| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0492/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1381 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг
улсын яллагч Б.Мөнхтулга
иргэдийн төлөөлөгч Г.М**********
шинжээч ********** /цахимаар/
гэрч Б.Г**********
хохирогч А.Т**********, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг
шүүгдэгч Ц.Л**********, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ********** овогт ******************** “2406 07108 3574” дугаартай хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг ********** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ********** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
********** овогт **********-ын ********** /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********** тоот хашааны гадна өөрийн найз хохирогч ********** үл ялих зүйлээс болж маргалдан, түүний цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад хохирогч ********** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай над руу залгасан. Би түүнд “ажил дээр дугуй бууж байна, оройтох юм шиг байна. Орой уулзъя” гэж хэлсэн. Тухайн өдөр гэрч ********** бид 2 манай ажил дээр цуг байсан. Орой ажлаа тараад бид 2 манайд орж хоол идчихээд би ********** гэрт нь хүргэж өгөөд ********** гэрт 11 цаг өнгөрч байхад очсон. ********** эхнэртэйгээ цуг орондоо орчихсон байсан. Би түүнд “за яах юм бэ? ганц шил архи хувааж уух юм уу?” гэхэд ********** босоод ирсэн. Тэгээд гараад миний машинд нэг шил архи хувааж уусан. 1 шил архиа ууж дуусгачхаад хоорондоо ярилцаад дахиад нэг шил юм хувааж уухаар болоод ********** дуудаж машинаа бариулаад ********** CU орж 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво авсан. Би машин дотор байхдаа “Өчнөөн олон жил найзалчхаад битгий найзыгаа писда наахуугаар нь дуудаж бай л даа.” гээд үүнээс болж бид зодолдсон. ********** над дээр мордож суугаад нүүр рүү цохиж байхад ********** бид хоёрыг салгасан. ********** биднийг “юунаас болж маргалдаад байдаг юм бэ?” гээд салгасан. Тэгээд ********** гэр рүүгээ явсан. Миний хөмсөг сэтрээд нүд рүү цус ороод байхаар ********** руу “угаах ус байна уу?” гэхэд “байхгүй” гэсэн. Тэгэхээр нь гараараа нүүрнийхээ цусыг арччихаад явах гэж байтал ********** “чамайг алчихъя л даа” гээд хутга далайгаад гараад ирсэн. Би түүний хутганаас зайлсхийхэд машин тулсан бөгөөд хутга нь миний цээжний урдуур зөрөөд өнгөрсөн. Тэгэхээр нь би зүүн гараараа тохой хэсгээс нь бариад баруун гараараа шуунаас нь барьж авсан. ********** гар хуруугаа дугтчаад байхаар нь би гарыг нь түлхээд машины ар руу холдсон. Тэгээд ********** бууж ирээд “чи хүн хутгалчихлаа шд ээ” гэхээр энэ үйл явдлаас болоод би хүн хутгалчихлаа гэж бодоод 102 дугаар дуудлага өгсөн. Тэр хооронд ********** дээш нь харуулсан. Над руу 102 дугаараас залгаад “хаягаа хэл” гэхээр нь би хаягийг нь мэдэхгүй байсан тул төв зам дээрээс цагдаа нарыг тосож авсан. Цагдаагийн машинаас бууж ирмэгц надаас “найз чинь хаана байсан бэ?” гэж асуухаар нь би хуруугаараа “энд байсан” гээд заатал зураг дарж байсан. Тэр хооронд машин тэрэгтэй хүүхдүүд нь ирсэн. Намайг болохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд саатуулсан. Маргааш өглөө нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ирээд ********** хэмээх байцаагчид хүлээлгэж өгсөн. Байцаагч компьютер дээрээ юм хийж байгаад надаас “за юу болсон. Болсон хэргийн талаар ярь” гэж хэлсэн. Тэгээд би “********** би хутгалаагүй. Би хутга шөвөг бариагүй.” гэхэд байцаагч намайг “чи юу яриад байгаа юм бэ? ингэж хэлэх юм бол чиний хэрэг чинь улам хүндэрнэ. Би нар ийм хэрэг зөндөө мөрдөж байна. Тэгсний оронд чи хэргээ үнэн зөвөөр нь хүлээгээд батлан даагчаа дуудаад яв” гэсэн. Ингээд хэлтэл цонхон талд сууж байсан байцаагч “наадхаа явуулж болж байгаа юм уу?” гэсэн тэгэхээр нь би ингээд л хоригдчихож байгаа юм байна гэж бодоод “хутга бариад гараад ирэхээр нь хатгасан барьсан” гээд буруу мэдүүлэг өгсөн.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ: “2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр намайг гэртээ унтаж байхад ********** ирээд намайг дуудаад гаргасан. Бид хоёр гараад нэг шил архи хувааж уусан. Би түүнээс “яасан юм бэ? хөгшөөн” гэхэд “эхнэртэйгээ муудалцсан” гэж хэлсэн. Ууж байсан нэг шил архи дуусаад ********** CU орж 2 пиво аваад хувааж уусан. Тэрнээс хойшоо юу болсон талаар сайн санахгүй байна. Энэ хэрэг гараад 8 сар гарангын хугацаа өнгөрсөн боловч шарх гүйцэт эдгээгүй, идээ бээр гарсаар л байгаа тул өдөр болгон боолт хийлгэж байгаа. Дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч ********** мэдүүлэхдээ: “Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй мэргэшлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад цолтой. 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 13078 дугаар дүгнэлтээр “хохирогч ********** биед цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл, цээжний хөндийн мэс засал /2024.09.25/ тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах зүсэх механизмаар үүснэ” гэх дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу ямар гэмтэл гэдгийг тогтооно. Хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан, хаанаас ямар эрхтийг гэмтээх гэж байсныг тогтоох боломжгүй. Хэрвээ гэмтэл нь нурууны ар хэсэг зэрэг өөрөө үүсгэх боломжгүй газар байсан бол 100% хариулах боломжтой байсан. Хохирогчид учирсан шархыг харахад өөрөө үүсгэсэн, өрөөл үүсгэсэн гэж хэлэх боломжгүй. Аль аль нь гэмтэл учруулах боломжтой. Хутганд мөр, ир гэсэн хэсэг байдаг. Хутгалагдсан шархнаас үзэхэд мөр нь аль талдаа ир нь аль талдаа гэдгийг цогцос буюу талийгаач дээр хийдэг. Хохирогчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авчихсан, шарх цэвэрлэгдсэн байдалтай учир хутганы мөр, ир аль талдаа гэдгийг тогтоох боломжгүй. Хохирогчид өвчүүний зүүн талаар шарх үүсгэсэн байсан.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ********** мэдүүлэхдээ: “Шүүгдэгч **********, ********** нартай найз нөхдийн холбоотой. Тухайн өдөр ********** над руу залгаад “машин бариад CU ороод пиво аваад ир” гэсэн. Тэгэхээр нь 2 пиво аваад очсон. Намайг очиход орой болчихсон дэлгүүр хаачихсан байсан. ********** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, согтуу машин барьж чадахааргүй байсан. Намайг очиход ********** машин ********** гэрийн гадаа байсан. CU орж пиво авчхаад “эхлээд хэнийг буулгах вэ?” гэхэд “********** буулгая” гэсэн. Тэгээд ********** гэрийн гадаа очиход энэ 2 чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн хоорондоо маргалдаад л байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Согтуу хүмүүс чинь хоорондоо писда наахуугаараа л дуудалцаад байсан. Тэр 2 пивоо замдаа ууцгаасан. Тэгээд ********** гэрийн гадаа ирсэн. Тэгээд ********** буулгах гэж байтал нэг мэдэхэд л энэ 2 дээр доороо орчихсон зодолдоод байж байсан. Тэгээд би “согтуу байж юугаа булаацалдаад байдаг юм бэ?” гээд тэднийг салгасан. ********** татаад машины хойгуур тойроод хаалга нээгээд суулгах гэтэл энэ хоёрын нэг нь “хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь тойроод иртэл ********** хашааны хаалганы өмнө дөрвөн хөллөчихсөн сууж байсан. ********** дээш нь харуулаад ********** “цагдаа, түргэн дуудаач ээ” гэсэн. Эргээд хартал газар хутга, хажууд нь томхон заазуур байсан. Би тэгэхээр нь заазуурыг нь хашааны ёроол руу, хутгыг нь хогны сав руу өшиглөчихсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд заазуурын талаар хэлсэн л байх ёстой доо. Би аль алийг нь өшиглөсөн. Энэ талаар сайн санаж байна. Хоёр өөр зүг рүү өшиглөсөн. Тэгээд би ********** дээш нь харуулаад эхнэрийг нь дуудсан. ********** бид хоёр ********** үүдний таамбарт нь оруулсан. Цагдаа нарыг ирэхэд би байсан. Цагдаа түргэн хоёрын аль нь түрүүлж ирсэн талаар санахгүй байна. Ямар ч байсан түргэн ирээд ********** дусал хийгээд Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Хутга хаанаас гарч ирсэн, хэний хутга гэх талаар мэдэхгүй байна. Том хутга, заазуур хоёр л байсан. Би ********** “чи хүн хутгалчихлаа” гэж хэлээгүй. Энэ хоёрын нэг нь “чи хутгалчихлаа шд ээ” гэсэн. Тэгээд энийг сонсоод машин тойроод иртэл ********** дөрвөн хөллөчихсөн хашааны үүдэнд байсан. Хутга хэний гарт байсан талаар хараагүй, хутга газар байсан. ********** хохирогчийг хутгалж байхыг харсан зүйл байхгүй. Би “Хутгалчихлаа шд ээ” гэхийг сонсоод машин тойроод л ирсэн. ********** ертөнцийн зүгээр урд хашааныхаа үүдэнд дөрвөн хөллөчихсөн байсан. Хутга, заазуур зэрэгцээд байж байсан. Би хутгыг хогны тийш ээ, заазуурыг хашааны ёроол руу өшиглөсөн. Хутга байгаа газрыг цагдаа нарт би зааж өгсөн. Хутга хашааны гадаа байсан шуудайтай хогны хажууханд байгаа гээд хэлсэн. Заазуурыг хашааны ёроол руу өшиглөсөн. Би сандарсандаа хутга, заазуурыг өшиглөөд “цагдаа, түргэн дуудаарай” гэсэн. Гэмт хэрэг хашааны үүдэнд болсон. Мөрдөн шалгах ажиллагаанд заазуурын талаар ********** мөрдөгчид хяналтын камер нь доор өгсөн. Өөрийн өгсөн мэдүүлэгт гарын үсэг зурсан. “Намайг хутгалчихлаа шд ээ” гэхийг яг хэн хэлсэн талаар сонссон. Тухайн үед би сандарсан байдалтай байсан. Цагдаа нарыг ирэхэд би хутга, заазуур байгаа газрыг зааж өгсөн. Энэ талаар мэдүүлэгтээ хэлээгүй, надаас асуугаагүй. Хохирогч, шүүгдэгч нар машины баруун талд маргалдсан. Машин гудамж уруудаад хараад зогсож байсан. Ертөнцийн зүгээр заах боломж алга. Шүүгдэгч, хохирогч нарыг маргалдах үед би машиндаа байсан, тэд жолоочийн эсрэг талд маргалдсан. Машин буруу талдаа хүрдтэй. ********** асар хурдан хугацаанд эргэж ирсэн. Хутга хэзээ хаанаас гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Би “********** ор, ********** бос” гэх хооронд л бүх зүйл болсон. Хохирогчийн гэр, хашаа хоёр хоорондоо 10 метр орчмын зайтай. Тээврийн хэрэгсэл дотор хутга байгаагүй, хэн нэгэнд хутга байсан талаар анзаараагүй. Хохирогчтой 20 гаруй жил, шүүгдэгчтэй 40 гаруй жил найзалж байна. Бидний дунд өр авлага, өс хонзон байхгүй. Би сандарсандаа ********** “чи хүн хутгалчихлаа шд ээ, цагдаа түргэн дуудаарай” гэсэн. ********** хохирогчийг хутгалж байхыг хараагүй. Би харсан бол юу гэж найзыгаа хутгалуулах вэ дээ. Цагдаа нарыг ирэхэд би заазуурыг хашааны ёроол руу өшиглөсөн талаар хэлсэн. Хутга, заазуурыг зэрэг л өшиглөчихсөн. Намайг очиход заазуур байсан даа. Хутга нь урдаа, заазуур нь ардаа хоёр тийшээ болчихсон байсан. Харанхуйд заазуур хутга цус болсон талаар харанхуй байсан учир хараагүй. Хэдийгээр гудамж гэрэлтэй ч гэсэн цус болсон эсэхийг сайн хараагүй.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар тал/, хохирогч ********** мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/, шүүгдэгч ********** сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч **********-гийн 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 13078 дугаар дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн хошууч М.Алтан-Одын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3375 дугаар дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/, шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 680 дугаар албан тоот, түүний хавсралт /хх-ийн 53-110 дугаар тал/, хохирогч ********** хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 112-126 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ********** нарын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр дүгнэлт /хх-ийн 149-151 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********** тоот хашааны гадна өөрийн найз хохирогч ********** үл ялих зүйлээс болж маргалдан, түүний цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр: “Би найзыгаа хутгалчихлаа.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********** өгсөн: “Баянзүрх дүүргийн ********** тоот гэртээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө манай найз ********** орж ирээд “гаръя ганц юм ууя” гэхээр нь эхнэр “гаргахгүй” гэсэн. ********** “би гараад машиндаа байж байя” гээд гараад явахаар нь би эхнэрээс гуйж байгаад ********** араас гарсан. Гадаа гараад ********** машин дотор цэнхэр шилтэй 0.75 литрийн архийг хувааж уусан. Архиа дуусаад байж байхад ********** найз ********** дуудаад улиастайн эргэдэг дээр байдаг CU ороод ********** хоёр ороод 2 ширхэг 2 литрийн савлагаатай пиво авч гараад ирээд буцаад манай гэрийн үүдэнд ирээд пиво уусан. Тэгээд пиво ууж байгаад би муудаад тасарсан байсан, юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. ********** архи уугаагүй. ********** бид хоёр хань болоод машин барьж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********** өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 24-ний 23 цагийн орчимд гэртээ амарч байхад гаднаас нөхрийн найз болох ********** орж ирээд “ганц юм ууя гаръя” гэсэн. Би нөхөртөө “хэрэггүй” гэж хэлсэн боловч “зүгээр ээ” гээд гараад явсан Гэтэл шөнө 03 цагийн үед нөхрийн найз болох ********** орж ирээд “********** хутгалуулчихсан, гадаа хэвтэж байна.” гэж хэлсэн. Гараад хартал ********** хажууд ********** зогсоод “би найзыгаа хутгалчихлаа, би цагдаа дуудсан” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********** өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 01 цагийн орчимд ********** гэх найз залгаад “чи хүрээд ирээч CU ороод юм авах гэсэн юм” гэхээр нь би гэрээсээ гараад хохирогч ********** гэрийн гадаа яваад очиход **********, ********** хоёр машин дотор согтуу байсан. Тэгээд би машиныг бариад ********** CU ороод ********** хоёр ороод гарч ирэхдээ хоёр ширхэг 2.5 литрийн пивотой гарч ирсэн. Тэгээд буцаад ********** гэрийн гадаа очоод тэр хоёр авсан пивоо ууж байгаад хоорондоо писда наахуугаараа дуудалцаад хэрэлдээд байсан. Тэгэж байгаад тэр хоёр машинаасаа буугаад дээр доороо ноцолдоод байхаар нь би очоод салгаад ********** “суу явъя” гэхэд ********** гэр рүүгээ яваад орсон. ********** машиндаа суух гэж байхад ********** “чи намайг хутгалчихлаа шд ээ” гэхээр нь би яваад очиход ********** өвдгөн дээрээ суусан байдалтай цээжин хэсгээс нь цус гарсан байхаар нь би ********** “чи хүн хутгалчихлаа шд ээ” гэж хэлээд ********** дээш нь харуулж хэвтүүлээд, эхнэрийг нь дуудаад эхнэртэй нь хамт гэрийнх нь үүдний таамбар хэсэгт оруулсан. Удаагүй цагдаа орж ирээд “битгий хөдөлгөөрэй” гээд байж байхад эмнэлэг хүрч ирээд хутгалсан гэх газарт бинтээр нь боогоод ********** эмнэлэг рүү авчирсан би эхнэртэй нь хамт явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ********** 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 13078 дугаар:
1. ********** биед цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл, цээжний хөндийн мэс засал /2024.09.25/ тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах зүсэх механизмаар үүснэ.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн хошууч ********** 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3375 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/,
Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 680 дугаар: “********** нь тус эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан болно. Өвчний түүхийн №24я/03396 хуулбарлан хүргүүлэв.” гэх албан тоот, түүний хавсралт /хх-ийн 53-110 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********** гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 112-126 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ********** нарын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр:
1.Үзүүлэгч **********-н сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна.
2. Үзүүлэгч **********-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
3.Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 149-151 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********** тоот хашааны гадна өөрийн найз хохирогч ********** үл ялих зүйлээс болж маргалдан, түүний цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Хохирогч ********** зүгээс: “Хэлэх зүйлгүй.” гэх тайлбар,
Хохирогч ********** өмгөөлөгч Д.Энхцэцэгийн зүгээс: “Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж байгаа боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдож байна. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн ********** нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан үйл баримт нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон байх тул улсын яллагчийн зүгээс зүйчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийтдээ 4.475.055 төгрөгийг хохирол учирсан. Шүүгдэгчийн зүгээс бэлнээр хохирол төлбөрт 2.800.000 төгрөгийг бэлэн өгсөн харин 192.00 төгрөгийн тариа авч өгсөн. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас миний үйлчлүүлэгчид 7.771.800 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байдаг. Мөн хохирогчийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг илэрсэн бөгөөд үүнийг шүүх бүрэлдэхүүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тохирох хувиар тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү.” гэх дүгнэлтийг
Шүүгдэгч ********** зүгээс “Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх тайлбар,
Шүүгдэгч ********** өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн зүгээс “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********** тоот хашааны гадна болсон хэрэг явдлыг хянаад миний үйлчлүүлэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч ********** биед хүнд гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч нь хохирогчийг хутгалсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эрхийг зөрчиж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хэрэг гарсны маргааш нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний үйлчлүүлэгчээс сэжигтнээр мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэж хуулиар нарийвчлан заасан. Тус хуулийн зохицуулалтын дагуу миний үйлчлүүлэгч яллагдагчаар татагдсан тогтоолтой танилцсан этгээд биш, эсхүл баривчлагдсан этгээд ч биш байхад түүнээс сэжигтнээр мэдүүлэг авсан нь буруу. Хууль зөрчиж авсан мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Түүний өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгээр нь ч буруутгаж болохгүй. Шүүгдэгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх хүсэлт гаргасан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн “хохирогч өөрөө гэрээсээ намайг алчихъя ч гэсэн байдалтай хутга аваад гараад ирсэн. Тэгээд гарыг нь болиулах гэж ноцолдсон” гэдэг. Үүнээс үзэхэд тус гэмт хэрэг гарахад аргагүй хамгаалалтын үйл баримт байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”
3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэжээ. гэж заажээ.
Хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх энэхүү нөхцөл байдал үүсэхгүй билээ.
Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцдоггүй болно.
Шүүгдэгч ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********** тоот хашааны гадна өөрийн найз хохирогч ********** үл ялих зүйлээс болж маргалдан, түүний цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр: “Би найзыгаа хутгалчихлаа.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********** өгсөн: “... Гараад хартал ********** хажууд ********** зогсоод “би найзыгаа хутгалчихлаа, би цагдаа дуудсан” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********** өгсөн: “... ********** машиндаа суух гэж байхад ********** “чи намайг хутгалчихлаа шд ээ” гэхээр нь би яваад очиход ********** өвдгөн дээрээ суусан байдалтай цээжин хэсгээс нь цус гарсан байхаар нь би ********** “чи хүн хутгалчихлаа шд ээ” гэж хэлээд ********** дээш нь харуулж хэвтүүлээд, эхнэрийг нь дуудаад эхнэртэй нь хамт гэрийнх нь үүдний таамбар хэсэгт оруулсан. Удаагүй цагдаа орж ирээд “битгий хөдөлгөөрэй” гээд байж байхад эмнэлэг хүрч ирээд хутгалсан гэх газарт бинтээр нь боогоод Цэргийн төв эмнэлэг рүү авчирсан би эхнэртэй нь хамт явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ********** 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 13078 дугаар:
1. ********** биед цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл, цээжний хөндийн мэс засал /2024.09.25/ тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах зүсэх механизмаар үүснэ.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар тал/,
Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 680 дугаар: “********** нь тус эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан болно. Өвчний түүхийн №24я/03396 хуулбарлан хүргүүлэв.” гэх албан тоот, түүний хавсралт /хх-ийн 53-110 дугаар тал/ болон бусад нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч ********** гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдуулан 4.475.055 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сан нь 7.771.840 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.989.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: хоёрдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** сэтгэцэд гэмт хэргийн улмаас хоёрдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.920.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч ********** гаргуулж хохирогч ********** олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ********** зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан. Шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд шүүгдэгч ********** зүгээс шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********** гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 42-44 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон 2 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 02 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ********** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** 17.177.895 төгрөгийг гаргуулж хохирогч ********** 9.257.895 төгрөг олгож, Эрүүл мэндийн даатгалын сан Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 7.920.000 төгрөг төлүүлсүгэй.
6. Хохирогч ********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД З.БОЛДБААТАР
Г.ТҮВШИНТӨГС