Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

    2025             05            16

                       2025/ШЦТ/128

 

                  

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ма,

Орчуулагч, хэлмэрч М.Нл,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Ал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Беын Жт холбогдох 2513000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дүгээр /..../ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Бетын Жс, регистрийн дугаартай: ...

     

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.  Шүүгдэгч Б.Ж нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү Ж.Гийг 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болохыг мэдэж байсан атлаа түүнийг улсын бүртгэлийн байгууллагын нас барсны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2023 оны 5 сараас 2024 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 1.700.000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү Ж.Гий эзэмшлийн Төрийн банкны 291500138274 тоот дансаар дамжуулан авч, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний бие 2024 оны 09 дүгээр сард хяналт, шалгалтын ажлаар тус аймгийн Улаанхус суманд ажилласан. Би Улаанхус сумын багийн дарга болон өрхийн эмч нараас нь мэдээлэл авахад иргэд  хууль бусаар тэтгэмж авч байсан зөрчил илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Уг хүүхдийн нэг нь Ж.Г гэх хүүхэд байсан. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу миний бие Ж.Г хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтын гаргасан. Уг жагсаалтад Ж.Гд 2020 оны 05 дугаар сараас эхэлж 2024 оны 09 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдсон байсан. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхдийг нас барсны бүртгэлд бүртгүүлсэн үед нь манай халамжаас зогсоосон байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм. Харин тухайн хүмүүс нь нас барсны гэрчилгээ авахгүй явж байсан тул улсын бүртгэлд тухайн хүүхэд нь амьд гэх төлөвтэй байсан тул хүүхдийн мөнгө олгогдож байсан байна. Уг Ж.Г гэх хүүхэд нь төрийн банкны 291500138274 тоот дансаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан байна” гэх  мэдүүлэг /9-10 дахь тал/, Ж.Гий эзэмшлийн Төрийн банкин дахь 291500138274 тоот дансны хуулга,  /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, мөрдөгчийн  хохирлын тооцоо хийсэн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, яллагдагч Б.Жийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Миний бага хүү талийгаач Ж.Г одоогоос 2            жилийн өмнө буюу 3 насандаа 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр түгжрэлийн улмаас өөд болсон. Тухайн үед миний бие хүүгийнхээ нас барсан асуудлыг холбогдох төрийн байгууллагад бүртгүүлэлгүйгээр хүүхдийн сар бүрийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг хүүгийн Төрийн банкны 291500138274 тоот дансаар 2023 оны 5 сараас 2024 оны 9 сар хүртэл авч байсан. Би өөрөө хүүхдийнхээ нас барсан асуудлыг улсын бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээ авах ёстой гэдгийг мэдээгүй, надад энэ талаар хэн нэгэн хүн хэлээгүй. Хүү нас барсны дараагаар дээрх дансанд нь сар бүрийн хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ороод байхаар нь юу ч мэдэхгүй аваад яваад байсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг  бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Б.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч Б.Жийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн халамжийн санд 1.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ж бүрэн төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 56 дахь тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Жийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.Ж нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Жт сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

5. 2513000000154 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Батын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамжийн үйлчилгээ авсан” буюу “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Жт тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Жт  сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1700000  (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг бүрэн төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б