Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00922

 

А.Э-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2019/00956 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч А.Э, П.Э нарт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн 4/16878 тоот мэдэгдэлд дурдсанаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун Их монгол улсын гудамж 801 дүгээр байрны 601 тоот хаягт байрлах орон сууцыг 231 947 222 төгрөгөөр үнэлсэн байна. Уг орон сууцыг нэхэмжлэгч ХХБ-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 272 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн БГ-RCC2013103015-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу 272 000 000 төгрөгөөр үнэлэн банкинд барьцаалсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч орон сууцыг 231 947 222 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид орон сууцыг Тэнцвэр эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 258 688 350 төгрөгөөр үнэлсэн нь Дамно ХХК-ийн үнэлгээнээс 27 гаруй сая төгрөгөөр илүү байна. Дамно ХХК нь үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гаргасан байхад хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан гэх тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасныг зөрчсөн.

Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн гэж мэдүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтаас үзвэл үнэлгээний тайланг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ирүүлсэн мэтээр шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэлийг нөхөж хийсэн байх магадлалтай. Энэ баримтаар үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ирүүлснийг тогтоохгүй. Учир нь хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бүх баримтыг шүүхэд ирүүлэхэд энэ баримтыг ирүүлээгүй, хэргийн 46 дугаар талд 2018 оны 10 дугаар сарын 9 гэх огноогоос үзвэл он сарын зөрүү гарч, эргэлзээтэй байдал үүсч байгаа тул 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн үнэлгээ хүлээн авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун, 801 дүгээр байрны 601 тоотод байрлах орон сууцыг 231 947 222 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 лны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3247 дугаар захирамжаар А.Э, П.Э нараас 191 631 677 төгрөгийг гаргуулж, ХХБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгч, арилжааны банкны харилцах дансыг битүүмжилж, П.Э-гийн харилцах данснаас 1 005 000 төгрөгийг төлүүлсэн. Төлбөр төлөгч нараас төлбөр гаргуулах өөр эд хөрөнгө тогтоогдоогүй тул ипотекийн барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 дүгээр байрны 601 тоот 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банктай А.Э, П.Э нар 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр рон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 160 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, сарын 1.5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, А.Э-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун, Их Монгол Улсын гудамж, 801 дүгээр байрны 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банкнаас зээлийн өр төлбөрийн асуудлаар шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/03247 дугаар захирамжаар 191 075 015.75 төгрөгийг гаргуулж банкинд олгуулахаар шийдвэрлэсэн.

НШШГГ барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааны явцад төлбөр төлөгч иргэн А.Э барьцаа хөрөнгө болох 4 өрөө орон сууцны үнэлгээтэй холбогдуулан шүүхэд хандсанаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээд байна. Дамно ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гэрчээр оролцоод үнэлгээний аргачлалын талаар тайлбарласан. Түүнчлэн үнэлгээний тайланг зориулалтаас хамаарч аргачлал өөр өөр байдаг талаар мөн мэдүүлсэн. Төлбөр төлөгч нар 2013 онд уг орон сууцыг барьцаалан зээл авахад 272 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч үүнээс хойш 6 жилийн дараа 231 000 000 төгрөгөөр үнэлж байгааг харьцангуй өндөр үнэлгээ гэж үзэж байна. Хариуцагчаас Дамно ХХК-ийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авснаа бэхжүүлэн, тэмдэглэл үйлдсэн, мөн нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн. Уг үнэлгээг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй. Энэ баримтыг хуурамчаар үйлдсэн, нөхөж хийсэн гэх зүйлгүй.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах орон сууцыг Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон мөртлөө шүүх хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03247 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж, 801 дүгээр байр, 601 тоот хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204028674 дугаарт бүртгэгдсэн, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн ДамноХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №Ш18-29 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/00747 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т-ийг гэрчээр асуух үед хөрөнгө үнэлгээний тайланг НШШГГ хүргүүлсэн өдрийг 2018 оны 10 дугаар сарын 1 мөн болох талаар тодорхой дурддаг бөгөөд тус компанийн тамга бүхий албан бичигт бичигдсэн он, cap, өдөртэй таарч байдаг. Шүүхээс гэрч этгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт дээр дахин нотлох баримт гаргуулахаар хариуцагчид даалгасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээ хийсэн Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан тэмдэглэлийг гаргуулахаар захирамжилсан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч, гэрч нарын хооронд үйлдсэн тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн байдаг. Хөрөнгө үнэлгээний тайланг хүргүүлсэн уг баримт нь хариуцагчийн албан бланк эсвэл албан дугаарлалтаар хүлээж авсан бус зөвхөн хариуцагчийн төлөөлөгч, гэрч нарын гарын үсэг тэмдэг дарагдсан нотлох баримт байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариу тайлбар хүргүүлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийг бүхэлд нь гаргаж өгч байсан бөгөөд дээр дурдсан нотлох баримт нь тус хэрэгт авагдаагүй байсан юм. Үүнээс болж хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт дурдагдсан он cap өдрүүд зөрүүтэй байдал бий болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт авагдсан гэрчийн өөрийн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг бус үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их монгол улсын гудамж, 801 дүгээр байр, 601 тоотод оршин, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03247 дугаар захирамжаар хариуцагч А.Э, П.Э нар ХХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 191 075 015.75 төгрөгийг төлөх, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 000269488 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 24-26 дугаар тал/

Хариуцагч НШШГГ нь шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгч нарт 2018 оны 5 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 4-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан байна. /х.х-ийн 32, 35-37 дугаар тал/

Харин төлбөр төлөгч, төлбөр авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилон, үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /х.х-ийн 38-43 дугаар тал/

Шинжээч Дамно ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж, 801 дүгээр байр, 601 тоотод оршин, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг 231 947 222 төгрөгөөр тогтоосон байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд үнэ цэнэ гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй.

Тиймээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний компани буюу мэргэжлийн байгууллагын тогтоосон үнэлгээг буруутгах боломжгүй, үнэлгээний байгууллага хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хөрөнгө үнэлэхэд тохиромжгүй аргыг хэрэглэсэн гэх боловч өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээний тайланг хугацаанд нь танилцуулаагүй гэх гомдол нь үнэлгээнд хамааралгүй бөгөөд хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зохих журмын дагуу явуулсан байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2019/00956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад байх тул гэсний дараа НШШГГ-т холбогдох гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                        ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА