Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч О.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Н*******д холбогдох эрүүгийн 2515000000088 дугаартай, 304/2025/0102/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* овогт Б*******гийн Н*******, Булган аймгийн ******* суманд 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын .........оотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Булган аймгийн ******* сумын ......... ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Н******* нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Corolla Axio” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн, мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 13.2-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж өөдөөс ирж явсан Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Б.Хгийн биед зүүн гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Corolla Axio” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг зөрчиж тус замаар эсрэг урсгалаар өөдөөс  зорчиж явсан “Toyota Prius-XW30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Хгийн биед нь “зүүн гадна хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргйин 9, 10-12 дахь тал/, хохирогч Б.Хгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-138 дахь тал/, гэрч У.Эгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/, шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 52-53/173 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-38 дахь тал/, Булган аймгйин Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дахь тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 25/03/12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-63 дахь тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 25/03/13 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-77 дахь тал/, яллагдагч Б.Н*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158 дахь тал/, Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10/71 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 175,176 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чийн мэдүүлэг /хавтаст хэргийн 181-183 дахь тал/, насанд хүрээгүй гэрч О.Эгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дахь тал/, гэрч С.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 190-191 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 141 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 142 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 143 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 144-145 дахь тал/  зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Н*******гийн хувийн байдлыг тодорхойлов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын  нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч Г.Пүрэвдуламын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгалаар өөдөөс зорчиж явсан “Toyota Prius-XW30” маркийн ******* ******* тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд түүний үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр өөрийн үйлдлээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргасан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” үедээ үйлдсэн гэх шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Б.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 13.1, 13.2А дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Н*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогоогдсон байх бөгөөд хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан нэр бүхий хүмүүсийн зардалд 2,406,894 төгрөг зарцуулжээ.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 2,406,894 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Н*******гоос 2,406,894 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Н*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдулам: “...Шүүгдэгч Б.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үр дагаврыг ч бас сайн ойлгож байгаа. Шүүгдэгч Б.Н******* нь хохирогчид учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлж барагдуулахаа бодитой илэрхийллээ. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр огт маргах зүйлгүй. Ингээд прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад прокурор уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ялын санал тохиролцсон байгаа. Иймд шүүгдэгч Б.Н*******д прокурортой тохиролцсон ялын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Н******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтсон орлоготой байх бөгөөд Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан хүмүүсийн зардалд зарцуулсан 2,406,894 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Б.Н*******гийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Н*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан  шүүгдэгч Б.Н*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Н******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г******* овогт Б*******гийн Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 13.1, 13.2А дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Н*******д “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Н*******д сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Н*******гоос 2,406,894 /хоёр сая дөрвөн зуун зургаан мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.

7.Шүүгдэгч Б.Н******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЁНДОНСАМБУУ