Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01036

 

ХД дэх Ц 1 Х-ийн хүсэлттэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2019/01125 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч ХД дэх Ц 1 Х-ийн ирүүлсэн  Х.Г-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч ХД дэх Ц 1 Х-ээс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжпэгдсэн төлөөлөгч Э.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хорооны нутаг дэвсгэр Хүрэл хөшөөний автобусны буудал 19 дүгээр хорооллын Жаргалант үйлчилгээний төв байрнуудын орц, хонгил, хүүхэд, өндөр настны тоглоомын талбай, ил задгай газарт архидан согтуурах, нус цэр, хог хаяах зэрэг иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бололцоог алдагдуулан хүн ихээр цуглардаг автобусны буудал олон нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд цугларсан иргэд, бага насны хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настай иргэдийг айлган сүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл гаргадаг, тус хэлтэст согтууруулах мансууруулах донтой байдлаар шалгагдаж байгаа Хүрэлбаатарын Ганзоригийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө ээжтэйгээ хамт амьдардаг. Хөдөөнөөс орж ирээд удаагүй байна. Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны үйлчилгээний төв дээр түцнээс тамхи авах гээд зогсож байхад цагдаа нар барьж авсан. Би эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Х-ын Гг/РД:ГО86042574/-т архины албадан эмчилгээ хийлгэж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Х.Г-ийг албадан змчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 cap хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулййн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Х.Г давж заалдах гомдолдоо: Миний бие Булган аймгийн Могод сумын Өндөр настан н.Нарантуяатай мал маллаж амьдардаг. Би 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ээж н.Нарантуяагийн бие муудаж даралт нь ихсээд би ах дүү нартаа хэл дуулгаж эм тариа болон мөнгө төгрөг авахаар хотод ирээд 5 дугаар саырн 3-ны өдөр мөнгө төгрөг болон эм тариагаа аваад Нарантуул зах дээх явж байгаад эм тариа болон мөнгө төгрөгөө алдаад захын цагдаа нарт тэмдэглүүлсэн. Би 5 дугаар сарын 9-ний өглөө 6 цаг 10 минутын үед тамхи авах гээд эгчийнхээс гарч явтал 3 цагдаа юм тодруулмаар байна, машинд суучих гээд аваад явсан. Би учрыг нь ойлгоогүй байхад шүүх мөн эмнэлэг болоод байсан. Тэр үед би ямар ч архи уугаагүй байсан.  Юу болоод байгааг асуухад чамайг 7 хонуулаад явуулна гээд байсан. Өндөр настай ээж минь гэртээ ганцаараа бие нь тааруу байгаа. Манайх 200 бог, 50 гаруй үхэртэй. Намайг ийм байдалд байгааг ээж минь мэдээгүй. Энэхүү байдлыг минь харгалзаж үзэж, эмнэлгээс чөлөөлж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй болох нь тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн, эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Х.Г-ийн хувьд “нийгмийн хэв журмыг зөрчсөн буюу иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг” гэх байдал тодорхой бус, тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж, Х.Г-ийг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлтийг үзлэг хийснээс хойш 24 цагийн дотор гаргана гэж заажээ.

Хэргийн 9 дүгээр талд авагдсан Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтийг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар гаргасан байх боловч гуравдагч этгээд Х.Г-ийг биечлэн үзсэн талаар болон холбогдох шинжилгээг зохих газруудаар хийлгэсэн эсэх, албадан эмчилгээнд хамруулахад эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэх нь авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна. Учир нь эмнэлгийн байгууллагын дүгнэлт гэх 1 хуудас баримтад хийсэн тэмдэглэгээнүүдээс шинжилгээнд хамрагдсан, эсхүл эрүүл мэндийн байдал, архины албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

Мөн хэргийн 8 дугаар талд Х.Г-ийг 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хууль, Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан “хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил гаргаж 2 000 төгрөгөөр торгуулсан”, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй зөрчил гаргаж 5 000 төгрөгөөр”, 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл буюу мотоцикл жолоодсон зөрчил гаргаж захиргааны журмаар баривчлагдаж байсан” талаарх баримт авагдсан бөгөөд уг баримтуудыг үндэслэн түүнийг согтуурах донтой болсон, архины албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Х.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Г-ийн архины албадан эмчилгээнд явуулах тухай ХД дэх Ц 1 Х-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2019/01125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Г-ийг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай ХД дэх Ц 1 Х-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд Х.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                               Д.БАЙГАЛМАА