Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/шш2017/02005

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/02005

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00 тоотод оршин суух Т овогт Д Х /РД:000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р 00-р байр 00 тоотод оршин суух Б овогт Ж Д /РД:000/-д холбогдох,

 

 

15,19,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: Д.Х миний бие найз Ж.Б хамтаар 2017.02.18-ны өдөр 16 цаг орчмын үед Баянзүрх дүүрэг, Да хүрээ захын автомашины ченж Ж.Д урд гуфер будагтай өөр асуудалгүй гэх улсын дугаар аваагүй, приус 30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Ж.Д данс руу өөрийн данснаас 14,500,000 төгрөг, найз Ж.Б данснаас 500,000 төгрөгийг шилжүүлэн өгөөд 0-0 УБЕ улсын дугаар аван өөрийн нэр дээр шилжүүлэн худалдан авсан.

 

Ингээд Да хүрээ захаас гаран Цайз захын ойролцоо явж байтал уг автомашины анхаарлын гэрэл ассан бөгөөд тэр даруй Ж.Д утасдан хэлэхэд маргааш ирж уулзаарай гэсэн. 2017 оны 02 сарын 19-ний өдрийн 11 цагийн үед уулзаад Ж.Д өөрийн автомашин засуулдаг гэх засварын газарт оношлуулахад угаалганд чийг авснаас болж анхаарлын гэрэл ассан гэсэн онош өгсөн. Тиймээс өөр засварын газар болох Дарь эхэд байрлах Ж Э Б Ө ХХК-д автомашинаа оношлуулахад ослын дэрний гэрэл ассан. Ослын дэрний төв компьютер солих шаардлагатай гэсэн онош гарсан.

 

Ингэж явах хугацаандаа жолоодлого хатуурч баруун тийш булааж байсныг тэнхлэг тохиргоонд үзүүлэхэд тэнхлэг тохиргоогүй зүүн урд дугуй хойш гүйсэн, доод эд анги солих мөн хойд тэнхлэг рам солих шаардлагатай гэсэн онош гарсан. энэ тухай Ж.Д хэлж маргааш өдөр уулзахаар тохирсон боловч уулзаагүй.

 

2017 оны 03 сарын 07-ны өдөр Ж.Д уулзахад автомашинаа өгчих хүнд өгөөд сарын дараа мөнгийг нь өгье гэхэд нь нотариат ороод мөнгөө өгнө гэсэн гэрээ хийгээд ав гэхэд бодож байгаад хариу хэлье гэсэн.

 

Одоогоор уг автомашин нь урд шил солисон, чихарч дугардаг, тэнхлэг тохиргоо байхгүй, үндсэн рам чихарч дугардаг, үе үе жолоо хатуурч тормос барихаа болидог. Салоны түгжээ урд хайрцаг байнга мултарч гарна. Бензин хөдөлгүүр, цахилгаан хөдөлгүүр зохицуулах товчнууд ажиллахаа болисон бөгөөд ийм автомашинтай замын хөдөлгөөнд оролцоход осол авар цаашлаад амь насанд баталгаа алга.

 

Тухайн үед нотариат дээр Худалдах, худалдан авах гэрээ-г хийсэн, гэрээ хийхдээ 10,000,000 төгрөгөөр хийсэн, 10,000,000 төгрөгөөс дээш болохоор 20,000 төгрөгөөр гэрээ хийгддэг гээд хийсэн. Гэрээний хувь нь зам тээврийн газарт авч үлдээд надад гэрчилгээг өгсөн.

 

Иймээс иргэн Ж.Д автомашины үнэ 15,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 7,000 төгрөг, улсын дугаарын үнэ 18,000 төгрө, компьютер оношлогоо 10,000, тэнхлэг оношлогоо 15,000 төгрөг, автомашины татвар 59,540 төгрөг нийт 15,109,540 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.Х 15.000.000 төгрөгөөр Приус 30 маркын автомашиныг худалдсан. Энэ машин 2011 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2016 онд орж ирсэн, Монгол улсад орж ирээд яваагүй тэрэг байсан. Д.Х нь машиныг авахдаа үзэж шалгаад унаад, оношлогоо хийлгээд худалдаж авсан.

 

Ингээд өөрийнхөө нэр дээр автомашины гэрчилгээ, улсын дугаарыг авсан байдаг. Ж.Д нь Д.Х ямар ч эрхийн доголдолгүй машиныг хүлээлгэж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй.

 

Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн оношилгооны баримтыг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Оношилгоонд компьютертэй холбогдоогүй гэсэн мэдээлэлтэй байна гэсний үндэслээд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 248.2-д зааснаар худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан.

 

Тэгэхээр Д.Х үзэж шалгаад авсан. Өөрийн нэр дээр авто машины гэрчилгээ авсан байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тиймээс эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 251.1, 251.2-т заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгсөн. 251.1-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Биет байдлын доголдолгүй, тухайн автомашиныг ашиглаж байсан нь хэрэгт авагдсан зам ашиглалтын төлбөр төлсөн баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 251.3-т үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан. Нэхэмжлэгч аюулгүйн дэр /air bag/ компьютерт холбогдоогүй гэсэн нотлох баримт гаргаж өгч байгаа нь машиныг бүхэлд нь ашиглах боломжгүй тул буцааж өгнө гэх үндэслэлгүй. Доголдолтой эд хөрөнгө гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Ж.Д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний зүйл болох Приус 30 маркын автомашиыг буцаан өгч 15,109,540 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

Хариуцагч Ж.Д нь Д.Х нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, би чанарын доголдолтой машин худалдаагүй тухайн үед оношлуулаад унаж үзээд, Монгол улсад орж ирээд яваагүй, номер дугаар аваагүй машин байсан гэж маргасан.

 

 

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан 2011 онд үйлдвэрлэгдсэн Ягаан өнгийн Тоёота Приус 30 маркын суудлын авто машиныг 15,000,00 төгрөгөөр худалдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны Д.Х, Ж.Б дансны хуулгаар нотлогдож байна.

 

 

Зохигчид тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж, Баянзүрх дүүргийн 00 дугаартай нотариатч баталж, нэхэмжлэгч Д.Х нь эд хөрөнгийг шилжүүлэн авч 00-00 УБЕ улсын дугаартайгаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр авч, 2017 оны АТБӨЯХАТатварыг төлжээ.

 

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсан тооцно мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг эд хөрөнгийн доголдолгүй гэж үзнэ гэж зааснаар уг авто машиныг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь түүний тайлбар, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №9287 дугаартай үзлэг оношлогоогоор ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй байна.

 

 

Харин нэхэмжлэгч нь Ж Э ХХК-иар ком оношлогоо хийлгэхэд аюулгүйн дэрний аir bag төв компьютертэй холбогдоогүй гэсэн мэдээлэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №9287 дугаартай оношлогоо үзлэгээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 

Иймд нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Ж.Д холбогдуулан 15,109,540 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Д.Х нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д 15,109,540 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233,498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ