| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0060/э |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх х уралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ..... овогт ..... холбогдох эрүүгийн 2517000360053 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд ... аймгийн ...суманд төрсөн, ...настай, эрэгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., .... хамт ...., ..., ... тоотод оршин суух хаягтай, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх ..... овогт ..... ..... /РД..../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ..... овогтой .......... нь өөрийн үйлдлийн хууль бус шинж чанарыг мэдсээр байж 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах такси зогсоолын орчимд тус өдөр батлагдсан хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн замын цагдаа зохицуулагч, дэд ахлагч .....Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар өөрт нь шийтгэл оногдуулахтай нь холбогдуулан түүнийг зүй бус үгээр доромжлон, ам хэсэг рүү нь салаавч гарган түлхэх зэргээр хүч хэрэглэж хохирогчийн биед дээд уруулын салстын өнгөц язрал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ..... нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах такси зогсоолын орчимд тус өдөр батлагдсан хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн замын цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч .....Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар өөрт нь шийтгэл оногдуулахтай нь холбогдуулан түүнийг зүй бус үгээр доромжлон, ам хэсэг рүү нь салаавч гарган түлхэх зэргээр хүч хэрэглэж хохирогчийн биед дээд уруулын салстын өнгөц язрал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
2. Хохирогч .... “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 17 цагаас 00 цагийн хооронд олон нийтийн цагдаа Одбаярын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр албаны .....улсын дугаартай "Kia Rio" маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт White house нэртэй зоогийн газрын баруун талд байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай зам дээр хяналт шалгалт хийж байгаад 21 цаг өнгөрч байхад төв орж шалгалт хийхээр тухайн шалгалт хийж байсан газраасаа 4 замын уулзварын гэрлэн дохион дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй очиход миний явж байсан эгнээг хөдөлгөөн үйлдэхийг хориглосон улаан гэрэл асахаар нь би зогсч байсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь зүүн гар тийшээ эргэхээр дохио өгөөд явах гэтэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй том оврын ачааны тээврийн хэрэгсэл тухайн уулзварыг нэвтэрч гарахаар нь би тухайн тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгөөд зүүн гар тийшээ эргэх гээд уулзварын голд дохио өгөөд зогсож байтал миний ар талд зогсож байсан цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл /улсын дугаарыг нь харж амжаагүй/ уулзвар нэвтэрч байсан том оврын тээврийн хэрэгслийн урдуур нь дайраад зүүн гар тийшээ эргээд явчихсан. Тэгэхээр нь уулзвар нэвтэрч байсан 2 том оврын тээврийн хэрэгслийг өнгөрөөчихөөд уулзвараар зүүн гар тийш эргээд Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв "Андууд” дэлгүүрийн өмнө явж байтал миний урд талд Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дүгээр зүйл "Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн цагаан өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь араас нь дуут дуугаргаж, машины дугаарыг нь чанга яригчаар хэлж зогсохыг шаардсан. Гэтэл тухайн машин зогсохгүй чигээрээ явсаар байгаад Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Петровис" ШТС-ын баруун талд байрлах Улаанбаатар хот руу такси тээвэр явдаг зогсоол дээр ирээд зогссон. Тэгэхээр нь би хойноос нь дагаж очоод машинаасаа буутал тухайн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй хүн машинаасаа гараад ирэхээр нь би өөрийгөө танилцуулаад “бичиг баримтаа шалгуулна уу” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө жолооч "Пизда нар минь наад машиныхаа дээд гэрлийг унтраагаач, яасан хурц юм бэ?" гэж хэлээд машиныхаа гэрчилгээг гаргаж өгсөн. Тухайн үед би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн тусгай дуут гэрэл дохио /Маяк/-г асаасан байсан бөгөөд бичиг баримтыг нь шалгаад тухайн жолоочийн гаргасан зөрчил болон, хамгаалах бүс хэрэглээгүй зэрэг зөрчлийг нь сануулах зорилгоор жолоочид хуулийн заалтыг тайлбарлан өгөхөд тухайн жолооч миний гарт байсан машиныхаа гэрчилгээг булааж аваад "муу сайн өлөн цагдаа нар торгохоос өөр юу мэдхэв дээ, торгох гэж л бай биз" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн жолоочид “уулзвараар зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй” гэж хэлсэн боловч тухайн жолооч "тэр хамаа байхгүй, би ногоон гэрлээр л явсан" гэж хэлээд баруун гараараа салаавч гаргаад миний ам руу тулгаад уруул, шүд зэргийг хэд хэдэн удаа нидэрсэн. Тэгээд тухайн жолооч "Та нар наад маяакаа унтраа" гэхээр нь би тухайн жолоочид “цагдаагийн байгууллага шөнө оройн цагаар урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай дуут дохио асааж явах ёстой байдаг” талаар тайлбарласан боловч, тухайн жолооч тоохгүй байсан бөгөөд намайг хэл амаар доромжлон мөн л баруун гараараа салаавч гаргаад миний ам руу түлхэж миний малгайг газар унагаасан, мөн миний шүдний аппаратыг баруун гараараа нидэрч хөдөлгөсөн. Тэгтэл нөгөө жолооч “явлаа” гээд машиндаа суух гэхээр нь би тухайн жолоочид хандан "Би тантай 2 дахь удаагаа таарч байна, та цагдаагийн алба хаагчийг шалгах үед дандаа эсэргүүцдэг шүү" гэх утгатай зүйл хэлээд тухайн үед гаргасан Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэг "Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар 20 нэгжээр торгосон. Тэгтэл тухайн жолооч нэлээд ууртай байсан бөгөөд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 37 дугаар хуудас/,
3. Гэрч ... “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний орой 17:00-00:00 цагийн хооронд цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ... хамт Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт албаны .....улсын дугаартай "Kia Rio" маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт "White house" нэртэй зоогийн газрын баруун талд байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай зам дээр хяналт шалгалт хийж байгаад 20 цаг 30 минутын орчим төв орж шалгалт хийхээр тухайн шалгалт хийж байсан газраасаа Сүмбэр сум 3 дугаар баг 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй очиход бидний явж байсан замын хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл асахаар нь зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсч байгаад хөдөлгөөн үйлдэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар уулзвараар зүүн гар тийш нэвтрэх гэтэл хойноосоо урагшаа чиглэлд ачааны тээврийн хэрэгсэл уулзвар гарсан. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгсэлд замд тавьж өгөөд зогсож байхад бид хоёрын ард байсан цагаан өнгийн Приус-40 маркийн тээврийн хэрэгсэл чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй байтал шууд том оврын тээврийн хэрэгслийн өмнүүр дайрч ороод зүүн гар тийшээ эргээд яваад өгсөн. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч ...албаны машиныг жолоодож байсан бөгөөд өөдөөс ирж байсан 2 том оврын тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд, зүүн гар тийш эргээд Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Андууд" худалдааны төвийн урд замаар явж байхад 4 замын гэрлэн дохиотой уулзвараар дүрэм зөрчиж явсан цагаан өнгийн приус-40 маркийн тээврийн хэрэгсэл бид 2-ын урд явж байсан. Тэгэхээр нь цагдаагийн дэд ахлагч .....албаны автомашины чанга яригчаар .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун гар тийшээ шахаж зогсохыг шаардсан боловч тэр тээврийн хэрэгсэл зогсолгүй чигээрээ явсаар байгаад Петровис ШТС-ын ертөнцийн зүгээр баруун талд байрладаг Чойр-Улаанбаатар хооронд таксины зогсоол дээр очоод зогссон. Бид тухайн жолоочийг зогсохыг шаардаж чанга яригчаар 1-3 удаа хэлсэн боловч тухайн жолооч зогсохгүй байсан тул тус жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэж ярилцаад тухайн машиныг таксины зогсоол дээр очиж зогсох хүртэл хойноос нь дагаж явсан. Тэгээд тухайн машиныг зогсохоор нь дэд ахлагч .....машинаасаа буугаад тус машин дээр очихоор алхаж байтал уг тээврийн хэрэгсэл огцом хөдлөн зогсож байсан газраасаа хөдлөөд бид хоёрын машины урдуур ороод баруун талд зүүн хойшоо харж зогссон. Тэгээд тухайн машины жолооч нь машинаасаа бууж ирэхэд нь дэд ахлагч .....нөгөө жолоочийн бичиг баримтыг шалгах үед жолооч залуу цагдаагийн дэд ахлагч ....."Чи чинь балай юм уу? яагаад хүн дагаад байгаа юм бэ? наад /маяк/ гэрлээ унтраагаач" гээд уурлаад, хэл амаар доромжлоод эхэлсэн бөгөөд “пизда минь ална шүү, лалрын цагдаа нар ингэдэг юм” гээд дэд ахлагч Ц.Цэнд-Аюушийн ам руу нь дахин дахин салаавч өгөөд байсан. Мөн салаавчтай гараараа түүний ам руу нь түлхэх үед дэд ахлагч .... толгой хойшоо түлхэгдэж түүний өмсөж явсан өвлийн цегейк малгай газар ойчсон. Тэр үед дэд ахлагч .....тухайн хүнд нэг их зүйл хэлээгүй газраас малгайгаа аваад сэгсэрээд өмссөн. Тухайн үед би хажууд нь ямар нэг үйлдэл хийлгүй ажиглаад хажууд нь зогсож байсан. Тэгээд дэд ахлагч .....тухайн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэг “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар 20 нэгжээр торгосон. Тэгтэл тухайн жолооч нэлээд ууртай байсан бөгөөд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
4. Гэрч ... “...Би хувиараа хот хооронд хүн тээвэр эрхэлдэг бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Петровис" ШТС-ын баруун талд байрлах хот хооронд явдаг таксины зосоол дээр өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-40 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Улаанбаатар хот руу явах гээд хүн хараад сууж байсан юм. Тэгтэл оройн 21 цаг өнгөрч байхад ..... өөрийнхөө цагаан өнгийн Приус-40 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ тухайн таксины зогсоол дээр ирэх үед нь түүний хойноос цагдаагийн алаг машин маяакаа асаачихсан дагаад ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад .....ын өөдөөс алхтал Аринболд машинтайгаа намайг мөргөх шахаад зогссон. Тэгээд ..... машинаасаа буугаад ирэхээр нь би "чи чинь яаж байнаа, намайг мөргөчих шахлаа шдээ" гэж хэлсэн чинь ..... "цагдаагийн машины маяакны цагаан гэрэлд чамайг харсангүй мөргөх шахлаа" гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн алаг машинаас Цэнд-Аюуш гэдэг цагдаа бууж ирэхэд нь ..... "чи маяакаа унтраагаач, би наад гэрэлд чинь юм харахгүй хүн дайрах гэж байна шүү дээ" гээд цагдаатай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүст хандан "та нар больцгоо, больцгоо” гэж хэлчихээд хажуугаас нь холдоод явчихсан, тэгээд би машиныхаа хажууд зогсож байтал ..... цагдаатай хэрэлдээд байхаар нь .....ыг "явъя" гэж хэлсэн чинь тэр машиндаа суугаад хөдөлсөн. Ийм л зүйл болсон, тийм сүртэй зүйл болоогүй гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
5. Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- .... биед дээд уруулын салстын өнгөц язрал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч , цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
6. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 17-20 дугаар хуудас/ эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч ..., гэрч ..... нарын мэдүүлэг, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч .....од эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч .....ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ..... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч .....нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба шүүгдэгч ..... нь хохирогч .... 1 000 000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ..... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч .....од эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....од оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч ..... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....од оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ..... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .....од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ