| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.А-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны *** сарын **** өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл **, ээж дүүгийн хамт **** аймгийн **** сумын **** багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **** регистрийн дугаартай, **** ургийн овогтой О.А.
Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Шүүгдэгч О.А нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн **** байрны ***** тоотод оршин суух Ю.У-н гэрт байхдаа түүний ээмэг, бөгж, гинж, кулон зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2192000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
1. Гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.А гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.А мэдүүлэг өгөхгүй. Миний буруу, хохирлоо төлнө гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ю.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А гэх эмэгтэй нь манай гэрт ирсэн. Тэгээд тухайн үедээ нэлээн архи уусан, царай зүс алдсан хувцас муутай явж байхаар нь би өрөвдөөд тухайн өдөр гэртээ хоол унд өгөөд би танайд хоночихоод явъя гэхээр нь тэг тэг гээд гэртээ хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь би эмнэлгээр явах ажилтай болоод явж байгаад гэртээ ирэхэд А манайд байж байсан. Би цай уучихаад дахиад эмнэлэг орчихоод орой 17 цагийн үед ирэхэд А байхгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа өөрийн үнэт эдлэл болох монетан бөгж, ээмэг, зүүлт, кулон зэргийг гоо сайхны шкабныхаа шургуулганаас авах гэхэд миний эд зүйлс байгаагүй. Гэртээ хайгаад тухайн эд зүйлээ олоогүй. Би тухайн монетан бөгж, ээмэг, зүүлт, кулон зэргийг 2019 онд 3,500,000 төгрөгөөр авч байсан. Манай хүү А, охин Д нар байсан өөр хүн байгаагүй. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө зүүж байгаад аваад тавьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р тал/
Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2023 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймаг ***** сум ***** баг ***** төвийн урд талын ногоон байранд ломбард ажиллуулж байсан. Би тухайн ломбардыг 2016 оноос хойш ажиллуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр О.А гэх хүн монетан ээмэг, бөгж, зүүлт, кулон зэрэг эд зүйлс барьцаанд тавьсан. Нийт 1,080,000 төгрөгөнд тавьсан. Манай ломбард 2024 оны 07 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулахаа болиод тухайн эд зүйлсийг зарсан одоо байхгүй....” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26-р тал/
2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Т нь гэрч Ч.О-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-13-р тал /
“Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Х-н 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-925/911962 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт. /хх-ийн 35-38-р тал/
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5337/25/19 дугаартай Хаан банкны албан бичиг, Хаан банкны ***** тоот харилцах дансны эзэмшигч О.А-н дансны хуулга, /хх-ийн 4-8-р тал/,
Хохирогч Ю.У-н “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй тул хүсэлтийг хүлээн авна уу...” гэх хүсэлт, /хх-ийн 63-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь буюу шүүгдэгч О.А-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.А нь хохирогч Ю.У-д учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй, шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээг 2,192,000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч О.А-с 2,192,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохиролыг төлнө гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч энэ талаар санаачилга гаргаагүй, ажил хөдөлмөр хийхгүй байх тул шүүхээс дээрхи үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах шаардлагатай гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ургийн овогт О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч О.А-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.А-с 2,192,000 төгрөг гаргуулж хохирогч Ю.У-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА