| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0099/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бк,
Орчуулагч, хэлмэрч А.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.Бт,
Шүүгдэгч А.Са нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Су овогт Аны Сд холбогдох 2513000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын 5 дугаар /Баянзүрх/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Са овогт Аны С, регистрийн дугаартай: БЭ87080832
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь 2012 оны 10 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хугацаанд Халамжийн сангаас талийгаач охин Ж.Аы нэр дээр хүүхдийн мөнгөн тэтгэмж авч, улсад 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч А.С нь 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, өөрийн охин Ж.Аыг 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нас барсныг мэдэж байсан атлаа төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Ж.Аыг улсын бүртгэлийн байгууллагын нас барсны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр бодит байдлыг нууж, түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2012 оны 10 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 7,200,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач охин Ж.А эзэмшлийн Төрийн банкны 291100116439 тоот дансаар дамжуулан авч, “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний бие 2024 оны 10 дугаар сард хяналт шалгалтын ажлаар тус аймгийн Улаанхус суманд ажилласан. Томилолтоор ажиллах хугацаандаа Улаанхус сумын багийн дарга болон өрхийн эмч нараас мэдээлэл авахад уг сумаас нийт 18 хүүхэд нас барсан байхад хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан зөрчил илэрсэн. Үүнийг албан бичгээр тухайн үед нь цагдаад мэдэгдсэн. Намайг Улаанхус суманд ажиллаж байхад Ж.А гэдэг хүүхдийг 2012 онд нас барсан талаар багийн дарга нь надад мэдэгдсэн. Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь нийгмийн халамж үйлчилгээний нэг төрөл бөгөөд А.С нь өөрийн төрсөн охин Ж.Аыг 2012 оны 04 сарын 29-ний өдөр нас барсныг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2012 оны 10 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хугацаанд нийт 7,200,000 төгрөгийг хууль бусаар нийгмийн халамжийн сангаас талийгаач охин Ж.Аы Төрийн банкны 29110011643 тоот дансаар дамжуулан авсан байна. Манай халамжийн сан нь улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татаж авдаг тул тухайн хүүхэд нас барсныг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхгүй бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шууд олголт хийгээд яваад байдаг. Иймд улсад учирсан хохирол 7,200,000 төгрөгийг халамжийн санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /10-11 дэх тал/, Ж.Аы нас барсан талаарх гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 19-23 дахь тал/, Ж.Аы эзэмшлийн Төрийн банкин дахь 291100116439 тоот дансны хуулга, /хавтаст хэргийн 19-23 дахь тал/, мөрдөгчийн хохирлын тооцоо хийсэн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, яллагдагч А.Сийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Би тус аймгийн Улаанхус сумын 5 дугаар багийн иргэн А.Жексенбитэй гэр бүл болоод 20 орчим жил болж байгаа бөгөөд бид дундаасаа 6 хүүхэдтэй. Миний охин болох Ж.А нь 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр айлын 3 дахь охин болж төрсөн бөгөөд анх төрөхдөө эсэн мэнд, эрүүл саруул төрсөн. Улмаар 1 нас, 2 сар орчим настай байхдаа хатгаа тусаж, хүнд хэлбэрт орж, эмчилгээ авахгүй байсаар 2012 оны 4 сарын 29-ний өдөр нас барсан. Бид нар сургууль, соёлд суралцаагүй, багаасаа хөдөө мал дээр өссөн болохоор, мөн охин маань эмнэлэгт нас барсан болохоор тухайн үед эмнэлгээс нь мэдэгдээд бүртгэлээс хасагдах байх гэж бодож байсан тул охиныгоо нас барсан талаар бүртгүүлээгүй юм. Тийм учраас охин Ж.Аы нэр дээр 2012 оны 10 сараас 2024 оны 9 сар хүртэл сар бүр төрөөс олгодог мөнгөн тэтгэмж орсныг би Төрийн банк дахь өөрийн 291100039381 тоот дансаар авч зарцуулсан. Би төрд учруулсан 7,200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
4. Шүүгдэгч А.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч А.Сийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд 7,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 7,200,000 төгрөгийг шүүгдэгч А.С бүрэн төлж барагдуулсан нь банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 65 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Сийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч А.С нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Сд сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
5. 2513000000126 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Са овогт Аны Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамжийн үйлчилгээ авсан” буюу “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Сд тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Сд сануулсугай.
5. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг, шүүгдэгч А.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7200000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б