| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
2025 05 23 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ш овогт О С-ад холбогдох 2513000000151 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ш овогт О С, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн У... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У... сумын ... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Ө... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД: БК....,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.С нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн өөрийн хүү болох С.Е-ыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан байхад С.Е-ыг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр бодит байдлыг нууж, 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 500,000 төгрөгийг С.Е-ы нэрээр хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 500,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирол 500,000 төгрөгийг халамжийн санд төлсөн.” гэв.
2. Эрүүгийн 2513000000151 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 03 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 32/1731 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 04 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 160 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 05 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 54 дах тал/, гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5197/271 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн О С-ын 5....... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 17-21 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 32/1733 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 22 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12/346 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 32/1732 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 26 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 159 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд /хавтаст хэргийн 27-31 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 146 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 34 дэх тал/, яллагдагч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүгдэгч О.С-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
4. Шүүгдэгч О.С нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн өөрийн хүү болох С.Е-ыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан байхад С.Е-ыг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр бодит байдлыг нууж, 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 500,000 төгрөгийг С.Е-ы нэрээр хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.1. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас албан бичгээр гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4.2. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 03 дахь тал/,
4.3. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 32/1731 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 04 дэх тал/,
4.4. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 160 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 05 дахь тал/,
4.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сард хяналт, шалгалтын ажлаар тус аймгийн Улаанхус суманд ажилласан. Би Улаанхус сумын багийн Засаг дарга болон өрхийн эмч нараас нь мэдээлэл авахад уг сумаас нийт 18 хүүхэд нас барсны дараагаар хууль бусаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан зөрчил илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Уг хүүхдийн нэг нь С.Е гэх хүүхэд байсан
Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу миний бие С.Е гэх хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтын гаргасан.
...Уг жагсаалтад С.Е нь 2023 оны 2 дугаар сараас эхэлж 2024 оны 9 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгө олгогдсон байсан. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхэд нас барсны гэрчилгээгээ авч улсын бүртгэлээ бүртгүүлсэн үед нь манай халамж зогсоосон байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм.
Харин тухайн хүмүүс нь нас барсны гэрчилгээ авахгүй явж байсан тул улсын бүртгэлд тухайн хүүхэд нь амьд гэх төлөвтэй байсан тул хүүхдийн мөнгө олгогдож байсан байна.
...Нийгмийн халамжийн санд иргэн О.С-ын буруутай үйлдлээс болж учирсан хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 500,000 төгрөгийг иргэн О.С-аас нэхэмжилж байна.
...Өөр хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 54 дах тал/,
4.6. Гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.С-ыг танина. О.С нь манай авга ахын хүүхэд юм. Өмнө нь Улаанхус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн байгаа юм. Түүний хүү болох С.Е нь 2024 оны 4 дүгээр сард нас барсан талаар сонссон. Тухайн үед манай гэр бүлийнхэн аймагт байсан тул буяны ажилд нь оролцож чадаагүй явж байгаад 2024 оны намар хадлангийн үеэр очиж эмгэнэл илэрхийлсэн юм. Талийгаач хүү С.Е нь ямар шалтгаанаар нас барсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
4.7. Гэрч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөр болох О.С-тай 2009 онд гэр бүлж болж дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Манай хүүхдүүдийг С.М /14 нас, эр/, С.Г /17 нас, эм/, С.А /5 нас, эм/, С.Е гэдэг. Манай хүү болох С.Е нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ба 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр /өдрийг нь сайн санахгүй байна/, 12 настайдаа өвчний улмаас гэртээ нас барсан юм. Манай талийгаач хүү С.Е нь төрхөөсөө бие султай, өвчтэй байсан ба нуруундаа гэмтэлтэй хүүхэд байсан. Эмнэлгээр байнга явж үзүүлсэн боловч нэмэр болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
4.8. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5197/271 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн О.С-ын 5.... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,
4.9. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 32/1733 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
4.10. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12/346 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
4.11. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 32/1732 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
4.12. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 159 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд /хавтаст хэргийн 27-31 дахь тал/,
4.13. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 146 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
4.14. Яллагдагч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүү болох С.Е нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас гэртээ нас барсан юм. Би хүүхдээ нас барсан талаар өөрийн хариуцлагагүй байдлын улмаас улсын бүртгэлийн газарт бүртгүүлж чадаагүй. Улмаар хүүхдүүдийг маань нас барснаас хойш буюу 2024 оны 05-09 дүгээр саруудад түүний нэр дээр хүүхдийн мөнгөн тэтгэмж авч, уг мөнгийг зарцуулснаа хүлээн зөвшөөрч байна.
... Би хохирлыг төлж өгнө гэдгээ илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч О.С-аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгсөн” гэх тайлбарыг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
8. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. ““нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй.” гэж нийгмийн халамжийн хамрах хүрээг тодорхойлж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;”, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг тус тус нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөлд багтаан хуульчилжээ.
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ: 13.1.1. “иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;”, 13.2. “Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ: 13.2.1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг;” гэж заасан байна.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3. “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.С нь бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг бодит байдлыг нууж, хууль бусаар 2024 оны 9 дүгээр сар дуустал хугацаанд авч, цаашид дээрх мөнгийг авах боломжгүй болж гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.
11. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.С-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
12. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.С-ын шунахайн сэдэлт, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
15. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.С нь 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сар дуустал хугацаанд нийт 500,000 төгрөгийн хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг 500,000 төгрөгийг халамжийн санд төлж өгсөн тухай банкны шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн учраас шүүгдэгч О.С-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар.
16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
17. Шүүгдэгч О.С-аас “...хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.С-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
19. Шүүгдэгч О.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
20. Шүүгдэгч О.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
21. Шүүгдэгч О.С-ын хувийн байдлын хувьд 1988 онд төрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх ба шүүгдэгч О.Сад дээрх хуулийн хэм хэмжээг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
23. Шүүгдэгч О.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хууль бусаар авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж өгсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч О.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Сад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
25. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ш овогт О С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.С-ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ