| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02550/И |
| Дугаар | 101/ШШ2022/03231 |
| Огноо | 2022-07-07 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/03231
2022 07 07 101/ШШ2022/03231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Г.Бямбажаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Д-ийн Дгийн /РД: ххххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Х-н Г /РД: ххххххххххх/,
Хариуцагч: хххххххххххххххххххххх тоотод оршин суух, А-ын Б /РД: ххххххххххххх/ нарт холбогдох
Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр,
Хариуцагч А.Б,
Хариуцагч А.Бгийн өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн,
Хариуцагч Х.Г,
Иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 01 сарын 07-нй өдөр www.fasebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Х.Г М.мн хаягийн эзэмшигч хөтлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа болон одоогийн тэргүүн дэд хурандаа нар хувийн дансандаа 2-2.5 тэрбум төгрөг байршуулж мөнгө угаадаг байсан бол яах уу. Ичих нүүргүй хүүрнүүд гээд хараагаад л өнгөрөх үү гэсэн агуулга бүхий пост оруулсан байдаг.
Улмаар 2021 оны 01 сарын 08-ны өдөр www.murch.mn цахим хаягт нэхэмжлэгч Д.Дгийн нэр, зураг бүхий Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох вэ нэртэй нийт таван нүүр бүхий иргэн миний нэр төр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны нэр хүндэд халдсан худал мэдээлэл бүхий нийтлэл тавигдсан байдаг.
Уг нийтлэлийг www.fasebook.com олон нийтийн сүлжээнд байрлах М MN нэртэй цахим хуудас мөн www.fasebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Х.Г М.мн хаягт хуулбарлан байршуулж олон нийтэд түгээсэн байдаг.
Олон нийтэд нээлттэй мэдээллээс үзэхэд www.murch.mn цахим хаяг, www.fasebook.com олон нийтийн сүлжээнд байрлах М MN нэртэй хаяг болон Х.Г М.мн хаягийг сэтгүүлч Х.Г гэх этгээд эзэмшиж, хөтөлдөг болох нь тогтоогдож байна.
Дээрх нийтлэлд дурдсан баримт гэх 1-8 хүртэлх дугаарласан мэдээлэлд үнэн бодитой зүйл нэгээхэн ч байхгүй бөгөөд болсон үйл явдлыг илтэд гуйвуулан мушгиж учир холбогдолгүй олон үйл явдлыг хооронд нь хамааралтай болгон Д.Дг хийсэн, хууль зөрчсөн мэтээр холбож бичсэн байна. Үүнд:
Нэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч өөрийгөө боомилж нас барахад ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэлийн дарга, хурандаа Д.Д бүрэн хариуцах ёстой байсан боловч дэвшиж дарга болсон гэсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл.
Учир нь шийдвэр гүйцэтгэлийн дарга, ерөнхий гүйцэтгэгч нь хорих болон цагдан хорих ажиллагаатай огт хамааралгүй албан тушаал бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцдаг алба юм.
Харин тэр хэлээд байгаа хэрэг гарах үед Д.Д хорих хариуцсан ажил хүлээж аваад 3 хонож байсан.
Хоёр. Шүүгч нас барах үед ажиллаж байсан н.Түвшинтөгсийг ямар нэгэн хариуцлага тооцолгүй харин ч Өвөрхангай аймгийн Хархоринд ангийн даргаар томилсон нь мөн хууль зөрчлөө гэжээ. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Уг учрал гарсны дараа 9 хүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд цагдаагийн байгууллага бүтэн 1 жил, 7 сар шалгаж хариуцлага алдаагүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа ажилд томилсон. н.Түвшинтөгсийн хувьд Шуурхай удирдлага хяналтын төвд ажиллаж байгаад Хархорин явсан болно.
Зам дээр ажиллаж байсан хоригдол оргосон нь үнэн боловч мэдээлэлд бичсэн шиг нам дараагүй, тухайн үед хэвлэлээр эрэн сурвалжилж байсан, олж барьсны дараа эрүүгийн хариуцлагад татсан болно. Тэгээд ч ангийн байрлалаас хоригдол оргоогүй учир арга хэмжээ авах үндэслэлгүй болохыг дотоодын хяналт шалгалт тогтоосон.
Гурав. Хорих 401 дүгээр ангиас оргосон хоригдол уулын модонд өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан байхад хурандаа н.Тулгыг цол бууруулаад 20 хоногийн дараа буцаан олгоод Архангайд томилсон гэжээ.
Мөн л хорих ангиас биш гадна эмнэлгийн үзлэгт хамрагдаж байхдаа оргож явсан бөгөөд хариуцаж авч явж байсан албан хаагч ноцтой хариуцлага алдсан, холбогдох үүрэг даалгаврыг өгсөөр байтал мэргэжлийн алдаа гаргасан учир тухайн албан хаагч нь ажлаас халагдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, журмыг үндэслээд ангийн дарга н.Тулгын арга хэмжээг хугацаанаас өмнө цагаатгаж байгууллага ажлын шаардлагаар өөр ажилд томилсон.
Дөрөв. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Оюунболд өөрийгөө ерөнхийлөгчийн тамгын газрын томилолтоор ажиллаж байгаа, Хууль зүйн хүрээлэнгийн ажилтан байсан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга байсан мэтээр бичсэн нь огт үндэслэлгүй зүйл болох нь ойлгомжтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ерөнхийлөгчийн тамгын газраас хүн томилдоггүй, мөн Г.Оюунболд хэзээ ч хүрээлэн болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байгаагүй нь хувийн хэрэгт нь тодорхой байгаа.
Тав. Насаараа энэ байгууллага, төрд ажиллаж байгаа жирийн төрийн албан хаагчдыг хэн нэгний ивээлд байж буян эдэлж яваа гэж илтэд нэр хүндийг гутаасан, одоо эрхэлж, ажиллаж байгаа албан тушаалыг хийж болохгүй мэтээр бичсэн нь санаатайгаар нэр төрд халдаж байна.
Мэдээлэлд дурдагдсан 417, 461, 429, 407 дугаар ангийн дарга бүгд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 15-25 жил ажилласан, салбартаа нэр хүндтэй манай байгууллагын үндсэн албан хаагчид болохыг бүгд мэднэ.
Зургаа. ... сар тутмын 80 сая, нийт 6 сарын хагас тэрбум орчим төгрөгийн асуудал тухайн дансыг байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Д хурандаад зайлшгүй холбогдсон байдаг юм... гэсэн тухайд 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 307 дугаар Өдийн сонин-ы эхний болон 7-р нүүрт Төрийн алба хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад гарчигтай нийтлэл гарч байсан.
Уг нийтлэл нь Д.Дгийн нэр төр, алдар хүндэд халдсан байсан. Нийтлэлийн агуулгад ... Шүүхийн шийдвэрийнхэн төрийн мөнгийг угааж, улмаар Улсын ерөнхий гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх албадын дарга нарт шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг нэг дансанд төвлөрүүлэх үүрэг өгдөг. Цугласан гэх 2 тэрбум төгрөгийг Төрийн банктай 6 сарын хугацаанд гэрээ хийж сард 80 сая төгрөгийн хүү, 6 сард 480 сая төгрөгийн хүү бодож хувьдаа завшсан... Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар хурандаа Д.Д ажиллаж байсан... болон ...гэрт хулгай орж хувийн эд зүйлс, 5 ширхэг буу, мөнгөн аяга, бурхан болон бусад эд зүйл хулгайд алдсан ... зэрэг үйл баримтыг дурдаж илэрхий гүтгэн доромжилж нэр хүндэд халдаж байсан.
Уг нийтлэлд дурдагдсан агуулгыг Х.Г болон А.Б нар нь хуулбарлан авч өөрийн 2021 оны 01 сарын 08-ны өдөр олон нийтэд түгээсэн мэдээлэлд мөн тусгажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 сарын 18-ны өдөр Д.Дгийн нэхэмжлэлээр Өдрийн сонин-д холбогдох нэр төр, алдар хүндийг сэргээх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж уучлалт гуйх шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд Өдрийн сонины 2014 оны 12 сарын 22-ны өдрийн Төрийн албан хаагчдын мөнгө хүүлэх арга буюу банкны хүүгээр баяжигсад нэртэй нийтлэлд дурдсан, Д.Дтэй холбоотой агуулга бүрийг шалган, нотлох баримтаар ил худал болохыг тогтоож 1939 дугаар шийдвэрээр Д.Дгийн нэр төрийг сэргээж, Өдрийн сонин-г мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Х.Г болон А.Б нарын 2021 оны 01 сарын 08-ны өдрийн нийтлэлд дурдсан агуулга үйл баримт нь илт худал болохыг шүүхээр шалган тогтоосон болно.
Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нийтлэлд дурдсан үйл баримт илт худал болох нь тогтоогдсон байхад дээрх нэхэмжлэлд дурдсан нийтлэлийг шалгаж нягтлалгүй олон нийтэд түгээснээрээ Д.Дгийн нэр төрд халдсан үйлдэл болж байна.
Долоо. 2019 онд Засгийн газраас хэрэгжүүлж буй албан хаагч бүрт орон сууц хөтөлбөрийн хүрээнд Зайсанд албан хаагчдын орон сууц баригдаж байгаа нь үнэн. Энэ нь зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад биш хуулийн салбарийн нийт агентлагаас захиалга авч баригдаж байгаа барилга. Гэтэл уг барилгыг алба хаагчдаас мөнгө татаж авсан, барилгад зориулж ангиудаас 50 сая төгрөг татаж авсан, тэр барилга нь одоо сураг тасарсан, албан хаагчид ихээр гомдол гаргаж аргаа барж байгаа мэтээр ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй зүйлийг нийтэлсэн.
Энэ барилга нь одоо улсын комисст өгөхөд бэлэн болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа болно.
Найм. Уг нийтлэлдээ Д.Д ажлын байрны бэлгийн дарамт бусдад үзүүлж байсан, уг асуудлаараа цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, удалгүй замхарч байсан мэтээр бичсэн нь ямар ч үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад тийм гомдол материал ирж байсан эсэхийг та бүхэн бэлхнээ мэдэх биз.
Иргэн Д.Д нь дээрх сэтгүүлч гэх этгээдийн хууль бус, илт гутаан доромжилсон агуулгатай, үнэнд үл нийцэх, иргэн Д.Дгийн 30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэр хүндэд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд хандсан.
Мөн энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 42-р байр, 17 тоотод оршин суух, Онги овогт Аюурзанын Бг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан. А.Б нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд www.tac.mn цахим сайтын эзэмшигч, мөн www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Тасархай бүхнийг тас.мн-ээс, Энгүүн Б /А.Б/ гэх хаягийн эрхлэгч юм.
Улмаар 2021 оны 1 сарын 7-ны өдөр www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Энгүүн Б /А.Б/ хаягаараа Улсын мөнгийг хувийн дансандаа хийж хүүгийн зөрүүнээс ашиг унагадаг байсан хурандаа нарын хэргийн цуврал нийтлэлийг бичих гэсэн онгод тэнэн одов. Бичихээр найзууд залгаад амраахгүй нь тодорхой ... За маргааш л яг сууя гэсэн агуулга бүхий урьдчилж сануулсан, заналхийлсэн, бусдын анхаарлыг өөрт татсан, гэмт хэрэг илрүүлсэн мэт ойлгогдохоор постыг оруулсан.
Улмаар 2021 оны 1 сарын 8-ны өдөр www.tac.mn цахим хаягт нэхэмжлэгч Д.Дгийн нэр, зураг бүхий Хорихын босс, баян хурандаа ... нэртэй иргэн Д.Дгийн нэр төр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын албаны нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл бүхий гүтгэн доромжилсон агуулгатай нийтлэл тавигдсан.
Уг нийтлэлийг www.tac.mn цахим хуудаснаас www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Тасархай бүхнийг тас.мн-ээс, Энгүүн Б /А.Б/ хаягт хуулбарлан байршуулж олон нийтийн сүлжээгээр идэвхитэй түгээсэн.
Тус нийтлэлийн нэр нь өөр ч үндсэн текст, бичвэр, агуулга нь www.murch.mn цахим сайтад тавигдсан Х.Гын нийтлэлтэй яг ижил байгаа юм. Тиймээс нэхэмжлэгч Х.Г, А.Б нарыг хоорондоо холбоотой, урьдаас харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэн Д.Дгийн нэр хүндэд халдаж байна гэж ойлгож байна.
А.Б нь www.tac.mn цахим сайтын эзэмшигч мөн болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 сарын 7-ны өдрийн 04/510 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байгаа.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.-т заасанчлан иргэн Д.Дгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, www.murch.mn цахим хаяг, www.fasebook.com байрлах М MN нэртэй цахим хаяг, www.fasebook.com байрлах Х.Г М.мн хаяг, түүний эрхлэгч сэтгүүлч Х.Г, www.tac.mn цахим сайтын эзэмшигч А.Б нараар худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
1. 2021 оны 01 сарын 07-ны өдөр би өөрийн фейсбүүк хаягаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа болон одоогийн тэргүүн дэд дарга хурандаа нар хувийн дансандаа 2-2.5 тэрбум төгрөг байршуулж, мөнгө угаадаг байсан бол яах уу, Ичих нүүргүй хүүрнүүд гээд хараагаад л өнгөрөх үү пост болон М.мн сайтад Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох бэ нийтлэл бичсэн.
Уг нийтлэлээрээ миний бие ямар ч хувь хүн рүү дайрч довтолж, доромжилж гүтгэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Учир нь Х.Г сэтгүүлч миний бие Д.Д хурандаатай хувийн болон ажил хэргийн ямар нэгэн холбоо, сүлбээ, асуудал, учрал байхгүй.
Харин энэ хариуцлагатай албан тушаал хашиж байгаа, цэргийн дээд цолтой, хурандаа байсан, одоо бригадын генерал болсон хүн, хашиж байгаа албандаа хариуцлагатай, шударга ажиллаж байгаа юу гэдийг тухай бүрд нь жишээ татан хөндсөн юм. Түүнээс уг нийтлэлийг болон постыг бичихэд ямар нэгэн этгээд болон хөндлөнгийн хэн нэгнээс захиалга аван бичээгүй юм.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч Б өөрийгөө боомилж нас барахад ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэлийн дарга Д.Дг уг асуудалд албаны хариуцлага хүлээх үүрэг бүхий албан тушаалтан гэж үзсэн шалтгаан нь тус албыг хүлээж аваад 3 хонох, 30 хонох ямар ч шалтгаан биш юм.
Нэгэнт уг албан тушаалыг хашиж чадна хэмээн хүлээн авч байгаа бол хариуцлагатай байж албан тушаалыг дагаж хүлээх үүргээ хүлээх ёстой хэмээн сэтгүүлчийн хувиар үзэж шаардлага тавьсан зүйл юм.
Учир нь Д.Д дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хорих хариуцсан ажлаа хүлээж аваад 3 хонож байсан гэдгээ өөрөө хүлээсэн. Мөн миний бичсэн нийтлэлд дурдагдсан зам дээр ажиллаж байсан хоригдол оргосон нь үнэн гэдгийг Д.Д дарга өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа билээ.
3. Хорих 401 дүгээр ангиас хоригдол оргосон хэрэгтэй холбогдуулан хариуцан авч явж байсан албан хаагч ноцтой хариуцлага алдсан, холбогдох үүрэг даалгавар өгсөөр байхад мэргэжлийн алдаа гаргасан учир тухайн албан хаагчийг ажлаас нь халсан.
Харин уг хорихын дарга асан н.Тулгад тооцсон хариуцлагын арга хэмжээг хугацаанаас нь өмнө цагаатгаж ажлын шаардлагаар өөр ажилд томилсон гэдгээ мөн л шүүх болон цагдаад гаргасан өргөдөлдөө дурдсан байна.
Сэтгүүлч миний бие яг энэ асуудлыг хөндсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байгууллагуудын дотоод журам, холбогдох хуульд заасны дагуу хариуцлага алдсан дарга, хурандаад арга хэмжээ авсан атлаа ажлын шаардлагаар гээд эргээд тушаал ахиулж албан тушаалд томилсон нь ашиг сонирхлын ямар хамаарал байгааг энэ нь өөрөө ямар нөхцөлд зөрчилд тооцогддог юм бэ гэдгийг нийтлэлдээ дурдаж, албаны хүмүүсээс хариуцлага нэхсэн болохоос ашиг хонжоо харж айлган сүрдүүлж захиалгаар бичсэн зүйл байхгүй.
4. 2014 оны 06 сарын 04-ний өдөр Өглөөний сонин-ы дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын шүүсийг шахаж эхэллээ нийтлэлийг сэтгүүлч Р.Саруул бичсэн байдаг. Уг нийтлэлд Д.Ядамдоржийн араас Д.Д ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан Д.Ядамдоржийн шалгагдаж буйтай төстэй бас нэгэн асуудал мөн л саяхнаас мандаж эхэлсэн. Тодруулбал тус газрын шийдвэр гүйцэтгэлийн газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Д.Дгийн тухай.
Энэ хүн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээн дэх шийдвэр гүйцэтгэлийн санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой бүхий л асудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм ажээ.
Жастын Ш.Батхүүгийн мэдэлд байсан Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэснээс хойш нэлээд хугацаа өнгөрч байгаа. Сар шахмын өмнө Төрийн банкны Дотоод хяналт, аудитынхан банкныхаа хэмжээний хяналт шалгалт явуулжээ.
Хадгаламж банк Төрийн банктай нэгдэж хаагдсан дансанд шалгалт хийхэд. Шалгалтын үеэр Бөхийн өргөөний дэргэдэх салбараас нэгэн но илэрч улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Хадгаламжийг Төрийн банкинд нэгтгэхээс хэдэн сарын өмнө тус салбар руу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч, авагчийн харилцах данс Голомт банкнаас шилжиж очсон байна. Ингэхдээ Д.Ядамдорж дарга Голомтын захиралтай хийсэн шиг гэрээг үзэглэжээ.
Гэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс нээх гэрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэлийн газрын ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, Хадгаламж банкны /хуучнаар/ Бөхийн өргөө салбарын захирал н.Лхагвадорж нар гарын үсэг зуржээ.
Тэдний хамтын ажиллагаа 6 сар үргэлжилсэн аж. Энэ хооронд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2.000.000.000 орчим төгрөг тус салбар дээр байршиж байв. Нөгөөх төлбөр төлөгч, авагчийн хоорондын гүйлгээ бас л даший шог.
Хүү ч бодогдож байв. Нийтдээ 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн байв. Банкны баримт дээр дээрх хэмжээний хүүгийн төлбөр өгснийг тэмдэглээд л байж. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байжээ.
Дундаас нь 4 хувийн хүүгийн төлбөр 6 сарын турш алга болсон асуудал ийн Төрийн банкны дотод аудитын шалгалтаар ил болсон байна. 2.000.000.000 төгрөгийн 4 хувь гэхээр сард 80.000.000 төгрөг болно. Энэ нь 6 сар үргэлжилсэн гэж бодохоор 480.000.000 орчим төгрөгийн асуудал босч ирээд байгаа юм.
Өдгөө энэ асуудлаар Төрийн банкны Бөхийн өргөө салбарын захирал н.Лхагвадоржид эрүүгийн хэрэг үүсгэн, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн байцаах ажлыг явуулж байгаа ажээ.
н.Лхагвадоржийн хувьд Би Д.Дг танина. Гэхдээ бид хоёрын дунд мөнгө өгч авалцдаг асуудал байхгүй... гэж мэдүүлсээр суугаа аж. Харин алга болсон 4 хувийн хүүгийн төлбөр болох 480.000.000 төгрөг яг хаачсан нь хараахан тодорхой болоогүй талаар эх сурвалж мэдээлж байгаа. Гэхдээ энэ бүхэн гэмт хэргийн сэдэлтэй бол дансыг байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Д хурандаа зайлшгүй холбогдох гэнэ.
Насаараа төрд тодруулбал шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг наргүй ажилласан Д.Д хурандаа гайхалтай баян эрхэм ажээ. 2014 оны 3 сард түүний гэрт хулгай орсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Алтан бурхан, буу, мөнгөн тоногтой эмээл, хазаар, их гарын 10 гаруй мөнгөн аяга сэлт алдагдсан байна. Харин түүний гомдлын дагуу цагдаагийн байгууллага хулгайч нарыг хайж байгаа аж.
Мөн үүнээс 1 сарын дараа авто машинаас нь их хэмжээний эд зүйлс алдагдсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчид шивэр авир ярьж байна. Гэтэл Д.Д дарга өөрөө тийм ч ариун явдалтай нэгэн биш ч байж болзошгүй аж.
Д.Дг суусан газраасаа шороо атгадаг гэж тодорхойлдог хүн олон. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан хаагчдад орон сууц барих болгонд үнэгүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр байр авчихдаг гэнэ. Ингэснээр 4 ч удаа орон сууц авчихсан гэж байгаа.
Энэ бүхний эцэст насаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан, элдэв бизнес наймаагүй, төрийн хүн гэдэг нь түүний ажил амьдралын замналаас тодорхой харагддаг юм билээ. Гэвч түүнтэй холбоотой олон сэжигтэй зүйлүүд хуулийнхны сонирхол, анхаарлыг мань хүн дээр төвлөрүүлээд байна.
Дээрх данс, хүүгийн төлбөрөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тендер, төсөл, бас Хадгаламж зээлийн хоршооны асуудлуудыг Д.Дд холбон шалгаж ч магадгүй. Элдэв но-гүй бол энэ бүх эргэлзээг тайлах учиртай. Харин энэ бүхэнд холбоотой бол ч асуудал өөрөөр эргэх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна зэргээр дурдагдсан байгааг нийтлэлдээ дурдаж оруулсан.
Цахим мэдээллийн санд түүх болон хадгалагдсан энэ хэсгийг авч нийтлэлдээ оруулахдаа Д.Д гэдэг энэ хүн өндөр албан тушаал хашиж байхдаа анх удаа имй асуудал гаргаагүй юм байна гэсэн өнцгөөр дээрх хэсгийг иш татан оруулсан болохоос ямар нэгэн байдлаар гүтгэсэн зүйл байхгүй.
5. 2019 онд захиалга авч Засгийн газраас хэрэгжүүлж байгаа алба хаагчдыг орон сууцжуулахаар барьж эхлүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгуулагаас барьж байгаа, барьсан, барихаар эхлүүлсэн, завдсан олон ажлаас хэрэгжүүлсэн, эхлүүлсэн, өнөө хэр үргэлжлүүлж байгаа барилгуудын ард жирийн алба хаагчдын амьдрал ямар хүнд нөхцөл байдалд ороод байгааг сэтгүүлчийн хувьд сэдэв хөндөж бичсэн.
Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хичнээн орон сууц барьж, хичнээн албан хаагчид орон сууцанд орсон, мөн хичнээн алба хаагч хэдий хэр хугацаанд өгсөн захиалгын байранд ямар шалтгааны улмаас орж чадахгүй байгааг холбогдох албаны хүмүүс шалгаж тогтоох аваас энэ сэдвийг хөндөж бичсэн сэтгүүлч миний хувьд ажлаа сайн хийсэн гэж үзэх үндэслэл болох юм.
Тиймээс нэгэнт энэ асуудлыг шалгаж байгаа бол дээрх миний хөндсөн зүйлсийг бас шалган тогтоож, жирийн алба хаагчдын хохирлыг барагдуулж өгвөл нэн сайн байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй.
6. 2019 онд тухайн үеийн Улсын их хурлын гишүүн Н.Оюундарь санаачилж Ажлын байр дарамтгүй орчин сарын аяныг зохион байгуулсан Энэ аяныг сошиал пиарын ажлыг миний бие хариуцан ажиллаж байх явцад Д.Д даргатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэгэн хорих ангийн эмч эмэгтэй Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан тухай мэдээллийг олж мэдсэн юм.
Тухайн эмэгтэй уг өргөдлөө Хүний эрхийн үндэсний комиссын реферэнт П.Оюунчимэгт өгсөн гэдгээ бидэнд хэлсэн бөгөөд тус өргөдлийн талаар бид хэчнээн хөөцөлдсөн ч П.Оюунчимэг реферэнтээс мэдээлэл авч чадаагүй.
Энэ тухайгаа тухайн үед Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан Н.Оюундарьд хэлсэн бөгөөд тухайн ажлын хүрээнд хийсэн судалгаагаар ажлын байрандаа бэлгийн дарамтанд өртдөг төрийн тусгай албадаас нэгдүгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар орж байсан бөгөөд энэ тухай Н.Оюундарь гишүүн Төрийн ордонд хийсэн нээлттэй хэлэлцүүлэг дээр тавьсан илтгэлдээ нэрийг нь дурдахгүйгээр байгууллагыг нь дурдаж цаашид хариуцлагатай байх ёстойг хатуу анхааруулж байсан.
Тиймээс Д.Д даргад ажлын байрандаа хүчирхийлэлд өртсөн тухай хорих ангийн эмч бүсгүйн өргөдлийг Хүний эрхийн үндэсний комиссын архиваас авах боломжтой хэмээн үзэж буй учир холбогдох байгууллага нь анхааралдаа авч шалгаж эцэслэж өгөөсэй хэмээн хүсч байна.
Сэтгүүлч миний хувьд Д.Дтэй ямар нэгэн хувийн ауудал, харилцаагүй, үзэн ядах болон өширхөх ямар ч харилцаагүй гэдгийг тодотгох нь зүйтэй байх. 30 гаруй жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хашиж агентлагын дарга хүртэл өгсөж, цэргийн дээд цолтой эрхэм даргад жирийн сэтгүүлчийн хувиар хариуцлага ярьж, шударга ажиллахыг шаардсан маань гүтгэсэн гэдэгт хамаарахгүй.
Өнөөдөр Д.Д тэргүүн дэд даргынхаа ажлыг хийж байгаа ба намайг зарга үүсгэх үед тэрээр хурандаа байсан бөгөөд одоо бригадын генерал болчихсон. Энэ хүн юугаар хохироод, ямар нэр хүнд нь уначихаад байгаа юм. Иймд Д.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай Тас.мн, М.мн сайтууд хамтран ажиллах гэрээтэй. Манай нийтэлсэн мэдээллийг М.мн сайт нийтлэнэ, Тас.мн сайтын мэдээллийг М.мн нийтлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал хохирсон талаар ямар ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэв хохирсон бол ямар нэгэн байдлаар миний нэр хүнд унасан, тушаал буурсан гэх баримыг гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйч хүн байна, гэхдээ эрх зүйч битгий хэл хуульч хүн сэтгүүлэгчдийн хэвлэн нийтлэх эрхэнд халдах эрхгүй. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч сэтгүүлчийн хэвлэх нийтлэх эрхэд халдаж байна, үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй.
Сэтгүүлчийг нийгмийн эмч гэдэг бөгөөд бид ажил үүргийн хүрээнд хариуцлага нэхсэн. Нэхэмжлэгч Д.Д сэтгүүлчийг цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад бэлгийн дарамт байдаг нь үнэн. Энэ талаар би энэ намар нийтлэл бичиж байсан.
Хариуцагч Х.Гтай гэрээ байгуулсан учраас итгэлцлийн үндсэн дээр мэдээллийг шалгаж үзээгүй, нягталж үзэх шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлүүлж байгаа хүнээ албан тушаал буурсан, цагдаад хандсан эсэхийг нь мэдэхгүй байж бидэнд ял тулгаж байгаа юм шиг байгаад нь гомдолтой гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч Д.Д нь нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Миний бодлоор хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, Монголын харилцаа, холбооны зохицуулах хорооны 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 04/510 тоот www.murch.mn, www.tac.mn-ий эзэмшигчтэй холбоотой лавлагаа, Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох бэ нийтлэл олон нийтийн сүлжээнд тавигдсаныг хуулбарлан хавсаргасан баримтууд,
Д.Дг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Б/07 тоот тушаал,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 сарын 28-ны өдрийн Б/306 тоот Зарим алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх тухай, 2019 оны 05 сарын 08-ны өдрийн Б/642 тоот Т.Даваасүрэнг албан тушаалд томилох тухай, 2019 оны 02 сарын 28-ны өдрийн Б/304 тоот Б.Түвшинтөгсийг албан тушаалаас чөлөөлөх тухай,
2020 оны 05 сарын 28-ны өдрийн Б/733 тоот Д.Тулгад сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2020 оны 07 сарын 22-ны өдрийн Б/981 тоот Хугацааны өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож, цол сэргээн олгох тухай, 2020 оны 07 сарын 22-ны өдрийн Б/963 тоот Д.Тулгыг албан тушаалд шилжүүлэн томилох тухай,
2020 оны 05 сарын 28-ны өдрийн Б/734 тоот М.Батбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2020 оны 05 сарын 28-ны өдрийн Б/735 тоот Л.Ганпүрэвт сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн Б/818 тоот Б.Түвшинтөгсийг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбарууд,
417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хошууч О.Нямбаатарын товч танилцуулга, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгсийн товч танилцуулга,
429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, дэд хурандаа Ж.Цэрэн-Отгоны товч танилцуулга, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга хурандаа Ж.Энхтайваны товч танилцуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Х.Оюунболдын товч танилцуулга, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаярын товч танилцуулга,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 1939 дугаар шийдвэр-хуулбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014 оны 12 сарын 24-ний өдөр гаргаж байсан нэхэмжлэлийн хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 573 дугаар бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар,
Өмгөөлөгч Ж.Эрхэмбаатартай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2014 оны 06 сарын 03-ны өдрийн өглөөний сонинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу хийсэн шалгалтын талаарх 2014 оны 07 сарын 07-ны өдрийн танилцуулга-хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Х.Г Мэдээллийн гүүр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн байгууллагын дүрэм, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч А.Б ТАС.МН редакцын нийтлэлийн бодлого, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
-Нэхэмжлэгч Д.Дгийн хүсэлтээр 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 7000 дугаар захирамжаар Датаком ХХК-ийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 21/61 тоот murch.mn домайн нэр эзэмшигчийн лавлагааг,
-Хариуцагч Х.Гын хүсэлтээр 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 122 дугаар шүүхийн тогтоолоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс Дамдинсүрэнгийн Д /РД: ЕП71041234/ нь Халтарын Гад /РД: ДД77051002/ холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасэн эсэх, уг гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 26ж2-д/1850 тоот албан бичгээр ... Д.Д нь Х.Гад холбогдуулан тус хэлтэст өргөдөл, гомдол гаргаагүй байна ... гэх лавлагааг,
-2022 оны 05 сарын 05-ны өдрийн 214 дугаар шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг дэх болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газар, Баянзүрх дүүрэг дэх болон Хан-Уул дүүрэг дэх прокурорын газраас иргэн Д.Д болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь М.мн, Тас.мн сайтууд болон иргэн Х.Г, А.Б нарт холбогдуулан эрүүгийн болон зөрчлийн хэргээр гомдол гаргасан эсэх,
-Гаргасан бол уг эрүүгийн болон зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн эсэх,
-Шийдвэрлээгүй бол ямар шатандаа явж байгаа болох зэрэгтэй холбоотой бүхий л баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу дор дурдсан баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албанаас ирүүлсэн гомдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Содгэрэл 2021 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад мөн өдөр хэрэг бүртгэлтийн 211000274 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоол,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 147 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн 211000274 дугаар бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан тухай тогтоол,
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 1/2289 тоот Иргэн Д.Д болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь М.мн, Тас.мн сайтууд мөн иргэн Х.Г, А.Б нарт холбогдуулан эрүүгийн болон зөрчлийн хэргийн талаар тус прокурорын газарт гомдол гаргаагүй болно,
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 26ж2/2968 тоот ... 211000274 дугаартай хэргийг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон хэргийг хаах саналыг 2022 оны 01 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан тухай хариу албан бичиг,
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 26ж2/3391 тоот ... иргэн Д.Д болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь М.мн, Тас.мн сайтууд болон иргэн Х.Г, А.Б нарт холбогдуулан тус цагдаагийн хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол гаргаагүй.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 28ж34/3459 тоот ... иргэн Д.Дгээс гаргасан гомдол бүртгэгдээгүй.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 1/2289 тоот ... иргэн Д.Д болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь М.мн, Тас.мн сайтууд мөн иргэн Х.Г, А.Б нарт холбогдуулан эрүүгийн болон зөрчлийн хэргийн талаар тус прокурорын газарт гомдол гаргаагүй болно.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 28к2-3/4192 тоот Тус цагдаагийн хэлтэст Д.Д нь 2022 оны 06 сард өргөдөл, гомдол гараагүй.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 26н1-2/3921 тоот ... иргэн Д.Д тус цагдаагийн хэлтэст хандсан гомдлыг цахим сангаас шүүхэд 2021 оны 01 сарын 12, 19-ний өдрүүдэд 2 удаа өргөдөл гаргасан байх бөгөөд 110005920000218 дугаартай гомдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан, 1100059210000406 дугаартай гомдолд Эрүүгийн хуулийн 13.14.1-д зааснаар эрүүгийн 211000274 дугаартай хэрэг нээж 2021 оны 04 сарын 27-ны өдөр харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн байна гэх баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Х.Гын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 307 дугаар шүүхийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Д.Дгийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн байдлаархи хашиж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу дараах баримтуудыг ирүүлжээ.
Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 05/1451 тоот албан бичгээр-Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Б/07 тоот Д.Дг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, мөн сайдын Ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нарын ажлын байрны тодорхойлолт зэрэг болно.
2022 оны 04 сарын 18-ны өдрийн 179 дугаар шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д ... хэрэгт хамааралгүй ... баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана заасныг үндэслэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсээс 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 26ж2-д/1850 тоот албан бичгээр ирүүлсэн цагдаагийн байгууллагын Асап сангаас гаргасан иргэн Х.Г, А.Б нарын зөрчилтэй холбоотой гэх 4 хуудас баримтыг нотлох баримтаас хассан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Х.Г, А.Б нарт холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэж, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Д нь Хариуцагч Х.Г нь 2021 оны 01 сарын 07-ны өдөр www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Х.Г М.мн хаягтаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа болон одоогийн тэргүүн дэд хурандаа нар хувийн дансандаа 2-2.5 тэрбум төгрөг байршуулж мөнгө угаадаг байсан бол яах уу. Ичих нүүргүй хүүрнүүд гээд хараагаад өнгөрөх үү гэсэн агуулга бүхий мэдээллийг,
2021 оны 01 сарын 08-ны өдөр www.murch.мн цахим хаягт нэхэмжлэгч Д.Дгийн нэр, зураг бүхий Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох вэ нэртэй 8 хэсэг бүхий нийтлэл нийтлэн, үүнийгээ www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Х.Г М.мн хаягтаа хуулбарлан байршуулан олон нийтэд түгээсэн,
Хариуцагч А.Б нь уг нийтлэлийг www.tac.mn цахим хаяг болон www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Тасархай бүгдийг тас.мн-ээс, Энгүүн Б гэх хаягуудад бүхэлд нь хуулбарлан байршуулж, олон нийтийн сүлжээгээр идэвхитэй түгээснийг нийтэлсэн гэж үзэж байгаа.
Дээр дурдсан баримт 1-8 хүртэл дугаарласан нийтлэл нь бүхэлдээ нэхэмжлэгч Д.Дгийн нэр хүндэд халдсан тул нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэж уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэл гаргасан гэж,
Хариуцагч Х.Г нь бодит үнэнд нийцсэн мэдээлэл түгээсэн, хариуцагч А.Б нь тухайн нийтлэлтэй холбоотой асуудлыг зохиож бичээгүй, хамтран ажиллах гэрээний хүрээнд хуулбарлан байршуулсан гэж тус тус тайлбарлаж байна.
Хариуцагч Х.Г нь www.murch.мн цахим хаяг www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Х.Г М.мн болон М.мн фейсбүүк хаягийг,
Хариуцагч А.Б нь www.tac.mn цахим хаяг www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах Тасархай бүгдийг тас.мн-ээс, Энгүүн Б хаягийг тус тус эзэмшин, мэдээлэл боловсруулан хөтөлдөг гэх ба энэ талаар талууд хэн аль нь маргаагүй.
2021 оны 12 сарын 16-ны өдрийн 539 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн www.murch.mn-ий 2021 оны 1 сарын 8-ны өдрийн Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох бэ гарчигтай нийтлэл,
-Х.Г М.мн фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 7-ны өдрийн 19 цаг 30 минутанд оруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа болон одоогийн тэргүүн дэд, хурандаа нөхөр тус бүртээ албаны мөнгийг хувийн дансандаа 2-2.5 тэрбумаар байршуулж, хүүг нь завшиж, мөнгө угаадаг байсан бол яах уу...Ичих нүүргүй хүүрнүүд гээд өнгөрөх үү гэх нийтлэл,
-Х.Г М.мн фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 8-ны өдрийн 19 цаг 42 минутанд оруулсан ... Хэдэн жилийн өмнө нэгэн хурандаагийн гэрээс алтан бурхан, ... хохирогч хурандаа хэн хэн байсныг эрэн сурвалжлахад бүх хорихын бүдүүн дарга нөхөр байж билээ... гэх нийтлэл,
-Х.Г М.мн фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 8-ны өдрийн 21 цаг 07 минутанд оруулсан Хадгаламжийн банкийг ... гэж эхэлсэн тайлбартай нийтлэл,
/www.murch.mn-ийн нийтлэлийг хуваалцсан/
-Х.Г М.мн фэйсбүүк хуудасны За ... бичээд л байя даа тиймаа ... ингэж байж л нийгэм эрүүлжиж, төр цэвэрших байлгүй дэ, тэ гэх тайлбартай нийтлэл,
/www.murch.mn-ийн нийтлэлийг хуваалцсан/
-М.мн фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 8-ны өдрийн 21 цаг 14 минутанд оруулсан Шуудхан хэлэхэд даргын халаасанд орж, далайхад нь далд орж, даллахад нь ил гарна гэсэн үг... гэж эхэлсэн тайлбартай нийтлэл /www.murch.mn-ийн нийтлэлийг шэйрлэсэн/ тус тус үзлэг хийхээр,
Мөн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 4627 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч www.tac.mn-ий 2021 оны 1 сарын 8-ны өдрийн Хорихын босс, баян хурандаа гарчигтай нийтлэл,
Энгүүн Б фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 7-ны өдрийн 23 цаг 47 минутанд Улсын мөнгийг хувийн дансандаа хийж хүүгийн зөрүүнээс ашиг унагадаг байсан хурандаа нарын хэргийн цуврал нийтлэлийг бичих гэсэн онгод тэнэн одов. Бичихээр найзууд залгаад амраахгүй нь тодорхой За маргааш л яг сууя гэх нийтлэл,
Энгүүн Б фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 8-ны өдрийн 20 цаг 28 минутанд Ажлын байрны бэлгийн дарамт болон бусад зөндөө олон асуудал энэ хүнтэй холбогддог гэж байгаа гэх нийтлэл, /www.tac.mn-ийн нийтлэлийг хуваалцсан/,
Тасархай бүгдийн тас.мн-ээс /одоогийн Тасархай бүгдийг Тас.мн сайтаас/ фэйсбүүк хуудасны 2021 оны 1 сарын 8-ны өдрийн 20 цаг 09 минутанд https://tac.mn/post/54137 гэх гарчигтай нийтлэл зэрэгт тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг хийсэн байна.
Үзлэгээр хариуцагч Х.Гын эзэмшдэг www.murch.mn гэсэн цахим хаягт 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох вэ гэх гарчигтай Д.Д гэх хүний зураг бүхий баримт 1-8 гэсэн 8 хэсэг бүхий нийтлэл байв.
Хариуцагч А.Бгийн эзэмшдэг www.tac.mn хаягт 2021 оны 01 сарын 08-ны өдөр гэсэн огноотой Хорихын босс, баян хурандаа гэсэн гарчигтай Д.Д гэх хүний зураг бүхий баримт 1-8 гэсэн 8 хэсэг бүхий нийтлэлийг хуулбарлан байршуулсан байв.
Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох вэ, Хорихын босс, баян хурандаа гэсэн гарчигтай Д.Д гэх хүний зураг бүхий баримт 1-8 гэсэн нийтлэлд дараах зүйлсийг тусгажээ.
Монголчуудад бараг дасал болж байгаа нэгэн зүйл бол даргад мөргөж, даргын татаасаар албанд томилогдох. Шуудхан хэлэхэд даргын халаасанд орж, далайхад нь далд орж, даллахад нь ил гарна гэсэн үг. Харин ингэж чадвал тэр ямар ч алдаа гаргасан дарга нүдээ анин өнгөрүүлнэ. Тэр бүү хэл, бүүр мэдэн будилж, дэвшүүлэн зайлуулна Ийм нэгэн тасардаггүй хэлхээ Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бугшаад удсан. Эдүгээ дэд даргаар ажиллаж буй Д.Д хурандаа гэгч үүнд голлож оролцдог гэж болохоор байгаа юм.
Баримт 1. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид шүүгч эмэгтэй хорлосон ч тухайн үеийн ШШГЕГ-ын даргыг ажлаас нь өөрчилсөнөөр бүх зүйлийг нам гүм болгож чадсан. Уг нь дээрх хэрэгт буруутгагдах, хариуцлага хүлээх ёстой хүн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Д байх ёстой ч эсрэгээрээ эргэсэн нь энэ. Харин ч тэр хариуцлага үүрч байна хэмээн дэвшиж газрын дарга болсон.
Баримт 2. Шүүгч хоригдож байхдаа нас барах үед 461 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Б.Түвшинтөгсөд ямар нэгэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Харин ч Өвөрхангай аймгийн Хархорингийн хорихын даргаар томилсон байдаг. Үнэндээ энэ томилгоо ямар ашиг сонирхолтой байсныг Д.Д дарга өөрөө л мэдэх байх.
Учир нь Б.Түвшинтөгс хурандаа Хархорингийн хорихын дарга болсноос хойш 2020 оны арван сард гэхэд хоёр ч удаа хоригдол оргосон хэрэг гарсан. Нэг нь бүүр зам дээр ажиллаж байсан хоригдол оргосон байдаг. Энэ мэдээллийг нам дарж, асуудлыг олон нийтийн чихэнд хүргэхгүй гэж чармайн ажиллахаас хариуцлага нэхэх, тооцох бүүр ард хаягдсаны гэрч нь өнөөдрийг хүртэл хорихын даргад хэрхэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаад юм.
Баримт 3. Хорих 401 дүгээр ангиас оргосон хоригдол уулын модонд өөрийгөө боомилж үхсэн хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа Д.Тулгын цолыг бууруулж, хариуцлага тооцсон байдаг. Гайхмаар нь 20 хоногийн дараа бууруулсан цолыг нь эргүүлж өгөөд Архангайн хорихын даргаар томилсон хүн бол Д.Д дарга. Хоригдолын амь ийм үнэ цэнэгүй, харин даргад ойр дарга нарын албан тушаал ийм чухал гэж үү. Энэ асуултад мөн л Д.Д дарга л хариулах учир ингээд орхиё.
Баримт 4. Монголын төрийн тусгай албанд танил тал, нутаг усаараа татагдаж албан тушаалд томилогдоогүй хурган дарга нар ховор. Энэ байдал ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ил бий. Тухайлбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Оюунболд. Өөрийгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын томилгоогоор ажиллаж байгаа хэмээн ярьдаг түүнийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтан байхад нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа яамны газрын даргаар томилж, томоохон албан тушаалын амтыг мэдрүүлсэн гэгддэг.
Гайгүй хуульч, гаргалгаатай яриатай тэрбээр тун чиг удалгүй улс төрийн томилгоонд орооцолдож, тэр бүү хэл Дотоодын цэргийн албанд ажиллаж байгаад халагдан одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хүчин чармайлтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хэмээх албанд томилогдон ажиллаж буй
Баримт 5. Хорих 417 дүгээр анги буюу Мөнгөнморьтын хорихын дарга, хурандаа н.Нямбаатар, хорих 461 дүгээр ангийн дарга Ж.Энхтайван, Хорих 429 дүгээр ангийн дарга Ж.Цэрэн-Отгон, Хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга Ц.Хишигбаяр нарыг хурандаа Д.Дгийн багийнх гэж салбарынхан дундаа тусгаарлагддаг нь өнөөдөр хэнд ч нууц биш болсон. Даргын багт ажилладаг хүмүүс бага, их гэхгүй алдаа гаргасан ч хариуцлага тооцсон нэрийдлээр албыг нь өсгөж томилохоос уруудаж томилуулахгүй тойрогт ордог гэлцэх. Энэ буян-г эдэлж яваа эдгээр хүмүүсийн тухай яриа ч хүрээгээ тэлэх болсон. Олны үг оргүй байдаггүй билээ.
Баримт 6. Д.Д хурандаа ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээн дэх шийдвэр гүйцэтгэлийн санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм байв. Түүнийг Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан хөрөнгө, олон банк дараалан дампуурсан үеийн хураагдсан хөрөнгө зэргээр олон факт яригддаг ч тэгсгээд чимээгүй болчихдог. Харин нэгэнт баримт дэлгэсэн дээрээ, заримаас нь сануулахад, Жаст-ын Ш.Батхүүгийн мэдэлд байсан Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан Төрийн банкны Дотоод хяналт, аудитынхан банкныхаа хэмжээнд хяналт шалгалт явуулсан байдаг.
Хадгаламж банкыг Төрийн банктай нэгтгэж хаагдсан дансанд нь шалгалт хийх үеэр Бөхийн өргөөний дэргэдэх салбараас ноцтой асуудал илэрсэн нь Д.Д хурандаад холбогдох байв.
Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхээс хэдэн сарын өмнө тус салбар руу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн харилцах данс Голомт банкнаас шилжиж очсон байж. Ингэхдээ ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн газрын /дарга нь Д.Д хурандаа/ ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, Хадгаламж /хуучнаар/ банкны Бөхийн өргөө салбарын захирал Н.Лхагвадорж нар гарын үсэг зурсан эл гэрээ бүхэл бүтэн зургаан сарын туршид үргэлжилсэн.
Энэ хооронд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2.000.000.000 /Хоёр тэрбум/ орчим төгрөг тус салбар дээр байршиж байсан байдаг. Нийтдээ 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн атал Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байж. Дундаас нь алга болж байсан дөрвөн хувийн хүүгийн төлбөр Төрийн банкны дотоод аудитаас хийсэн дээрх шалгалтаар тийнхүү ил болсон байдаг. Ингэснээр хоёр тэрбум төгрөгийн дөрвөн хувь болох сар тутмын 80 сая, нийт зургаан сарын хагас тэрбум орчим төгрөгийн асуудал тухайн дансыг байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Д хурандаад зайлшгүй холбогдсон байдаг юм
Баримт 7. Эрхэм хурандаагийн мөнгө угаадаг, магадгүй хөлждөг бас нэгэн эх суурь бол алба хаагчдыг орон сууцжуулах төсөл юм. Зайсангийн хорих ангийн газар дээр 1000 айлын орон сууц барина, энэ нь албан хаагчдын орон сууц барина хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг бүхий л алба хаагчдыг хамруулсан байдаг юм.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа бүх анги нэгтгэлүүдэд газрын даргаас үүрэг өгөгдөж, дотоод орлого төвлөрүүлэх, төлөвлөгөөний хүрээнд хамгийн багадаа нэг ангиас 50 сая төгрөгийн татаас авсан гэдэг. Уг төсөл 2019 онд эхэлж, орон сууцтай болох гэсэн алба хаагчид байгаагаа зарж, байхгүй нь зээл авч санхүүжилтыг нь босгосон энэ ажил өнөөдөр нам гүм болчихсонд алба хаагчид үнэхээр гомдолтой байдаг. Аргагүй шүү дээ, алба хаагчид яаж ч хичээгээд дарга нар шигээ даналзах бүү хэл даруухан амьдрахад ч хэцүүхэн цаг үеийг туулж байхад цаг наргүй ажиллана, нэмээд орон байргүй, олсон мөнгөнийхөө хүүнд дарлагдаж яваа тэдний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байх нь аргагүй.
Баримт 8. Д.Д хурандаатай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг цагдаагийн бүртгэлд орсон ч өнөө хэр чимээгүй дарагдсан байдаг. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсад ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь ажлын байрны бэлгийн дарамт их байдаг гэж хариулсан байна.
Энэ тухай дурдсан шалтгаан нь Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамт ихтэй төрийн байгууллагуудын жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тэргүүлсэн байдаг. Д.Дгийн хувьд хорихын даргаар ажиллаж байхдаа доод албан тушаалтан эмэгтэйг ажлын байран дахь бэлгийн дарамтанд оруулсан баримт ч бидэнд мөн ирсэнг энд дурдаад орхих нь зөв биз дээ.
Нэгэн зүйл, Д.Д хурандаа бол огцом хөрөнгөжсөн дарга нарын нэг яахын аргагүй мөн. 50 ч хүрээгүй цэл залуухан энэ хурандаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг наргүй ажиллаж, мал маллах, хувийн бизнес эрхлэх ямар ч чөлөө завгүй зүтгэх албан тушаал хашдаг нэгэн атлаа үнэхээр баян, огцом хөрөнгөжсөн түүх түүнийх. Хэдэн жилийн өмнө нэгэн хурандаагийн гэрээс алтан бурхан, буу, мөнгөн тоногтой эмээл хазаар, их гарын 10 гаруй мөнгөн аяга, мөн автомашинаасаа мөн төдий дайны эд зүйлээ алдсан хэрэг гарч байв.
Намдуухан дуулиан болж чимээгүй болсон ч хохирогч хурандаа хэн байсныг эрэн сурвалжилсанаар бүх хорихын бүдүүн дарга нөхөр байсныг мэдэж байлаа. Ийм баян учраас энэ хүний чимээгүй ноёрхол энэ салбарыг уланд нь очтол мөлжсөөр байх ёстой гэж үү. Энэ асуултад хэн хариулах юм бол??? гэсэн агуулгатай нийтлэл байв.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 202-214, 220-250 дугаар тал/
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,
497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсаныг ойлгоно.
Дээр дурдсан баримт 1-8 хүртэл дугаар бүхий Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох бэ нэртэй нийтлэл нь бүхэлдээ нэхэмжлэгч Д.Дгийн нэр хүндэд халдсан тул нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэж уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх ба уг нийтлэлийн баримт 1-7 нь Д.Дгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхээргүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор нийтэлсэн нийтлэл буюу иргэн Д.Дгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд шууд халдсан нийтлэл гэж үзэхээргүй байна.
Харин уг нийтлэлийн баримт 8 хэсгийн Д.Д хурандаатай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг цагдаагийн бүртгэлд орсон ч өнөө хэр чимээгүй дарагдсан байдаг.... Д.Дгийн хувьд хорихын даргаар ажиллаж байхдаа доод албан тушаалтан эмэгтэйг ажлын байран дахь бэлгийн дарамтанд оруулсан баримт ч бидэнд мөн ирсэнг энд дурдаад орхих нь зөв биз дээ гэсэн хэсэг иргэн Д.Дгийн нэр төр, ажил хэргийн хүндийг гутаасан буюу нотлогдоогүй зүйлийг мэдээ хэлбэрээр тараасан гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан нийтлэлийн баримт 1-7 дахь хэсэг болон баримт 8-ын бусад хэсэг нь нэхэмжлэгч Д.Дгийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч А.Б нь тухайн нийтлэлийг өөрийн цахим хаяг, олон нийтийн сүлжээн дэх фэйсбүүк хаягтаа хуулбарлан байршуулсанаас бус уг мэдээг боловсруулан бичээгүй, А.Бгийн хуулбарлан байршуулсан нийтлэлд иргэд сэтгэгдэл бичсэнийг иргэн Д.Дгийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг А.Б гутаасан гэж үзэхээргүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус заасныг баримтлан Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох вэ нийтлэлийн баримт 8 хэсгийн Д.Д хурандаатай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг цагдаагийн бүртгэлд орсон ч өнөө хэр чимээгүй дарагдсан байдаг, Д.Дгийн хувьд хорихын даргаар ажиллаж байхдаа доод албан тушаалтан эмэгтэйг ажлын байран дахь бэлгийн дарамтанд оруулсан баримт ч бидэнд мөн ирсэнг энд дурдаад орхих нь зөв биз дээ гэсэн хэсэг иргэн Д.Дгийн нэр төр, ажил хэргийн хүндийг гутаасан гэж үзэж, энэ хэсэгтэй холбоотой Д.Дгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга хийлгэж, уучлалт гуйхыг хариуцагч Х.Гад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийтлэлийн бусад хэсэг болон хариуцагч А.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Цогтбаяр 2021 оны 02 сарын 05-ны өдөр Монгол Улсын Эрүүгий хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 211000274 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2022 оны 01 сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гарган прокурорт ирүүлжээ.
Прокурор хэргийг хянаад хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Х.Г 2021 оны 01 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 42-р байрны 17 тоотод байршилтай хаягаас М.мн, Murch.mn, Тас.мн, Тас.mn хэвлэл мэдээллийн цахим сүлжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хурандаа Д.Дгийн нэр төр, алдар хүндэд халдсан Тэргүүн дэд дарга хувийн дансандаа 2 тэрбум төгрөг байгуулж мөнгө угаадаг байсан бол яах бэ, Ичих нүүргүй хүүрнүүдийг зүгээр өнгөрөөх юм уу, Хорихын босс баян хурандаад хэн хариуцлага тооцох бэ, мөнгөн аяга, өвлөгдөж ирсэн гуулин бурхан зэрэг эд зүйлийг хууль бусаар олж авсан гэх утга агуулга бүхий илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Гэвч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн хэмээн мөн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 147 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 211000274 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 81-82 дугаар тал/
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно....,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т .Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан тул дээр дурдсан прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч Х.Гыг бусдын нэр төрд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус заасныг баримтлан Д.Д хурандаад хэн хариуцлага тооцох вэ нийтлэлийн баримт 8 дахь хэсгийн Д.Д хурандаатай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг цагдаагийн бүртгэлд орсон ч өнөө хэр чимээгүй дарагдсан байдаг, Д.Дгийн хувьд хорихын даргаар ажиллаж байхдаа доод албан тушаалтан эмэгтэйг ажлын байран дахь бэлгийн дарамтанд оруулсан баримт ч бидэнд мөн ирсэнг энд дурдаад орхих нь зөв биз дээ гэсэн хэсэг иргэн Д.Дгийн нэр төр, ажил хэргийн хүндийг гутаасан гэж үзэж, энэ хэсэгтэй холбоотой Д.Дгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга хийлгэж, уучлалт гуйхыг хариуцагч Х.Гад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийтлэлийн бусад хэсэг болон хариуцагч А.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ