| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/112 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонбаяр
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Болормаа
Шүүгдэгч С.А, О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А, О.М нарт холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ***** регистрийн дугаартай **** ургийн овгийн С.А.
2. Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* регистрийн дугаартай **** ургийн овгийн О.М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.М, С.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүгдэгч О.М, С.А нар нь ***** сумын соёлын төвд цэргийн баяраар зохион байгуулагдсан дууны тэмцээнээс гарч ирэн хамт архи ууж байгаад 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө 04 цагийн үед үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар О.М нь С.А-н цээж, уруул хэсэгт гараараа, толгой хэсэгт чулуугаар цохиж түүний биед тархины доргилт, дагз, дээд, доод уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
С.А нь О.М-н зүүн шанаа хэсэг, мөр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө 2, 3 удаа өшиглөн, чулуу шидэж, уруул хэсэгт хазаж түүний биед доод уруулд эдийн дутагдалтай шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
Хохирогч О.М-н “...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө ****** аймгийн ***** сумын соёлын төвд цэргийн баярын үйл ажиллагаа болж би соёлын төв дотор сууж байхад Ж намайг толгой дохиод гаръя гэхээр нь би Ж-н араас соёлын төвөөс гарч ирсэн. Ж байхгүй байхаар нь утсаар залгаж хаана байгаа талаар асуухад соёлын төвийн ард байна гэсэн. Тэгээд тэнд очиход Ж Б гэх залуугийн машин дотор сууж нэг шил архи задлаад бид нар зургуулаа нөгөө архиа тойруулаад дууссан. Бид нар улсын баяр наадмын талаар ярьж байхад А бууж яваад эргэж ирэхэд Б зөрөөд машинаас буусан. А машины урд суугаад бид тавуулаа шагайн харвааны талаар ярьж байхад А би аймгийн алдарт уяач болох байсан гэж хэлэхээр нь би “чи болзол хангасан бол болох л байх, чи болзлыг нь хангаагүй л байхгүй юу” гэхэд А миний болзол хүрсэн гэж хэлэхээр нь би танай уяачдын холбоо хэзээ үнэн юм хийдэг байсан юм. Сумын наадамд айраг түрүү аваагүй хүнийг сумын алдарт болгочихдог биз дээ. Та нар өөрсдийнхөө садан төрлийг ялангуяа болгодог биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд А миний садан хэн болсон юм гэхээр нь би Х.Б-д чи алдарт цол өгсөн биз дээ гэхэд А миний урдаас тэр чинь хонгор морь нь суманд 2 удаа түрүүлсэн биз дээ гэхээр нь би тэр хонгор морь чинь Х ахын нэр дээр уралддаг байсан. Хэзээ Б-н нэр дээр явдаг байсан юм гэхэд А тэгээд яадаг юм гэж хэлээд миний зүүн шанаа руу гараа цохисон. Би яадаг пиздаа вэ гэж хэлэхэд чи яадаг юм гээд намайг дахин гараараа миний мөр хэсэгт цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд А-н цээж хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд А машинаас буугаад намайг шааж байна гэж хэлээд машины хойд хаалга онгойлгоод А-г татаж буулгаад намайг хэд хэдэн удаа цохиж аваад 2-3 удаа өшиглөсөн, би зөрүүлээд А-г хөлөөрөө тийрсэн. Ж-г би энэ пиздаагаа аваач юм ярьж чаддаггүй пиздаа байна гэхэд Ж машинаас буугаад барьж авах гээд явж байхад А өмнө нь нэг удаа шааж болсон юм. Одоо хоёр дахиа гүйцээчихье гэж хэлээд намайг цохих гээд машин дотор ороод ирсэн. А-г цаанаас нь Ж татсан. Тэгэхэд А энийг алаадахъя гээд дайраад байсан. Би “чи муу намайг чадахгүй” гээд машин дотроос буугаад бид хоёр хоорондоо зодолдсон. Ж боль гэж хэлээд миний куртикны араас татсан. Би болиод Ж-н хамт машины зөв талаар тойрох гэхэд араас А дахин ирж намайг өшиглөж хэд хэдэн удаа цохиж авсан. Би Ж-д хандан энийгээ аваач чи. Намайг барьж байхаар гэхэд Ж А-г барьж авах гэсэн. Тэгэхэд намайг ирж цохиж авахаар нь би А-г нэг удаа цохиод А-г тэврээд авахад миний духан дээр цохиод би А-г тавихад А газраас чулуу аваад над луу шидэж эхэлсэн. Би тэр чулуунд нь 3-4 удаа цохиулсан. Би буцаж очоод А-г тэврээд авсан. Тэгээд А бид хоёр барьцалдаад байж байхад Ж намайг аваад явсан. Тэгж байхад А дахин ирээд надтай цохилцоод Ж дахин салгасан. Ж намайг хөтлөөд явж байхад А ирээд намайг тэвэрч аваад миний уруул дээрээс хазаад түй гээд нулимсан. Би хойшоогоо савж унасан. А миний дээр гарч суугаад миний нүүр лүү цохисон. Би газар дарж босох гэж байгаад гарт чулуу баригдахаар нь чулуутай гараараа А-н толгой хэсэгт нэг удаа цохисон, Б ирж бид хоёрыг салгаад би цагдаад дуудлага өгөхөөр явсан. Цагдаа байхгүй болохоор нь би гэртээ очоод эхнэртээ хэлээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Маргааш нь А манай гэрт ирээд намайг уучлаарай. Миний буруу архинаас боллоо. Цагдаа шүүх гээд яах вэ. Таны уруул, амыг чинь би янзлаад гарсан зардлыг чинь би өорөө хариуцаад зохицуулаад өгье гэж хэлсэн юм. Би бол архи хэрэглэсэн байсан. Тэгэхдээ согтолт бол бага зэрэг байсан. Харин А нэлээн согтуу байсан юм. Тухайн үед А намайг тэвэрч аваад хазсан. Ж харсан байж магадгүй. Миний зүүн гарын шуу хэсгээр хавдсан, толгой хэсэгт жижиг жижиг зулгаралт, уруулын тал хэсэг тасарсан. Цус их алдсан байсан. Би А-г толгой хэсэгт нь нэг удаа цохисон, А-н толгой хэсгийн араас цус гарсан байсан. Би энэ хэрэгт холбогдуулан А-д гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дэх тал/,
-Хохирогч С.А-н “...2025 оны 03 дугаар сарын 18-нд ***** аймгийн ***** сумын төвд Эр цэргийн баярын үйл ажиллагаа сумын соёлын төвд болсон. Би соёлын төв дотор сууж орой 22 цагийн орчин дууны тэмцээнд оролцсон. Тэмцээн дуусаад шагналт байранд орсон хүмүүстэй ганц хоёр шил архи уугаад соёлын төвд бүжиг болоод шөнийн 1-2 цаг болсон байсан. Би гэр лүүгээ явах гээд хувцсаа өмсөөд гарч ирэхэд цуг явах залуу айлаас юм авчирна гээд явахаар нь би хүлээх зуураа нэг машинд ороод суухад дотор нь М, Ж нар машины арын суудал дээр Б жолоочийн суудал дээр байхаар нь би машины урд талын суудал дээр суусан. Тэгээд юм яриад нээх удаагүй байж байхад М машин дотор сууж байсан хүмүүс лүү үсчээд та нар шиг юмнуудын морь уяна гэж юу байсан юм гээд яриад байсан. Ж гэх залуу руу М жоохон ацлангуу байсан. Намайг орж ирэхэд М над руу чиглээд чи аймгийн алдартын амжилтаа явуулахдаа надтай ярихгүй байгаа юм чинь чиний аймгийн алдарт болно гэж юу байдаг юм гэсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдаад тэгж байхад миний араас яг юугаар цохисон юм сайн мэдэхгүй байна. Миний толгойг юмаар цохиж хагалахаар нь би машинаас буугаад хойд хаалга онгойлгоод М-г цохиход М цаашаа унаад нэг их цохигдоогүй. Намайг Ж, Г хоёр хойш татаад холдуулсан. М машины хаалганд байсан ремен барьж бууж ирээд миний хоолойгоор оосорлоод боож ална гэж дайрахад нөгөө хоёр салгасан. Бид хоёр салаад нэг нэгийгээ чулуугаар цохилцсон. Ж М-г цааш чирээд Г намайг чирч явж байгаад намайг Г тавихаар нь би эргээд харсан чинь миний уруул дээр М гараараа цохисон. Би эргүүлээд нэг удаа цохисон. М дээшээ хараад унасан. Тэгэхээр нь би дээр сууж байгаад нүүр лүү 2 удаа цохисон юм. Намайг нөгөө хоёр салгаад авсан. Тэгсэн чинь М босоод гүйчихсэн. Чамайг цагдаад хэлнэ гээд явсан. Би нөгөө залуугийн хамт хөдөө гэр лүүгээ явсан. М миний араас эхэлж юмаар цохисон. Би архи уучихсан байсан. Тэгэхдээ нэг их согтуу байгаагүй. М харин нэлээн согтуу байсан. Тухайн үед М-тай цохилцож байхад би бол М-н уруул хэсгээс хазаагүй. Цохилцож байхад тийм юм болсон байх. Тухайн үед миний дээд уруул сэтэрсэн, доод уруул дотроо язарсан, толгой хагарсан, хоёр гарын шуу, зүүн хөлийн эрээн булчин зэрэг язарч, зулгарсан, хөхөрсөн байсан. М дээшээ харж унаад би очоод дээрээс нь нүүрэн тус газар нь хоёр удаа л цохисон. Би энэ хэрэгт холбогдуулан М-д гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 23 дахь тал/,
-Гэрч Б.Ц-н “...2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн орчим манай нөхөр О.М гэртээ ирэхдээ урд энгэр нь цус болчихсон доод уруулын мах нь тасарсан байдалтай ирсэн. Манай нөхөр хэлэхдээ миний уруулыг А гэх хүний дүү А хазаад таслаад хаячихлаа. Би цагдаа дээр очсон чинь цагдаа байхгүй байна. Чи цагдаагийн дугаарыг мэдэх үү гэсэн. Би цагдаагийн дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. Эхлээд Манай нөхөр М А-н ах руу утсаар залгахад утсаа аваагүй. Дараа нь А утсаа авахаар нь би сумын цагдаагийн дугаарыг асууж аваад танай дүү А нь манай нөхрийн доод уруулыг хазаад тастсан байна гэж хэлээд утсаа тасалсан юм. Маргааш өдөр нь манай нөхөр М нь аймгийн төв лүү эмнэлэгт үзүүлэхээр явсан. Би нөхрөөсөө асуухад манай нөхөр хэлэхдээ хэдэн залуустай машин дотор сууж байхад нөгөө А гэх залуу нь “тодорхойлолт явуулаад байхад намайг сумын алдарт уяач болгосонгүй” гэхэд нь манай нөхөр М “чи болзол хангасан бол болгох л байлгүй” гэхэд нөгөө залуу нь “би болзол хангаагүй дээ яасан юм” гэж хэлээд тэрнээс болоод маргаан үүсэж манай нөхрийн уруулыг А хазсан гэж ярьж байсан... Маргааш нь А нь манай гэрт ирсэн. Тэгээд уучлалт гуйгаад архины гайгаас боллоо ахаа гэж хэлээд явсан. Манай нөхрийн толгой хэсэгт нь хэд хэдэн газар шарх үүссэн байсан, зүүн гарын бугуйн хэсэгтхөхөрсөн. Хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,
-Гэрч Ш.Ж-н “03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед гадаа Б.н машин дотор М, А, жолооч бид 4 сууж байсан. М Хараа нэртэй 0.75 литр хэмжээтэй архи авчирсан тойруулаад ууж байсан. Би эрүүл уугаагүй байсан. А, М хоёр ямар зүйлээс болоод маргалдсан талаар нь сайн мэдэхгүй байна. М өөрийн хажууд байсан аягаар А-н толгой руу цохиод, машинаас тухайн хоёр хүмүүс буугаад биенээ ална гээд хоорондоо цохилцож аваад би салгах гэж оролдсон боловч ганц хүн хүчрэхгүй байсан. Тэгээд байж байтал А-тай цуг байсан арай насанд хүрээгүй гэмээр хүүхэд ирж уг зодооныг салгасан. Тэгээд би М-г аваад, А-г Г авч явж салгасан. Тэр хоёр өмнө нэг юм уусан бололтой, бага зэрэг согтуу байсан. Би салгах гэж үзэхэд хоёулаа хувцсаа тайлсан, цээж нүцгэн, бие бие рүүгээ чулуу шидэлцээд байсан. М хажууд байсан төмөр аягаар А-н толгой руу цохиод зодоон эхэлсэн. А-н толгой хагарсан байх шиг байсан. О.М-н амнаас цус гарсан байсан. Шөнө байсан учир сайн анзаарагдахгүй байсан. Машинд сууж байхад харахад А-н толгой хагарсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Э-н “...О.М нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр **** аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж (R52.9) 123.206 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ***** аймгийн **** сумын эрүүл мэндийн төв (S00.5) 142.000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын төв (S01.5) 189.000 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан. Нийт 454.206 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна. С.А нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр **** аймгийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багц (S06.30) 180.090 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна. Энэ хэрэгт холбогдуулан О.М-н эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 454.206 төгрөгийг холбогдогч А-с, Хохирогч С.А-н эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 180.090 төгрөгийг холбогдогч О.М нараар Эрүүл мэндийн даатгалын санд тушаалгах хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дэх тал/,
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх- ийн 7-8 дахь тал/,
-Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-н 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “1. С.А-н биед тархины доргилт, дагзанд шарх, дээд, доод уруулд шарх, зүүн талын эрээн булчин, зүүн бугалганд шарх, баруун чамархайд хавдар гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүдийг 2025.03.19-ний өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, дагз, дээд, доод уруулд шарх гэмтэл нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/,
-Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-н 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “1. О.М-н биед доод уруулд эдийн дутагдалтай шарх, толгой, цээж, зүүн гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүдээс нь доод уруулд эдийн дутагдалтай шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх №ГОА00725/144 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дахь тал/,
-Яаралтай тусламжийн хуудас №2166 /хх-ийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.А, О.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.А, О.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд С.А, О.М нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч С.А нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 501,806 төгрөг, 180,090 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч С.А, О.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А, О.М нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.А, О.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ургийн овогт С.А, ***** ургийн овогт О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, О.М нарыг тус бүрийг 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, О.М нарт оногдуулсан 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч С.А, О.М нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.А, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА