| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/81 |
| Огноо | 2025-04-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/81
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж ш овогтой Сайгийн Ад холбогдох 2413003270072 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар баг, .. дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж ш овгийн Саийн А,регистрийн дугаар ...
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар /Ах хус тау/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Кы гээгдүүлсэн эд хөрөнгө болох ZТЕ V40 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Кд 350000 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.
2. 2413003270072 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Иргэн Х.Каас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
2.2. Хохирогч Х.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамтаар оршин суудаг. Өндөр насны тэтгэвэрт байдаг. 2024 оны 11 дүгээр сард манай ээж нас барсан ба тухайн үед би ээжийн гэр болох Өлгий сумын 1 дүгээр багт ээжийнхээ ажил явдалд оролцож байсан. Тухайн үед хөл хөдөлгөөн их байсан, манай ээжийн байшин амбаартайгаа нийлээд 5 өрөө, би тухайн өдөр өөрийнхөө гар утсыг үүдний амбаарт тавьчхаад хэсэг хугацааны дараа тухайн газраасаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Ингээд тэр хавиар хайгаад олоогүй. Тухайн өдөр гаднаас бас олон хүмүүс ирсэн байсан ба тухайн хүмүүсийн нэг нь аваад явсан байж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
Хохирогч Х.Кы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Тухайн үед манай ээж нас барж, уйлаад даралт ихэссэн байсан. Би гар утсаа үүдний амбаарт тавьсан эсэхээ сайн санахгүй байна. Би тухайн үед утсаа кармандаа хийгээд хашааны дотор байрлах бие засах газар орчоод явж байхад хүмүүс ирэхээр нь яараад гэрлүү орсон. Улмаар баахан хүмүүс ирээд явахаар нь гар утсаа хайтал гар утас алга болсон байсан. Би үүдний амбаарын өрөөнд ороод гутлаа тайлахдаа гар утсаа өвсний дээр тавьсан байна гэж бодоод очоод хайтал алга болсон байсан. Би уйлаад, даралт ихэссэн байсан тул гар утсаа яг өвсний дээд хэсэгт тавьсан байх гэж бодсон юм. Харин бодоод байхаар бие засах газар явахдаа карманаасаа унагаасан юм шиг байна. Энэ талаар мэдүүлэх гээд танруу залгахад таны утас холбогдохгүй байсан юм. Би гар утсаа гээгдүүлсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
2.3. Хохирогч Х.Кы мөрдөн байцаалтын үед дахин өгсөн “...Би гар утсаа буцааж авсан, надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),
2.4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
2.5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),
2.6 Гээгдүүлсэн гар утсанд сим хийж ашигласан талаарх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дэх тал),
2.7 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-24- 0275 дугаартай үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-35 дахь тал),
2.8. Яллагдагч С.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38-41 дэх тал),
2.9. Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ереже гэх аавын хамаатны хүн нас барсан тул тухайн хүний буяны ажилд оролцохоор Өлгий сумын 8-р багт байрлах тэдний гэрт очсон юм. Ажил явдалд оролцож байхад тухайн айлын хашаанд эсгий гэр байрлаж байсан ба тэр эсгий гэрийн хажуунаас би гар утас олж авсан юм. Тухайн газарт байсан хүмүүст гар утас олж авсан талаараа хэлээгүй ба ажилд явдалд оролцчихоод гэртээ харьсан юм. Тэгээд Өлгий сумын 2 дугаар багт байрлах гэртээ очиж, олж авсан гар утсыг асаах гэсэн боловч цэнэггүй байсан тул цэнэглэж байгаад асаахад сим карт нь пин кодтой байсан тул сим картыг гаргаж, утсыг форматлаж дэлгэцийн кодыг нь гаргасан юм. Тухайн үед миний гар утас алга болсон байсан, өөрийн ашиглаж байсан 99208221 дугаарыг сэргээх гэсэн боловч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан тул ээжийнхээ 94887899 дугаарын утсыг тухайн олж авсан гар утсанд хийж ашигласан. Ээж болох А.Женис нь Дэлүүн сумын 10 дугаар баг Хүйтэн нуур гэх сүлжээ барьдаггүй газар байдаг тул ээжийн маань хэрэглэж байсан сим карт манай гэрт байсан юм. Миний бие А-14 маркийн гар утсыг найзаасаа худалдаж авч, нөгөө олж авсан гар утсаа 2024 оны 12 дугаар сард ээжид тухайн 94887899 дугаартай сим картын хамт өгсөн ба ээж маань 62 настай хөгшин хүн ихээр андройд утас ашиглаж чаддаггүй, хөдөө сүлжээ барьдаггүй тул уг утсыг хөдөө гэртээ аваачаад хадгалж байсан юм. Хөдөө ямар ч тог байхгүй, сүлжээгүй тухайн утсыг ээж бараг ашиглаагүй байж байгаад аймгийн төвд ирэх үед цагдаагаас залгаж гээгдэл утас гэдгийг нь мэдэгдсэн юм билээ. Би ээжид тухайн гар утсыг ломбарднаас хямдхан авсан гэж хэлээд өгсөн, гээгдэл эд хөрөнгө гэдгийг ээж минь мэдэхгүй байсан. Тухайн үед гээгдэл эд хөрөнгийг хувьдаа ашиглаж болохгүй талаар мэдлэггүй байсан. ...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 1993 онд айлын 5 дахь хүүхэд болж төрсөн ба Өлгий сумын 3 дугаар сургуулийг 2012 онд төгсөж, улмаар цахилгаан хангамжийн инженер чиглэлээр Үндэсний техникийн дээд сургуулийг суралцаж 2016 онд төгссөн. Их сургууль төгссөнөөс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан ба 2024 оноос хойш Монгол шуудан ХХК-д үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Иргэн Ахботатай 2017 онд гэр бүл болсон ба дундаасаа 2 хүүхэдтэй, том хүүхэд маань 6 настай, бага хүүхэд маань 5 настай юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал),
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
3. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Кы гээгдүүлсэн ZTE V40 загварын гар утсыг олж авч, тухайн гар утсыг форматалж, 2024 оны 12 сарын 16-ны өдөр өөрийн ээж Аравханы Женисийн нэр дээр бүртгэлтэй, үүрэн телефоны мобиком корпорацийн 94887899 дугаарын сим картыг тухайн гар утсанд хийж ашиглаж байсан үйл баримт тогтоогджээ.
4. Хууль зүйн дүгнэлт:
4.1. Шүүгдэгч С.А нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Кы гээгдүүлсэн ZTE V40 загварын гар утсыг олж авсны дараа энэ талаар мэдэгдэж, эзэн нь олдвол хүлээлгэн өгөх, хэрэв эзэн нь олдоогүй бол орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэн өгөх эсхүл хадгалж хамгаалах үүрэгтэй байжээ.
4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.А нь хохирогчийн гээгдүүлсэн ZTE V40 загварын гар утсыг өөрийн эзэмшил, өмчлөлийнх биш, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглаж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, 350000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
4.3. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 350000 төгрөгийн хохирол учирсан учраас түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
4.4. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж олж авсан гар утсыг ашиглаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.6. Иймд шүүгдэгч С.Аыг хохирогч Х.Кы гээгдүүлсэн 350,000 төгрөгийн үнэтэй гар утсыг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Кд 350,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирол болох түүний гар утсыг биет байдлаар буцаан өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь хохирогчийн “Гар утсаа буцаан авсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 57 дахь тал),
5.2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Аыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч С.Аыг шүүхээс “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 43 дахь тал),
2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Аыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчээс “Гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан, торгох ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг тус тус гаргав.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч С.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
2.9. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
2.10 Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2413003270072 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б