| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
2025 06 02 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
хохирогч М.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М м овогт Х Ж-т холбогдох эрүүгийн 2413000000362 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М м овогт Х Ж, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЖ....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ж нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаанд хохирогч М.С-ийг маргалдах явцад зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас гаргасан гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед очиж С-ий дэлгүүрээс юм авсан маань үнэн. Хохирогчийн дэлгүүр нь бид нарт юм авахад баримт өгдөггүй. Тэгээд би гэртээ очиж унтчихсан байсан. Хохирогч манай гэрт ирээд эхнэрт маань намайг сэрээгээрэй гэхэд нь би сэрээгүй. Тэгээд хохирогч манай гэрт хүчээр дайрч орж ирээд намайг чирч гадаа гаргасан. Гадаа байшингийн үүдэнд намайг унагааж аваад боомилж байхад эхнэр болон том хүүхэд маань салгаж авсан. Тэгээд би байшингийн үүдэнд байгаа буйданд сууж байхад хохирогч С надад “би чамаас 1,000 төгрөг байтугай 2,000,000-20,000,000 төгрөг хүртэл авахаар чамд ирсэн” гээд хохирогч суугаад хананд толгойгоо өөрөө цохисон. Дараа нь цагдаа дуудсан.
Хохирогч манай гэрт хүчээр орж ирснээс болж хүүхдүүд маань айчихсан. Эхнэр маань хохирогч С-д намайг “согтуу унтаж байна, маргааш эрүүл болохоор нь ирж уулзаарай” гэхэд нь эхнэрийг маань цээжнээс түлхэж, орж ирсэн. Би С-ийг зодоогүй гэв.
2. Хохирогч М.С мэдүүлэхдээ: “...Тухайн үед би 10 давхарт ресепшнээр ажилладаг байсан. Тэр ээлжээ хүлээлгэж өгч, үдээс хойш ажлаасаа бууж гэртээ очиход ээж уйлж зогсож байсан. Тухайн үед манай баримтын хугацаа дууссан байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд Х.Ж манай дэлгүүрт ирээд юм аваад баримт авна гэсэн. Тэгэхээр нь ээж маань “баримтын хугацаа дууссан тул дараа ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч хэл ам гаргаж, хэл амаар доромжилсон. Манай аав өмнө нь авто осолд орж, тахир дутуу болсон хүн байгаа. Миний аавын тэр байдлыг бас хэлж, аавыг маань “сууж байгаа мал, юу ч мэдэхгүй, Та нар аавыгаа боол болгож хэрэглэж байгаа” гэж шүүгдэгч ээжид маань баахан юм ярьсан байна. Тэгэхэд манай ээж Ж-т “наад бараагаа буцааж, өөр дэлгүүрээс авчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь шүүгдэгч орж ирээд дахин хэл амаар доромжилж яваад өгсөн байна.
Тэгэхээр нь би тэр татварын программын төлбөрийг нь төлж, хугацааг нь сунгуулаад шууд шүүгдэгчийн гэрт очсон. Тухайн үед болсон үйл явдлын талаарх бичлэг дуу, дүрстэйгээ хадгалагдаж байгаа. Тиймээс шууд шүүгдэгчийн гэрт яваад очиход хаалга нь онгорхой, эхнэр, хүүхдүүд нь байсан. Шүүгдэгчийн эхнэрт нь “нөхөр тань шал согтуу байна, сэрээчих” гэж хэлсэн. Шүүгдэгчийн эхнэр нь “чи өөрөө сэрээчих, наадах чинь сэрэхгүй, шал согтуу байна” гэж хэлсэн. Тэгээд би гутлаа тайлж очоод “Ж” гээд сэрээж, ярилцъя гээд гадаа гаргаж авсан. Тэгээд бид хоорондоо маргалдсан.
Шүүгдэгч түрүүн мэдүүлэг өгөхдөө “би хохирогчийг унагааж боож авахад эхнэр салгаад авсан” гэсний орчуулагч буруу орчууллаа. Тэр үйл явдал болохоос өмнө нь бид маргалдаж байхад шүүгдэгчид “би чам шиг согтуу хүнтэй хэрэлдэхгүй, цагдаа дуудна” гээд зодолдохоос өмнө шууд цагдаа дуудсан. Тэгээд байж байхад намайг шүүгдэгч газарт унагаагаад боож, би арай гэж босох гэж байтал шүүгдэгч намайг чулуу юм уу, хатуу зүйлээр намайг цохисон байна. Эмч нар оёдол тавихдаа толгойг тань гараар цохиогүй байна. Өөр юмаар цохиход ингэж сэтэрдэг гэж хэлсэн. Дараа нь цагдаа нар ирээд би эмнэлэг рүү, шүүгдэгч Цагдаагийн газар луу авч явсан.
...зарим нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Нэмээд зочид буудлын мөнгө 180,000 төгрөг, шатахуун үнэ 120,000 төгрөг нэхэмжилж байна.
...би өөрөө сууж байгаад байшингийн ханад толгойгоо цохиж өөртөө гэмтэл учруулсан зүйл байхгүй” гэв.
3. Гэрч Х.Н мэдүүлэхдээ: “...Тус өдөр би ажлаасаа гэртээ ирээд хүүхдүүдийнхээ оройн цайг өгөх гээд цайг бэлдэж байхад хохирогч орж ирсэн. Тэрээр орж ирээд “нөхрөө сэрээгээрэй, би уулзана” гэсэн. Нөхөр маань унтаж байхаар нь нэрээр дуудаж, зөндөө татсан чинь ерөөсөө сэрээгүй. Тэгээд би “нөхөр сэрэхгүй байна, чи маргааш ирээрэй” гээд ширээгээ тойрч сууж байсан. Тэгэхэд хохирогч гуталтайгаа манай гэрт орж ирээд нөхрийг маань татаж, орилж, хашхирч, орноос нь татаж, боож “чи ямар их мөнгөнд дуртай юм бэ, 10,000 төгрөгт хэдэн төгрөгийг авах гэж байгаа юм бэ, би мөнгийг чинь өгч, тэгээд чамаас хэдэн төгрөг яаж авахаа би харуулна” гээд орноос нь чирч шууд гадагшаа гаргаад аваад явсан. Гадаа гарч харахад гадаа гаргасан байсан буйдан дээр манай нөхөр доор, хохирогч дээр нь гарсан хүзүүнээс нь боосон байсан. Тэгээд том хүү бид хоёр очиж салгасан. Тэгээд гэртээ ороод байсан чинь толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед манай хөрш айлын тоосгоор баригдсан зуны байшингийн хана нь цус байсан. Дараа нь хохирогч цагдаа дуудсан.
Тухайн үед хохирогч мэдүүлэг өгөхдөө “татварын программаа засчихлаа. Баримтаа аваарай” гэж хэлэх гэж очсон гээд мэдүүлсэн байна. Гэхдээ хохирогч тэгж манайд ирээгүй. Хэрэв тэгж орж ирсэн бол надад эхлээд учир байдлаа хэлэх байсан. Чи аймар муухай, санаатай орж ирсэн. Хүүхдүүдийг айлгаж, сүрдүүлж, бидний амгалан тайван байдлыг алдагдуулсан. Хохирогч ирээд хэрүүл маргаан гаргаж, хэл амаар доромжилж, биднийг айлгаж сүрдүүлсний дараа цагдаа дуудсан байна. Цагдаа ирсэн ч гэсэн салаавч гаргаж, ам руу чихэж, аймар муухай үг хэлж, араас май чи, дахин цохиоч гээд, дараа нь халааснаасаа утсаа гаргаж ирж “чи миний утсыг ямар үнэтэй гэдгийг мэдэх үү, миний гар утас 5 сая төгрөгийн үнэтэй. Чиний үс чинь хүрэх юм уу” гээд аймар өдөөн хатгаж, чи цохиоч гэсэн байдалтай байгаад дараа нь цагдаа ирсэн.
Тухайн үед толгойгоо чулуугаар хагалсан гэсэн байна. Нөхөр маань оймстойгоо унтаж байхад хүзүүнээс нь боож гаргаж ирсэн. Тухайн үед нөхөрт маань чулуу авах боломж байгаагүй. Тухайн үйл явдал болсон газарт хамгийн том гэхэд хумсны чинээ хэмжээтэй чулуунууд байсан. Тэрнээс хүний толгой хагалахаар чулуу манай гэрийн үүдэнд байгаагүй. Тэгээд нөхөр маань согтуу, нэрээр дуудсан ч сэрэхгүй байхад хохирогч өөрөө хүчээр татаж, хүзүүнээс нь боогоод гаргаад явсан” гэв.
4. Эрүүгийн 2413000000362 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн М.С-ээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 00 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч М.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 65 дахь тал/, эрх бүхий албан тушаалтан Х.Н-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 08 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч К.Х-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 780 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, хохирогч М.С-ий нэр дээр бичигдсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 14-19 дэх тал/, эрх бүхий албан тушаалтнаас иргэн Х.Ж-ийн согтууруулын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/, яллагдагч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, яллагдагч Х.Ж--ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43-45 дахь тал/, гэрч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/30 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Б.Б, цагдаагийн дэд ахлагч Г.Х нарын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ХОВ0825/066 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.Ж-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
5. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Ж-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
6. Шүүгдэгч Х.Ж нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаанд хохирогч М.С-ийг маргалдах явцад зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
6.1. Иргэн М.С-ээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 00 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
6.2. Хохирогч М.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Т гэдэг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 15 цагийн үед Ж гэдэг хүн манай дэлгүүрээс ирж архи, тамхи авсан байна. Тэр үед манай дэлгүүрээс авсан барааныхаа НӨАТ-ын баримт авна гэж хэрүүл гаргасан байна. Манай НӨАТ-ын баримт гаргах төхөөрөмж эвдэрсэн байсан. Тэгээд ээж “та НӨАТ авах бол бараа буцаачих, манайх НӨАТ гарахгүй, байна өөр НӨАТ гарах дэлгүүрээс авчихаарай” гэсэн байна. Манай ээжийг баахан айлгаж байгаад Ж явчихсан байна. Би ажлаас 18 цагт тараад гэрт ирэхэд ээж болсон асуудлыг надад хэлсэн. Тэгээд би НӨΑΤ-ын төхөөрөмжийг засаад Жийн гэрт очсон.
...Ж манай хөрш айл. Би очоод “чамд баримт хэрэгтэй бол одоо авчих, би татварын баримтын төхөөрөмжийг засчихлаа. Чи яагаад ганцаараа байгаа эмэгтэй хүнийг айлгадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Ж-т “...ээж их айсан байна би цагдаа дуудаж чамайг шалгуулна...” гэж хэлээд цагдаа дуудсан.
Цагдаа дуудахад Ж надтай зууралдаад эхэлсэн. Тэр үед цагдаа залгаад манай байршлыг асуусан. Тэр үед Ж гэнэт газраас чулуу аваад миний толгой руу гартаа барьсан чулуугаар 2 удаа цохисон. Миний толгойноос цус гарсан. Тэр үед цагдаа ч хүрээд ирсэн.
...Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгөхийг хүсэж байна.
...би өөрөө өөрийгөө гэмтээнэ гэж байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 65 дахь тал/,
6.3. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч К.Х-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 780 дугаартай “1. Иргэн М.С-ий биед тархинд хавантай, зулайны баруун дээд хуйханд 4 ширхэг оёдол тавьсан зүсэгдсэн шархтай, хавантай, баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд зовхинд язарсан шархтай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн М.С-ий биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
6.4. Хохирогч М.С-ий нэр дээр бичигдсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,
6.5. Эрх бүхий албан тушаалтнаас иргэн Х.Ж-ийн согтууруулын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
7. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
8. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Х.Ж нь “гэмт хэрэг үйлдээгүй” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Ж-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй. Цагдаагийн албан хаагч Н-ийн илтгэх хуудас, гэрч Х.Н, яллагдагч Х.Ж нарын мэдүүлэг, яллагдагч Х.Жийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ж-ийг цагаатгах үндэслэл тогтоогдож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч Х.Ж-ийн гэм буруугийн талаар мэтгэлцэв.
9. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.С-ий эзэмшлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрт очиж бараа худалдаж аваад худалдан авалтын төлбөрийн баримтаа өгсөнгүй гэх шалтгаанаар худалдан авагч, худалдагч нарын хооронд маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна.
10. Улмаар хохирогч М.С нь эцэг эхээсээ шүүгдэгч Х.Жийн үйлдлийн талаар сонсож мэдээд цагдаагийн байгууллагад хандах бус, шүүгдэгч Х.Жийн гэрт нь очсон байжээ.
11. Энэ үед шүүгдэгч Х.Ж нь гэртээ согтуу унтаж байсан ба эхнэр нь болох гэрч Х.Н нь хохирогч М.С-д маргааш нь ирж учир байдлаа олохыг зөвлөсөн боловч хохирогч М.С нь шүүгдэгч Х.Ж-ийг орноос нь чирч гадаа гаргаснаар шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан үүсэж, улмаар хоорондоо харилцан зодолдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
12. Үүний улмаас хохирогч М.С-ий эрүүл мэндэд хохирол учирсан нь түүнээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 00 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч М.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч К.Хайратын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 780 дугаартай дүгнэлт, хохирогч М.С-ий нэр дээр бичигдсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эрх бүхий албан тушаалтнаас иргэн Х.Ж-ийн согтууруулын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
13. Шүүгдэгч Х.Ж, гэрч Х.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр “хохирогч М.С нь өөрөө байшингийн хананд толгойгоо цохиж гэмтэл авсан” гэж мэдүүлсэн боловч дээрх байдлаар мэдүүлэг өгсөн шүүгдэгч Х.Ж, гэрч Х.Н нар нь эхнэр нөхрийн харилцаатай, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, эрх бүхий албан тушаалтан Х.Н нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд гарсан зодооныг хараагүй, хэргийн оролцогч нараас хэлсэн үгийг илтгэх хуудастаа тусгасан байна.
14. Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэхэд хохирогч М.С нь өөрөө өөрийгөө байшингийн хананд толгойгоо цохиж эрүүл мэндэд хохирол учруулаагүй, харин шүүгдэгч Х.Ж нь хохирогч М.С-ийг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “тархинд хавантай, зулайны баруун дээд хуйханд 4 ширхэг оёдол тавьсан зүсэгдсэн шархтай, хавантай, баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд зовхинд язарсан шархтай, хамрын нуруунд хавдартай, мурийлт” бүхий хохирол учирсан, шүүгдэгч Х.Жийн үйлдэл нь хохирогч М.С-ий эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрх зүйн дүгнэлт.
15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
16. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.
17. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Ж согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаанд хохирогч М.С-ийг маргалдах явцад зодож, түүний эрүүл мэндэд тархинд хавантай, зулайны баруун дээд хуйханд 4 ширхэг оёдол тавьсан зүсэгдсэн шархтай, хавантай, баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд зовхинд язарсан шархтай, хамрын нуруунд хавдартай, мурийлт” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
18. Шүүгдэгч Х.Ж-ийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба шүүгдэгч Х.Ж-ийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас энэ талаар гаргасан шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч нарын “гэмт хэргийн шинжгүй, цагаатгаж өгөх” тухай тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
19. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын дунд гарсан маргаан, шүүгдэгчийн согтуурсан байдал, хохирогчийн зүй бус харилцаа нь шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
21. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.
22. Шүүгдэгч Х.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Сий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба гэмт хэргийн хор уршигт хохирогч М.С-ээс эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд эмийн үнэ 126,785 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээнд 480,000 төгрөг /хавтаст хэргийн 62 дахь тал/, шатахууны үнэ 120,000 төгрөг /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/, нийт 726,785 төгрөгийн хор уршиг учирсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Ж-ээс гэмт хэргийн хор уршигт 726,785 төгрөг гаргуулж хохирогч М.С-д олгохоор шийдвэрлэв.
23. Харин хохирогч М.С-ий шүүгдэгч Х.Ж-ээс зочид буудлын үнэ 180,000 төгрөг, бусад зардалд 535,215 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсэг нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
24. Хохирогч М.С нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
25. Мөн хохирогч М.С нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Х.Ж-ээс нэхэмжилсэн боловч шинжээч Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Б.Б, цагдаагийн дэд ахлагч Г.Х нарын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ХОВ0825/066 дугаартай дүгнэлтээр хохирогч М.С-ий сэтгэцэд хор уршиг учраагүй тухай дүгнэсэн тул сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож гаргуулах боломжгүй байна.
26. Эрүүгийн хавтаст хэргийн 55-56 дахь талд авагдсан авагдсан, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32-03/6112 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирогч М.С-ий 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний цахим мэдээллээс үзэхэд түүний эмчилгээнд зориулж 205,029 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Ж-ээс 205,029 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
27. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Х.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
28. Хохирогч М.С-ээс “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,
29. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзаж шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Жийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
31. Шүүгдэгч Х.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
32. Шүүгдэгч Х.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
33. Шүүгдэгч Х.Ж нь хувийн байдлын хувьд 1980 онд төрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
34. Шүүгдэгч Х.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Ж-т 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
36. Шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
37. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн хавтаст хэргийн 10 дахь талд хавсаргасан хохирогч М.Сий эрүүл мэндийн бичлэгийн СД 1 ширхэгийг эрүүгийн 2413000000362 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
38. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М м овогт Х Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж-ээс гэмт хэргийн хор уршигт эмийн үнэ 126,785 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ 480,000 төгрөг, шатахууны үнэ 120,000 төгрөг, нийт 726,785 төгрөг гаргуулан хохирогч М.С-д олгож, хохирогч М.Сий шүүгдэгч Х.Ж-ээс зочид буудлын төлбөр 180,000 төгрөг, бусад зардалд 535,215 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.С нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ж-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 205,029 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн хавтаст хэргийн 10 дахь талд хавсаргасан хохирогч М.Сий эрүүл мэндийн бичлэгийн СД 1 ширхэгийг эрүүгийн 2413000000362 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ