| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00351/и |
| Дугаар | 133/ШШ2022/00430 |
| Огноо | 2022-08-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2022/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Г
Хариуцагч: Ц.Л нарт холбогдох гэм хорын хохирол 12,349,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Г, хариуцагч Ц.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч Т.Н-О нь зайлшгүй шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээний зардал 1,849,950 төгрөг, мэс заслын урьдчилсан зардал 6,000,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний урьдчилсан зардал 2,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 12,349,950 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд сахиулаар 2016 оноос 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан.
Цар тахлын хөл хориотой байх үед байгууллагын даргын чиглэлийн дагуу түүний удирдлага дор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Жаргалан сумын нутагт байрлах Хүнхэр амралтын газарт амрахаар очсон.
Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө тухайн амралтын газрын соёлын төвд Ц.Л/тухайн үед Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга байсан ба одоо Говь-Алтай аймгийн Онцгой байдлын орлогч даргын албан тушаалтай/ манай байгууллагын буюу Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн дарга С.Г нар маргалдаад зодолдох гэхээр нь салгах зорилготой дундуур нь орсон боловч С.Г-д нүүрэн тус газраа цохиулан ухаан алдан унасан байдаг.
Үүний улмаас миний хамрын яс зөрж хугарсан, хэлбэр алдагдсан, хамрын хөндий шархалж, үрэвсэл үүссэн ба дээрх гэмтлүүд нь зайлшгүй мэс заслын хагалгаагаар эмчлэгдэх боломжтой болохыг тухайн үед Улсын 1 дүгээр эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчийн үзлэг, шинжилгээгээр тогтоосон.
Уг гэмтлийн улмаас баруун талын нүдний хараа 0.2 хувь, зүүн талын нүдний хараа 0.7 хувь болтлоо буурсан байсан бол 2022 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар баруун нүдний хараа 0.9, зүүн нүдний хараа 0.1 болтол харах чадвар буурсан байна.
“Болор мэлмий” эмнэлэгт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзүүлсэн үзлэгээр баруун нүдний өмнөд хоргын өнцөг гэмтлийн шалтгаантай бүтэц алдагдсан буюу мэргэжлийн хэллэгээр рецессия гэж оношлогдсон байдаг ба 2022 оны 02 дугаар сарын 14-ний үзлэгээр тухайн гэмтлийн улмаас нүдний даралт ихсэх өвчинтэй болсон нь тогтоогдсон. Цаашид гэнэт нүдний хараа бүрэн хаагдах эрсдэлтэй учир 14 хоногийн дотор дахин үзүүлэх ба нүдний эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай болсон.
“ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн олон зүслэгт компьютер томографикийн шинжилгээгээр хамар ясны хугарал, хамрын таславч муруйсан, хамрын хөндийн салст шархтай, хэлбэр алдагдсан хамрын хугарал, таславч самалдаг хамт засах мэс заслын заалттай гэж оношилсон.
Үүнтэй холбоотой 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 201600126 дугаартай хэрэг нээн шалгахдаа хавтаст хэрэгт бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтаар 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнхэр амралтын газрын соёлын төвийн танхимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.Г, Ц.Л нар маргалдахдаа хохирогч Д.Ц-г цохиж түүний биед хамар ясны хугарал таславчийн муруйлт, нүүрний баруун хэсэг буюу хамар, баруун нүдний доод зовхи, баруун хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн.
Энэхүү хэргийн улмаас миний бие нүдний даралт ихсэх болон нүүрний гурвалсан мэдрэл, зүрх судас, тархи мэдрэлийн хавсарсан өвчтэй болж байнгын эмчилгээ хийлгэдэг болсноос гадна хамар ясны хугарлыг хагалгаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон.
Эмчилгээний зардал Улаанбаатар Сонгдо эмнэлэгт эмчлүүлэхэд 6,000,000 төгрөг байна. Мөн хэрэг явдал гарснаас хойш одоог хүртэл хэрэглэсэн эмийн эмчилгээний болон замын зардал 1,849,950 төгрөг болж байна. Үүнээс гадна хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд багадаа 2,000,000 төгрөгийн зардал хэрэгтэй болсон.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт:
- Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/2286 дугаар хариу мэдэгдэх хуудас
-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 35/ дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол
- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол
- “Сөүл Сениорс Товер” ХХК-ийн нэхэмжлэх, Зарлагын баримт/Түмэн Туяа эмийн сан/, нийтийн тээврийн зорчих тасалбар/Д.Ц/, е-баримт /“Люкс Мед” эмнэлэг/, е-баримт/Болор мэлмий эмнэлэг/
- Эрүүл мэндийн карт/Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэдэг, “Болор мэлмий” эмнэлэг/Сэтгэцэд нөлөөт эмийн жор/№2135605/, Эмч С.Чулуунсүхийн дүгнэлт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, “Болор мэлмий” эмнэлгийн тодорхойлолт, “ЭМЖЖ” эмнэлгийн шинжилгээний хариу
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1075 дугаар шинжээчийн дүгнэлт
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ/өмгөөлөгч Б.Б/
- Фото зураг/Д.Ц
4. Хариуцагч С.Г-н татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
5. Хариуцагч С.Г-н татгалзлын үндэслэл: С.Г миний бие Д.Ц-н гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өнгөрсөн 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хүнхэр амралтын газрын хоолны танхимд би Д.Ц-г нүүрэн тус газар цохиогүй.
Уг хэрэг нь Говь-Алтай аймгийн Прокурорын газар, тус аймаг дахь Цагдаагийн газраар 1,1 жилийн хугацаагаар шалгагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр уг хэргийг хаасан юм.
Хэрэг шалгах явцад Д.Ц нь гэрч М.Э-д даргыг /намайг/ хамгаалаад дундуур нь ороод цохиулчихлаа гэсэн. Мөн Б.Убид хоёр Ц.Л-г цохилоо гэж бодоод түүн рүү бид хоёр очоод “эмэгтэй хүнийг ямар болгосноо хар” гэж дайрсан мэдүүлдэг.
Гэрч Б.У-н Д.Ц эгч рүү очоод яасан вэ зүгээр үү гэхэд Д.Ц намайг Ц.Л цохичихлоо би С.Гантулгыг хамгаалаад дундуур нь орсон гэж хэлсэн.Д.Ц архи уусан байсан. Д.Ц-г архины шилээр хүн цохиогүй. Д.Ц, С.Г дарга хоёрын унасан газар нь хагарсан цонхны шил их байсан. Түүн дээр унаад гараа зүссэн байх гэж мэдүүлдэг.
Гэрч С.А тухайн үед манай нягтлан М.Э, Б.У нар Ц.Л руу цохисон гээд дайраад байсан. Намайг Ц.Л-тай маргах үед Д.Ц дундуур орж ирээд Л-д цохиулсан гэж ойлгосон.
Тухайн үед Д.Ц нь М намайг цохилоо гээд манай хамт олон очсон байдаг. Д.Ц-т зөөлөн эдийн няцрал учирсан нь нүдний хараа болон даралтад нөлөөгүй гэсэн шинжээч Ч.Э-ын дүгнэлт Улааанбаатар хотод гарсан нь хэрэг хаасан прокурорын тогтоолд дурдсан байна.
Б.М, Л хоёр Д.Ц-г зодсон гэж тус тус нэг нэг сая төгрөг өгч хохирлыг арилгасан. Намайг хамгаалж дундуур ороод цохиулсан учир бүүр сүүлд нь Б.М, Ц.Л бид гурав нийлж дундаасаа нэг сая төгрөг өгсөн. Энэ хүний хөнгөн хохирол нь ингээд 3,0 сая төгрөг нийт авч арилсан.
Даралт, нүдний гэмтэлд хамаарахгүй гэсэн хотын шинжээч эмчийн дүгнэлт гарсан тул мөнгө нэхэх шалтгаан байхгүй. Миний хувьд намайг хамгаалсан хүн гэж нөгөө холбогдсон хоёртой нийлж, мөнгө өгснөөс би зодож цохисон зүйл байхгүй.
Сүүлд хүн хүнээс мөнгө нэхээд болно гэж ойлгосон байх. Би зодоогүй учир мөнгө өгөхгүй, түүнд өгсөн 340,000 төгрөгөө авмаар байна. Яахав яахав гэсэн чинь яах нь вэ.
Тус аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар тогтоолоор С.Г намайг цохисон гэдэг нь тогтоогдоогүй болно.
6. Хариуцагч С.Г цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол
7. Хариуцагч Ц.Л-ын татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
8. Хариуцагч Ц.Л-ын татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12,349,950 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Л нь нь Д.Ц-ийн биед гэмтэл учруулаагүй. Энэ нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр тус тус нотлогдоно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Ц-ийн хариуцагч С.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хариуцагч Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.Г, Ц.Л нарт холбогдуулан “гэмт хэрэг үйлдэж, эрүүл мэндэд хохирол учруулсан” үндэслэлээр эмчилгээний зардал 1,849,950 төгрөг, мэс заслын урьдчилсан зардал 6,000,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний урьдчилсан зардал 2,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 12,349,950 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Г нь “Д.Ц-н биед гэмтэл учруулаагүй, түүнийг зодсон, цохисон гэдэг нь прокурорын шийдвэрээр тогтоогдоогүй”, хариуцагч Ц.Л нь “Д.Цэдэвийн биед гэмтэл учруулаагүй, энэ нь прокурорын шийдвэрээр нотлогдоно” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, тус тус маргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн гэм хор учруулсан байдал/үйл баримт/-ыг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм.
Нэхэмжлэгч нь гэм хор учруулсан үйлдэл/эс үйлдэхүй/-г нотолсон тохиолдолд хариуцагч нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заажээ.
Гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Энэхүү урьдчилсан нөхцөл хангагдаж буй эсэхэд хэргийн оролцогчоос өөрсдийн шаардлагыг батлах, гүйсгэх үндэслэлээ нотлох зорилгоор цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримтад тулгуурлан шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.
Гурав. Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Г-ын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/А дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолыг нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлдээ, хариуцагч С.Г нь хариу тайлбартаа тус тус хавсаргажээ.
Энэхүү прокурорын тогтоолоос үзэхэд “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс мөн сарын 04-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт үйл ажиллагаа явуулдаг Хүнхэр амралтын газрын соёлын төвийн танхимд Д.Ц нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хэрэгт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Л.А мөрдөн шалгах явуулж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргажээ.
Улмаар прокурорын дээрх тогтоолын олсон нь хэсэгт “Хохирогч Ц.Цэдэв нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс мөн сарын 04-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт үйл ажиллагаа явуулдаг Хүнхэр амралтын газрын соёлын төвийн танхимд бусдад зодуулж, биедээ хамар ясны хугарал, тархи доргилт, нүүрний баруун тал, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 201600126 дугаартай хэргийг хаажээ.
Дөрөв. Нэхэмжлэгч Д.Ц-ийн гомдлын мөрөөр Улсын ерөнхий прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 201600126 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газраас татаж, хянаад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/2286 дугаар мэдэгдэх хуудсаар хариу өгчээ.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч-ын гарын үсэг бүхий дээрх хариу мэдэгдэх хуудаст “Хэргийг хянахад С.Г, Ц.Л нар нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, С.Г нь маргааныг таслан зогсоох гэж ирсэн Д.Ц-ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна” гэж дүгнээд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн тул прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг мэдэгдье” гэжээ.
Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолд Д.Ц-ийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан буруутай этгээдийг нэрлэн заалгүйгээр, “бусдад зодуулсан” гэсэн тодорхой бус, ерөнхий дүгнэлт хийжээ.
Харин Улсын ерөнхий прокурорын орлогчийн дээрх шийдвэрт хохирогч Д.Ц-ийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан буруутай этгээдийг нэрлэн зааж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурджээ.
Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй”, 6.4 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд дээд шатны прокурорын хувьд Улсын ерөнхий прокурорын орлогч нь доод шатны прокурор болох Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй байна.
Энэхүү бүрэн эрхийнхээ дагуу Улсын ерөнхий прокурорын орлогч нь Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрт Д.Ц-ийн биед хөнгөн хохирол учруулсан буруутай этгээдийг нэрлэн заасан өөрчлөлтийг оруулж, хэрэг бүртгэлтийн 201600126 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэж, “Энэ нь тус прокурорын газрын эцсийн шийдвэр” болохыг хариу мэдэгдэх хуудаст тусгажээ.
Тав. Уг бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Ц-ийн “С.Г-д нүүрэн тус газраа цохиулсан” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдож, хариуцагч С.Г-ын “Д.Ц-ийн биед гэмтэл учруулаагүй, түүнийг зодсон, цохисон гэдэг нь прокурорын шийдвэрээр тогтоогдоогүй” гэх татгалзал няцаагдаж, хариуцагч Ц.Л-ын “Д.Ц-ийн биед гэмтэл учруулаагүй, энэ нь прокурорын шийдвэрээр нотлогдоно” гэх татгалзал батлагдаж байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ц.Л-ыг гэм хор учруулсан гэх байдал/үйл баримт/-ыг баримтаар шүүхэд нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр хариуцагч Ц.Л нь нэхэмжлэгч Д.Ц-ийн биед гэмтэл учруулаагүй нь тогтоогдсон болно.
Нэг талаас хариуцагч Ц.Л нь нэхэмжлэгч Д.Ц-ийн эрүүл мэндэд учирсан хариуцан арилгах үүрэггүй, нэхэмжлэгч Д.Ц нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо хариуцагч Ц.Л-аас шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлээс мөнхүү хариуцагчид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Д.Ц-ийн биед гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Энэхүү үндэслэлээр хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Д.Ц-ийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.Г-гаас уг хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
Зургаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгч Д.Ц-ийн хариуцагч С.Г-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 12,349,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхдээ тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон, бодитой байх хуулийн дээрх заалтад дурдсан нөхцөл хангагдаж буй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, дараах үзлэг, шинжилгээ, эмчилгээ, эм тариа, унааны зардлыг хариуцагч С.Г-аас гаргах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
| № | Баримт Утга | Зорчигч нэр | Зорчсон огноо | Чиглэл | Тээврийн хэрэгсэл дугаар | Тийз үнэ /төгрөгөөр/ | |||||
| 2020 он | |||||||||||
| 1 | Зорчих тасалбар | Д.Ц | 2020.07.23
| Говь-Алтай, Есөнбулаг-Улаанбаатар Сонгинохайрхан | 68-86 ГАҮ | 51,600 | |||||
| 2022 он | |||||||||||
| 1 | Зорчих тасалбар | Д.Ц | 2022.06.21
| Говь-Алтай, Есөнбулаг-Улаанбаатар Сонгинохайрхан | 00-38 ГАҮ | 78,000 | |||||
| Дүн | 129,600 | ||||||||||
| Хоёр. үзлэг, шинжилгээ, эмийн зардал | |||||||||||
| № | Баримт утга | Огноо | Харилцагч | Үйлчлүүлэгч | Эмчилгээний утга | Баримт дүн /төгрөгөөр/ | |||||
| 2020 он | |||||||||||
| 1 | Зарлагын баримт | 2020.09.15 | Түмэн Туяа ХХК | С.Г Ц.Л | Эмийн зардал | 576,750 | |||||
| 2021 он | |||||||||||
| 1 | Зарлагын баримт | 2021.03.06 | Түмэн Туяа ХХК | С.Г Ц.Л | Эмийн зардал | 788,600 | |||||
| 2 | Баримт | 2021.08.24 | Люкс мед эмнэлэг | Д.Ц | КТГ Шинжилгээ | 5,000 | |||||
| 3 | Баримт | 2021.08.24 | Люкс мед эмнэлэг | Д.Ц | КТГ Шинжилгээ | 120,000 | |||||
| 2022 он | |||||||||||
| 1 | Зарлагын баримт | 2022.02.10 | Түмэн Туяа ХХК | С.Г Ц.Л | Эмийн зардал | 190,000 | |||||
| 2 | Е-баримт | 2022.06.16 | Болор мэлмий эмнэлэг | Д.Ц | Үзлэг давтан | 20,000 | |||||
| 3 | Е-баримт | 2022.06.16 | Болор мэлмий эмнэлэг | Д.Ц | Хараа шалгах | 20,000 | |||||
| Дүн | 1,720,350 | ||||||||||
| Нийт | 1,849,950 | ||||||||||
Нэхэмжлэгч Д.Ц-ийн “үзлэг, шинжилгээ хийлгэсэн, эм худалдан авсан, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон хугацааг”- амбулаторийн карт, өвчтөн илгээх хуудас, эмийн жор, эмчилгээ хийлгэсэн баримт, зорчих тасалбар зэрэгт тусгагдсан хугацаатай тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, дээрх тооцоонд тусгагдсан зардлын хэмжээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэв.
Долоо. Нэг талаас хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Д.Ц-ийн биед гэмтэл учруулсантай холбогдон зайлшгүй гарах зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. Нөгөө талаас нэхэмжлэгч нь өөрөөс гаргасан зайлшгүй зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь эмчилгээний зардлаа хариуцагчаар урьдчилан гаргуулахын тулд уг зардал нь “зайлшгүй” болох нь баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх шаардлагатай.
Гэвч “зайлшгүй” болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар нотлогдоогүй дараах зардлыг хариуцагч С.Г-аас гаргуулах нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:
| Гурав. Эмчилгээний зардал/Мэс засал/ | ||||||
| № | Баримтын нэр | Огноо | Харилцагч | Үйлчлүүлэгч | Эмчилгээний утга | Дүн |
| 2022 он | ||||||
| 1 | Нэхэмжлэх | 2022.06.15 | Сөүл сениорс ХХК УБ Сонгдо эмнэлэг | Д.Ц | Мэс заслын урьдчилсан зардал | 6,000,000 |
| 2 | --- | --- | --- | Д.Ц | Нөхөн сэргээх эмчилгээ зардал | 2,000,000 |
| Дүн | 8,000,000 | |||||
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс нэхэмжлэгч Д.Ц-ийг мэс засал хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай гэдгийг үгүйсгэхгүй ч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас энэхүү шийдвэрийг гаргасан болно.
“Сөүл сениорс” ХХК/Улаанбаатар Сонгдо эмнэлэг/-ийн нягтлан бодогчийн гарын үсэгтэй, хагалгааны урьдчилсан төлбөр 6,000,000 төгрөг гэсэн утгатай, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх нь нэхэмжлэгч Д.Ц-ийг зайлшгүй мэс засалд орох “зайлшгүй шаардлагатай”-г шууд нотолсонгүй.
Учир нь эрүүл мэндийн карт, “Болор мэлмий” эмнэлгийн карт зэрэгт нэхэмжлэгч Д.Ц нь “Сөүл сениорс” ХХК/Улаанбаатар Сонгдо эмнэлэг/-д “үзлэг, шинжилгээ хийлгэсэн, мэргэжлийн эмчээр зайлшгүй мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар дүгнэлт, тодорхойлолт гаргуулсан” гэх байдал тусгагдаагүй байна.
Энэ тохиолдолд шүүхээс дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч Д.Ц нь мэс засал хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан гэм хорын хохирлоо хариуцагч С.Г-аас жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.
Найм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.Г, Ц.Л нарт холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэрэгт өмгөөллийн үйлчилгээ авахаар өмгөөлөгч Б.Б-тай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр АС26 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулжээ.
Уг гэрээний 4.1 дэх хэсэгт “Хуульчийн үйл ажиллагааны хөлс 2,500,000 төгрөг байх бөгөөд гэрээ хийх үед үнийн дүнгийн 50 хувийн төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд үлдсэн 50 хувийн төлбөрийг хуульчийн ... дансанд шилжүүлнэ” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч Д.Ц нь “гэрээнд заасан хөлсийг өмгөөлөгч Б.Б-д төлөөгүй” гэж тайлбарласан, зохигчийн уг тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотолгооны хэрэгсэл болно.
Шүүхээс нэхэмжлэгч Д.Ц-ийг өмгөөллийн үйлчилгээ авах шаардлагатай байсныг үгүйсгэхгүй ч үүний улмаас өөрөөс зардал гаргаж, хохирсон гэх үйл баримт нотлогдоогүй тул хариуцагч С.Г-аас өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Ес. Дээрх үндэслэлээр “хариуцагч С.Г-аас унааны зардал 129,600 төгрөг, үзлэг, шинжилгээ, эмийн зардалд 1,720,350 төгрөг, нийт 1,849,950 төгрөгийг гаргуулан Д.Цэдэвт олгож”, “хариуцагч С.Гантулгад холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10,500,000 төгрөг гаргуулах тухай хэсэг болон хариуцагч Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага/бүхэлд нь/”-ыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Арав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.Г, Ц.Л нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иймд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,549 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-т олгох эрх зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 1,849,950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,549 төгрөгийг хариуцагч С.Г-аас гаргуулан улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “хариуцагч С.Г-аас унааны зардал 129,600 төгрөг/нэг зуун хорин есөн мянга зургаан зуу/, үзлэг, шинжилгээ, эмийн зардалд 1,720,350/нэг сая долоон зуун хорин мянга гурван зуун тавь/ төгрөг, нийт 1,849,950 төгрөг/нэг сая найман зуун дөчин есөн мянга есөн зуун тавь/ гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож”, “хариуцагч С.Г-д холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10,500,000/арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэсэг болон хариуцагч Ц.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага/бүхэлд нь/”-ыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,549/хоёр зуун арван хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 44,549/дөчин дөрвөн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Б.РАУШАН