Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2018/00017/И |
Дугаар | 148/ШШ2018/00074 |
Огноо | 2018-02-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 148/ШШ2018/00074
2018 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 148/ШШ2018/00074 | Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох Гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 1.204.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 14 тоотод оршин суух, Жи Мобайл ХХК-ийн Сэлэнгэ салбарын эрхлэгч ажилтай
******* овогт *******ийн *******
регистрийн дугаар ТЕ - 92090828
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны 18 тоотод оршин суух, Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай
Хонгор адуут овогт *******гийн *******
регистрийн дугаар ЦГ 68031305
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Жи Мобайл ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
... Жи Мобайл ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг, Өрхийн эрүүл мэндийн төвтэй ЖМ16/891 тоот Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч тус төвийн дарга Д.******* гарын үсэг зурж тэмдэг дарсан.
Гэрээний дагуу 1.184.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдан авсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ гүйцэтгээгүй төлбөрөө бүрэн гүйцэтгээгүйн улмаас 803.200 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг, Өрхийн эрүүл мэндийн төвөөс ЖМ16/891 тоот Зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр болох 803.200 төгрөгийг гэрээний 3.3-т заасан ...төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэсний дагуу алданги 401.600 төгрөг нийт 1.204.800 төгрөгийг гаргуулж компанид учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү!.... гэжээ.
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Сэлэнгэ аймгийн зөвлөх баг өрхийн эрүүл мэндийн төвөөс ЖМ16/891 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр болох 803.200 төгрөг, гэрээний 3.3-т заасан төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэсний дагуу алданги 401.600 төгрөг нийт 1.204.800 төгрөгийн компанид учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100.000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Ингээд үндсэн төлбөр 703.200 төгрөг, алданги 351.600 төгрөг, нийт 1.054.800 төгрөгийг гаргуулж өгнө үү!... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай өрхийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Р.******* гэдэг хүн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Жи мобайл ХХК-аас 2 утас зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан юм. Анх над дээр орж ирээд утас авах гэсэн юм, өрхийн эмнэлэгт ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт л хэрэгтэй гэсний дагуу би Р.******* нь өрхийн эмнэлэгт ажилладаг тул утас олгож өгнө үү! гэсэн тодорхойлолт албан тоотыг хийж өгсөн.
Тэгээд ч Р.******* нь зээлээр утас худалдан авахдаа одоо гарын үсэг зурсан гээд байгаа гэрээг байгуулаагүй, утсаа аваад хэрэглэсний дараа нь Жи Мобайль ХХК-ийн ажилтан манай байгууллага дээр ирж танай ажилтан утас авсан юм чинь та төлөөж, гэрээнд гарын үсэг зурах ёстой гээд гарын үсэг зуруулсан. Гэхдээ манай байгууллага уг гэрээнд утас авсан хүний утасны мөнгийг төлнө гэж гарын үсэг зураагүй.
Тодорхойлолт, албан тоотонд л гарын үсэг зурж өгсөн болохоос манай байгууллага байгууллагын нэрээрээ албан хаагчиддаа утас авч өгсөн ойлголт биш. Түүнээс гадна гэрээ байгуулаад утас аваад ганцхан сар төлөлт хийгээд түүнээс хойш бүтэн 8 сар гаран хугацаанд төлөлт хийгээгүй байхад яагаад удаан хугацааны дараа нэхэмжлэл гаргасныг нь ойлгохгүй байна. Хэрэв танай байгууллагын энэ хүн зээлээр авсан утасныхаа төлбөрийг төлөхгүй байна гэж хандсан бол бидний зүгээс цалингаас нь суутгаад төлүүлэх боломжтой байсан. Гэрээнд ...хоёр ба түүнээс дээш сарын хугацаанд төлөлт хийгээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч тал энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хэт их хугацаа явуулж өндөр хэмжээний алданги нэхэмжилж байна. Р.******* нь 2016 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа аваад шилжлээ гэж хэлээд эргэж ажилдаа ирэхгүй тэр чигээрээ явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь :
Жи Мобайл ХХК нь Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан ар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 1.204.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.******* ....Р.******* нь зээлээр утас худалдан авахдаа одоо гарын үсэг зурсан гээд байгаа гэрээг байгуулаагүй, утсаа аваад хэрэглэсний дараа нь ЖИ мобайлийн ажилтан манай байгууллага дээр ирж танай ажилтан утас авсан юм чинь та төлөөлж гээд гэрээнд гарын үсэг зурах ёстой гээд гарын үсэг зуруулсан. Гэхдээ манай байгууллага уг гэрээнд утас авсан хүний утасны мөнгийг төлнө гэж гарын үсэг зураагүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЖМ 16/891 дугаартай Зээлээр худалдах,худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, эргэн төлөтийн хуваарь зэрэгт Худалдан авагчийн төлөөлж гэсэн хэсэгт хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч Зээлээр худалдах,худалдан авах гэрээний хэрэглэгч байгууллагын үндсэн мэдээлэл гэх хэсгийн төлбөр тооцоо хийх ажилтны нэр, утас, и-мэйл гэсэн хэсэгт нэр Р.*******, утас 99501021 гэж тэмдэглэгдсэн, мөн Зээлээр авсан бараа материалыг хүлээлгэн өгсөн акт-нд худалдан авагчийг төлөөлж хүлээн авсан Р.*******, мөн Зээл төлөх балталгаа гэх хэсэгт Хуваарийн дагуу цалингаас суутгуулан төлөхөөс татгалзах зүйлгүй гэж Мөрөн гэж гарын үсэг зурсан нь зээлээр худалдан авсан Samsung А3 багц, Samsung J5 багцийн үйлчилгээ болон гар утсуудыг Р.******* худалдан авсан, бараа материалын үнийг Р.******* төлөх болохыг нотолж байна.
Мөн ...Зээлээр гар утас авах үед Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, танай ажилтан утас авсан болохоор та гэрээнд гарын үсэг зур гээд бүүр сүүлд нь гэрээ хийж авчирч надаар гарын үсэг зуруулсан. Энэ гэрээ хийхээс өмнө нь Р.******* нь гар утсаа авчихсан байсан... гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байхад гэрээний хавсралтын эргэн төлөлтийн хуваарьт эхний төлөлтийг ...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэх, мөн алдангийн тооцоолол гэх хүснэгтэнд төлбөр хийх огноо 9/30/2016 гэж бичигдсэнээр нотлогдсон, Р.******* нь гар утсыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЖМ 16/891 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан аваагүй, уг гэрээг нөхөн хийсэн, гар утас авах үед Худалдан авагчийн төлөөлж гэх гарын үсэг зурсан гэрээ байгуулагдаагүй байсан нь өөрөөр хэдбэл уг гэрээ байгуулахаас өмнө Р.******* нь гар утсыг үнийг нь цалингаас суутгуулан төлнө гэсэн нөхцөлтэйгээр худалдан авсан байсан болох нь нотлогдож байна.
Харин зээлээр бараа худалдан авагч нь Зээлээр худалдах,худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д ... зээлийн эргэн төлөлтийг бүрэн болон хэсэгчлэн төлөлгүй 2 ба түүнээс дээш сар өнгөрсөн бол... зээлийн гэрээг дуусгавар болгохоор заасан байхад хэрэгт авагдсан Алдангийн тооцоолол-д дурьдснаар Р.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эхний төлбөрөө хийж, дараагийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 сар төлбөрөө төлөөгүй байхад зээлийн гэрээг цуцалж, худалдан авагч Р.*******гөөс тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ...худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүссэн байхад Худалдан авагчийн төлөөлж гарын үсэг зуруулж, гэрээг нөхөн хийсэн Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвөөс барааны үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох Гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 1.204.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.465,20 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зөвлөх баг Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох Гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 1.204.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.465,20 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ