Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

  2025            04            04

                            2025/ШЦТ/82

 

 

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч С.Алтай,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт  Брын Мд  холбогдох 2513000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын ... дүгээр /Х.../ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ес.эн ургийн овгийн Б.ын М, регистрийн дугаар: ...

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр /Хатуу/ багийн нутаг дэвсгэрт байх төрсөн эцэг Р.Б.ын гэрт согтуугаар төрсөн дүү болох Б.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд баруун гарын сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М: “Би тухайн үед согтуу байх үедээ гэрийнхэндээ агсам тавьж, дүү Н-Эйг гарыг чанга атгаж, чигчий хурууг нь гэмтээсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Гэр бүлийн хүмүүсийн биед халдаагүй. Хааяа аймгийн төвд орж ирэхээр архи уучихаад байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсон. Насанд хүрээгүй хүүхэд болох хохирогч Б.Н, шүүгдэгч Б.М нар төрсөн ах дүүс. Ах нь согтуу байх үедээ гэр бүлдээ агсам тавьж, хүчирхийлэл үйлдэж, хохирогч хүүхдэд хүндэвтэр гэмтэл учирсан. Б.Н нь төрсөн ах Б.Мд ямар нэгэн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснийг мэдэгдэж байна” гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.М нь гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байгаа. Ял оногдуулахад хөнгөрүүлэх байдал буюу хохирол учраагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мд 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм бэ гэхээр Б.М нь архи согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хүчирхийлэл үйлдэж байгааг харгалзаж байгаа байх. Миний хувьд улсын яллагчийн санал болгож байгаа ялыг 6 сарын хугацаагаар хорих ял болгож багасгаж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч байнга архи ууж, архины хамааралтай байгаагаас гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдал алдагдаж байна. Тиймээс шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж архинаас гаргах зорилгоор улсын яллагчаас хорих ял оногдуулах саналыг эсэргүүцэхгүй байгаа. Гэхдээ хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв. 

1.4. Улсын яллагч Д.Ал шүүхийн хэлэлцүүлэгт: “…Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн зүгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэдэг. Хувийн байдлын хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдоогүй боловч гэр бүлээсээ салсан. Эцэг эхийнхээ гэрт амьдардаг. Ингээд амьдарч байх хугацаандаа мөн л үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж, хүчирхийлэл үйлдэх явцдаа насанд хүрээгүй хүүхэд болох өөрийн төрсөн дүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байсан. Энэ үйл явдлыг шалгаж байх явцад гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг үндэслэхэд тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн ямар нэгэн зүй бус үйлдэлд нөлөөлөөгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдлын талаар ярихад тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан гаргадаг, шалтаг шалтгаангүйгээр дандаа архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэг. Тухайн гэмт хэрэг гарсан нөхцөлд хохирогчийн ямар нэгэн зүй бус үйлдэл нөлөөгүй зэрэг нөхцөл байдал нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд, гэр бүлийн гишүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж улсын яллагчийн хувьд дүгнэж яллах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгаа. Яллах дүгнэлт үйлдэхээс өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн байгаа. Иймд шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзсэн тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол, хор уршгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн ах Б.Быг тогтоосон байдаг боловч тухайн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байна гэж үзэж прокурорын зүгээс дээрх тогтоол мэдүүлгийг нь хүчингүй болгож, дахин холбогдох хүүхдийн байгууллагын төлөөлөгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан боловч мөн ялгаагүй насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдэг талаараа илэрхийлсэн мэдүүлгүүдийг өгсөн. Иймд шүүгдэгчийг энэ шийдвэрээр бусад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээр хуульчилсан байгаа. Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн. Хувийн байдлын хувьд хэдийгээр гэмт хэрэг өмнө нь үйлдэж байгаагүй боловч байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг. Хохирол, хор уршгийн хувьд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө бүрэн хамгаалах чадваргүй гэр бүлийнхээ гишүүний эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Харин хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд аль аль нь тогтоогдоогүй байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж, шүүгдэгчийн дээрх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Яагаад 1 жил 6 сарын хорих ял оногдуулж байгаа юм бэ гэхээр дээрх нөхцөл байдлаас гадна эрүүгийн хариуцлагын зорилтод энэ нь нийцэж байна гэж үзэж байгаа. Учир нь эрүүгийн хариуцлагын зорилт маань нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нөгөө талаасаа цээрлүүлэх шинжийг агуулсан байдаг. Шүүгдэгчийн хувьд энэ хүнийг нийгэмшүүлж гэр бүлийн гишүүдээс нь тусгай байгууллагад байлгаж энэ ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж хорих ялыг сонгосон байгаа. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагуудад эдлүүлэх саналыг гаргаж байна. Учир нь юу гэвэл анх удаа энэ хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бол хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байдаг. Тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Мөн бусдад төлөх төлбөргүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, түүнд авсан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх гэсэн дүгнэлтүүдийг гаргаж байна” гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2513000000033 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Р.Баас зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зүрх өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед манай хүү болох Б.М гэрт согтуу ирээд манай эхнэр буюу өөрийн төрсөн ээж М.Хг, дүү нь болох Б.Н нарын амгалан тайван байдлыг алдагдуулан агсам тавьж, гар хүрээд зодож хутга болох багаж гэх мэт хурц үзүүртэй зүйл бариад тэд нарыг ална гээд гэрээс хөөсөн байна. Тухайн үед би өөрөө эмнэлэгт хэвтэж байсан учир энэ талаар мэдээгүй. Дараа нь мэдээд эхнэр М.Хөгжилцэцэгт “цагдаа дуудаад бариулахгүй яасан” гэхэд бид нар тухайн үед хүргэн ахыг нь дуудна гэхэд тэр арай гайгүй болохоор нь чимээгүй хаясан гэсэн. Мөн өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой над руу мотоцикль авч өг гээд дайраад айлган сүрдүүлж бэлчээрт байсан адууг тууж ирээд 3 жил унаагүй тарган азаргыг авч ирээд гэрийн гадна уяад зарна гээд бид нарыг мөн дарамталсан. Б.М урьд өмнө зөндөө олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд бид нар төрүүлсэн үр минь гэж бодоод тэр болгон гомдол гаргаж байгаагүй. Сүүлийн үед гаргаж буй зан араншин хэрээс хэтэрч бид нарт гар хүрдэг болсон. Мөн мал хариулж байхад бид нарт хэлэлгүй зөндөө олон малыг зараад сүүлд бид нарын мал цөөрч цөөхөн малтай үлдсэн. Хичнээн бид нар нэг гэр бүл гээд зарсан мал нь дундын өмч байсан ч тухайн зарсан малын мөнгөөр архи худалдаж аваад ууж бид нарын амгалан тайван байдлыг байнга алдагдуулаад байна. Тухайн үед манай гэрт М.Хөгжилцэцэг, хүү Б.Н нар байсан. Б.М согтуу хутга бариад манай эхнэр, дүү нарлуугаа дайрахад зугтаад явсан учир тэд нарт ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Харин бага хүү болох Б.Н хутгын авах гээд барьж байхад түүний гарыг мушгиад бэртээсэн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

2.3. Насанд хүрээгүй хохирогч Б.Но-Эрийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 12 дахь тал),

2.4. Яллагдагч Б.М-Эрйн иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 14 дэх тал),

2.5. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Еын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай "...Иргэн Б.Нн-Эрн биед баруун гарын сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугаралтай, бага зэрэг хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учиран хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зарэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

2.6. Насанд хүрээгүй хохирогч Б.Н-Эрйн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал),

2.7. Насанд хүрээгүй хохирогч Б.Нн-Эйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ах болох Б.М нь Бугат сумын төв рүү явсан байсан ба тухайн өдрийн орой нь сумаас 15 цагийн үед гэртээ ирэхдээ согтуу ирсэн юм. Тэгээд Б.М ах над руу “чи миний ямааг идчихлээ” гэх зэргээр агсам согтуу тавьсан бөгөөд тэр үед би ахыг барьж аваад түүнийг хүлэх гээд ноцолдож байхад Б.М ах миний гарнаас барьж авсан. Тэр үед ах М миний баруун гарны сарвуу хэсгээр гараараа атгасан байсан, тэгээд миний гарыг мушгих үед миний баруун гарын чигчий хуруу өвдсөн, тэр үед би тоохгүйгээр Б.М ахыг хүчээр дараад бүсээр гар хөлийг нь хүлсэн юм. Тэгтэл дараа нь миний баруун гарны чигчий хуруу өвдөж хавдаж эхэлсэн юм. Тэгээд сүүлд манай ээж сумын цагдаад дуудлага өгч шалгуулсан. Тэгтэл намайг цагдаагаас шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн бөгөөд би гэмтлийн эмнэлэгт очиж гэмтсэн хурууны зураг авахуулахад миний баруун гарны чигчий хуруу хугарсан байсан. Манай ах Б.М нь архи ер нь хэрэглэдэг бөгөөд сум руу яваад ирэхдээ байнга согтуу гэрт ирдэг. Тэр бүртээ бид нарт агсам согтуу тавьдаг ба ихэвчлэн аав ээжид агсам тавьдаг, харин өмнө нь надад гар хүрч зодож байгаагүй. Тухайн үед Б.М ахын надад учруулсан гэмтэл нь одоо эдгэрсэн ба ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Тэгэхэд би ээжийнхээ хамт байсан, Б.М ах миний гарыг мушгиж гэмтээсэн талаар би ээждээ хэлж байсан. Б.М нь миний төрсөн ах учраас миний зүгээс түүнд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, харин Б.М ахад  хуулийн хүрээнд арга хэмжээ авах нь зүйтэй байх” гэх мэдүүлэг /ХХ-ийн 75-76 дугаар хуудас/,

2.8. Шүүгдэгч Б.М-Эйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие надад ял сонсгосон тогтоолыг уншиж танилцсан, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан байх, хөдөөнөөс аймгийн төвд ирсэн байсан ба хөдөө гэртээ очих үедээ согтуу байсан, тэгээд гэртээ ирээд дүү, ээж хоёртой маргалдсан, тухайн үйл явдлаа би үнэндээ сайн санахгүй байгаа. Тэгээд орой тийш болоход миний дүү Н-Энэ нь намайг хүлсэн байсан, тэгээд би хүлээсийг тайлж өгөхийг гуйсан бөгөөд хүлээсээ тайлуулаад гэртээ ороод унтсан. Тухайн үед миний ээж, дүү хоёр намайг архи ууж ирээд гэртээ агсам согтуу тавилаа гэж загнаж байсан ба дүүгийн гарын чигчий хуруу гэмтсэн, хавдсан талаар хэлж байсан. Дараа нь сумын цагдаагаас намайг шалгасан юм. Яг тухайн үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна, би тухайн үед нэлээд согтуу байсан ба хийсэн үйлдлээ сайн санахгүй байна, ямар ч байсан дүү, ээж хоёр намайг загнаж байсан, тэгэхээр нь би тэр хоёрт жаахан агсам тавьсан, тэгээд дүү Но-Энэ нь намайг дараад хүлсэн.  Би өмнө нь гэртээ агсам согтуу тавьж байгаагүй, тэр өдөр л гэртээ согтуу очоод агсам тавьсан байна. Тухайн өдөр би сумын төвөөс замын машин тосоод хөдөө гэр рүү харьсан бөгөөд замд сууж явсан машин дотор нэг хүнтэй нийлээд 1 шил архи хувааж уусан, тэгээд маш их согтсон байна. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, төрсөн дүүгийнхээ гарыг мушгиж, хурууг нь хугалсандаа маш ихээр гэмшиж харамсаж байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Гэрлэсний бүртгэлийн лавалагаа (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

2.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаднаас гэртээ согтуу ирж, төрсөн ээж М.Хг, төрсөн дүү Б.Н нарт агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад түүний  зүй бус үйлдлийг таслан зогсоохоор оролдож байсан, төрсөн дүү, насанд хүрээгүй Б.Номин-Эрдэнийг Б.М нь эсэргүүцэж, улмаар насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн баруун гарыг чанга атгаж, чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал  гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.  

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар уг гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

4.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр тогтооно” гэж,  3.2.1-д “гэмтэл түүнээс үүссэн эд, эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” бол хүндэвтэр зэрэг гэж тогтоохоор тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Б.М-Эрйн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-Эйн эрүүл мэндэд учирсан “Баруун гарын сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал” гэмтлийг эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар буюу удаан хугацаагаар сарниулах шинжээр нь хохирлын “Хүндэвтэр” зэрэгт хамааруулсан Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ерболын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мх-Эрйн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

5.Прокуророос шүүгдэгч Б.М-Эрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэх үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг учруулсан хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг биш бөгөөд харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан байна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт: ”Энэ хуульд заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.М, насанд хүрээгүй хохирогч Б.Н нар нь нэг гэр бүлд хамт амьдардаг, төрсөн ах дүүс болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь тухайн өдөр согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр гэр бүлийн гишүүдэд агсам тавьж, амгалан тайван байдлыг нь алдагдуулах явцдаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр төрсөн дүү Б.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд баруун гарын чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

6.Иймд шүүгдэгч Б.М-Эийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Мх-Эрийн архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

8. Шүүгдэгч Б.М-Эрйн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-Ээнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч Б.Мэс нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мэс гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

1. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хохих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ал шүүх хуралдаанд:”...Улсын яллагчийн санал болгосон хорих ялыг багасгаж, шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

4. Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

6. Иймд шүүгдэгч Б.М-Эн согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал,  анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал,  байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа гэх хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нийгмийн хор аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд  хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.7, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е ургийн овгийн Бын М-Эрнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мд  10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 10 (арав) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч Б.Мэс сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээтэй холбоотой бусад зардлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мэс гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.М-Эйн эдлэх хорих ялыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б