| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Орчуулагч, хэлмэрч Т.Х,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Н.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Нйгийн Кд холбогдох эрүүгийн 2513000000045 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн боовны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Жана ауыл/ багийн .. дугаар гудамжны...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М.н ургийн овогтой Н.йн К, регистрийн дугаар...
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.К нь 2006 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн өөрийн төрсөн хүү болох М.Ег 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсны дараа М.Ег нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 4.920.000 төгрөгийг, мөн Короновирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Засгийн газраас иргэн бүрт нэг удаагийн дэмжлэг болгож олгосон 300,000 төгрөгийг М.Егийн нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 5,220,000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг,
1. Шүүгдэгч Н.К шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
2. Эрүүгийн 2513000000045 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу миний бие М.Егийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтаар М.Е нь 2012 оны 10 дугаар сараас эхэлж 2022 оны 9 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байна. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхдийг нас барсан талаар улсын бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээ олгогдсоноор манай байгууллагаас халамжийн мөнгийг зогсоодог. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм. Тухайн М.Е гэх нас барсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эхийн аль нь авч байсан эсэхийг манай сангаас харах боломжгүй. Учир нь манайх тухайн хүүхдийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны данс руу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлдэг юм. Уг данснаас эцэг, эх нь хэн зарлага гаргасныг банкнаас мэдэх боломжтой байх. Уг М.Е гэх хүүхэд нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл Хаан банкны 5180647261 тоот дансаар, түүнээс хойш Капитрон банкны 3005010365 тоот дансаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан байна. Тухайн хүүхэд 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсан бол тэр үеэс хүүхдийн мөнгө олгогдохгүй, зогсоох байсан. М.Е гэх хүүхэд нас барснаас хойшхи хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн санд учирсан хохирол гэж үзнэ. ...Засгийн газрын 1 удаагийн буцалтгүй тусламжийн 300,000 төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгосон тул мөн нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Яллагдагч Н.Кгаас нийт 5,220,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
2.3 Гэрч М.Жны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Муратын Еркетай гэх хүүхдийг шалгаж үзсэн. Би 3 жил багийн дарга хийхдээ уг хүүхдийг огт харж байгаагүй. Тэр хүүхэд нь манай багийн иргэн Ш.Муратын хүү гэх бөгөөд одоогоор манай багт бүртгэлгүй байгаа юм. Ш.Муратын гэрт сүүлд би очоогүй. Ш.Муратынх 2 охинтой. Нэг охин нь гадаадын оршин суугч, нөгөө охин нь энд оршин суудаг гэж бүртгэгдсэн байдаг. Харин М.Е гэх хүүхдийн талаар огт мэдэхгүй, сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
2.4. Гэрч Т.Багийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өлгий суманд жилд 230-240 хүмүүсийг нас барснаар бүртгүүлж ирдэг юм. Үүнээс нас барснаар нөхөж бүртгүүлэх тохиолдол гардаг. Бид нас барсны нөхөн бүртгэл хийхийн тулд эмнэлгийн байгууллагаас олгосон АМ-7 дугаартай маягтыг үндэслэж улсын бүртгэлд нас барсны бүртгэл хийдэг. Уг маягтад нас барсан шалтгаан болон нас барсан хугацааг тодорхой тусгасан байдаг тул тухайн маягтыг үзэж нас барсны бүртгэл хийдэг. Улсын бүртгэлийн тухай хуульд орон нутагт ажлын 7 хоногийн дотор нас барагчийн ар гэр, төрөл садангийн хүмүүс нь улсын бүртгэлд нас барснаар бүртгүүлэх үүрэгтэй. Иргэд уг үүргээ биелүүлэхгүйгээр нас барсны дараа хэдэн жилийн дараа ирж нөхөж бүртгүүлдэг. Нас барснаар бүртгүүлэх нь иргэдийн үүрэг юм. М.Е гэх хүүхдийг хэзээ нас барснаар бүртгүүлснийг тодорхой санахгүй байна. Улсын бүртгэлийн лавлагаанд нь тодорхой байгаа. Тухайн хүүхдүүдийн ар гэр нь ирж хүсэлт гаргахаар би улсын бүртгэлд нас барснаар нөхөж бүртгэж нас барсны гэрчилгээ олгосон. Бид хүүхдүүд болон иргэдийг нас барснаар нөхөж бүртгэх үед төрөөс халамж үйлчилгээ, мөнгө авч байсан талаар асуудаг. Гэхдээ хүмүүс бидэнд үгүй гэж хариулдаг. Хэрэв мөнгө авч байсан гэж хэлвэл бид хуулийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг. Хүмүүс мөнгө аваагүй гэхээр нь шууд нас барсны бүртгэлийг хийдэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
2.5. Баян-Өлгий аймаг дахь Капитрон банкны салбараас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 25/16 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,
2.6. Баян-Өлгий аймаг дахь Хаан банкны салбараас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5197/39 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
2.7. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт /хавтаст хэргийн 26 дахь тал/,
2.8. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/41 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
2.9. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/28 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
2.10. Яллагдагч Н.Кгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал /
2.11. Шүүгдэгч Н.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад ял сонсгосон прокурорын тогтоолтой өмгөөлөгч Т.Бын хамт танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Миний хүү болох М.Е нь 2006 оны 03 дугаар сарын 26-ны өдөр айлын 4 дэх хүүхэд болж, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Улмаар 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд бид хүүхдээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Тал нуур” гэх газарт нутаглуулсан. Тухайн үед бид нар хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас хүүгээ нас барсан талаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхгүйгээр 2012 оны 10 дугаар сараас эхэлж 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд түүний нэр дээр сар болгон олгодог хүүхдийн мөнгийг авч зарцуулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн би 2022 оны сүүлээр тэтгэвэр тогтоолгохоор хөөцөлдөж байхдаа нийгмийн халамжийн хэлтэст хүүхдээ нас барсны гэрчилгээг авч очих үед М.Егийн нэр дээр ордог байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоосон, 2023 оны 03 дугаар сард хүүхдээ нас барсан талаар нөхөн бүртгүүлж, нас барсны гэрчилгээ авсан. Надад хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй, би төрд учруулсан хохирлыг нөхөн төлж өгнө гэдгээ илэрхийлж байна. Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт нөхөр Мурат, хүү Еркебулан, бэр Бота, ач Амина, Айбибе, Дархан, Дина нарын хамт амьдардаг. Нөхөр бид хоёр хоёулаа ажилгүй, тэтгэвэр ч тогтоолгоогүй, хүү Еркебулан хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бэр Бота мөн эрхэлсэн ажилгүй, ач нар маань сургууль, цэцэрлэгт явдаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
2.13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд “Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.К нь 2006 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, өөрийн хүү М.Ег 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсныг мэдэж байсан атлаа улсын бүртгэлийн байгууллагад нас барсны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 4.920.000 төгрөгийг, мөн Короновирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Засгийн газраас иргэн бүрт нэг удаагийн дэмжлэг болгож олгосон 300,000 төгрөгийг М.Егийн нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 5,220,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.К нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан боловч, түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Кгийн амар хялбар аргаар мөнгө олох шунайхайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт“Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
4.3. Шүүгдэгч Н.Кийн гэм буруутай үйлдлийн улмаас төрд буюу Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн санд 5,220,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль төлөөлөгчийн мэдүүлэг болон банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь Н.К учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нийгмийн халамжийн санд учруулсан хохирол, хор уршиг 5,220,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Иймд хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Хаан банкны салбараас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5197/39 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/28 дугаартай албан бичиг, түүний хавсралт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, мөрдөгчийн хохирлын тооцоо зэрэг баримтуудад үндэслэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кгаас гэмт хэргийн хор уршигт 5,220,000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /нийгмийн халамжийн сангийн данс/-д олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч Н.Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасан. Н.Кд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Иймд шүүгдэгч Н.Кд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналтай байна” гэх дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баас “...Шүүгдэгч Н.К гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй, төрд учруулсан хохирлоо төлж өгөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Одоо 55 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй, амьдралын байдал тааруухан. Тиймээс хохирлыг одоогоор төлж чадаагүй болно. Улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг дэмжиж байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг саналыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа. Зорчих эрх хязгаарлах ялын хугацааны хувьд 1 жилийн хугацаагаар оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Н.Кг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдврлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт“Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.4. Шүүгдэгч Н.Кд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Иймд шүүхээс шүүгдэгч Н.Кгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлууд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кд 1 жил, 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.К нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.7. Шүүгдэгч Н.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
2.8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Кд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогтой Нгийн Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кд 1(нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.К нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Кгаас гэмт хэргийн хор уршигт 5,220,000 (таван сая хоёр зуун хорин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /нийгмийн халамжийн сангийн данс/-д олгосугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Н.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Кд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа уг арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б