| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/00443/И |
| Дугаар | 130/ШШ2018/00603 |
| Огноо | 2018-08-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2018/00603
Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын дугаар багт оршин суух, А сумын хүүхдийн цэцэрлэгт манаач ажилтай, утас 0, РД:0 С Ан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Х.Ж, утас 0 /-т холбогдох нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, гэрч (А сумын Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч) М.А, гэрч (А сумын Хүүхдийн цэцэрлэгийн гэрээт ажилтан) Н.Е, орчуулагч бөгөөд хэлмэрч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/04 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаал, мөн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1984 онд төрсөн, одоо 34 настай бөгөөд 2 настайдаа өнчин хоцорч эрийн цэнд хүрснээр нутгийн сайн хүмүүсийн ивээл дэмжлэгээр 2006 онд А сумын Хүүхдийн цэцэрлэгт галчаар ажилд анх томилогдож, улмаар миний ар гэр, ахуй амьдралын гачигд А байдлыг харгалзан үзэж 2010 оноос эхэлж тус цэцэрлэгт ээлжийн манаачийн байнгын ажлын байранд томилогдсон билээ. Одоогийн байдлаар А сумын хүүхдийн цэцэрлэгт 8 дахь жилдээ ээлжийн манаач-ын ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Ажиллах хугацаанд алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл Цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь С.А надад огт мэдэгдэлгүйгээр намайг ямар ч зөрчил дутагдал гаргаагүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сануулах арга хэмжээ авах тухай А/04 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар Сануулах арга хэмжээ, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сахилгын шийтгэл оногдуулах тухай А/07 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг баримтлан 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 10%-иар хасаж сахилгын шийтгэл тус тус оногдуулсан юм. Эдгээр сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон гомдол гаргах нь:
1.С.А миний бие 2018 онд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд эрхлэгч Х.Жгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сахилгын арга хэмжээ авах тухай А/04 тоот тушаалд заасан ээлжийн манаачийн ажлыг хүлээж аваагүй, эзэнгүй орхисон үйлдэл гаргаж байгаагүй юм.
2.С.А намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэвэл зөрчлийн үйлдэл бүрийг шалгаж тогтоосон, сахилгын зөрчил тогтоогдсон байх ёстой.
3.С.А надад сахилгын зөрчилд шийтгэл ногдуулсан нөхцөлд зөрчлийн талаар надад мэдэгдэж хамт олны болон удирдлагын хурал зөвлөгөөнөөр хэлэлцэж байж сахилгын зөрчлийг нээлттэй ирүүлж, арга хэмжээ шийтгэснийг зөрчил гаргагч С.А надад мэдэгдэх ёстой байсныг зөрчсөн байна.
4. Хариуцагч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн сануулах арга хэмжээ авах тухай А/04 тоот тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/07 тоот тушаалыг огт танилцуулаагүй, зөрчил гаргагч С.А надад гардуулж өгөөгүй, өөрөө нууц байдлаар гаргаж, нууцхан хадгалж байжээ. Энэ үйлдэл нь хуулийг ноцтой зөрчиж байна.
5.С.А миний бие 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сануулах арга хэмжээ авах тухай А/04 тоот тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай А/07 тоот тушаал гаргаж, Сахилгын шийтгэл ногдуулсныг сумын ЗДТГ-ын дарга шалгалтын явцад илрүүлж надад 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэлснээр анх мэдэж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эрхлэгч Х.Жгаас хүчээр шаардаж байгаад гардан авч өнөөдөр гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 07-нд гаргаж байна. Өөрөөр хэлбэл Сахилгын шийтгэл оногдуулсан тухай мэдэж, шийтгэл ногдуулсан шийдвэрийг гардаж авснаас хойш нэг хоногийн дараа гомдол гаргаж байна. Тийм учраас Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хэтрээгүй болно. Иймд шүүхээс хүсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сануулах арга хэмжээ авах тухай А/04 тоот тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/07 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, мөн С.А намайг сахилгын шийтгэлгүйд тооцож өгнө үү гэжээ
Хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэгт холбогдуулан ажилтан С.А гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сануулах арга хэмжээ авах тухай А/04 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай А/07 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгохыг хүсэж гаргасан шаардлагыг нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 1.2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сануулах арга хэмжээ авах тухай А/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд: Манаач С.А нь гарах ээлжийн хүлээж авалгүй эзэнгүй орхиж ажил тасалсан тул 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээг баримтлан сануулах шийтгэл ногдуулж байсан юм. Түүний гаргасан зөрчил нь нотлогдон тогтоогдсон тул хамт олны хуралдаанаар авч хэлэлцээд сануулах арга хэмжээ авч байсан. Тухайн хуралдаанд С.А өөрөө оролцсон. Сануулах арга хэмжээ авсан тухай өөрт нь хэлж, тушаалыг нь өгч байсан юм. Үүнээс хойш ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Тэрээр нэхэмжлэлдээ урьд өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэж бичсэн байна. Гэтэл С.А байнгын ажил үүргээ цалгардуулж ажил тасалдаг байсан. Тухайлбал, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/03 дугаар тушаалаар мөн сахилгын шийтгэл хүлээж байсан, үүнээс хойш ч ажлын байранд ажлын цагаар архи ууж байсан үед цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг дуудаж арга хэмжээ авахуулж байсан юм. 2.2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/07 дугаар тушаалын тухайд: Манаач С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 3 удаагийн ээлжид гаралгүйгээр, шалтгаангүй ажил тасалсан зөрчлийг гаргасан юм. Урьд нь сануулах арга хэмжээ авч дахин зөрчил гаргавал хатуу арга хэмжээ авах тухай сануулсаар байхад шалтгаангүйгээр дахин ажил тасалж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор заасан зөрчлийг манаач С.А гаргасан боловч түүний хувийн байдлыг харгалзан үзэж зөвхөн цалин хасах шийтгэл ногдуулсан юм. Эс тэгвээс түүний зөрчлийн хувьд ноцтой зөрчилд тооцогдох учраас ажлаас нь халах үндэслэл бүрдсэн байсан. 3.Дээрх зөрчлүүдийн талаар хамт олны хуралдаан хийж сахилгын шийтгэлүүдийг хүлээлгэж дууссан байсан. Өөрөөр хэлбэл сануулах арга хэмжээ авснаас хойш дахин зөрчил гаргасан тул цалин хасах шийтгэл хүлээлгэж цалин хөлсийг нь хасаж, ногдуулсан шийтгэлийг хүлээлгэж дуусчихсан юм. Түүнд 1 дүгээр сард шийтгэл хүлээлгэж 1 дүгээр сараас эхлэн 3 дугаар сар хүртэлх хугацаанд цалин хөлсийг нь хасаж дууссан юм. С.А нь надаас арга хэмжээ авсныг мэдээгүй байсан гэх боловч түүний цалин хөлсийг нь хасаж олгож байгаа нь илэрхий байсан. Цалингаа дутуу авч байгаа үндэслэлээ мэдсэнгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Сахилгын шийтгэл хүлээлгэснийг мэдэх ёстой байсан өдрөөс тооцвол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэжээ.
Хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А тухайн 03-04 дүгээр тушаалуудыг мэдээгүй гэж нэхэмжлэл гаргасан байна. Би тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр ээлжийг хүлээн авах ёстой боловч С.А 9 цаг хүртэл ирээгүй байсан. 10 цагийн үед надад манаач С залгаж мэдэгдсэн. Би С.А руу залгаж Би аймагт хүний идшийг хүргээд явж байгаа гэж тайлбар тавьж утсаа салгачихсан. Манаач нар 9 цагт ээлжийг хүлээн авч тогооч ирэхээс нь өмнө усаа халааж байх ёстой. Тэр өдөр манаач ирээгүй учраас хоолны цаг 1 цагаар хойшлогдсон. Ажлын байрыг эрх дураараа ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин явсан. Тийм учраас 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр манаач С.А аймгаас ирсний дараа хамт олны хурал хийж, сануулга арга хэмжээ авсан гэв. Тушаалыг маргааш нь гардуулж өгсөн гэхдээ гарын үсэг зуруулж аваагүй. 2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр Боловсролын газарт 2017 оны тайлангаа өгөхөөр ирсэн байсан. 2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр ээлжид гарч байсан Дд С.А очиж, би маргааш ээлжид ирэхгүй Булган сум руу явлаа гэж хэлж, гэрээт ажилтан Н.Ед чи миний оронд гар гэхэд, Н.Е, Д нар даргад сануулж хэлээрэй гэхэд даргыг би зохицуулна гэж хэлсэн байна. Надад С.А сануулж хэлээгүй байсан. Би тайлангаа өгч 2018 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр ирсэн. С.Агийн 7 хоног ажилдаа ирээгүй, оронд нь Н.Е ээлжид гарсан. 2018 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр С.А ээлжид гарах өдөр хамт олны хурал хийж урьд нь сануулга арга хэмжээ авч байсан учраас цалингаас нь 20% хасаж сахилгын шийтгэл авна гэж хэлсэн. Гэхдээ 20% хувь хасна гэж хэлсэн боловч 10% хассан. Яагаад гэвэл ар гэрийн байдлын харгалзан үзэж ганц хүний цалингаар амьдарч байгаа болохоор 10% хаасан. Сахилгын шийтгэл авсан тушаалаа С.Ад өөрт нь өгсөн. Манайд 3 манаач ажилтан байгаа. Манаач С.А хариуцлагагүй ажил хийдэггүй хүн. Урьд ажиллаж байсан эрхлэгч 2017 онд С.Ад бас сахилгын шийтгэл авч байсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Х.З нарт мэдэгдсэн боловч нэхэмжлэгч өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхийг зөвшөөрсөн хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр А/04 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтыг тус тус үндэслэн манаач (нэхэмжлэгч) С.А ажилд гарах ээлжийг хүлээж авалгүй эзгүй орхисон тул сануулах арга хэмжээ авсан байна.
Манаач (нэхэмжлэгч) С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Р.Сгаас ээлж хүлээж авалгүй, эзгүй орхиж, ажлын хариуцлага алдсан нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны хурлын тэмдэглэл-ээр тогтоогдож байгаа ба энэ хамт олны хуралд байгууллагын багш ажилчид оролцож, манаач С.Ад 100 хувийн саналаар сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
2.Хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А/07 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн манаач (нэхэмжлэгч) С.А ажилд гарах ээлжийг хүлээж авалгүй эзэнгүй орхиж, ажилдаа хариуцлагагүй хандаж, шаардлага тавьсан ажилчид, эрхлэгчийг үл тоомсорлон хэл амаар доромжлон дайрах зэрэг алдаа гаргасан ба сануулах арга хэмжээ авсан боловч биелүүлээгүй тул 3 сар үндсэн цалингийн 10 хувиар хасаж арга арга хэмжээ авсан байна.
Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач (нэхэмжлэгч) С.А ажилд гарах ээлжийг хүлээж авалгүй эзэнгүй орхиж, ажилдаа хариуцлагагүй хандаж, ажилчид, эрхлэгчийн шаардлага тавьсан шаардлагыг биелүүлээгүй, сахилгын зөрчил давтан гаргасан болох нь, улмаар үндсэн цалинг 3 сараар 10 хувиар хасуулах сахилгын шийтгэл ногдуулсан нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Хурлын тэмдэглэл болон гэрч М.А, гэрч Н.Е нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч дээрх сахилгын зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан Ажлын цагийн тодорхойлолт-ын 19 дүгээр мөрөнд манаач С.А 3 өдөр ажил тасалсан гэсэн бол 2018 оны 01 дүгээр сарын Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач, ажилчдын цагийн бүртгэл-ээр ... манаач нарын ирцийг сар өдрөөр бүртгэж өөрөөр нь гарын үсэг зуруулдаг бол ажил таслахад т үсгээр тэмдэглэдэг ба манаач С.А 9 т-тай буюу ажил тасалсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч (манаач) С.Ад Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын 2017 оны 12-р сарын цалингийн цэсээр үндсэн цалин 373591 төгрөг, олгохоор тооцсон цалин 373591 төгрөг..., 2018 оны 01-р сарын цалингийн цэсээр үндсэн цалин 373591 төгрөг, олгохоор тооцсон 305665 төгрөг..., 2018 оны 02-р сарын цалингийн цэсээр үндсэн цалин 373591 төгрөг, олгохоор тооцсон цалин 336232 төгрөг..., 2018 оны 03-р сарын цалингийн цэсээр үндсэн цалин 373591 төгрөг, олгохоор тооцсон цалин 213481 төгрөг... гэж тус тус тооцож олгож байсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.А үндсэн цалингаа бүтэн аваагүй, цалин хасагдсаныг мэдэж байсан байна. Үүгээр нэхэмжлэгч С.А үндсэн цалингаа 10 хувиар хасуулсан сахилгын шийтгэл авсан гэснээ мэдэх боломжтой байсан гэж дүгнэх нь зүйтэй байна.
Мөн Нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д заасан ажил, амралтын цагийг чанд мөрдөж цагийг үр бүтээлтэй ашиглана гэснийг зөрчсөн нь, мөн үндсэн цалинг 3 сараар 10 хувиар хасуулах сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн хамт олны хуралд өөрөө биечлэн оролцсон болох нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Хурлын тэмдэглэл болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг нэхэмжлэгч Х.Ад гардуулан өгсөн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгч Х.А дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг гардаж аваагүй, эрхлэгчээс хүчээр шаардаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гардан авч шүүхэд гомдол гаргаж байгаа гэж маргаж байгаа боловч сахилгын арга хэмжээ авсныг мэдэж байсан нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.А Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эртэй гэсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан баримтлан нэхэмжлэгч РД:0 С Ан хариуцагч Б аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай, мөн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК