Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/342

 

 

 

 

 

Б.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч М.Цэрэнбалжир,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбалжирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Нт холбогдох эрүүгийн 2008000000928 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

_____тоотод оршин суух хаягтай,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” төвийн үсчин дотор иргэн О.Шгийн эзэмшлийн “Huawei P smart” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж,  320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ныг "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Нын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүи, хохирогч О.Шд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбалжир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Ныг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ. Шүүхийн зүгээс шүүгдэгч Б.Нт ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьж, хүндрүүлэх нөхцөл байдлыг урьдал болгож, үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй хүнд ял шийтгэл хүлээлгэлээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Дээрх үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 7.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа юм. Шүүгдэгчийн хувийн байдал, амьдрал ахуйн байдлыг тодруулбал Б.Н нь өндөр насны тэтгэвэрт байдаг аав, ээж болон эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт ам бүл 5-уул амьдардаг. Эхнэр Сайнзаяа нь 5 сартай жирэмсэн, одоогоор ажилгүй байгаа бөгөөд Б.Наас өөр эрхэлсэн тодорхой ажилтай хүнгүй байгаа нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтуудаар батлагдаж байгаа болно. Энэ нөхцөл байдлаас харахад Улаанбаатарт цар тахалын тархац буурахгүй байгаа одоогийн нөхцөлд шүүгдэгчийн ар гэрийнхэн, тухайлбал өндөр настай эцэг эх, бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхнэрийг нь аюулт өвчин хүрэхээс сэргийлэх шаардлага гарч байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн болон амьдрал ахуйн байдал, түүнчлэн одоогийн Улаанбаатарт тархаж байгаа өвчлөлийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээнээс түүнд тохирох арга хэмжээ хэрэглэхээр зааж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.

Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрт заасан ялыг хэвээр үлдээхээр бол нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг өдөрт 8-аас дээшгүй цагаар, нийт 240 цаг болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Нт холбогдох эрүүгийн 2008000000928 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” төвийн үсчин дотор иргэн О.Шгийн эзэмшлийн “Huawei P smart” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж,  320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Шгийн: “...Би үсээ засуулчихаад угаалгахаар босоход надтай зөрж туранхай, бор царайтай залуу үсээ засуулахаар суусан. Би үсээ угаалгаж байхдаа өөрийн “Huawei P smart” загварын гар утсаа цонхны тавцан дээр тавьсан. Үсээ угаалгаж дуусаад цонхны тавцан дээрээс гар утсаа авах гэтэл алга болсон байхаар нь үсчин эмэгтэйгээс "энд байсан миний гар утсыг харсан уу" гэж асуухад "дөнгөж сая үсээ засуулж байсан залуугаас энэ таны гар утас мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлээд аваад гарсан" гэж хэлсэн. ...” /хх 19/,

гэрч Б.Анхцэцэгийн: “...цонхны тавцан дээр цагаан өнгийн “Huawei P smart” гэсэн бичигтэй гар утас харагдахаар нь "энэ хэний гар утас вэ" гэж асуухад бор царайтай, туранхай залуу "миний гар утас" гэж хэлэхээр нь өгсөн. Нөгөө залуу гар утсыг аваад гараад явсан. Удалгүй үсээ засуулж байсан эмэгтэй цонхны тавцан дээр байсан миний гар утас хааччихваа гэхээр нь дөнгөж сая үсээ засуулаад гарсан залуу миний гар утас гэж хэлээд аваад гарсан гэж хэлтэл миний гар утаснаас өөрийнхөө гар утас руу залгаад “дуудаад байгаа мөртлөө авахгүй байна гэж байснаа хэсэг хугацааны дараа холбогдох боломжгүй болчихлоо гэж хэлээд цагдаа дуудсан. Намайг цонхны тавцан дээрээс гар утас аваад тухайн эрэгтэйд өгөхөд гар утасны эзэн эмэгтэй угаалгын өрөөнд толгойгоо угаачихаад хатаагаад байж байсан. ...” /хх 26/,

шүүгдэгч Б.Нын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:...үсчингээр үсээ засуулчихаад гарах гээд байж байтал нөгөө үсчин нь "миний дүү гар утас чинь мөн үү" гээд цагаан өнгийн гар утас надад өгөхөөр нь мөн гэж хэлээд тухайн утсыг авч өмднийхөө арын халаасанд хийсэн. ...Тухайн үед согтуу байсан болохоор архиныхаа халамцууд миний гар утас гэж хэлээд аваад явсан юм. 2-3 дуудлага ирэхээр нь унтраасан. “Huawei P smart” гэсэн бичигтэй гар утас байсан. ...Гар утсыг эзэнд нь буцааж өгсөн. ...” /хх 66-67, 151-153/ гэх мэдүүлгүүд,

Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 20/048
дугаартай "
Huawei фирм, P smart загварын гар утасны үнийг 320.000 төгрөгөөр
тогтоосон" хөрөнгийн үнэлгээний тайлан
/хх 33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.Нын бусдын эд хөрөнгө болох утсыг хүч хэрэглэхгүйгээр, эзэнд нь мэдэгдэхгүйгээр нууцаар, “минийх” гэж хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцүүлэн хийсэн, хэргийг зөв зүйлчилжээ.  

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Нт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чаджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбалжир “...шүүгдэгч Б.Нын  өндөр насны тэтгэвэрт байдаг аав, ээж болон эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр Сайнзаяа нь жирэмсэн, одоогоор ажилгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан Улаанбаатарт цар тахлын тархац буурахгүй байгаа одоогийн нөхцөлд тохируулан Б.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Б.Н нь давж заалдах шатны шүүхэд дээрхи хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд тус Б.Нын дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Иймд дээр дурдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын зохих заалтад оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ