Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2020/00754

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2020/00754

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, шүүгч З.*******, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн ******* сумын 7-р баг, 55-р байр, 33 тоотод оршин суух, ******* овогт ын /РД:ЗИ/-ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын 7-р багт  байрлах ХХК-д холбогдох гал түймрийн учраас учирсан гэм хорын хохирол 11006550 /арван нэгэн сая зургаан мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулах тухай 139/2020/00368/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., иргэдийн төлөөлөгч Б., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   ХХК нь ******* аймгийн ******* сумын 7-р баг, “Залуус хороолол” 35 айлын орон сууц болох 55-р байрыг 2015 оны 01 сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулан улсын комисс хүлээн авсан байдаг. Манайх тус байрны 33 тоотод амьдардаг байсан. Тус орон сууцыг худалдаж аваад амьдарч байх хугацаанд 2016 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гал түймэр гарч тухайн үед манай эд хөрөнгөд 9272000 төгрөгийн хохирол учирсныг ******* сумын Үнэ тогтоох комисс үнэлж тогтоосон. ******* аймгийн Онцгой байдлын газрын Улсын байцаагчийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 5/01 тоот Шинжээчийн дүгнэлтээр: уг гал түймэр нь “том өрөөний цахилгаан үүсгүүрээс гарсан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “ Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна”. 14.6-д “ Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга, байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц. бүтэц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолтын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна”, 14.7-д “ Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн хэн буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна” гэж тус тус заасан. Манай орон сууцанд 2016 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гал түймэр гарсан нь тухайн орон сууцыг комисс хүпээн авч ашиглалтад оруулсан 2015.01.28-ны өдрөөс хойш 11 сар 23 дахь хоног дээрээ буюу Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “зүгшрүүлэх, тохируулах нэг жилийн” хугацааны дотор гал гарсан байна. Тухайн үед гал түймэр гарахад манай цахилгааны шит буугаагүй байсан.

Тухайн үед гал түймэр гарч 22 нэр төрлийн эд материал гал түймэрт өртөж шатсаныг ******* сумын Үнэ тогтоох комисс”-оор үнэлүүлсэн. ХХК-ийн барилгын ажлын чанараас шалтгаалан манай эд хөрөнгөд хохирол учирсан тул зарим эд хөрөнгийг шинээр худалдан авах, байрандаа засвар хийх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Дараах эд зүйл шатаж ашиглах боломжгүй болсноос худалдаж авсан Үүнд: Буйдан 1.300.000 төгрөг,  3 цонх сольсон нийт үнэ 541450 төгрөг, 3 өрөөний хөшиг, зам, сэрээ  нийт үнэ 454.000 төгрөг, овжур 5 ширхэг үнэ 868.500 төгрөг, ламп 6 ширхэг 15.000 төгрөг, цаг 1 ширхэг 30.000 төгрөг, хивс 1 ширхэг 450.000 төгрөг, өрөөний обой, цавуу, будаг 719.400 төгрөг, паркет, замаск  127.500 төгрөг, автомат шийд, разетка, усны хамгаалалттайгаа / ком/  55.000 төгрөг, гал тогооны хэрэгслүүд  491.300 төгрөг, Үүнд:Sharp  шарах шүүгээ - 1 ширхэг, үнэ 179.900 төгрөг,  будаа агшаагч 1 ширхэг, үнэ 169.900 төгрөг, 1 литрийн халуун сав 1 ширхэг,  14500 төгрөг,  халбага сэрээ ком 22500 төгрөг,  халуун тогоо 1 ширхэг 45000 төгрөг,  ус буцалгагч - 1 ширхэг 40000 төгрөг, хогийн сав, шүүр 19500 төгрөг, телевиз 42 инч 960.000 төгрөг, хятад паар 20 ширхэг үнэ 140.000 төгрөг, хөргөгч 1 ширхэг  779900 төгрөг  нийт 6932050 төгрөг, Гал түймрийн улмаас дараах эд зүйл өнгө зүс, чанараа алдаж, харалтсан, зарим нь шатаж үгүй болоод ашиглах боломжгүй болсон ч одоогоор худалдаж аваагүй байгаа. Үүнд: гал тогооны тавилга  2189000 төгрөг, жижиг хивс 250000 төгрөг, сэнс - 150000 төгрөг, халаадаг тень 135000 төгрөг, уртасгагч 25000 төгрөг нийт 2.749.000 төгрөгийн хөрөнгийг авах шаардлагатай. Би байрандаа гал түймэр гарсантай холбогдуулан засвар хийлгэсэн. Засварын ажилд шаардлагатай барилгын багаж хэрэгсэл, материалд нийт 125500 төгрөг зарцуулсан. Засвар хийсэн ажилчдын ажпын хөлс 1200000 төгрөг гарсан. Нийт 1.325.500 төгрөг. Иймээс гэм хорын хохиролд нийт 11.006.550 төгрөгийг н ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХК шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г. нь ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Залуус хорооллын 55 дугаар байрны 33 тоотод амьдардаг. Тухайн байрыг ХХК барьж ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 2015 оны 8 сард худалдан авч амьдарч эхэлсэн. Орон сууцанд орохдоо бүх тавилга хэрэгслийг шинээр худалдан авсан байдаг. Уг орон сууцанд орсноос хойш 5 сарын дараа гал түймэр гарч нэхэмжлэгчид 11006550 төгрөгийн хохирол учирсан байгаа. Учирсан хохирлыг нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжилж байна. Уг орон сууц нь халаалт муу, нэмэлтээр халаах хэрэгсэл ашиглахгүй бол амьдрахад хэцүү байсан учраас цахилгаан халаагч тавьж халааж байсан гэдэг. Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууц чанарын шаардлага хангахгүй, халаалт муу байсан учраас нэхэмжлэгч нь цахилгаан халаагч ашиглаж байсан, цахилгааны холболт эсхүл бусад хэрэгсэл нь муу учраас гал түймэр гарч шатахад цахилгааны шит нь буугаагүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 55 дугаар байрны 32, 33 тоотыг худалдан авч нийлүүлэн 3 өрөө орон сууц болгон ашиглаж байсан. Ийнхүү 2 орон сууцыг нэгтгэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл аваагүй байдаг. 2 орон сууцыг нэгтгэхдээ цахилгааны монтажыг хэрхэн өөрчилсөн гэдгийг бид мэдэхгүй. Зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүй дур мэдэн өөрчилсөн, түүнээс болж гал түймэр гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв уг барилгын чанар муу байсан юм бол бусад айлуудад мөн адил асуудал үүсэх байсан. Гэтэл ганц нэхэмжлэгч Г.ынд ийм асуудал үүссэн байгаа нь хэрэглэгчийн өөрийн буруугаас болсон гэж үзэж байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Г. нь ХХК-аас гал түймрийн учраас учирсан гэм хорын хохирол 11006550 /арван нэгэн сая зургаан мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал гал түймэр гарахад хариуцагч буруугүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Учир нь:

1.2015 оны 1 сарын 16-ны өдрийн байдлаар орон сууцны цахилгааны ажил гүйцэт хийгдээгүй байсан /хх-ийн 67-68-рт/, 2015 оны 1 сарын 23-ны өдрийн байдлаар давхар болгоны цахилгаан шийдний 00-н утас төгсгөвч хийх шаардлагатай байсан /хх-ийн 76-рт/, цахилгааны бүх самбарыг газардуулгын ерөнхий хэлхээнд холбох, цахилгааны бүх залгуурт /разетка/ хамгаалалтын газардуулга холбох ажил хийгдээгүй /хх-ийн 77-рт/, халаалтын секц нь жижиг байгаа нь байрыг гүйцэт халааж чадах эсэхэд эргэлзээ төрөхүйц байсан /хх-ийн 75-рт/ болох нь тус тус баримтаар нотлогдож байна. Эдгээр баримтаас харахад 55 дугаартай орон сууцны барилгын халаалт хангалттай бус, цахилгааны холболт гүйцэт биш байсан болох нь нотлогдож байна.

2. ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг Залуус хорооллын 55 дугаар байрны 2 дугаар орц 33 тоотод 2016 оны 1 сарын 20-ны өдөр гарсан гал түймэр том өрөөний цахилгаан үүсгүүрээс гарсан байх магадлалтай, гал түймэр нь том өрөөний баруун урд талын буланд байрлах цахилгааны хэрэгслээс гарсан байх магадлалтай тул гадны нөлөөгүй /хх-ийн 39-рт/,  том өрөөний баруун урд талын буйдангийн ард байрлах цахилгаан үүсгүүрээс гал түймэр үүсвэрлэн гарсан байх магадлалтаЙ /хх-ийн 40-рт/ гэжээ. Энэ нь хариуцагчийн барьсан барилгын цахилгаанаас болж гал түймэр гарсан болохыг нотолж байна. Нэхэмжлэгч нь 2 орон сууцыг нэгтгэхдээ цахилгаан түгээх байгууллагаас техникийн нөхцөл авах шаардлагагүй /2-р хавтас 47-рт/ гэх тул нэхэмжлэгч нь 55 дугаар байрны 32, 33 тоот орон сууцыг нэгтгэхдээ цахилгааны холболтыг буруу өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. 14.6.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж тус тус заажээ. Уг орон сууцыг 2016 оны 1 сарын 28-ны өдөр ашиглалтад оруулснаас /хх-ийн 175-177-рт/ хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад гал түймэр гарсан тул уг гал түймрээс гарсан хохирлыг хариуцагч ХХК хариуцан арилгах үүрэгтэй болно.

4. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны 32, 33 тоот орон сууцыг нэгтгэхдээ цахилгаан түгээх байгууллагаас техникийн нөхцөл авах шаардлагагүй хэдий ч цахилгааны ямар нэг буруу холболт хийгээгүй, гал түймэр гарахад өөрийн буруугүй гэдгээ нотолж чадаагүй байна. Мөн уг гал түймэр  2016 оны 1 сарын 20-оос 21-нд шилжих шөнө гарсан гэх ба үүнийг талууд үгүйсгэхгүй байна. Өөрөөр хэлбэл шөнийн цагаар цахилгаан хэрэгслийг удаан хугацаагаар цахилгаанд холбон гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлсэн нь нэхэмжлэгчийн буруу болно. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч тал хэн аль нь гал түймэр гарахад буруутай байх тул гал түймрийн улмаас учирсан хохирлыг талуудад хуваан хариуцуулах нь зүйтэй байна.

Гал түймрийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнэ 6932050 төгрөг, засвар хийхэд гарсан зардал болох 1325500 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Худалдан авах шаардлагатай гэх эд зүйлсийн үнэ 2749000 төгрөг нэхэмжилснээс гал тогооны тавилгын үнэ 2189000 төгрөгийг учирсан бодит хохиролд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 8 сарын 14-ний өдөр Говь хангай мебель ХХК-д 2189000 төгрөгөөр гал тогооны тавилга захиалж хийлгэсэн болох нь /хх-ийн 240-рт/ нотлогдож байна. Уг гал тогооны тавилга нь гал түймрийн улмаас дахин ашиглах боломжгүй болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 49, 248-249-рт/ нотлогдож байна. Шинээр дахин авах шаардлагатай гэх бусад эд зүйлсийн үнийг учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон болно.

Иймд нэхэмжлэгчид шинээр худалдаж авсан эд зүйлийн үнэ 6932050 төгрөг, засвар хийхэд гарсан зардал 1325500 төгрөг, гал тогооны тавилгын үнэ 2189000 төгрөг, нийт 10446550 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж үзлээ. 

Хариуцагч талаас Ард даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөр 2200275 төгрөгийг Г.т олгосон тухай баримтыг /хх-ийн   -рт/  шүүхэд ирүүлжээ. Нэхэмжлэгчид учирсан  10446550 төгрөгийн бодит хохирлыг талуудад хуваан хариуцуулж, хариуцагчид ногдох хэсгээс даатгалын нөхөн төлбөрөөр олгогдсон 2200275 төгрөгийг хасаж тооцон 3023000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г. нь улсын тэмдэгтийн хураамжид 191054 /нэг зуун ерэн нэгэн мянга тавин дөрвөн / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 63318 /жаран гурван мянган гурван зуун арван найман/  төгрөгийг   гаргуулан нэхэмжлэгч Г.т олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 3023000 /гурван сая хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ын /РД:ЗИ/-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид 191054 /нэг зуун ерэн нэгэн мянга тавин дөрвөн / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 63318 /жаран гурван мянган гурван зуун арван найман/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.т олгосугай.

3. ХХК-ий нэхэмжлэлтэй, Г.т холбогдох 139/2018/00476/И индекстэй иргэний хэрэг, ******* аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал”-ыг тус шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн тамгын газар, ******* аймгийн Прокурорын газарт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.*******