Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 38

 

“А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын

Кадастрын хэлтсийн дарга, Дорноговь аймгийн Засаг

дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Д.Мөнхтуяа

                                  П.Соёл-Эрдэнэ

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлт, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, “А Х” ХХК-ийн NE-026814 дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0788 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: “А Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, Б.Ашигжаргал, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Чимэг,

Гуравдагч этгээд: “ШОМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхолбоо,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгч Х.Хэрлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д тус тус заасныг баримтлан “А Х” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 6/6864 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, “А Х” ХХК-ийн НЕ-026814 дугаартай Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/527 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0788 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.11, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 17 дугаар зүйлийн 17.2.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, “А Х” ХХК-ийн NE-026814 дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хэрлэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтэст холбогдох “А Х” ХХК нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0788 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... ”, 123.2.2-д “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” заалтыг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Магадлалд “... Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тус талбайд өргөдлийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамруулсан, түүнчлэн Улсын төсвийн хөрөнгөөр 1986-1989 онд 200,000, 1989-1993 онд 50,000 нарийвчлалтай хийгдсэн тайлангуудаар төсвийн эх үүсвэрээр геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа болон геологийн эрэл, хайгуулын ажил хийгдэж, ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай болох нь тогтоогдсон байхад эрдсийн хуримтлалгүй гэж бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй байдлаар дүгнэлт гаргаж хүргүүлсний улмаас нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор заасан талбайд багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцуулан Дорноговь аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжаар “ГММ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох нөхцөлийг үүсгэсний улмаас хуульд заасан журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хангагдах үндэслэлгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байна...” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл дээрх эрдсийн хуримтлалтай болох нь тогтоогдсон гэж, мөн “А Х” ХХК нь хуульд заасан журмын дагуу өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хангагдах үндэслэлгүй болсон тухай дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-д “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах” заалттай зөрчилдөж улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ....хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... ” гэж хариуцагч үзэж байна.

5. Мөн шүүх захиргааны байгууллагыг илтэд буруутган холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй болно. Нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан “өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” шаардлагыг хангаагүй тул Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь заалтыг үндэслэн “ШОМ” ХХК-д 1282.14 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-019917 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр олгосон нь хуульд нийцсэн байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хуульчилсан. Тодруулбал мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрх үүрэгтэй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал зарлагдсан. Тухайн үед Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ашигжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ээлжийн амралттай байсан. Тухайн шүүх хуралдаан дээр агентлагийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж хийх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй болно. Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч яя- хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” заалтуудыг илтэд зөрчсөн байна.

8. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0788 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцжээ.

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, ...итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй...” гэх хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “...ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасантай нийцээгүй байна.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбайд “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” тухай Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлтийг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжаар “ГММ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

13. Уг талбай нь Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор баталсан өргөдлөөр олгох талбайн солбицолд хамрагдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор зарлагдсан талбай болох талаар маргаагүй.

14. Иймд, “...тухайн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн эрэл хайгуул хийгдэж, ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай болох нь тогтоогдсон байхад бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргасан ...” гэж нэхэмжлэгч нь уг дүгнэлтийг хүчингүй болгож, тухайн талбайд тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг шаардсан нь үндэслэлтэй юм.

15. Маргаан бүхий талбай эрдсийн хуримтлалтай болохыг тогтоосон нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхийн магадлалд дэлгэрэнгүй тодорхой заасан, эдгээрийг үндэслэн Ашигт малтмалын газрын 2015 оны 6/6864 дүгээр дүгнэлтийг хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн нь зөв байна.

16. Нэгэнт уг дүгнэлт хууль бус тул түүнд үндэслэн гуравдагч этгээд “ГММ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны А/572 дугаар захирамж мөн хууль бус гэж үзнэ.

17. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр гарахаас өмнө гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгч өөрт нь шууд хаяглагдаагүй тухайн шийдвэрийн хожуу бий болсон үр дагавраар маргах эрхтэй.

18. Үүнээс гадна нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдөл мөн өдрийн 8 цаг 16 минутад бүртгэгдсэн, гуравдагч этгээд “ШОМ” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл нь 11 цаг 44 минутад бүртгэгдсэнээс үзвэл, “А Х” ХХК маргаж буй талбайд түрүүлж өргөдөл гаргасан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хүсэлт болгож байгаа талбай нь тодорхой солбицлоор давхцалтай энэ талаар маргаагүй болохыг магадлалд тодорхой дүгнэсэн байна.

19. Эдгээрээс үзвэл, “ШОМ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн...” гэж заасныг мөн зөрчжээ.

20. Иймд, хариуцагчийн “...түрүүлж хүсэлт болгосон талбайтай давхцаагүй байх, ...хууль буруу хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

21. Мөн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдаан болох товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ашигжаргал нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, түүний эзгүйд хуралдааныг хийхийг мэдэгдсэн, энэ талаар өөрөө хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй болно. 

22. Тухайлбал, Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан Ашигт малтмалын газар нь энэ хэрэгт тусдаа хариуцагчаар оролцсон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулаагүй гэж гомдолдоо дурдсан нь буруу, “...шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулсан, ...мэтгэлцэх зарчмыг зөрчсөн...” гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

23. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0788 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ