Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2022/0065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: К.А,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс  хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.А, түүний өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч   аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, орчуулагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч К.А нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.М тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргаж байна.

           2. Нэхэмжлэгч К.А үрчилж авсан хүүхэд Х.М тэжээгчээ алдсаны  тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн байна.

           3. Нэхэмжлэгчээс уг тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр  тогтоолоор “...үрчлэгч Ж.Х нь нас барсны дараа  хийгдсэн үрчлэлт учраас тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэжээ.

           Улмаар нэхэмжлэгчээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад “...Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар захирамжийг үндэслэн ач охин С.М үрчлэгч Ж.Х, К.А нарт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үрчлэгдсэнээр бүртгэж, өөрчлөлт оруулах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж,улсын бүртгэгч С.Х  бүртгэлтэй холбоотой зөрчлийг арилгуулах” тухай гомдол гаргаж, уг гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус аймаг  дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэлийг    2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  259 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсанаар 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дээрх шаардлага   бүхий нэхэмжлэлийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Ач охин  Х.М Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/82 дугаартай захирамж гарч, хууль ёсоор үрчлэн авснаас хойш 2 жил 6 сарын дараа үрчлэн авагч  Ж.Х нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барж, түүний улмаас үрчлэгдэгч Х.М Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн.

Нэхэмжлэгч К.А би тэжээгч Ж.Х нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан учир үрчлэгдэгч Х.М тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл, холбогдох бичиг баримтын хамт Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчид 2019 оны 3 дугаар сарын 20-ны үед өгсөн боловч, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны үед “үрчилсний бүртгэл хийгдээгүй байна” гэх үндэслэл зааж тэтгэмж тогтоохоос татгалзаж материалыг буцаасан байна.

Тэр мөчөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасаг,  Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх зэрэг төрийн холбогдох байгууллагуудад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргаж байсны эцэст, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үрчлэгдэгч Х.М Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаартай захирамжийг үндэслэн үрчлэгдсэнээс хойш 2 жил 6 сарын дараа Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлд  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэмж оруулж, төрсний гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл үйлдсэн юм.

Энэ нь улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “улсын бүртгэл үнэн зөв бодитой заавал биелэгдэх шинжтэй байх” зарчим, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан “улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл оруулах, баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ” гэснийг, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан “улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэснийг тус тус ноцтой зөрчсөн, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан болно.

Нэхэмжлэгч К.А би төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандаж, өргөдөл, гомдол гаргаж улсын бүртгэлийг зөвтгөж, тэтгэмж тогтоолгох гэсэн боловч маргааныг шийдвэрлэж өгөөгүй учир одоо хүртэл хохирсоор байна. Одоогийн байдлаар 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 7 настай охин Х.Мыг Засаг даргын шийдвэрээр Ж.Х, К.А нарт үрчлэгдсэн үрчлэлт хүчин төгөлдөр болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/441 дугаартай албан бичиг, Баяннуур сумын Засаг даргын 2018 оны “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/82 дугаартай захирамж зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Харин хуулийн хугацаанд үрчлэлтийг бүртгээгүй явдал нь Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа учир Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “Захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэх үндэслэлээр иргэн бидний буруу биш учраас мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “Захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахыг иргэн шаардах эрхтэй” гэснийг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хүргэн Н дамжуулан хүлээн авч танилцаад Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрээр “үрчилсний бүртгэлийг тэжээгч Ж.Х нас барсны дараа хийгдсэн тул тэтгэмж тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн учир үрчилсний бүртгэлийг зөвтгөх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд улсын байцаагч Т.З 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гомдлыг гаргасан юм. Гэвч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд улсын байцаагч Т.З нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 02-ны хүртэл 30 хоногт гомдлыг хянан шийдвэрлээгүй учир Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  259 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч би К.А би өргөдөл, гомдол маань  бүтэлгүйтэж, шийдвэрлэгдээгүй учир мэргэжлийн хуульч нараас зөвлөгөө аваад үрчлэлт хэзээ бүртгэгдсэнээс үл хамааран үрчлэлт хүчин төгөлдөр байгаа учир нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж тогтоох үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн зөвлөгөөг хүлээн авч, хариуцагчаар аймгийн Нийгмийн даатгалын байгууллагыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Х.М тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Ж.Х, К.А нарын хүүхэд Х.М анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“М 3 сартайгаас нь эхэлж өнөөдөр хүртэл өөрөө асран хамгаалж байгаа. Энэ жил 1 дүгээр ангид суралцдаг. Тухайн үеийн сумын холбогдох ажилтан болох Хуанарын хариуцлагагүй үйлдлээс болж нэр дээрээ буулгаж чадаагүй. Шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“К.А, Ж.Х нар нь нэг гэр бүлийн гишүүд байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Баяннуур сумын Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/82 тоот захирамжаар ач охин М  өвөө, эмээ К.А, Ж.Х нарт үрчлүүлэх тухай үрчлэлт хийгдсэн. Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу сумын Засаг даргын захирамжаар буюу сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд үрчлэлт хийх учиртай. Тийм учраас сумын Засаг даргын захирамж гарсан өдөр үрчлэлт хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Харин үрчлэлтийг бүртгэх асуудал нь иргэний бүртгэлийн асуудал бөгөөд энэ нь үрчлэлтийг баталгаажуулж байгаа арга хэмжээ. Тэгэхээр  2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Баяннуур сумын Засаг даргын захирамжаар үрчлэлт хийгдсэн ба Ж.Х нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан байдаг. Үүнээс үзэхэд үрчлэлт хийгдсэний дараа үрчлэгч нас барсан.

Нэгэнт үрчлэлт хийгдсэн учир Ж.Х нас барснаар Х.М тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүснэ. Үрчлэлт хийхтэй холбоотой асуудал нь улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч К.А өнөөдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй.

Хариуцагч байгууллагын зүгээс тухайн үед бүртгэл хийгдээгүй, үрчлэлт нь хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно” гэж заасан учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үрчлэгч Х.М нь 19 нас хүртлээ нэхэмжлэх эрх нь байгаа учир энд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл тэтгэвэр тогтоох боломжгүй гэдэг үүднээс хандах боломжгүй. Нэгэнт 19 нас хүрээгүй учраас хэзээ ч боловч тэжээгчээ алдсаны тэтгэврийг  нэхэмжлэх эрхтэй” гэв.

5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариу тайлбартаа:

Баяннуур сумын ....  дугаар багийн оршин суугч К.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн К.А урьд нь энэ асуудлаар 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргаж байсан. Үүнийг хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцээд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэж байсан. Учир нь Ж.Х, К.А нарт С.М үрчлүүлсэн гэх А/82 дугаар захирамж 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Хуулийн дагуу захирамж гарснаас хойш нэг өдрийн дотор улсын бүртгэгч бүртгэлд бүртгэж шинээр гэрчилгээ олгох ёстой. Талийгаач Ж.Х 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Гэтэл хүүхэд үрчилсний бүртгэл үрчлэн авагч нас барсны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу 2 жил хагасын дараа хийгдсэн байна. Хүүхдийг нас барсан хүнд үрчлүүлэх тухай ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас ийм хууль зөрчсөн үрчлэлтээр тэтгэвэр тогтоох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“К.А, Ж.Х нар нь  2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Засаг даргын захирамжаар Х.М үрчилж авсан. Уг захирамж гарсны дараа 2020 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нэрээ дээрээ буулгаж, бүртгүүлсэн. Гэтэл Ж.Х нь Х.Мыг нэр дээрээ бүртгүүлээгүй байхад буюу 2019 онд нас барсан байдаг. Х.М нь төрсөн эцэг, эх дээрээ байх боломжтой байтал цаасан хэлбэрээр өөр хүний нэр дээр бүртгүүлж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилготой үрчлүүлсэн бөгөөд үүнийг нь хууль бус үрчлэлт гэж үзсэн. Иймд Х.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгчийн “Х.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”  шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2. Хариуцагчаас “Талийгаач Ж.Х 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Гэтэл хүүхэд үрчилсний бүртгэл үрчлэн авагч нас барсны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу 2 жил хагасын дараа хийгдсэн байна. Хүүхдийг нас барсан хүнд үрчлүүлэх тухай ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас ийм хууль зөрчсөн үрчлэлтээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан  үндэслэлээ  тайлбарлажээ.

3. Баяннуур сумын  Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаар  “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар  Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1, 55 дугаар зүйлийн 55.7, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтуудыг тус тус  үндэслэн С.М  Ж.Х, К.А  нарт үрчлүүлсэн байна.

4.Үрчлэн авагч тал  болох Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Ж.Х, К.А  нар нь С.М үрчлэн авах тухай хүсэлтээ  М  эцэг Ж.С, эх  Е.С  нарын  хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрөл  болон хуульд заасан  холбогдох баримт бичгүүдийн хамт 2018 оны 05 дугаар сард гаргаснаар Баяннуур сумын Засаг даргаас  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх захирамжийг гаргасан.

Уг захирамж гарсан  өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үрчлэн авагч Ж.Х, К.А   нараас  үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр  Баяннуур сумын улсын бүртгэгч С.Х хандсан боловч  “үрчлүүлэгч Е.С   байхгүй” гэсэн үндэслэлээр  үрчлэлтийг бүртгээгүй, дараа нь  дахиж хандсан боловч улсын бүртгэгч С.Хуанар ээлжийн амралт авсан, өндөр насны тэтгэвэрт гарсан  гэсэн шалтгаануудын улмаас бүртгэл хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн  52-54, 55-56, 59-70, 73, 77, 78  дах тал/ тус тус тогтоогдсон болно.

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үрчлэн авагч Ж.Х нас барсан байх ба түүний эхнэр, үрчлэн авагч К.А гаас үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2020 онд сумын улсын бүртгэгч Д.Т хандахад “үрчлэн авагч Ж.Х нас барсан” гэсэн үндэслэлээр үрчлэлтийг бүртгэхээс татгалзсан, улмаар  “үрчлэлтийг бүртгэхгүй байгаа асуудлыг шалгаж,  үрчлэлтийг бүртгэх”  тухай гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  хяналтын улсын байцаагчаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5699 дугаар “Бүртгэлд  бүртгэх тухай” дүгнэлт гаргасан.

Уг  “Иргэний улсын бүртгэлд Х овогт С.М  Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаар захирамжид заасны дагуу иргэн Х овогт Ж.Х, Е овогт К.А нарт  үрчлүүлсэн тухай үрчилсний бүртгэл хөтлөх” тухай дүгнэлтийг үндэслэн Баяннуур сумын улсын бүртгэгчээс С.М  Ж.Х, К.А нарт  үрчлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үрчлэлтийн 5  дугаарт  Х.М  болгон  бүртгэсэн, энэ үрчлэлтийн бүртгэл хүчинтэй байгаа.

Мөн үрчлүүлэх тухай шийдвэр гарсан 2018 оноос Маржаныг Ж.Х, К.А нар өөрсдийн асрамжид өсгөн хүмүүжүүлж, хамт амьдарч байсан,  одоо эх К. Агийн хамт амьдарч байгаа гэсэн  үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 8,9,10,52-54,55-56,63,71,74,77,133 дах тал/ тус тус тогтоогдож байна.

5. Иргэний  улсын  бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана”, 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.3-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно”, 22 дугаар зүйлийн  22.1-т “Улсын бүртгэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, эсхүл шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийг сэргээн тогтооно”,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалын хавсралтаар  баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 12.1-т “Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий  этгээдийн шийдвэрт үндэслэнэ” тус тус заасан.

6.Дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үрчлүүлэх эсэх тухай  шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох  Баяннуур сумын Засаг даргаас үрчлэн авахыг хүсэгчийн  хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг  үндэслэн Ж.Х, К.А нарт  С.М үрчлүүлэх тухай шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргасан боловч тус сумын улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үрчилсний бүртгэл хөтлөгдөөгүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн хүчин төгөлдөр байгаа Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаар захирамж болон холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд  тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  хяналтын улсын байцаагчаас гаргасан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5699 дугаар дүгнэлтийн дагуу уг үрчлэлтийг бүртгэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байгаа, мөн уг бүртгэл хүчинтэй байгаа  тул  “хүүхдийг нас барсан хүнд үрчлүүлсэн,  үрчлэлт хууль зөрчсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  гэж үзлээ.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр   төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй  хүүхэд” гэж, 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно” гэж,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж  тус тус зохицуулжээ

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Маржаныг  Ж.Х, К.А нар 2018 оны 05 дугаар сард үрчлэн авсан үйл баримт тогтоогдсон, үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, үрчлэлтийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нас барсан тэжээгч Ж.Х  нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан шимтгэл төлөх хугацааг хангасан талаар хариуцагч маргахгүй байгаа, Ж.Хийг нас барахад түүний асрамжид байсан үрчлэн авсан хүүхэд Маржан нь 4 настай байсан буюу хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-т заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах  эрх бүхий этгээдэд хамаарч байх тул Х.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  хуулийн дээрх заалтуудад нийцээгүй бөгөөд хүүхдийн тэтгэвэр тогтоолгон авах  хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Иймд  дээрх үндэслэлүүдээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Х.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос  татгалзсан  татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Х.Мд шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  даалгаж шийдвэрлэх   үндэслэлтэй байна.

Хэдийгээр  хуульд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн олгохоор зохицуулсан байгаа боловч нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр гарсан өдрөөс  буюу  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгох шаардлага гаргасан тул  шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд   шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1, 15 дугаар зүйлийг тус тус баримтлан  нэхэмжлэгч  К.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ