Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Ө.Манзушир

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ***** сарын ***** өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ****** ХХК-ийн харуул хамгаалалтын топ бүлэгт хамгаалагч ажилтай, ам бүл *****, эцэг, эх, ахын хамт ******** аймгийн ****** сум ***** баг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** регистрийн дугаартай, А.М.

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.М нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** багт үйл ажиллагаа явуулах Задгай захын Герман гутлын 16 дугаар контейнерын өрсөн хувцсан дээр байсан хохирогч Ш.Ч-н самсунг А-34 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...мэдүүлэг өгөхгүй.  ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээс гадна:

-Хохирогч Ш.Ч-н “...Би Говь-Алтай аймгийн задгай зах дотор хувиараа павилон ажиллуулдаг юм. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр павилон дээрээ байж байсан цагийг нь сайн санахгүй байна манайхаар хүмүүс үйлчлүүлж байсан. Би яг тэр үйл явдлын өмнөхөн гар утсаа өрөөстэй хувцаснуудын дээр нь тавьсан байсан юм. Тэрийгээ ч сайн санахгүй хүмүүст юм зараад нэлээн байсны ард гар утсаа санаад тавьсан газраа үзтэл миний гар утас байхгүй байсан. 2 хоног гаруй энэ тэрүүгээр уначихсан юм болов уу гээд хайсан байхгүй байсан болохоор нь цагдаад өргөдөл гарган өгсөн юм. Миний гар утас Samsung Galaxy A-34 маркийн гар утас байгаа юм. Би гар утсаа 2023 онд ***** аймгийн Мобикомоос 1.100.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан...авсан үнээрээ үнэлж байна...Миний гар утас хар өнгөтэй, гадуураа хар өнгийн хавтастай гэртэй тэр гэр дотор нь манай эхнэрийн иргэний үнэмлэх байгаа. Би гар утасныхаа имэй кодыг мэдэхгүй. Нэг хайрцаг байсан хаана байгааг нь мэдэхгүй байна тэрэн дээр л тэр код байдаг гэсэн. ...Надад тухайн гаргасан гомдолтой холбогдуулж сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Манай павилон дотор болон үүд харсан камер тухайн хэсэгт юу ч байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р тал/

-Гэрч Х.Б-н “....Би **** дүүргийн ***** хороо ***** тоотод ***** аймгаас шилжин ирээд 17-18 жил амьдарч байна. Би төрсөн ах Б.С ахындаа байдаг байсан. Би тухайн гар утсыг одоо ашиглахгүй байгаа. Хүүхэд тоглож байгаад дэлгэцийг нь хагалсан одоо хаана байгааг нь мэдэхгүй. ...Манай төрсөн ах Х.С-н дагавар хүүхэд М-с авсан. Намайг гэрт нь байж байхад утас байна авах уу 250.000 төгрөг гэхээр нь би авсан... шинж тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-н 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/238 дугаартай “...самсунг А-34 гар утас, нийт үнэ, төгрөг 350.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт, /хх-ийн 61 дүгээр тал/

-“2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Юнител ХХК-аас ирсэн 6202 дугаартай “...350957913317514 имей кодтой утсанд ***** дугаарыг хийж ашигласан байна. 88******- Х.Б, РД *******, **** хот, ***** дүүрэг, **** хороо, ***** тоот...” гэх албан бичиг, орсон гарсан дуудлага мессежний лавлагаа, /хх-ийн 29-39-р тал/

-Хохирогч Ш.Ч-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, /хх-ийн 15-р тал/,

-Хохирогч Ш.Ч-ас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн хохирол төлсөн интернэт банкны хуулбар, /хх-ийн 28 дугаар тал/,

Яллагдагч А.М-н Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “... бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар   авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч А.М нь Ш.Ч-н эзэмшлийн Самсунг А-34 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь буюу шүүгдэгч А.М-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ч-д 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч А.М-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

      2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.М нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус  зэргийг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлт дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах болохыг шүүгдэгч А.М-д мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ