Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Гомдол гаргагч: “С.К” ХХК,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч  О.Ё,

              Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,  гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг  нийлүүлэгч Турк улсын “М. Ш”  компанид буцаан явуулахыг даалгах”  тухай шаардлага  бүхий  зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцэв.  

              Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып,  хариуцагч О.Ё,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Ахмарал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Гомдол гаргагч “С.К” ХХК нь “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг  нийлүүлэгч Турк улсын “М. Ш”  компанид буцаан явуулахыг даалгах”-аар гомдол гаргасан.

 

Гомдол гаргагч “С.К” ХХК нь анх “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлагатай гомдол гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг  нийлүүлэгч Турк улсын “М. Ш”  компанид буцаан явуулахыг даалгах”-аар гомдлын шаардлагаа ихэсгэсэн болно.

 

            2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчаас гаалийн хяналт шалгалтын явцад  ““С.К” ХХК нь  2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хүнсний тухай хуулийн 11.2.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй шоколадны крем импортолсон нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчилтэй хүнсний бараа,бүтээгдэхүүнийг хурааж,  10000 нэгжтэй тэнцэх буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

              3.Хариуцагч гаалийн улсын ахлах байцаагч нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч  гомдол гаргагч “С.К” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан  гомдлыг  тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШЗ2022/0293 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсанаар  гомдол гаргагчаас уг шүүгчийн захирамжид заасан зөрчлийг засаж, 2022 оны 11 дүгээр  сарын 15-ны өдөр шүүхэд  гомдол гаргасан  байна.

            4.Гомдол гаргагч  гомдлын шаардлагын үндэслэл, гомдлын ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ:

4.1““С.К” ХХК нь хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь Бүгд найрамдах Турк улсын “М. Ш” компанитай байгуулсан гадаад худалдааны гэрээний дагуу 2784 ширхэг шоколадны крем худалдан авахаар болж харилцан тохиролцсон. “М. Ш" компани нь Монгол улсын холбогдох хууль журамд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын “С.К” ХХК-д нийлүүлж, харин манай компани хэлэлцэн тохиролцсон үнэ төлбөрийг шилжүүлэн ажиллахаар болсон. Гэтэл “М. Ш” компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж Хүнсний тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй бараа бүтээгдэхүүнийг явуулсан байна. Өөрөөр хэлбэл Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасан импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх гэснийг хангахгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох шоколадны кремийг нийлүүлснийг гаалийн улсын байцаагч тогтоосон. Нийлүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаанд гаалийн улсын байцаагчаас “шаардлага хангахгүй хүнсийг хилээр нэвтрүүлэхийг завдсан” хэмээн манай компанийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэхүү зөрчлийг илрүүлсний дараа “М. Ш” компани нь буруугаа хүлээн зөвшөөрч бараагаа буцаан авч, шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хандсан боловч гаалийн улсын байцаагч тэдний барааг хураан авч устгалд оруулах шийдвэр гаргахын зэрэгцээ манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Үүнээс болж манай компанийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Гаапийн газрын хяналтын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч О.Ёын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Гаалийн газраас залгаж байгаа хэмээн Г.М гэдэг хүн 89830660 гэсэн утаснаас залгаж “танай компанид гааль дээр бараа ирсэн байгаа, гаалийн мэдүүлгийг өгчихлөө, татварыг тооцож гаргасан байгаа учраас цахимаар татвараа төлж, бараагаа гаргаж аваарай” хэмээн мэдэгдсэн байна. “С.К” ХХК-ийн зүгээс ямар нэгэн гаалийн мэдүүлэг гаргаагүй, ямар бараа ирснийг ч мэдээгүй байхад гаалийн газраас буюу Г.М гэдэг хүн “С.К” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг гаргаж, татвараа төлөхийг шаардсан байна. “С.К” ХХК-ийн зүгээс нэгэнт гаалийн газраас залгаж барааг чинь гаалиас гаргах гэж байгаа, татвараа төл гэхээр нь татвараа төлсөн байсан.

“С.К” ХХК-ийн зүгээс ямар нэгэн гаалийн мэдүүлэг гаргаагүй. Мөн “С.К” ХХК-аас Г.Мт гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг гаргах итгэмжлэл олгоогүй байхад дур мэдэн манай компанийг төлөөлөн шаардлага хангаагүй барааг хилээр нэвтрүүлэхээр мэдүүлэг гаргасан гэж үзэх боломжгүй. Мөн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг завдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гаалийн ажилтан тухайн барааны талаар үнэн зөв мэдээлэл бидэнд өгөөгүй, танилцуулаагүй байхад тус компанийн зүгээс мэдүүлгийг өөрсдөө гаргачхаад компанийг буруутгах эрхгүй. Шаардлага хангаагүй бараа байсан бол түүнийг буцаах ёстой. Нийлүүлэгч компанийн  явуулж байгаа энэхүү барааг буцаахгүй байгаагаас болж “С.К” ХХК хохирол амсаж, эрх ашиг нь зөрчигдөж  байна. Мөн зөрчил гаргасан Турк улсын “М. Ш” компани “бараагаа буцаан татаж авъя, бидний буруугаас болж шаардлага хангахгүй бараа явуулсан” гэсэн утгатай бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр “С.К” ХХК-ийн нэрээр хилээр оруулах мэдүүлгийг гаалийн байгууллага өөрсдөө гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын хяналтын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч О.Ёын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг нийлүүлэгч Турк улсын “М. Ш” компанид буцаан явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан үндэслэл болох Монгол улсын гаальд, Монгол улсын нутаг дэвсгэрт шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүний оруулахыг санаатай завдсан гэж үзэж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гадаад худалдааны гэрээний үндсэн дээр Турк улсын “М. Ш” ХХК-аас гэрээнд дурдагдсан бараанууд нь ачилт хийгдээд транзит тээврээр Монгол улсад хүргэгдэж ирсэн. Улмаар гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой тухайн тээврийн хэрэгслийн жолоочид итгэмжлэл олгогдсон байсан. Итгэмжлэлийн гол утга санаа нь тухайн тээврийн хэрэгсэлд ачигдсан барааны холбогдох гаалийн бүрдүүлэлтийг хийж Монгол улсад оруулахаар дурдагдсан.Тээврийн хэрэгслийн жолооч , “М. Ш” компани, “С.К” ХХК-ийн хувьд  ачиж ирсэн бараа нь шаардлага хангасан бараа гэж ойлгож Монгол улсын нутаг дэвсгэрт оруулахаар болсон байна. Мэдүүлэг гаргах эрхийг нь тухайн жолоочид олгосон атлаа Мэндбаяр гэх хүн “С.К” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг гаргасан байна. Гаалийн эрх бүхий албан тушаалтан нь Мэндбаяраас итгэмжлэлийг шалгаагүй бөгөөд барааг ачиж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочид итгэмжлэл олгогдсон гэдгийг хянахгүйгээр өөр нэгэн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мэндбаяр нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газраас дамжиж өнгөрч байгаа бараа, бүтээгдэхүүн болгонд мэдүүлгийг би гаргах ёстой гэдэг байдлаар ажиллахдаа ирсэн барааны мэдээллийг нь дутуу оруулж, дутуу танилцсаны улмаас Хүнсний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулахаар мэдүүлэг гаргасан байна.Үүнийг Гаалийн газраас шалгалт хийх явцад тогтоосон. Энэ үеэр “М. Ш” компанийн  зүгээс “манай ажилтнуудын санамсаргүй алдааны улмаас дотоодод ашиглагдах, худалдаалагдах гэж байгаа барааг андууран ачсан байна” гэж тайлбарласан. “М. Ш” компаниас шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнээ буцаан авч “С.К” ХХК-ийг хохиролгүй болгож өгье гэх санал бүхий хүсэлтийг зөрчлийг шалгах ажиллагаа явагдаж байхад хүргүүлсэн. “С.К” ХХК-ийн зүгээс барааны хугацаа дууссан эсхүл Хүнсний тухай хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар ямар ч мэдээлэл авах боломжгүй байсан.Тухайн шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулахыг завдсан үйлдэл байна гэж “С.К” ХХК-ийг торгосон байгаа. Бидний бодож байгаагаар буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгээ “М. Ш” ХХК-ийн хувьд  хүлээн зөвшөөрсөн.Үүнээс үүсэх хариуцлагыг бид нар өөрсдөө хүлээнэ, бараагаа буцаан авъя гэх санал бүхий хүсэлтийг гаргасан байхад Монголын худалдан авагч компанийг хууль бусаар бараа оруулахыг завдсан гэх зүйл ангиар торгож байгаа нь үндэслэлгүй байна. Завдсан үйлдэл гаргасан хүн нь зуучлалын компанийн ажилтан байна.Тэгвэл Гаалийн ерөнхий газраас томилсон компанийн ажилтныг торгох ёстой. Монгол улсын гаалиар  орж ирсэн барааны хувьд нэн тэргүүнд хорио цээр, эрүүл ахуйн шаардлага, хадгалалтын горим зэрэг асуудал яригдах ёстой.Тухайн хорио цээрийн байцаагчийн шалгалт хийгдсэний дараа Монгол улсын эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн мөн байна гэсний дагуу гаалийн татварын асуудал яригдах ёстой. Шалгалтыг уг эрх бүхий албан тушаалтан түрүүлж хийх ёстой. Ингэснээр шаардлага хангаж байгаа барааны хувьд мэдүүлэг гаргах ёстой.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад журам зөрчсөн асуудлууд гарсан.“С.К” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон гэж байгаа боловч хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй. “С.К” ХХК-ийн зүгээс өмгөөлөгч авах эрхтэй байсан бөгөөд тухайн хүмүүсээс гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх ёстой байсан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”–ын дагуу гаалийн мэдүүлэг гаргах,  мэдүүлэг гаргасан бараагаа шалгуулах талаар нарийвчлан зааж, дарааллыг нь тогтоож өгсөн байгаа.Энэхүү журам зөрчигдсөн байгаа. Тодруулбал журмын 5.18 дугаар зүйлд “Гаалийн шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч нь шалгалт эхлэхээс өмнө тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл, бараа агуулахад хадгалагдаж байгаа тохиолдолд агуулахын ерөнхий байдлыг болон тэдгээрт тавьсан гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгана” гэж дурдагдсан.Мэдүүлэг гаргагчийг байлцуулж, бараа болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах ёстой юм байна. Гэтэл мэдүүлэг гаргагчийг байлцуулан шалгасан зүйл байхгүй.

Журмын 5.35 дугаар зүйлд “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авсан үеэс гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрөх хүртэл хугацаанд бараа, тээврийн хэрэгсэлд хийж байгаа гаалийн хяналт, шалгалтад зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, албан тушаалтан оролцохгүй” гэж заасан байгаа.Шалгалт хийсэн үед зөрчлийн хэрэг нээхийг уг заалтаар хориглосон байна. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг улсын байцаагч нь гаргахыг зөвшөөрөх хүртэл оролцохгүй гэж заасан байна.

Дээрээс нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн байна. Үүнд:“Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа.Өөрөөр хэлбэл үйлдэгдсэн, тогтоогдсон зөрчлийн хувьд хэрэглэх заалт байгаа. Завдсан гэж байгаа боловч зөвшөөрөх тамга дарагдаагүй байгаа. Зөвшөөрөх тамга дарагдаагүй тохиолдолд зөрчлийн улсын байцаагч нь оролцохгүй талаар журамд зохицуулсан байна.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

“5.1.Нэхэмжлэгч “С.К” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 05-55 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Турк улсаас хүнсний бүтээгдэхүүн импортолж Цагааннуур боомтын гаалийн хяналтын бүсэд оруулж ирсэн. Тус аж ахуйн нэгж нь барааг Гаалийн байгууллагад мэдүүлэхдээ Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан 57.1.1.Гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох өөрчлөх, 57.1.2 Барааг бодитой мэдүүлэх зорилгоор барааг мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих, 57.1.3 Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах” гэх мэт эрхтэй байдаг.

“С.К” ХХК нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний үндсэн дээр Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-т заасны дагуу 400 буюу Гаалийн тухай хуулийн 79.1.1 Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимыг сонгож, 2022 оны 08 дугаар сарын 23-нд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан мэдээллийн сүлжээгээр гаалийн байгууллагад мэдүүлсэн байдаг.

Тухайн мэдүүлгийг Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн байцаагч Ц.Б Гаалийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно” гэж заасны дагуу хүлээн авч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бичиг баримтын шалгалт хийж бичиг баримтын хувьд зөрчилгүй гэж үзээд татварыг төлүүлэн хяналт шалгалтын байцаагчид шилжүүлсэн.

Тухайн бараа нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх, бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам"-ын дагуу тус бүрдүүлэлт 100% биет шалгалт хийх төлөвт сонгогдож,хяналт шалгалт хийх гаалийн улсын байцаагч Т.Жамсранжав, хорио цээрийн гаалийн улсын байцаагч Н.Ж нар сонгогдож 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “С.К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц байлцуулан хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Т.Жамсранжав,гаалийн улсын байцаагч Ж.Н, гаалийн улсын байцаагч Е.С, гаалийн улсын ахлах байцаагч О.Ё нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан хяналт шалгалт хийж, биет үзлэгээр Гаалийн байгууллагад мэдүүлсэн 21 нэр төрлийн барааны 10 дахь бараа болох “Nuttinut” гэх 232 хайрцаг, хайрцаг бүртээ 12 ширхэгтэй нийт 2784 ширхэг шоколадны крем нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрлэгдэж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хадгалах хугацаа дуусахаар бүтээгдэхүүний таглаа хэсэгт тэмдэглэсэн байх бөгөөд улсын хилээр нэвтрэх үедээ барааны хадгалалтын хугацаа 9 сар үлдсэн буюу Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасан шаардлагыг хангахгүй болохыг хорио цээр хариуцсан гаалийн улсын байцаагч Ж.Нурмаханбет нь олж тогтоон барааг саатуулсан байдаг.

"С.К" ХХК нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж барааг мэдүүлэхдээ өөрөө горимоо сонгосон байдаг. Хяналтын бүсэд орж ирсэн барааг буцаан гаргах, дотоодын хэрэгцээнд зориулан оруулах г.м мэдүүлэгч өөрөө горимоо сонгодог бөгөөд "С.К” ХХК-ийн өөрийн гаргаж өгсөн бичиг баримт болон холбогдох баримтаар энэхүү бараа нь гадаад худалдааны гэрээний дагуу худалдан авч төлбөр тооцоог хийж, гаалийн байгууллагад барааг дотоодын хэрэгцээнд зориулан оруулна гэж мэдүүлсэн байдаг. Барааг хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсний дараа мэдүүлэгчийн хүсэлтээр бүрдүүлэлтийн горим өөрчлөх нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Нэхэмжлэгч нь нийлүүлэгч компани болон өөрийн хайхрамжгүй барааг нягтлан шалгаж гаальд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас үүссэн нөхцөл байдалд гаалийн байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Талуудын хооронд хийсэн гэрээний үүргийг гаалийн байгууллага хариуцах үндэслэлгүй бөгөөд “С.К” ХХК-ийн гаальд мэдүүлсэн барааны үнэн зөвийг Гаалийн тухай хуулийн 57.2.1. “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж. гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах” хариуцах үүрэгтэй. Нийлүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаа байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 2.3-т заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гаалийн хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсний дараа барааг буцаах буюу горим өөрчлөх боломжгүй.Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй ямар үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд "С.К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Орынбекийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       5.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “Г.Мыг Гаалийн байгууллагад ажилладаг, “С.К” ХХК нь гаалийн мэдүүлэг гаргаагүй, гаалийн байгууллага өөрөө өөртөө мэдүүлсэн” мэтээр тайлбарласан байна. Энэ нь ямар ч боломжгүй илт худал тайлбар бөгөөд Г.М нь гаалийн байгууллагад ажилладаггүй, Цагааннуур боомтод үйл ажиллагаа явуулдаг "Өлзий наран” ХХК-д ажилладаг, гаалийн байгууллагад хамааралгүй этгээд юм. Үүнийг “С.К” ХХК нь маш сайн мэднэ.

       “М. Ш” компани нь Гаалийн тухай хуулийн 3.1.19."гаалийн харилцаанд оролцогч" гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч. гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн тур агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг” гэж заасан гаалийн харилцаанд оролцогч биш бөгөөд мэдүүлэгч “С.К" ХХК нь Гаалийн тухай хууль заасны дагуу гаалийн хууль тогтоомж зөрчлөөс урьдчилан сэргийлэх үнэн зөвийг хариуцах үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

Монгол улсын нутаг дэвсгэр биш, Монгол улсад орж ирээгүй бараа гэх тайлбарыг гаргаж байна. Эрх бүхий байгууллагаас Цагааннуурын боомтыг гаалийн хяналтын бүс гэж тогтоосон тул  Монгол улсын нутаг дэвсгэр мөн.Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирсэн бараа гэж үзнэ. Гаалийн хяналт шалгалтад байгаа бараагаа дотоодын хэрэгцээнд оруулах уу,буцаагаад гаргах уу гэдгээ мэдүүлэгч гаальд мэдүүлэхээсээ өмнө шийдвэрлэх эрхтэй.

Эрх, үүргийг ялгаж ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Гаалийн тухай хуульд мэдүүлэгч бараагаа гаальд мэдүүлэхээсээ өмнө заавал шалгаж, нягтлах үүрэгтэй биш, эрхтэй гэж заасан. Мэндбаяр гэх хүнд тухайн барааг шалгах үүрэг хүлээлгээгүй.Мөн М итгэмжлэл олгоогүй гэх зүйлийг ярьж байна. М итгэмжлэл нь хэргийн материалд авагдсан байгаа. М “С.К” ХХК-аас 2021 оны 11 дүгээр сард итгэмжлэл олгосон байна.

Бүгд Найрамдах Турк улсаас тухайн бараа бүтээгдэхүүнийг авсан, тэр компаниас хариуцлагыг шаардах ёстой гэх тайлбарыг гаргаж байна. Тухайн барааг “С.К” ХХК нь худалдаад авсан гэдэг нь гадаад худалдааны гэрээ, татвар төлсөн баримт, гаальд мэдүүлсэн мэдүүлэг,улсын хилээр оруулж ирж байгаа баримт, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Тус бараа нь Турк улсаас наашаа ирэхдээ замаараа 2-3 улсын 4-5 хяналтын бүсийг дамжиж ирж байгаа. Турк улс болон ОХУ-ын мэдүүлгээс тухайн бараа нь “С.К” ХХК-ийн бараа гэдэг нь тогтоогдож байгаа учир “М. Ш” ХХК-д хамааралгүй бараа юм. Өмгөөлөгчийн зүгээс завдах гэдгийг заавал нууцаар оруулна гэж ойлгож байх шиг байна.Завдах гэдэг нь хүнс импорт, экспортлохдоо хуульд заасан шаардлагыг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүнийг  импортолсон эсхүл экспортолсон бол гэж байгаа.Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд оруулна хэмээн гаальд мэдүүлж байгаа нь өөрөө  Монгол улсын нутаг дэвсгэрт оруулахыг завдсан гэж үзнэ.

Гаалийн байгууллага М бараатай танилцах боломжоор хангаагүй гэж байна.  Тус бараа нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орж ирээд, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн байдаг. Гаалийн байцаагч нь бараа болгон дээр танилцаарай гэж хэлээд яваад байх боломжгүй.Тухайн аж ахуйн нэгж нь өөрөө бараатай танилцах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн хяналт доор танилцуулах зохицуулалттай.

Энэ барааны хувьд зөрчилд холбогдсон учир татварын тодотгох тоо, хэмжээг оруулаад  “С.К” ХХК нь тухайн татварын мөнгийг өөрсдөө буцаагаад авах уу, эсхүл дараагийн орж ирж байгаа бараанаас хасуулах уу гэдгээ шийдэж болдог. Одоогийн байдлаар Гаалийн байгууллагад “С.К” ХХК-аас татвараа буцаагаад авах эсхүл дараагийн бүрдүүлэлтээсээ хасуулах тухай хүсэлт гаргаагүй байгаа.

Хорио цээрийн хяналт шалгалт хийгдсэний дараа татварын асуудал яригдана гэж байгаа.Гаалийн хяналтын бүсийг хамарсан 26 төрлийн хяналтын камер байдаг.Миний ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг маань улсын хилээр орохоос эхлүүлээд гаалийн хяналт шалгалтын бүх процесс ажиллагаанд хяналт тавих байдаг.Тээврийн хэрэгсэл орж ирсний дараа тухайн барааг мэдүүлнэ. Бичиг баримтын шалгалт хийгдсэний дараа  хяналт шалгалтын байцаагч болон хорио цээрийн байцаагч томилогддог. Хорио цээрийн хяналтын байцаагч болон гаалийн хяналтын байцаагч үзлэг хийсэн тэмдэглэлээ тус тусдаа программд оруулдаг.Бичиг баримтын байцаагч хяналт хийж зөрчилгүй гэж үзсэн бол хорио цээрийн байцаагч хяналт хийж, тайлбараа оруулна. Хяналт шалгалтын байцаагч мөн хяналт хийж, тайлбараа оруулна.Энэ барааны тухайд хяналт шалгалтыг бүрэлдэхүүнтэй хийсэн.Бүрэлдэхүүнтэй хийх нь тухайн аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй, ачаа, барааг нь олон буулгуулахгүй гэсэн зорилготой.Хэрэв хамтарсан хяналт шалгалт хийгээгүй байсан бол  хяналтын улсын байцаагч болон хорио цээрийн байцаагч барааг үзсэний дараа зөрчлийн байцаагч тухайн барааг дахиж буулгуулах асуудал гарна. Аж ахуйн нэгж өөрөө ачаа буулгагч нараа Өлгийгөөс авчирдаг зэрэг асуудал байгаа учир тэрхүү бэрхшээлийг бууруулах зорилгоор хамтарсан хяналт шалгалтыг хийсэн.Зөрчил үйлдсэн бол гарцаагүй шийтгэл оногдуулах зарчмын асуудал гэж үзэж байна. Мөн эрх, үүрэг тайлбарлаагүй гэж байна. Хэргийн материалд эрх, үүрэг тайлбарлаад гарын үсэг зуруулсан баримт нь авагдсан байгаа.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу  зөрчлийн хяналтын байцаагч бараа зөвшөөрөгдөх хүртэл оролцох ёсгүй байсан гэж байгаа. Ажлын байрны тодорхойлолтоо гаргаж өгсөн. Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, хянан шийдвэрлэх эрхтэйгээрээ гаалийн хяналт шалгалтын бүхий л үйл явцад хяналт тавьж оролцдог. Мөн журмын 5.40-д “Гаалийн шалгалтаар барааны нэр, төрөл, үнэ, ангилал буруу мэдүүлсэн, мэдүүлээгүй бараа илэрсэн, тохиолдолд өмнөх мэдүүлгийг хэвлэн, зөрчлийг нотлох бичиг баримт болгох бөгөөд гаалийн шалгалтын үр дүнгийн дагуу гаалийн мэдүүлгийг дахин нөхөж бичүүлж, гаалийн болон бусад албан татварыг төлүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, илэрсэн зөрчил Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байвал тухайн хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.Үүнийг нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа заавал гааль зөвшөөрөл дарсны дараа зөрчлийг илрүүлэн шалгах ёстой байсан гэж байна. Гаалийн зөрчлийг хяналт шалгалтын явцад илрүүлсэн бол хяналт шалгалтын байцаагч зөрчлийг бичнэ. Гааль зөвшөөрсөн тэмдэг дарсны дараа зөрчлийг зөрчлийн байцаагч илрүүлсэн бол тухайн барааны зөрчлийг бичихээс гадна зөвшөөрөл өгсөн гаалийн улсын байцаагчид давхар зөрчил бичигдэнэ. Мөн гаалийн мэдүүлгийг засварлах боломжгүй гэж тайлбарласан боловч журамд зааснаар засварлах боломжтой гэж байна.  Тэр нь зөвхөн тодотгох тоо хэмжээнд л үйлчилж байгаа. Горим нь өөрөө утга агуулгатай. Манай байгууллага нь дэлхийн Гаалийн байгууллагын гишүүн орон. Бараа болгон нь өөрийн гэсэн кодтой. Дэлхийн Гаалийн байгууллагын бүх орон адилхан кодоор явдаг. Тухайн кодын дагуу бүгд адилхан горимтой.Хэрэв барааг буцаах тухай хүсэлтийг хүлээж авах гэхээр тухайн бараа нь горим сонгох боломжгүй болсон бараа. Яагаад гэхээр дотоодын хэрэгцээнд оруулна гэж мэдүүлсээр байгаад Монгол улсын хилээр оруулж ирсэн.Гаальд мэдүүлэхээсээ өмнө горим өөрчлөх гэхээр манай гаалийн мэдүүлэг болон ОХУ-ын гаалийн мэдүүлэг хоорондоо таарч байдаг. “С.К” ХХК-ийн барааг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манайд мэдүүллээ гэхэд 2-3 хоногийн өмнө ОХУ-д мэдүүлсэн мэдүүлэг нь манай мэдээллийн сүлжээнд ороод ирсэн байдаг.Тэгэхээр барааг буцаах боломжтой 2 горим байдаг. Гэхдээ тухайн горимын шаардлагууд нь тухайн бараанд нийцэхгүй. Дээрээс нь хүлээн авагч компани нь буцаагаад хүлээн авах талаар хүсэлт гаргаж байгаа хэдий ч улс хоорондын асуудал байгаа учир горим сонгогдох боломжгүй юм.Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тухайн зөрчил нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Гомдол гаргагч “С.К” ХХК-ийн гомдол  үндэслэлгүй байна.

2.Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012679 дугаартай шийтгэлийн хуудсаар ““С.К” ХХК нь 2022 оны  08 дугаар сарын 23-ны өдөр  Хүнсний тухай хуулийн  11.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй 2784 ширхэг шоколадны кремийг импортолсон”  зөрчил гаргасан нь  нотлох баримтуудаар тогтоогдож байна  гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчилтэй хүнсний  бараа,бүтээгдэхүүнийг хурааж,  10000 нэгжтэй тэнцэх буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3.Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг  гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” , 11.2-т “Энэ хуулийн 11.1-д заасан    хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэж тус тус зохицуулжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс ““С.К” ХХК-аас  тухайн “Modern Cikolata Gida Sanayi Ve Tikaret A.S” компаниас илгээсэн барааг  гаальд мэдүүлэх эрхийг  С.Ц олгосон, харин Л.М олгоогүй байхад  компаниас эрх олгоогүй этгээд гаалийн мэдүүлэг гаргасан, Л.М 2021 онд олгосон итгэмжлэл  нь “RIKS” компаниас илгээсэн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг мэдүүлэх эрх олгосон 1 удаагийн итгэмжлэл байсан” гэж тайлбарлан маргасан.

5.Гаалийн тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд  хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:3.1.8."мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг”,  55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Мэдүүлэгч дараахь эрх эдэлнэ:57.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх;57.1.2.барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх,хэмжих; 57.2-т “Мэдүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:57.2.2.гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх; 57.2.3.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх”,66 дугаар зүйлийн 66.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар гүйцэтгүүлж болно”,69 дүгээр зүйлийн  69.2-т “Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ: 69.2.2.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох” гэж тус тус зохицуулжээ.

6. Монгол улсад бүртгэлтэй “С.К” ХХК-д  гадаад худалдааны гэрээний дагуу Турк улсын  “Modern Cikolata Gida Sanayi Ve Tikaret A.S” компаниас илгээсэн  хүнсний бараа ачсан тээврийн хэрэгсэл нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн  Цагааннуурын  хилийн боомтод /Улаанбайшинт/ ирж, гаалийн хяналтын бүсэд бараа бүхий  тээврийн хэрэгслийг байрлуулсны дараа  тухайн тээврийн хэрэгслийн жолооч буюу  тээвэрлэгч С.Ц  гаалийн мэдүүлэг  гаргуулахаар  “Өлзий наран” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.М хандсан байна.

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.М нь “С.К” ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  1122/01 дүгээр албан бичгээр өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ыг хүртэл “гаалиар орж ирэх бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авах,гаалийн бүрдүүлэлт хийх, баримт бичигт гарын үсэг зурах” эрх олгосон итгэмжлэлийн дагуу тээвэрлэгч С.Ц өгсөн болон “С.К” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Л.М  мэйл хаягаар  илгээсэн бичиг баримтыг үндэслэн тухайн барааны гаалийн мэдүүлгийг бичсэн, ингэхдээ “барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах” буюу 400 гэсэн гаалийн бүрдүүлэлтийн горим сонгосон.

Улмаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаалийн байгууллагад гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр хүргүүлж, барааны дагалдах бичиг баримтыг  хүлээлгэн өгсөн, мөн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.М нь “С.К” ХХК-аас олгосон уг итгэмжлэлийн дагуу тус компанид илгээсэн барааг гаальд мэдүүлж, хэд хэдэн удаа  мэдүүлэгчээр оролцож байсан болох нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 43-44,45-58,76-88,93,94 дэх тал, зөрчлийн хэргийн материал/ тогтоогдож байна.

7.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд уг итгэмжлэлийг тодорхой нэг компаниас илгээсэн 1 төрлийн барааг тодорхой хугацаанд гаальд мэдүүлэхээр олгосон 1 удаагийн итгэмжлэл гэж үзэх  үндэслэлгүй  бөгөөд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.М нь “С.К” ХХК-аас 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, тус компаниас цахимаар явуулсан болон тээвэрлэгчээс өгсөн барааны дагалдах бичиг баримтуудыг үндэслэн  “Modern Cikolata Gida Sanayi Ve Tikaret A.S” компаниас илгээсэн барааны гаалийн мэдүүлгийг  гаргасан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. 

Мөн  тээвэрлэгч С.Ц нь  тухайн барааны гаалийн мэдүүлэг гаргуулахаар гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.Мэндбаярт хандаж, барааны дагалдах бичиг  баримтуудыг өгсөн, “С.К” ХХК нь   “Modern Cikolata Gida Sanayi Ve Tikaret A.S” компаниас гэрээний дагуу илгээсэн барааны дагалдах бичиг баримтуудыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Л.М  цахим хаягт явуулсан гэсэн үйл баримтууд тогтоогдож байгаагаас гадна С.Ц  болон тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “С.К” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Р.Д, О.О нараас  тайлбар, мэдүүлэг өгөхдөө “компаниас С.Цогтбаатарт гаалийн мэдүүлэг гаргах эрх олгосон байхад эрх олгоогүй этгээд болох Л.М гаалийн мэдүүлэг гаргасан” гэх асуудлын талаар ямар нэгэн тайлбар, гомдол гаргаагүй.

Түүнчлэн гэрч Л.М “...тухайн мэдүүлгийг сүлжээгээр гаалийн байгууллагад илгээж, бичиг баримт хариуцсан гаалийн байцаагчид  бичиг баримтуудыг өгсөн. ...Ингээд миний үйл ажиллагаа дуусгавар болсон. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд жолооч буюу тээвэрлэгчид “та оролцоорой, ингэж оролцохдоо “С.К” ХХК-аас итгэмжлэл аваарай” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гаалийн байгууллага С.Ц тус компаниас 2022  оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр олгосон итгэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч,  тухайн өдөр барааг шалгахад байлцуулсан /Зөрчлийн хэргийн материал/ зэргээс үзэхэд  гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “тухайн барааг гаальд мэдүүлэх эрхийг тээвэрлэгч с.Ц олгосон байсан” гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

8.Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн  63.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлгийг хүлээн авсан даруйд дараахь байдлаар шалгана: 63.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт нь бүрэн, хүчин төгөлдөр эсэх; 63.1.2.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх; 63.1.3.гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх”,71 дүгээр зүйлийн 71.1-д “Гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг дараахь тохиолдолд мэдүүлэгчид нь олгоно:71.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт бүрдсэн; 71.1.2.гаалийн бүрдүүлэлтийн сонгосон горимын нөхцөл, шаардлага хангагдсан; 71.1.3.гаалийн болон бусад татварыг төлсөн, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар гаргасан; 71.1.4.гаалийн мэдүүлгийн дагуу бараанд гаалийн хяналт, шалгалт хийгдсэн; 71.1.5.энэ хуулийн 71.1.4-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол” гэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар баталсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын  5.8-д “Эрсдэлийн удирдлагын программд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ:5.8.1.Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.32-т “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч бичиг баримтын шалгалт хийсний дараа хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, зөрчил илрээгүй тохиолдолд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх’’ товч дарснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно” гэж тус тус зохицуулжээ.

9.2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “С.К” ХХК-ийн мэдүүлэгчээс гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд  хяналт хийх  улаан төлөв сонгогдсоноор эхлээд  бичиг баримт, үнэ үнэлгээ хариуцсан  гаалийн улсын байцаагчаас уг мэдүүлгийг хүлээн авч гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг шалгаад гаалийн мэдүүлгийг баталгаажуулсан байх ба ингэж баталгаажуулснаар үүссэн гаалийн болон бусад  татварыг төлөх нэхэмжлэлийн дагуу “С.К” ХХК-аас  татварыг төлсөн байна.

Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хяналт шалгалт  хариуцсан гаалийн улсын байцаагч, хорио цээр хариуцсан гаалийн улсын байцаагч, эрэлч нохой хариуцсан  гаалийн улсын байцаагч,  зөрчил хариуцсан гаалийн улсын  ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр  тухайн бараанд биет шалгалт хийснээр “С.К” ХХК-ийн оруулж ирсэн 21 төрлийн барааны нэг  болох Nuttinut крем нь  хаяг, шошго, хугацааны хувьд зөрчилтэй буюу Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтыг зөрчсөнийг илрүүлж, хорио цээр хариуцсан гаалийн улсын байцаагчаас нийт 2784 ширхэг кремийг хураан авсан гэх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 69, 93, зөрчлийн хэргийн материал/ тус тус тогтоогдсон болно.

10.Дээрх хууль, журамд зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан төлөв сонгогдсон  тохиолдолд гаалийн байгууллага гаалийн мэдүүлгийг хүлээн аваад бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч  шалгалт хийсний дараа  тухайн бараанд  биет шалгалт хийхээр зохицуулсан, мөн Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.4-т “Бараа, тээврийн хэрэгслийг шалгахад мэдүүлэгчийг байлцуулах бөгөөд мэдүүлэгч нь шалгалтад биечлэн байлцах боломжгүй тохиолдолд тээвэрлэгчийг оролцуулж болно” гэж зааснаар  тухайн барааг шалгахад тээвэрлэгч С.Ц  “С.К” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0823/01 дүгээр албан бичгээр өгсөн итгэмжлэлийн дагуу байлцуулсан /Хавтаст хэргийн 100-102,зөрчлийн хэргийн материал/ байх тул гомдол гаргагч талын “гаалийн мэдүүлэг гаргахаас өмнө  хорио цээрийн байцаагч  хяналт шалгалт хийх ёстой байсан, хяналт шалгалтын ажиллагаанд мэдүүлэгчийг байлцуулаагүй” гэх  тайлбар үндэслэлгүй байна.

11. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “мэдүүлэгч нь  тухайн барааг мэдүүлэхээс өмнө  үзэх ёстой байтал үзэж  танилцахгүйгээр хадгалалтын хугацааны шаардлага хангахгүй барааг гаальд мэдүүлсэн”  гэх маргааны хувьд  Гаалийн тухай хуульд зааснаар “бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих” нь  мэдүүлэгчийн  үүрэг биш, эрх  байхаар зохицуулсан.

Үүнээс гадна  “С.К” ХХК-аас тухайн барааг гаальд мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих талаар мэдүүлэгч гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд мэдэгдээгүй бөгөөд барааг хүлээн авагч, санхүүгийн хувьд хариуцагч  тус компаниас барааг гаальд мэдүүлэх эрхийг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд итгэмжлэлээр олгосон байх тул  гаальд мэдүүлэхээс өмнө барааг үзээгүй нь мэдүүлэгчийн гаргасан гаалийн мэдүүлгийг хүлээн авч, мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалт хийгдсэнээр   илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.  

12. Гаалийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.9."гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг; 3.1.11."гаалийн хяналт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;3.1.12."гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 58 дугаар зүйлийн 58.2-т “Мэдүүлэгч барааг гаалийн хяналтын бүс, эсхүл гаалийн түр агуулахад байх хугацаанд гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 78 дугаар зүйлийн 78.1-д “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг дор дурдсанаар ангилна: 78.1.1.барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах”, 79 дүгээр зүйлийн 79.1-т “Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим дараахь төрөлтэй байна: 79.1.1.барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах”, 232 дугаар зүйлийн  232.1-т “Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг гаалийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ”, 234 дүгээр зүйлийн 234.1-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл нь дор дурдсан хугацаанд гаалийн хяналтад байна: 234.1.1.дотоодын хэрэглээнд зориулан хилийн чанадаас оруулах бараа, тээврийн хэрэгслийн хувьд улсын хилээр орсон үеэс чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл” гэж тус тус заажээ.

Дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаарModern Cikolata Gida Sanayi Ve Tikaret A.S” компаниас  гадаад худалдааны гэрээний дагуу илгээсэн, хүлээн авагч “С.К” ХХК-ийн гаалийн нутаг дэвсгэрт  оруулах /барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ гаалийн бүрдүүлэлтийн горим сонгон гаалийн мэдүүлэг  гаргаж, Монгол улсад оруулж ирсэн буюу импортолсон барааны нэг болох Nuttinut кремийн хадгалах хугацаа нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасан “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэсэн  заасан шаардлагыг хангахгүй  байгаа нь  тогтоогдсон  байх тул   тус аймгийн Гаалийн газрын  хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагчаас зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, импортлогч тус компанийг 10000 нэгжээр торгосон  нь Зөрчлийн тухай хуулийн  16.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцсэн, үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Зөрчлийн тухай хуулийн  16.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь  үйлдэгдсэн, тогтоогдсон зөрчлийн хувьд хэрэглэх заалт байгаа. Завдсан гэмт хэрэгт хэрэглэгдэхгүй,импортолж оруулж ирээгүй” гэх боловч Гаалийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу тухайн бараа, тээврийн хэрэгслийг Монгол улсын буюу гаалийн нутаг дэвсгэрт Монгол улсын буюу гаалийн хилээр оруулан гаалийн хяналтын бүсэд байрлуулж, мэдүүлэгчээс “барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах” горим сонгон мэдүүлэг гаргаснаар  гаалийн хяналт шалгалт гаалийн нутаг дэвсгэрт хийгдэж, зөрчлийг илрүүлсэн байх тул “С.К” ХХК-ийн  хуульд заасан шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

13.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 5.35-д “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авсан үеэс гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрөх хүртэл хугацаанд бараа, тээврийн хэрэгсэлд хийж байгаа гаалийн хяналт, шалгалтад зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, албан тушаалтан оролцохгүй”, 5.36-д “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрсөний дараа дахин шалгалтыг зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, албан тушаалтан хийж болно” гэсэн заалтыг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтад оролцсон гэж маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн  6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: 6.11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн... 6.14 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасан зөрчил”, 2.4 дүгээр зүйлийн  1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх;1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах” гэж тус тус заасан.

            Хариуцагч  аймгийн Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагч  нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэх, хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах эрхтэй тул “С.К” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан хуульд заасан шаардлагыг зөрчиж, хүнсний  бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил гаргасан нь  нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд уг зөрчилд шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасантай тус тус нийцсэн байна гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг нийлүүлэгч Турк улсын “М. Ш”  компанид буцаан явуулахыг даалгах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1,  1.3 дугаар  зүйлийн  2, 3.1 дүгээр зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С.К” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,  гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг  нийлүүлэгч Турк улсын “М. Ш”  компанид буцаан явуулахыг даалгах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЕРКЕШ