| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Орчуулагч, хэлмэрч М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт Авны Хосбайд холбогдох 2513000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын... дүгээр /.../ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогтой Аны Хосбай, регистрийн дугаартай: ...
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч А.Х нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор төрсөн хүү А.Айг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болохыг мэдэж байсан атлаа улсын бүртгэлийн байгууллагын нас барсны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2022 оны 2 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 3.200.000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү А.Акийн эзэмшлийн Хаан банкны 5190113871 тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний бие 2024 оны 09 дүгээр сард хяналт, шалгалтын ажлаар тус аймгийн Улаанхус суманд ажилласан. Би Улаанхус сумын багийн дарга болон өрхийн эмч нараас нь мэдээлэл авахад уг сумаас нийт 18 хүүхэд нас барсны дараагаар хууль бусаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан зөрчил илэрсэн. Үүнийг Цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Уг хүүхдийн нэг нь Х.А гэх хүүхэд байсан. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу миний бие Х.А хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтад Х.А нь 2012 оны 11 дүгээр сараас эхэлж 2024 оны 09 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгө олгогдсон байсан. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхэд нас барсны гэрчилгээгээ авч улсын бүртгэлээ бүртгүүлсэн үед нь манай халамжаас зогсоосон байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм. Харин тухайн хүмүүс нь нас барсны гэрчилгээ авахгүй явж байсан тул улсын бүртгэлд тухайн хүүхэд нь амьд гэх төлөвтэй байсан тул хүүхдийн мөнгө олгогдож байсан байна. Уг Х.А гэх хүүхэд нь хаан банкны 5190113871 тоот дансаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан байна. Хэрэв уг хүүхэд нь 2022 оны 01 дүгээр сард нас барсан бол 01 дүгээр сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоно, харин 2022 оны 02 дугаар сараас эхлэн зогсох ёстой. Тиймээс 2022 оны 02 дугаар сараас эхэлж 2024 оны 09 дүгээр сар хүртэлх олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн санд учирсан хохирол гэж үзнэ” гэх мэдүүлэг /9-10 дахь тал/, яллагдагч А.Хгийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Миний отгон хүү Х.А нь 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Х.А нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхэд байсан бөгөөд уг өвчний улмаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. Тухайн үед бид нар хүүхдийг нас барсан талаар сумын эмч, эсвэл багийн эмч нар нь бүртгээд хасалт хийнэ гэж бодсон бөгөөд өөрсдөө заавал очиж бүртгүүлнэ гэж мэдээгүй учраас хүүгээ нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Тэгээд 2024 оны 9 дүгээр сарын үед нас барсны бүртгэлд нөхөж бүртгүүлсэн. 2022 оны 02 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын хооронд нийт 32 сарын хугацаанд сар болгон 100,000 төгрөг орж ирдэг байсан. Би хуулийн ямар нэгэн мэдлэггүйн улмаас өнөөдөр ийм асуудалд орж байгаадаа маш их харамсаж, гэмшиж байна. Төрд учруулсан хохирлын нөхөн төлнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
4. Шүүгдэгч А.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч А.Хгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн халамжийн санд 3.200.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийг шүүгдэгч А.Х бүрэн төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Хг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 55 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Хгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч А.Х нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч А.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Хд сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
5. 2513000000153 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хургийн овогтой Аы Хйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамжийн үйлчилгээ авсан” буюу “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Хд тэнссэн хугацаанд “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Хд сануулсугай.
5. Шүүгдэгч А.Х нь гэмт хэргийн хор уршигт 3.200.000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг бүрэн төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б