлөх, өөрийгөө засан хүмүүжүүлэх бололцоо олгох үүднээс түүнийг богино хугацаанд олон нийтээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулав.

 

Эрүүгийн 201726030435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаан хүрэмт овогт Баасанжавын Мөнхбатыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201726030435 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР