Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч М.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ух овогт Мн Вд холбогдох 2413000000367 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Бугат сумын .... дугаар /.../ багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, У ургийн овогтой Мйн В, регистрийн дугаар: ..........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.В нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар /Улаан толгой/ багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Хтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал... гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.В мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогч бид хоёр урьд нь газрын маргаанаас болж таарамжгүй харилцаатай байсан. Энэхүү хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Шүүхээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

1.2. Улсын яллагч Д.А.шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Аянагүл би, шүүгдэгч М.Воладияд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бууртай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар гэм буруугаар хүлээн зөвшөөр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлж, төрд учирсан хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаарх хүсэлт гаргасныг шүүх  хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр болсон. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэлдээ хангасан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ” Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад маргаагүй. Өөрөө гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байгаагаас гадна гэмт хэргийн улмаас хохирогчид болон төрд учирсан хохирлыг бүхэлдээ төлж барагдуулсан. Хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхэд гаргаж өгсөн. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн зэргийн ангилалд хамаарч байна. Улсын яллагчийн гэм буруугийн талаарх гаргасан дүгнэлтийг дэмжиж байна. Харин эрүүгийн хариуцлагын талаарх санал хэлье. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

 

2. Эрүүгийн 2413000000367 дугаартай хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Ха.ын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 829 дугаартай “Иргэн К.Хын биед зүүн гайморын хөндийн урд хана цөмөрсөн хугаралттай, зүүн нүдний ухархайн дотор хана хугаралттай, зүүн гайморын хөндийд цустай, зүүн талд эрүү, нүд, нүүрний орчимд зөөлөн эд хийтэй, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, баруун нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, хамрын нурууны зүүн хажуу талд 3 ширхэг оёдол тавьсан няцарсан шархтай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Иргэн К.Хын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

2.3. Хохирогч К.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...2024 оны 10 дугаар сарын 16-ны орой малаа хашаанд оруулаад гэрт байж байтал М.В манай гэрт ирээд хоол идээд яв гэхээр нь би тэдний гэрт очоод хоол идсэн. Удалгүй М.В 2 ширхэг 2.5 литрийн "Сэрүүн" нэртэй пиво гаргаж ирээд бид хоёр уг пивийг хамт уусан. Тэгээд М.В “Манай хэдэн үхэр байхгүй байна, би хараад ирье” гэж хэлээд гараад явсан. Удалгүй би ч гараад явж байтал замд М.В тааралдаад “Худ харьж явна уу? Намайг шоронд яваад ирэх хооронд манай аавд мал хариулах бэлчээрийг хувааж өгсөн үү” гэж хэлэхээр нь би тиймээ, бид нар өөрсдийн мал хариулдаг бэлчээрт зааглаж хил тогтоосон байгаа гэхэд М.В "Чи хилийн зааг тогтоож бэлчээр хуваадаг газрын даамал болсон юм уу? эсхүл намайг шоронд явсан гээд манай аавыг дээрэлхсэн үү” гээд баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиход миний толгой өвдөөд газар суутал М.В хөлөөрөө миний толгой уруу өшиглөхөд би ухаан алдсан байна. Намайг М.В дахиж хэд өшиглөж зодсоныг мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа М.В аав руугаа залгаад хүрээд ир гэж байсан. Тэр үед би ч аав болох Н.Кепжасар уруу залгаж намайг М.В зодож байна эмч болон цагдаа аваад хүрээд ир гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

2.4. Хохирогч К.Х, яллагдагч М.В нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2.5. Яллагдагч М.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худ болох К.Х нь Бугат сумын 2 дугаар багт хөдөө байх манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд тэр хүнд хоол хийж өгөөд гэрт байсан 2,4 литрийн хуванцар савтай 2 ширхэг пиво байсныг бид хоёр хувааж уусан. Пиво ууж дуусаад би манай тугалнууд байхгүй болохоор нь тугалаа хайж олж аваад гэр рүү туугаад явж байхад К.Х нь манай гэрээс гараад явж байсан ба бид замд тааралдан уулзахад тэр надад танайх малаа гэрээсээ 100 метрээс холгүй зайд хариулж байгаарай, манай бэлчээр шүү гэхээр нь би “чи газрын даамал болчихсон юм уу, хил зааг тогтоодог хэн бэ” гэж бид хоёр хэрэлдэж би түүний нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа хүчтэй цохисон. Тэгээд тэрээр гар утсаараа залгаж аавыгаа эмч, цагдаа дагуулаад ирээрэй намайг М.В зодчихлоо гэж хэлсэн ба эмч, цагдаа нар иртэл хүлээж байгаад сумын эмнэлгийн машин ирээд К.Хыг аваад явсан. Би нэхэмжилж байгаа хохирлыг баримтын дагуу төлж барагдуулсан болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

2.6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал),

- Шүүгдэгч М.Вгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болохыг нотлох Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 28-35 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

-Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Вг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.В, түүний өмгөөлөгч А.С нар нь “Гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч К.Хасымжомаратын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал), шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 829 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал), шүүгдэгч М.Вгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд:

Шүүгдэгч М.В нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч К.Хыг зодож, эрүүл мэндэд зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийд цус хуралт, зүүн талын эрүү, нүд, нүүрний орчимд зөөлөн эдэд хийтэй, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хаван, баруун нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нуруунд хаван, хамрын нурууны зүүн хажуу талд 3 ширхэг оёдол тавьсан няцарсан шарх, зүүн хацарт хавдар, хөх ягаан туяатай цус хуралт гэмтлүүд бүхий, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т заасан “хөнгөн” зэрэгт хамаарах хохирлыг  учруулсан үйл баримт тогтоогджээ.   

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Хууль зүйн дүгнэлт

4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.В нь хохирогч К.Хын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийд цус хуралт, зүүн талд эрүү, нүд, нүүрний орчимд зөөлөн эдэд хийтэй, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хаван, баруун нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нуруунд хаван, хамрын нурууны зүүн хажуу талд 3 ширхэг оёдол тавьсан няцарсан шарх, зүүн хацарт хавдар, хөх ягаан туяатай цус хуралт гэмтлүүд бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч М.В нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.Вг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.3. Иймд шүүгдэгч М.Вгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Вг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч М.В, К.Х нарын хооронд бэлчээрийн маргаанаас  үүссэн таарамжгүй харьцаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Х нь шүүгдэгч М.Вгаас гэмт хэргийн хор уршигт 4.619.971 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн, мөн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 43-56 дахь талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.В, хохирогч К.Х нар нь шүүх хуралдаанаас өмнө эвлэрч, хохирогч К.Хаас гэмт хэргийн бодит хохирол болон сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилсэн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч М.В нь бүрэн төлж барагдуулснаар хохирогч К.Х нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч М.В нь иргэний нэхэмжлэгч А.Аэс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 1.715.949.2 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Вгаас гаргуулж, хохирогч К.Х болон иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч М.Вг шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.В нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

2.3.  Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Саас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч М.Вд тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан,

Шүүгдэгч М.В нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” хүсэлтийг гаргав.

2.4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн хор уршигт нийтдээ 7.716.000 төгрөг төлж, хор уршгийг бүрэн арилгасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Вд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Вд сануулж шийдвэрлэв.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч М.В нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ургийн овогтой Мын Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Вд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.В нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч М.В нь хохирогч М.Хад гэмт хэргийн хор уршигт 6.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд 1.716.000 төгрөг, нийт 7.716.000 /долоон сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор М.В нь бусдад төлөх төлбөргүй болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Вгаас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч М.В нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл  мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б