| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/00464/И |
| Дугаар | 130/ШШ2018/00595 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2018/00595
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын дүгээр багт оршин суух, утас 0, РД:0 М Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын дүгээр багт оршин суух, утас 0, РД:0 Х Ед холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Х.Е, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Ж гэдэг газар байрлалтай өвлийн сууц, өвөлжөөний хашаа хорооны хамт худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас үүссэн хохирол 8000000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Хаг нуурын Ж гэх газарт байдаг Х.Егийн өвөлжөөний хашаа, хороог 13 сая төгрөгөөр худалдаж авсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхнэртэйгээ хамт нүүдэллэн ирж, худалдан авсан өвөлжөөндөө суурьшсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хөрш айлууд болох Бекболат, Март, Мурат нар нь миний малыг тууж, хөөгөөд бэлчээрт малыг маань ерөөсөө гаргаагүй юм. Би Х.Егаас танаас худалдан авсан өвөлжөөнөөс асуудал гарч байгаа, энэ асуудлыг зохицуулж, газар болон хорооны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгч, үлдэгдэл тооцоогоо авч дуусгахыг удаа дараа шаардсан юм. Гэтэл Х.Е нь худалдсан өвөлжөөний бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүйгээс гадна 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х.Е нь Е гэгчтэй бүлэглэн намайг зодож танхайрсан. Цаашид тус хороонд оршин суух ямар ч боломжгүйд хүрээд байна. Харин багийн Засаг дарга миний худалдан авсан өвөлжөөг бэлчээрийн маргаантай тул өөр хүний нэр дээр шилжүүлэх боломжгүй, өгсөн авснаа буцааж аваарай гэсэн. Х.Е нь маргаантай хашаа хороог надад худалдсанаас болж надаас 8 сая төгрөгийг урьдчилан авчхаад буцааж өгөхгүй байна. Иймд Х.Егаас 8 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн өвлийн сууц, өвөлжөөний хашаа хороог 13 сая төгрөгөөр үнэлж худалдсан нь үнэн. Өвлийн сууц, хашаа хорооны үнээс 3 сая төгрөгийг бэлнээр, 4 сая төгрөгөөр үнэлж нэг толгой адуу, 30 толгой хонь, нийтдээ 7 сая төгрөгийг авсан болон. Харин М.А нь 8 сая төгрөг өгсөн гэдэг нь худлаа. Намайг Етай бүлэглэн М.Аийг зодсон гэдэг нь ор үндэслэлгүй гүтгэлэг. Учир нь, нэр дурдсан 2 иргэн айлын цайллаганаас халамцуу гарч үгээр маргаж улмаар харилцан зодолдоход миний бие салгаж авсан юм. Улмаар энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж иргэн Ег торгож арга хэмжээ авсан юм. Ингэхлээр энэ хэрэгт би огт холбогдолгүй болж таарна. Өвөлжөөний хашаа хорооны гэрчилгээг тооцоог бүрэн хийж дууссаны дараа иргэн М.Аийн нэр дээр шилжүүлж өгнө гэдгийг миний бие түүнд удаа дараа хэлж байсан болно. Харин М.А нь эцсийн тооцоог 2017 оны 6 дугаар сарын 15-нд хийж дуусгана гэж амлалт авч баримт өгсөн боловч энэ нь биелэгдээгүй билээ. Иргэн М.А нь урьдчилгаа болгон өгсөн 7 сая төгрөгийг буцаан авах хүсэлт гаргахад нь би надад одоо бэлэн мөнгө байхгүй, хашаа хороогоо өөр хүнд борлуулж байж тооцоо хийе гэж удаа дараа хэлж байсан. М.А нь саахалт айлуудын малчидтай эв дүйгээ ололцож эвтэй найртай амьдарч чадаагүй буруутан нь би биш баймаар юм. Миний бие өвлийн сууц, хашаа хороог 6 сар ашиглаж өвөлжөөндөө бэлэн байсан 1 тэвш түлээг хэрэглэсэн иргэн М.Аээс зохих төлбөр бүрэн эрхтэй гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд миний би иргэн М.Аээс авсан бэлэн мөнгө 3 сая төгрөг, 4 сая төгрөгөөр үнэлсэн 1 толгой адуу, 30 толгой хонийг түүнд эргүүлж өгөхөөс татгалзахгүй. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын тогтвортой эх үүсвэргүй учраас тооцоог бүрэн хийж дуустал хугацаа хэрэгтэй гэдгийг хэлье гэжээ.
Нэхэмжлэгч М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн иргэн Муратын А нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х-ын Ж гэх газарт байдаг Х.Ен өвөлжөөний хашаа хороог 13000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхнэртэйгээ хамт нүүж ирээд тухайн өвөлжөөндөө суурьшсан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 21-ээс эхлэн хөрш айлууд нь болох Бекболат, М, Мурат нар малыг нь хөөж туугаад, бэлчээрт малыг нь гаргахгүй хавчлага үзүүлсэн асуудал гарч байсан. Үүнээс болж М.А тухайн газрыг бүрэн хэмжээгээрээ эзэмших ашиглах боломжгүй байдалд хүрсэн. Энэ байдлыг Х.Ед хэлээд нэгдүгээр ээлжид худалдаж авч буй газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн. Гэвч хариуцагч Х.Е нь шилжүүлж өгөөгүй. Тийм учраас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Е гэдэг хүнтэй хамт нэхэмжлэгчийг зодсон асуудал гарч байсан. Түүнээс болж нэхэмжлэгч бол худалдаж авч буй зүйлээ худалдаж авахаа больж буцаалт хийх байр суурьнаас хандаад тухайн хашаа хороог нь буцааж өгч нүүгээд явсан. Урьдчилгаа болох 8000000 төгрөгийг хариуцагчид өгсөн байсныг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Х.Е шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би тухайн үед хашаа хороогоо М.Ат худалдаж, өөрөө нүүж Өлгийд ирсэн. Е, М.А хоёр нэг цайллагад очиход өөрсдөө хоорондоо зодолдож байсан. Гэхдээ би тэд нар зодолдож байгааг хараад, очиж салгасан. Би М.Ат гар хүрч зодоогүй. Ц сумын цагдаа, эмч нар нь очиж хариуцлага тооцож, өөрсдөө хоорондоо учраа олсон байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6000000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Мөнгө өгсөн үед би хашаа хороогоо нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Тэнд өвөлжингөө өвөлжиж, түлээ модоо хэрэглэж аваад, хавар болоход би хашаа хороог чинь авахгүй гэж хэлсэн. Тухайн үед М.Аээс авсан мөнгөө би хадгалаагүй. Хашаа байшин худалдаж авч, мөнгийг тухайн үед үрсэн. Би М.Ат хашаа хороогоо өөр хүнд зарж, мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Хэрвээ хонь авна гэвэл 30 хонь, 1 адуугаа ав, үлдсэн 3000000 төгрөгийг мөнгөтэй болох үед олж өгье гэж хэлсэн. Өнөөдөр гарын баримтуудыг үзээд бэлэн мөнгө 4000000 төгрөг авсан байна. Иймд 8 сая төгрөгт мал авна гэвэл хонь, морь өгч болно. Гэхдээ одоогийн байдлаар бэлэн мөнгө байхгүй байна, мөнгөтэй болоход төлж өгнө гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч М.А нь хариуцагч Х.Егаас 13000000 төгрөгөөр үнэлэн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Ж гэдэг газар байрлалтай өвлийн сууц өвөлжөөний хашаа хорооны хамт худалдан авсан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ байхгүй, мөн тухай газар нь маргаантай байгаа тул худалдах, худалдан авах гэрээг цуцлан нэхэмжлэгч М.А худалдан авсан өвлийн сууц өвөлжөөний хашаа хорооны хамт хариуцагч Х.Е өөрөө буцаан авсан нь зохигчдын шүүхэд хүлээн мэдүүлсэн тайлбар болон Ц сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, РД:0000 Б.Б, РД:0000 Б.М нарын нотариатаар гэрчлүүлсэн баримт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байгаа ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч М.А нь өвлийн сууц, өвөлжөөний хашаа хорооны хамт худалдан авахад М.Ед 8 сая төгрөг урьдчилан төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч М.Ен бичсэн гарын баримтад: М.Аээс 1 сая төгрөг бэлэн авлаа,
-2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч М.Ен бичсэн гарын баримтад: М.Аээс 30 хонь х100000 төгрөг =3000000 төгрөг, 2000000 төгрөг бэлэн авлаа,
-2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч М.Ен бичсэн гарын баримтад: М.Аээс 1 сая төгрөг бэлэн авлаа,
-Хариуцагч М.Ен (шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр) М.Аээс хар морийг 1000000 төгрөгөөр үнэлж аваад, М.Маар хүргүүлсэн болох нь Х.Мын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн гарын баримтаар тус тус хариуцагч Х.Е нь бүгд найман сая төгрөг өгсөн болох нь нотлогдож байна.
Мөн хариуцагч Х.Ен 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бичсэн гарын баримтад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хашаа хороог зарсан. Үүнээс бэлнээр 8000000 төгрөг авсан, үлдсэн 5000000 төгрөгийг 2018 онд авах ёстой байсан боловч тохиролцож чадаагүйн улмаас хараа, хороог буцааж авсан. Авсан 8000000 төгрөгийг мөнгөтэй болох үед өгнө гэсэн байна.
Иймд нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Егаас 8000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Егаас 142950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-ийг тус тус баримтлан хариуцагч С овогт Х Е-гаас Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Ж гэдэг газар байрлалтай өвлийн сууц, өвөлжөөний хашаа хорооны хамт худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас үүссэн хохирол 8.000.000 (найман сая) төгрөгийг гаргуулан Найман бура овогт Муратын Ат олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Егаас 142950 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК