Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/341

 

 

 

 

Н.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч У.Түвшин,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/238 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшиний гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн Н.Х-т холбогдох эрүүгийн 2008031181617 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

/.

Шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131/3 дугаар байрны гадаа "миний аавыг уруу татаж архи уулаа" гэх шалтгаанаар Д.Б-ийн хавирга руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Прокуророос Н.Х-ын холбогдсон эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байх бөгөөд гэмт хэргийн шинжийн талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт "...миний аавыг уруу татаж архи уулаа" гэх шалтгаанаар1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 62 настай Д.Б-ийг цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан талаар тусгажээ.

Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна." гэж заасан байна. Хууль зүйн хувьд "биеэ хамгаалж чадахгүй хүн" гэдэгт "өндөр настай"... этгээдийг хамааруулан ойлгоно. Иймд тус хэргийн хохирогч нь ахмад настай буюу өндөр настан байхад шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн бурууг хэрэглэсэн гэж үзнэ. Шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцаах тухай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/238 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж" гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлэх бөгөөд өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой хүн, бие хамгаалж чадахгүй этгээд гэж ойлгоно.

Хэрэгт цугларсан баримтаар хохирогч Д.Б- нь өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой хүн байгаагүй.Мөн түүнчлэн хохирогч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгээр болон бусад баримтуудаас дүгнэхэд болсон үйл явдлыг тодорхой санадаг бөгөөд бие махбодийн хувьд биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх хууль үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/238 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж" гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээс харвал "...хохирогч нь тухайн үед гадаа гарч тамхи татчаад буцаад гэр лүүгээ орж явсан...Н.Х-тай ирсэн...дараагаар нь гэр лүүгээ орсон...маргааш нь зовиур байсан тул эмнэлэгт үзүүлсэн..." талаараа мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэг болох үед хохирогч сэтгэцийн хувьд эрүүл саруул, байснаас гадна хэрэг болсоны дараагаар өөрөө гэр лүүгээ орсон байдаг. Мөн хохирогчийн мэдүүлэгт "...би чамайг дийлэхгүй..." гэж хэлээд гэртээ орсон байдаг ба хохирогч нь маргалдах, өөрийгөө хамгаалах боломжтой байсан. Гэтэл өндөр настай хүн бүр биеэ хамгаалах чадамжгүй байдаг мэтээр таамагласан, хийсвэрлэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нь нотлох баримтад үндэслэсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/238 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхээс Ахмад насны тухай хууль гэсэн салбар хуулийг иш татаад Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал байна гэсэн. Хохирогч Батцэнгэлийн хувьд 2020 онд гэмт хэрэг гарахад 62 настай байсан учир Ахмад настны тухай хуулиар ахмад настан гэдэгт орчихсон. Гэхдээ хууль зүйн хувьд ахмад настай хүн болгоныг биеэ хамгаалж чадахгүй гэж үзэх нь өрөөсгөл. Хэргийн нөхцөл байдлаас харах юм бол Москва хорооллын гадаа хохирогч тамхи татаад саравчин дотор зогсож байсан, хамт архи ууссан найзынх нь хүүхэд нь ирээд “аавын та битгий уруу татаж архи уугаад бай” гээд хохирогчийг хоёр гурван удаа цохиж гэмтэл учруулсан байдаг.

Салбар эрх зүйн тухай хуулиар  ахмад настан гэдгийг тайлбарлах гэж байгаа бол 1994 онд батлагдсан, 2018 онд шинэчлэгдсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль байдаг. Үүгээр 65 настай хүн тэтгэвэрт гарна. Тэгэхээр Ахмад настны тухай хуулийн 60 нас гэсэн ойлголтыг хүн болгон дээр хэрэглээд байвал өөрөө учир дутагдалтай. Иймд бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Х-ын Д.Б-ийн хавирга руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр хохирогч Д.Б- нь 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, хэрэг гарах үед 62 настай байсан боловч насных нь байдлаар биеэ хамгаалж чадахгүй гэж үзэх үндэслэлгүй.

 Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн нөхцөл нь хохирогчийн тухайн болж буй үйлдэлд дүгнэлт хийн өөрийгөө хамгаалах чадвартай шууд хамааралтай байх бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсон, мөн бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалахаар гэмт этгээдийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байх, өвчин болон бие махбодийн хөгжлийн улмаас илтэд сул дорой учраас бие хамгаалж чадаагүй байх, согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсон ойлголт болно.

Хохирогч Д.Б-ийн “...Би тэр залууд хандаж, би чамайг дийлэхгүй гэж хэлээд гэртээ орсон. ...” /хх 9-10/, “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр гадуур явж байгаад гэртээ орох гээд байрныхаа орц руу орох гэж байхад ...Хосбаяр ирээд аавыг уруу татлаа гээд шууд гэдэс орчим 2,3 удаа цохиод цаашаа яваад өгсөн. ...” /хх 12/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд  шүүгдэгч Н.Х-ын гэм буруутай үйлдлийн эсрэг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, ахмад настай хүн бүрийг өндөр настай гэж үзэх нь учир дутагдалтай.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 үгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/238 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.Х-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Н.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ