Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/343

 

 

 

 

Н.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2003004630414 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 /,  

   Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэгээс баруун замд Тоёота Приус маркийн 02-24 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Дгийн амь нас хохирсон,

дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтыг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Н.Э г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Эт оногдуулсан ялуудйг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж ,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дт 9.777.860 төгрөг төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхийн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч Н.Эийн "В" ангиллын №982103 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 02779920 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Эт буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь ямар ч үнээр орлуулах, нөхөн төлөгдөх, сэргээгдэх ойлголт биш гэдгийг би маш сайн ойлгож ухамсарлаж байна. ...Би анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байна. Миний нөхөр сонсголын бэрхшээлтэй гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон. Хөдөлмөрийн чадвар алдалттай нөхрийн маань асран хамгаалалтанд насанд хүрээгүй 12-15 насны хоёр охин минь үлдсэн. Мөн миний төрсөн дүү сэтгэцийн эмгэгээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан Н овогтой Г нь 1-9 насны хоёр охины хамт миний асран хамгаалалтад байдаг. ...Би 2007 оноос даралт ихсэх, зүрхний хэм алдалттай бөгөөд байнгын эмнэлгийн хяналтанд байсаар ирсэн. Цаашлаад зүрх томорсон, ходоодны шарх буюу архаг үрэвсэлтэй. Эдгээр өвчний улмаас бүх бие тархсан хавантай.

Миний дурдсан нөхцөл байдал болон анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч согтуу зам дээр хэвтэж байсан нь замын хөдөлгөөний дүрийн 5.12 дугаар заалтыг зөрчсөн. Эндээс үзэхэд, хэрэг ганц шүүгдэгч Н.Эийн буруутэй үйлдлээс биш, хохирогч, шүүгдэгч нарын харилцан буруутай үйлдлээс гарчээ.  Шүүгдэгч Н.Э гэмт хэргийг үйлдсэн мөн хэргийн газрыг орхиж явсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол хор уршгийн талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо бодит хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 5.000.000-7.000.000 төгрөгийг гэм хорын хохиролд төлж барагдуулсан. Хохирогчид гомдол саналгүй болохоо мэдүүлсэн. Ялын талаар шүүгдэгч Н.Эийн бие муу, ар гэрийнх нь амьдрал хүнд байдаг. Ял шийтгэлийг хорихоос өөр төрлийн ял болгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байсанг дурдах нь зүйтэй байна. Хувийн байдлын хувьд, хоригдсон цагаасаа эхлээд эмнэлэгт хэвтсээр өдийг хүрсэн. Нөхөр нь группт байдаг, сонсголын бэрхшээлтэй, насанд хүрээгүй 2 хүүхэдтэй. Дээр нь Д.Г гэх дүү нь сэтгэцийн өвчтэй учир Н.Э харж асардаг байна. Шүүгдэгч Н.Э анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Зам тээврийн ослын хэрэг нь хөнгөн, болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай зугтсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ялыг нь хөнгөрүүлж тэнсэж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.Эийн нөхөр 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, Н.Эийн асрамжид байдаг өнчин дүү Д.Гэрэлчимэг нь 2 настай хүүхэдтэй, сэтгэцийн өвчтэй хүн байдаг. Ээж нь оюуны хомсдолтой, хөдөлмөрийн чадвараа 60 хүртэл хувиар алдсан. Шүүгдэгч Н.Эийн ар гэрийн байдал нь хүнд байдаг. Шүүгдэгч Н.Эийн холбогдсон хэргийн хоёр гэмт хэргийн нэг нь болгоомжгүй гэмт хэрэг, нөгөө нь санаатай гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Эийн гомдлыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариулагын талаар яагаад биечлэн эдлүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж дүгнэсэн. Зам тээврийн осол гарахад явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа байсан хэдий ч, замын хөдөлгөөний дүрмээр жолооч аюулгүй байдлыг хангах нэгдүгээр үүргийг хүлээдэг. Зам тээврийн осол гарсанг өөрөө төдийгүй хамт явсан хоёр хүн гурвуулаа мэдсэн. Зам тээврийн осол хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр үйлдэгдсэн байхад 8 хоногийн дараа цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагааны дүнд Н.Э гэж жолоочийг тээврийн хэрэгслийн хамт олж илрүүлсэн. Энэ ажиллагаа маш хүнд нөхцөлд явагдсан гэдгийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээсэн гэх нөхцөл байдал хамаарахгүй байна. Гэм буруугаа хүлээх байсан бол тухайн хэрэг гарсан үед гэм буруугаа хүлээх байсан. Хэрэг гарсан газраас гурвуулаа алга болсон нөхцөл байдал тогтоогддог. Иймд шүүгдэгч Н.Эийн хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүх 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан учир  үйлдсэн хэргийн шинж чанар, нөхцөл байдалд тохирсон ял шийтгэлийн оногдуулсан гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Эт холбогдох эрүүгийн 2003004630414 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэгээс баруун замд Тоёота Приус маркийн 02-24 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Дгийн амь нас хохирсон, тус зам тээврийн осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

гэрч Г.Гын: “...Эрдэнэчимэгийг ирэхээр нь түүний цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинд би арын суудалд, харин Өнөцэцэг урд суудалд нь суугаад Өлзийт хороолол уруу явсан. ...Өлзийт хорооллын захад очоод буцаж эргээд явж байтал гэнэт машин донслоод юман дээгүүр дайраад гараад явчихсан. Тэгэхээр нь би жолооч Эрдэнэчимэгийг "та хүн дайрчихсан юм биш үү, буцаж очоод харах хэрэгтэй" гэж хэлсэн чинь, Эрдэнэчимэг "мэдэхгүй байна, би зам дээр байсан гулзайсан хар юман дээгүүр дайраад гараад явчихлаа" гэж хэлээд буцаж эргээд, нөгөө газраа очсон чинь машинууд овоорчихсон зам дээр хүн хэвтэж байхыг хараад хүн дээгүүр дайрч гарсан талаараа мэдээд, хүн дайрсан газраараа нэвт гараад Өлзийт хорооллын захад буцаж очоод ...цааш яваад Нисэхийн тойргийн урд талын колонк дээрээс өөрийн машиныг очоод аваад шууд гэртэй харьсан. ...” /1-р хх 167-168/,

гэрч Т.Өийн: “...эгч Эрдэнэчимэгийн машинаар цаашаа Өлзийт хороолол орохоор явсан. ...уулзвараар буцаж эргээд чигээрээ явж байтал нэг харанхуй, гэрэлтүүлэггүй газар зам дээр хэвтэж байсан хар юман дээгүүр миний сууж явсан талын дугуй донслоод гараад явчихсан. Тэгээд жаахан цаашаа явж байгаад "юу дайрчих ваа, таржигнаад гарчихлаа ш дээ" гэж ярилцаад, буцаад нөгөө газраа ирсэн чинь нэг машин зам дээр хөндөлдөж зогсоод ...зам дээр хүн хэвтэж байхаар нь сандраад ...цаашаа чигээрээ явж байгаад буцаж эргээд пост руу явж байтал эгч айж сандраад машинаа барьж чадахгүй болоод хамт явсан Галбадрахаар машинаа бариулаад ...гэр рүүгээ явсан. ...” /1-р хх 37-38/,

гэрч Ц.Брын: “...Талийгаач бид хоёр А-ийн гэрээс гараад автобусанд суух гээд засмал замаар явахдаа Өлзийт чиглэл рүү явж байсан. Талийгаач замын эсрэг талд миний хойд талд алхаж байх шиг байсан. Би автобусанд сууна гэж бодоод зам хөндлөн гарсан харин талийгаач миний араас зам хөндлөн гарах гээд замын эсрэг талд алхаж байсан. Гэнэт пид пад гэх чимээ гарахаар эргээд харахад ...талийгаач газар хэвтэж байхаар  нь гүйж очиход доошоо харсан байдалтай байхаар нь эргүүлэхэд амнаас нь цус гоожоод үг хэлж чадаагүй. ...” /1-р хх 82-83/,

гэрч Б.Бийн: “...Би ээжийгээ Өлзийт хүргэж өгөөд буцаж явахад нэг хүн зам дээр орилоод зогсож байхаар нь зогстол хамт явж байсан хүн нь дайруулсан байдалтай нас барсан байсан. Зам дээр орилоод зогсож байсан хүн утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага гэхээр би өөрийнхөө гар утсаар цагдаагийн 102 болон түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн. ...” /1-р хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост хийсэн 2029 дугаартай шинжээчийн: “...Талийгаачийн цогцост ...гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх дүгнэлт /1-р хх 203-209/, тус шинжилгээг хийсэн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Талийгаачид тогтоогдсон гавал тархины ил гэмтэл, цээж хэвлийн хөндий хавсарсан гэмтэл нь баруун чамархай суурь ясны шугам хугарал тархины 2 далд бөмбөлгийн дух чамархай, дагз, суурийн урд хэсэг мөн бага тархийн эдийн цус харвалт аалзан хальсан доорх цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь талийгаач босоо байрлалаас мөргөлдөөд хавтгай гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой. Цээж, хэвлийн гэмтлүүд болох элэгний 2 дэлбэнгийн зааг хэсгийн задрал, эдийн няцрал баруун уушгины няцрал, баруун зүүн талын 2-10-р хавирганы хоёрлосон хугарал гэмтлүүд нь хэвтээ байрлалд цээж хэвлий дээгүүр автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой ба гол судасны гадна хана, 2 бөөрний өөхөн эд хальсан доор цус харвалт гэмтэл нь дотор эрхтний доргилтын үед үүснэ. Өөрөөр хэлбэл талийгаач босоо байрлалд мөргөлдөөд цээж хэвлий хэсгээр дайрагдах үед үүсэх гэмтлүүд байна. ...” гэх мэдүүлэг /2-р хх 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 4015 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн никель өнгийн 1 ширхэг хар өнгийн 3 ширхэг хуванцар эд зүйлс нь 02-24 УБВ Тоёота Приус автомашины эд ангитай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед хэв гажилт, шахалт, татагдах хүчний үйлчлэлээр автомашинаас салсан байх үндэслэлтэй. ...” гэх дүгнэлт /1-р хх 234-240/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 5363 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн яс мэт зүйлээс авсан дээжээс эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн яс мэт зүйлээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ж.Дгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх 245-248/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3960 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн 3 ширхэг хуванцар эд зүйлс нь 2004-2009 оны Тоёота Приус маркийн автомашины эд анги байна...” гэх дүгнэлт /2-р хх 3-8/,

Мөрдөгчийн магадлагаа: “...1. Тоёота Приус маркийн 02-24 УБВ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Норолхоо овогтой Эрдэнэчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /2-р хх 27-29/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 4-11/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Эийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 02-24 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр: ...урд буферийн улсын дугаарын доод талын никель сээтэг хуванцрын доод хэсэгт 16.05 см орчим хэсэгт хугарч унасан, урд буферийн зүүн хажуу хэсэг түгжээ хугарч ангайсан, буферийн дотор талын хуванцар хаалт байхгүй,...урд дугуйны гарын боолт суурилсан хэсэгт төмрийн засвараар үс хавчуулагдсан...” /1-р хх 20-23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Н.Эийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа:

 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Дгийн амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь зүйлд заасан  “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон... гэсэн хүндрүүлэх шинжийг,

тус гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Н.Эийн үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Н.Э нь  “...ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Эийн анх удаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... гомдолгүй, нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан...” гэснийг болон Г.Эийн насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, нөхөр нь хөдөлмөрийн чадвар алдалттай хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг тус зүйл хэсэгт заасан доод хэмжээ болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. 

Иймд шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн зохих заалтуудад ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Г.Эрдэнэчимэгийн нийт эдлэх ялыг 01 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...2 жил 3 сарын хорих ялыг …” гэснийг “...1 жил 3 сарын хорих ялыг…” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ