Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Хохирогч Т.Р, шинжээч А.Ербол,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч: С.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Бургийн овгийн Стын Тд холбогдох 2413003440030 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /./ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овогтой Сын Т, регистрийн дугаар....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Т.Рг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн хугарал, дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 9 дүгээр сарын эхэнд хүүхдүүд хичээлд орсны дараа Толбо сум руу явсан.  Тэгээд сонгууль болсон, сонгуулийн дараа 11 дүгээр сард аймгийн төв болох Өлгий суманд гэртээ ирсний дараа эхнэр бидний хооронд дахиад хэрүүл гарсан болохоор би хөдөө яваад өгсөн. Хэрүүл маргаан гарсан, шүд нь унасан гэх 2024 оны 9 дүгээр сард би хөдөө байсан. Эхнэр Т.Рд гар хүрээгүй ба түүний шүд унасан тухайд би юу ч мэдэхгүй” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Р мэдүүлэхдээ: “...Нөхөр С.Т 2024 оны 9 дүгээр сарын 01-02-ны үед гэртээ ирсэн гэдэг нь худлаа. Хүүхдүүдийн хичээл нь эхэлж байхад Т хөдөө байсан. Хамгийн эхлээд хотоос ирээд хүүхдүүдтэйгээ ч уулзалгүй хөдөө яваад өгсөн болохоор нь өөрөө хүүхдүүдээ дагуулаад араас нь очиход С.Т төрсөн гэртээ хадлан хадахад тусалж байсан. Тэгээд 2024 оны 9 дүгээр сарын дундуур ирсэн. Би Т рүү олон удаа залгаж, хичээл эхлэх болсон тул гэртээ ирээд хүүхдүүдийн хувцас хунарыг бэлдэж өгөөч гэсэн. Гэтэл нөхөр С.Т нь 2024 оны 09 дундуур гэрт ирээд хүүхдүүддээ цүнх, хичээлийн хэрэгслийн авч өгчихөөд дахиад хөдөө явна гэхээр нь би түүнд “Намайг ээлжийн ажилтай үед  чи энэ хүүхдүүдээ хармаар байна” гэж хэлэхэд тэр уурлаж, намайг цохисон. Тэгээд маргааш нь хөдөө яваад 2024 оны 11 сарын үед буцаж ирсэн. Ирчхээд дахиад хэрүүл маргаан гаргачихаад гэрээсээ яваад өгсөн. Тэгэхээр нь би хайгаад эгчийнх нь гэрт очиход байгаагүй. Ер нь нөхөр С.Т гэр бүл, үр хүүхдүүдээ хайхралгүй, олон хоногоор гэрээсээ хаашаа ч хамаагүй яваад өгдөг. Т намайг цохичихоод  сураг чимээгүй алга болчихоор нь дахиад хот руу ч юм уу зугтчих байх гэж бодоод цагдаад гомдол гаргасан, гэтэл нөхөр С.Т 3 өдрийн дараа гараад ирсэн, түүнийг хаана юу хийж явсан талаар мэдэх зүйл байхгүй. Ирчихээд дахиад хөдөө явчихсан, хүүхдүүдтэйгээ холбогддоггүй, харин ч би залгаад хүүхдүүдтэй яриулдаг. С.Т юм л бол сална гээд шүүхэд ханддаг. Тэр 2 удаа шүүхэд хандаж байсан ба өнгөрсөн жил би гомдлыг нь буцаалгаж байсан, хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлээ салгахгүй гэж боддог байсан. Гэвч одоо бол бид шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, салсан байгаа. С.Т 2024 оны 9 сард намайг зодож, шүд гэмтээсэн нь үнэн” гэв. /орчуулагч, хэлмэрч хэлмэрчлэв/

1.3 Шинжээч Х.Ербол шүүхийн хэлэлцүүлэгт:”…Би дүгнэлт гаргахдаа бичиг техникийн алдаа гаргасан байна. Т.Ргийн биед учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын  3.1.1-д заасан хөнгөн хохирол мөн. Эрүүл мэндийг түр хугацаагаар гэж бичих байсныг удаан хугацаагаар гэж бичиж, техникийн алдаа гаргасан байна. Хохирогч Т.Рд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн хохирол учирсан байгаа” гэв.

1.4 Улсын яллагч Я.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Т нь 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Т.Рг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Т нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар иш татагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлуулахаар тэмдэглүүлсэн яллах талын нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогч Р болон шүүгдэгч Т нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр байгаа. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дунд ахуйн маргаанаас үүдэлтэй маргаан гарч улмаар хохирогчийн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг дээр мэдүүлж байгаа мэдүүлгээр яг миний аман тус газарт гараараа цохисон гэдгийг хохирогч мэдүүлсэн. Хэдийгээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөхгүй байгаа, мөн дээрээс нь тухайн цаг хугацаанд өөрийгөө гэртээ буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаагүй гэж мэдүүлээд байгаа ч хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч С.Т нь хохирогч Т.Рг зодсон нь нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ргийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, өөрөөр хэлбэл нэг шүд нь паалангийн хугаралтай, дээд уруулын дотор хэсэг шархтай гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогчийн зүгээс шүдээ эмчлүүлэх зардлаа, хор уршгийг нэхэмжилнэ, сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад хор уршгийг бол нэхэмжлэхгүй гэдгийг сая өөрөө шүүхийн хэлэлцүүлэг дээр илэрхийлсэн. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Тээс нотлох баримтаар гаргуулж хохирогч Т.Рд олгох хохирол хор уршгийн төлбөр байхгүй. Харин хохирогчийн шүүдээ эмчлүүлсний дараах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

1.5. Хохирогчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Т нь шүүхэд хоёр удаа гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Эхний удаад нь өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан, хоёр дахь нэхэмжлэлийн дагуу тэд саяхан гэрлэлтээ цуцлуулсан. Ингэж явах хугацаандаа шүүгдэгч С.Т эхнэрээ зодчихсон, бид хоёр тал ярилцаж байгаад нэгэнт гэрлэлт цуцлуулсан юм байна, шүдийг хийлгээд өгөх байх, тэгвэл шүүх хурал дээр гомдол санал байхгүй гэж хэлье гэсэн байр суурьтай байсан. Гэтэл шүүх хурал дээр С.Т би эхнэрээ зодоогүй, шүдийг нь хугалаагүй, надад гэм буруу байхгүй гэсэн байдлаар хандаж байгаа байдлаас нь болоод бид бас үгээ хэлэх байр, сууриа илэрхийлэх, асуудлыг зөвөөр шийдвэрлэх үүднээс тодорхой тайлбар гаргах хэрэгтэй боллоо. Шүүгдэгч Т нь хохирогч Рг зодсон гэдгийг хүүхэд нь гэрчилж байна, хохирогч өөрөө гэрчилж байна, шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна, хохирогч шүүх хуралд өөрөө оролцоод унасан шүдээ үзүүллээ. Шүд нь байхгүй, уначихсан байдалтай байна. 4 сар гаруй хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа, энэ хугацаанд гүтгэе, өс хонзонгоо авъя, гайгүй шүд хийлгүүлж авъя гэсэн тийм зорилгоор Тийг гүтгээд, гомдлоо гаргаад явж байгаа асуудал байхгүй. Яг тухайн үед болсон асуудлыг тодорхой хэлээд үүдэн шүдээ хугалуулсан яах вэ, миний нөхөр төлж өгвөл өөрөөр сэтгэл санааны хохирол элдэв юм нэхэмжлээд яах вэ гэсэн байдлаар хандаж ирсэн. Тэгэхээр энэ шүд хугалсан асуудал нь тодорхой, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон, шинжээч шүүх хуралдаанд оролцож, тодорхой мэдүүлэг өглөө, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан талаар. Шүүгдэгч, хохирогч нар нэгэнт гэрлэлтээ цуцлуулчихсан, одоо нэг нэгийгээ уучлаад шүдийг нь хийж өгөөд хоёр тийшээ болох асуудал дээр хүндрүүлээд хэрүүл маргаан үүсгээд байж байна. Иймд С.Тийг гэм буруутайд тооцож, хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

1.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Энэ гэр бүлийн маргааны хувьд би 2024 оноос эхлээд жил гаруйг хугацаанд Тий өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Мэдээж прокурор бас нөхцөл байдлыг буруу ойлгож буруу дүгнэлт хийж байгаа гэж би үзэж байна. …Шүүгдэгч С.Т нь 9 дүгээр сарын сүүлээр хохирогч Т.Ргийн шүдийг хугалж, зодсон гэдэг асуудал ерөөсөө байгаагүй.  Гэрч Салауат, гэрч Гүлдария нар, Т өөрөө  9 сарын 01-02-ны үед түүнийг гэртээ байсныг, харин 9 сарын сүүлээр хөдөө байсныг гэрчилж мэдүүлж байгаа. Т 9 сарын эхээр гэртээ ирж, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж өгчихөөд хөдөө яваад 11 сард гэртээ ирсэн. 11 сард дахиж одоо хөдөө явах ажилтай болсон. Эхнэр нь мөнгө төгрөг олох хэрэгтэй гээд гэртээ суулгахгүй, тэгсэн атлаа чи хөдөө явахгүй, Улаанбаатар явахгүй, ажил хийхгүй, эндээс ажил олж хийгээд амьдар гээд байгаа. Энд ажил олдохгүй шүү дээ, танил хамаатан садангууд дээрээ очиж гуйж байгаад нэг юм хийх болохоос биш өөр Тийг хэн ажилтай болгох юм, гэрээсээ гарах гэхээр араас нь шоглож, зодоод хувцас хунарыг нь урдаг. Эхнэртээ нэг ч үг хэлдэггүй, эхнэрийн байгаа байдал нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бичлэгээс тодорхой байгаа. Энэ нотлох баримтад үзлэг хийгээд баримтжуулсан нотлох баримт, үүнийг цагдаагаас танилцуулсан байгаа. Цагдаагийн байгууллага шүүгдэгчийн утсан дээрээ хадгалж авсан бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан. Хамгийн сүүлд нь утсаар ярьж байгаад чи яагаад намайг гүтгэж байгаа юм бэ, би чамайг хэзээ цохисон юм бэ, чи шүд унасан гэж хэлсэн байна шүү дээ гэхэд Р юм хэлж чадахгүй байгаа. Хамгийн гол нь шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдож байгаа гэдгийг шинжээч нотолж чадаагүй гэж үзэж байгаа, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийгээгүй, хэзээний хугарал гэдгийг нотолж чадаагүй, тогтоогоогүй, тэгсэн атлаа энэ 9 дүгээр сарын хугарал юм уу 2023-2024 оны шүд унасан гэмтэл юм уу, өвдсөнөөсөө болоод шүдний нэг хэсэг нь алга болж байгаа юм уу, тал нь хугарсан юм уу, энэ бол юунаас болсон  гэмтэл гэдгийг тогтоосон зүйл хаана байна. Дээрээс нь байнгын шүд унах гэдэг гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулдаг. Хохирлын зэргийг тогтоох журмын 5 дугаар бүлэгт заасан хүснэгтийн дагуу тогтоох ёстой. Тогтонги алдаж байгаа гэмтлийн хувьд бол 1-3 шүд унасан бол хөнгөн гэмтэлд хамаарна, түүнээс биш шүд унаагүй бол хохирлын зэрэгт хамаарах боломжгүй, энэ бол түр хугацаагаар сарниулсан гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл. Нөгөөтэйгүүр энэ асуудалтай холбоотой саяын зодсон гэх газарт Т тухайн үед байгаагүй. Тэгээд 11 сарын 26-ны өдөр харин ч Т эхнэр Т.Ргаар зодуулж, нүдүүлээд хувцас хунараа уруулаад гэрээсээ оргож зугтаад гарч байсан. Шүүх хурал дээр судалсан бичлэгээс харахад хохирогч Р нь нөхөр Т байтугай хүүхдүүдтэйгээ ч тайван ярьж харьцаж чаддаггүй болох нь харагдаж байна. Бичлэг дээр  хэлсэн үгийг нь би хэлж чадахгүй байна, сая казах хэлээр хэлсэн үгийг Монгол хэлээр гичий гэж орчуулсан, гичий гэдэг үг бол зөөлрүүлсэн үг болчихоод байгаа байхгүй юу, хүн гэж үзэхгүй байна шүү дээ,  хүүхдүүдээ “Ханшых” гэдэг казак үг хэрэглэж загнаж байна, тэр үгийг үхсэн хүн дээр л тэгж хэлэх байх. Утсаар ярьсан бичлэгээр Т би чамайг хэзээ зодсон юм бэ, чи яагаад худлаа ярьж байгаа юм бэ гэхээр үгүй ээ тэрийгээ би татаж авсан гээд утсаа салгачхаад байна. Уг нь би Тд зөндөө хэлсэн, шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол гарсан, хүүхэд чинь мэдүүлээд байна, чи үнэхээр эхнэрээ зодсон бол буруугаа хүлээгээд хуулийн хөнгөлөлт эдлэх хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл Т огт зодоогүй гэж хэлээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс би үйлчлүүлэгчдээ итгэж байгаа. Тэр эхнэр Т.Рг зодоогүй, 9 сарын сүүлээр хөдөө байсан гэдгээ хэлж байна. Иймд С.Тд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2. Эрүүгийн 2413003440030 дугаартай хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

2.2. Хохирогч Т.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, нөхөр С.Т надад хөдөө явна, хөдөө явж ээждээ тусална гэж хэлсэн. Тэрний өмнө Улаанбаатар хот руу явчхаад ирээд нэг сар бас хөдөө явна гэж алга болсон байсан. Би өөрөө ээлжийн ажилтай учраас хонож ажилладаг. Тэгэхэд миний гурван хүүхэд гэртээ харах хүнгүй үлддэг бөгөөд өөрийн ээжийнхээ гэртээ хүргэж өгөөд аргалдаг байсан. Тэгээд дахиад 2024 оны 9 сарын сүүлээр гэртээ ирчихээд хэд хоногийн дараа дахин хөдөө 7 хоногоор явна гэхээр нь би дургүйцсэн юм. Тэрнээс болж бид хоёрын дунд маргаан гарсан. Тэр үед нөхөр уурлаад миний аман дээр гараараа нэг удаа цохиход миний үүдэн нэг шүд хугарч амнаас цус гарсан. Би энэ талаар хэн нэгэнд хэлээгүй, маргааш нь нөхөр хөдөө яваад өгсөн бөгөөд 2 сар гаруй хөдөө байж байгаад 2024 оны 11 дүгээр сард гэртээ ирсэн. 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр зодоход миний үүдэн нэг шүд хугарч амнаас цус гарч дээд уруул маань дотор талдаа язарсан шархтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

2.3. Хохирогч Т.Ргийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “Би унасан шүдэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Шүд хугарч, унасан хэвээрээ байгаа. Тухайн үедээ өвчин намдаах эм авсан, түүний баримт одоо надад байхгүй. Би цаашдаа шүдээ эмчлүүлэхээр бол шүдээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний төлбөрийг нөхрөөсөө тэр үед нэхэмжилнэ. Яг одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...сэтгэцэд учирсан хохирлыг Тээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),

2.4. Насанд хүрээгүй гэрч Т.Арайлымын мөрдөн байцаалтын шатанд өгсөн   “2024 оны 9 дүгээр сарын сүүлээр байхаа хичээл эхэлсэн байсан. Тэр үед мөн гэртээ байхад аав, ээж хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд аав ээжийн аман тус газар гараараа нэг удаа цохиж авсан. Тэр үед ээжийн маань шүд нь унасан юм. Мөн амнаас нь цус гарсан юм. Тэгээд аав хөдөө Толбо сум руу яваад олон хоногийн дараа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

2.5. Гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 9 дүгээр сар уу, 10 дугаар сар уу сайн санахгүй байна, Р утсаар залгаж, намайг Т зодож байна, та ирээч гэж хэлсэн, би өөрөө хөгшин хүн, хүү маань Хотгор руу явчихсан машингүй байсан тул тэр шөнө очиж чадаагүй. ...Т миний мэдэхээр Т.Рг 2 удаа зодсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

2.6. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х. ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай “...Т.Ргийн биед үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн хугаралтай, дээд уруулын дотор хэсэгт шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2.7. Шинжээч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Ргийн биед учирсан дээд уруулын дотор хэсэгт шалбарсан шарх нь шинэ гэмтэл байсан. Гэхдээ тэр дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин шүдний паалан хугарсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. ...үүдэн дээд баруун 1-р шүдний паалан хэсгээр хугарсан, ёроол хэсгээр бүхэлдээ хугарч унаагүй тул шинэ хуучин гэмтэл эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Шүд нь ёроолоор буйлнаас унаж байж шинэ, эсхүл хуучин гэмтэл болохыг тогтоох боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг баримтуудыг,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

2.8. Хохирогч Т.Р, шүүгдэгч С.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 20, 53 дахь тал),

2.9. Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

2.10. Яллагдагч С.Тий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),

2.11. Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн лавлагаанууд  (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

2.12. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал),

2.13. Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал),

2.14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:

 

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн тул гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Т болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаж байгаа” гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно.

3.2. Шүүгдэгч С.Т нь 2024 оны 9 дүгээр сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг /Бөхөн уул/-т байх гэртээ хөдөөнөөс ирж, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж, гэртээ хэд хоносны дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр дахин хөдөө явна гэхэд эхнэр Т.Р “Би ээлжийн ажилтай, хонож ажилладаг болохоор чи гэртээ байж хүүхдүүдээ хармаар байна” гэж хэлснээр тэдний хооронд гэр бүлийн маргаан, үл ойлголцол үүсэж, улмаар шүүгдэгч С.Т нь эхнэр буюу хохирогч Т.Ргийн ам тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн хугарал, дээд уруулын дотор хэсэгт шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, “Хөнгөн” хохирол учруулсан болох нь хохирогч Т.Ргийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, (хавтаст хэргийн 32-33, 102 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Т.Арайлымын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), шинжээч Х.Ерболын мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

3.3. Шүүгдэгч С.Т, хохирогч Т.Р нар нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсоор гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлтийн 19 дүгээрт бүртгэгдсэн, дундаасаа 3 хүүхэдтэй эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т, Т.Р нарын хэн аль нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан гэх тайлбарыг гаргаснаас үзэхэд тэдгээрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт заасан  “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.

3.4 Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч С.Т нь 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр гэртээ эхнэр Т.Рг түүнд хандаж “Чи хөдөө явмааргүй байна, би ээлжийн ажилтай тул чи гэртээ байж, хүүхдүүдээ хармаар байна” гэж хэлэхэд дургүйцэж, шууд санаатай үйлдлээр хохирогчийн аман дээр цохиж, үүдэн шүдийг нь гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна гэж шүүх дүгнэлээ.

3.5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хохирогч Т.Ргийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан “эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах” шинжээр нь хөнгөн хохиролд хамааруулсан шинжээч Х.Ерболын дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Арайлымаас мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй буюу мэдүүлэг авах ажиллагаанд хохирогч Т.Рг биш сурган хүмүүжүүлэгч Б.Айсауле болон орчуулагч, хэлмэрч оролцуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Т болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “Насанд хүрээгүй гэрч Т.Арайлымыг мэдүүлэг өгөх ажиллагаанд хохирогч Т.Р хууль бусаар нөлөөлсөн” гэх тайлбар, мэдүүлгийг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч С.Тээс мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сиди бичлэг дэх харилцан яриа болон хохирогч Т.Ргийн хувийн зан байдалд хамааралтай гэх бичлэг, тэдгээрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, орчуулга зэрэг  нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч С.Тийг 2024 оны 09 дүгээр сарын 01-02-ны үед гэртээ очиж, хүүхдүүдээ хичээл сургуульд нь оруулчихаад 3-4 хоног гэртээ байж байгаад Толбо суманд аав, ээжийнхээ гэрт ирсэн гэх агуулга бүхий гэрч Х.Күлдари /хавтаст хэргийн 73-74 дэх тал/, гэрч Ш.Салауат /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ нарын мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд хэргийн бодит байдлаас зөрүүтэй, түүнчлэн хохирогч Т.Р, насанд хүрээгүй гэрч Т.Арайлым нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн, шүүгдэгч С.Тээс мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 1 ширхэг, цэнхэр өнгийн фудволк, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул мөн нотлох баримтаар үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

4. Хууль зүйн дүгнэлт

4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн оны  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар гэмт хэргийн үндсэн шинжийг хангана.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр заасан байна.  

4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.Т нь 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн маргааны улмаас эхнэр Т.Ргийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр халдаж, түүний эрүүл мэндэд нь үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн хугарал, дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч С.Т нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.Тийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.3. Иймд шүүгдэгч С.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Тийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.Т, хохирогч Т.Р нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ргийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Р хохирол, хор уршгийн талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг буюу шүдэнд учирсан гэмтлийг эмчлүүлэх үед нотлох баримтаа бүрдүүлж, С.Тээс нэхэмжлэхээ илэрхийлсэн байна.

Иймд хохирогч Т.Ргийн шүдний гэмтлээ эмчлүүлсний дараа эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Тээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Р нь шүүгдэгч С.Тээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч С.Тийг шүүхээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөр шийтгэл хүлээж байсан  нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн хувьд хохирогчид хөнгөн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдож байна.

2.3. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг хохирогчийн өмгөөлөгч С.А дэмжиж байгаагаа илэрхийлсэн, хохирогч Т.Р нь С.Тд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх талаар тусгайлан санал хүсэлт гаргаагүй,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Т нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг тус тус гаргав.

2.4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Тий хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хор уршгийг арилгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, 2 ширхэг СD дискийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овгийн Сын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Тээс энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтаар гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдаж, хохирогч Т.Ргийн шүдээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Т.Р нь шүүгдэгч С.Тээс сэтгэцэд учирсан хор, уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч С.Т нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл  мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б