Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч О.Мөнхтуяа,

хохирогч Д.Ч*******,

шүүгдэгч Ж.Б*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б*******од холбогдох эрүүгийн 2415003050062 дугаартай, 304/2025/0093/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, И******* овогт Ж*******ийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1995 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ...........оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...............ажилтай, регистрийн дугаар:*******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч И******* овогт Ж*******ийн Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн ******* сумын чиглэлд ******* ******* улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, Булган аймгийн ******* сумын ..................... газарт засмал замд явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчиж, замын халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс шарвалт үүсэж засмал замын зорчих хэсгээс гарч замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Д.Ч*******ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-өндөр сумын багаас Хутаг-өндөр суманд очих зорилгоор Булган аймгийн ******* сумын .........гэх газраар дамжин өнгөрөх Хөвсгөл-Булганы чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай авто замаар  ******* ******* улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж “замын зорчих хэсгийн хажуу руу орсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ч*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Т******* гэдэг газарт болсон байв. ...Анх дуудлага өгсөн гэх цаг хугацаанд зохицуулагч дэд ахлагч Б.Бямбадоржийг хэргийн газарт ирэхэд замын нөхцөл байдал цастай тухайн тээврийн хэрэгсэл халтирч гулгасан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байсныг хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт хавсаргахаар тогтов. ...Хэргийн газарт тухайн үед ирэхэд зорчих хэсэг бага зэргийн цасан бүрхүүлтэй байсан ба уг тээврийн хэрэгслийн баруун дугуйны шарвалтын мөр 51 метр үргэлжилсэн байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 07-08, 09-13 дахь тал/,

          -Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтаст хэргийн 14,15 дахь тал/,

          -Тээврийн хэрэгсэлд 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 16, 17-19 дэх тал/,

-Хохирогч Д.Ч*******ийн: “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагт ажлаасаа цэвэрлэгээ хийж дуусаад жирэмсний хяналтын үзлэг хийх хугацаа болсон байсан учир нөхөр Б*******ын хамт ******* ******* улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэй Хутаг-өндөр сумын Эрүүл мэндийн төв рүү багаас гараад нөхөр жолоо бариад би жолоочийн эсрэг талд урд суудалд суугаад хөдөлсөн юм. Ингээд замд явж байгаад “Т******* ”-ны орчимд явж байхад цас бударч орж байсан. Машин гулгаад нэг сэрэхэд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн өөр зүйл санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 108, 111 дэх тал/,

          -Иргэний нэхэмжлэгч Б.Аын: “...Д.Ч******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан байна. Нийт 9,059,568 төгрөгийн зардал гаргуулж тусламж үйлчилгээ, эмчилгээ хийлгэсэн байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

          -Гэрч Б.Цийн: “...Намайг 2024 оны 11 сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байхад 13 цагийн үед ******* сумаас дуудлага ирж ******* суманд ирэхэд Д.Ч*******, 29 настай, эмэгтэй, биеийн байдал хүнд, ухаангүй байсан. Тухайн эмэгтэй 5 сартай жирэмсэн, ураг дотроо эндсэн байсан тул эх ургийг салгах мэс засал хийж, цаашид эхэд сэхээн амьдруулах арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай тул мэс засал хийгдэж ургийг авсан. Одоо биеийн байдал хүнд яг одоогоор эрчимт эмчилгээ хийгдэж байна. Цаашид биеийн байдал тогтворжуул онош тодруулна, өөрөөр хэлбэл хаанаа ямар гэмтэлтэйг тодруулна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал/,

          -Гэрч Д.Оийн: “...2024 оны 11 сарын 13-ны өдрийн 10 цаг 53 минутад Эрүүл мэндийн төвийн дарга Туяацэцэг “аваарын дуудлага ирсэн” талаар мэдэгдэж. Намайг томилж би жолооч, сувилагч хоёртой ослын газарт очиход багийн эмч Д ирж тусламж үйлчилгээг эхлүүлсэн байсан. Тухайн машинд зорчиж байсан эмэгтэй зорчигч хүнд гэмтсэн гээд өвчин намдаах болон бусад бусад эмчилгээг хийсэн байсан. Уг эмэгтэй 5 сартай жирэмсэн гэсэн өгүүлэмжтэй, шокийн байдалтай, ухаан санаа самуурсан, нуруу доод мөчид аарцгийн хөдөлгөөн хязгаарлагдсан байсныг нэмж хийх эмчилгээ хийж хэвтрийн байдлаар сумын төв рүү тээвэрлэсэн. Тэгээд Эрүүл мэндийн төвд эрчимт эмчилгээг эхлүүлж Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү холбогдож дуудлага өгсөн. Тухайн үед эмэгтэй зорчигч нөхрийн хамт багаас сумын төв рүү жирэмсний хяналтын үзлэгт явж байсан, тухайн үед тээврийн хэрэгслийг нөхөр нь жолоодож явсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125 дахь тал/,

-Гэрч Д.Нгийн: “...Манай охин хүргэн хоёр Булган аймгийн ******* сумын багт 3 настай, 8 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Охин Ч******* багийн эмнэлэгт асрагч хийдэг, хүргэн Б******* шатахуун түгээх станцад түгээгч хийдэг. ...Зам тээврийн ослоос болж 5 сартай ураг нь амьгүй болж ******* сумын Эрүүл мэндийн төвд хагалгаанд орж ургийг авсан ба өчигдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж зураг авхуулсан аарцгийн яс салсан, хавирга хугарсан гэсэн гэхдээ одоо биеийн байдал гайгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Б******* 29 эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

-Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаярын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай “...Жолооч Ж******* овогтой Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байна...” гэсэн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0525/521 дугаартай:

1.Д.Ч*******ийн биед зүүн сүүжний дэлбээнээс сүүжний тогооны төв хэсэг болон урд багана дайрсан зөрөөтэй хугарал мөн сүүжний дэлбээнээс арагш ууц сүүжний үе дайрсан хугарал, баруун зүүн умдаг суудал ясны симфиз үе салсан хугарал, ууц ясны баруун материал масс бяцарсан хугарал, хэвлийн хөндийд цус хуралдалт /250мл/, 19-20 долоо хоногтой жирэмслэлт таслагдах /2024.11.13-ны амьгүй ураг авах мэс засал/, зүүн талын 1,2, 6, 7, 8, 9,11,12-р хавирганы хугарал, баруун талын 1, 11, 12-р хавирганы хугарал, баруун дал ясны их биеийн бяцарсан хугарал, сээрний Тh 8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний Th 3, 4, 5, 6, 7, 8, 9-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнт хугарал, Тh 6, 7-р нугалмуудын баруун болон арын сэртэнгийн хугарал, хүзүүний С7-р нугалмын зүүн хөндлөн сэртэн tгаnsverse foramen дайрсан сэлтэрсэн хугаралтай, бүсэлхийн 12-р нугалмын хоёр талын болон арын сэртэнт хугарал, бүсэлхийн 13-р нугалмын баруун хөндлөн сэртэнт хугарал, зүүн уушгины шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт, тархины баруун талын тенториумын хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тохойд шарх, зүүн дух, зүүн шанаанд зулгаралт, зүүн чих, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд зам тээврийн ослын үед учирсан байх боломжтой.

4.Дээрх 19-20 долоо хоногтой жирэмслэлт таслагдах нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.5.3- д зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн сүүжний дэлбээнээс сүүжний тогооны төв хэсэг болон урд багана дайрсан зөрөөтэй хугарал мөн сүүжний дэлбээнээс арагш ууц сүүжний үе дайрсан хугарал, баруун зүүн умдаг суудал ясны симфиз үе салсан хугарал, ууц ясны баруун материал масс бяцарсан хугарал гэмтэл нь уг журмын 4.1,18-д зааснаар хохирлын хүнд зэрэг, хэвлийн хөндийд цус хуралдалт /250мл/, зч уушгины шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт гэмтэл нь уг журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн талын 1,2, 6, 7, 8, 9,11, 12-р хавирганы хугарал, баруун талын 1, 11, 12-р хавирганы хугарал, баруун дал ясны их биеийн бяцарсан хугарал, сээрний Тh8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний Th1, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнт хугарал, Тh6, 7-р нугаламуудын баруун болон арын сэртэнгийн хугарал, хүзүүний С7-р нугалмын зүүн хөндлөн сэртэн tгаnsverse foramen дайрсан сэлтэрсэн хугарал, бүсэлхийн 12-р нугалмын хоёр талын болон арын сэртэнт хугарал, бүсэлхийн 13-р нугалмын баруун хөндлөн сэртэнт хугарал гэмтлүүд нь уг журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, зүүн тохойны шарх, тархины баруун талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь уг журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн дух, зүүн шанаанд зулгаралт, зүүн чих, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул уг журмын 2.7.4 -д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй....” гэсэн дүгнэлт/ 1 дүгээр хавтаст хэргийн 195-201 дэх тал/,

-Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10/22 дугаартай “...Д.Ч******* /РД:/ нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан тухай зардлын төлбөрийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв....” гэсэн албан бичиг, судалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

-Яллагдагч Ж.Б*******ын “...Би дээрх тогтоолтой танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. ...Би үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234- дэх тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ч*******: “...Би хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгмөөргүй байна...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*******ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Б******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч О.Оюунчимэгийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Б*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Ч*******ийн биед хүнд хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0525/521 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Ч*******ийн биед хүнд гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож яваад “замын зорчих хэсгийн хажуу руу орсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ч*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцлоо.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.Ч*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Б*******ыг хохирогч Д.Ч*******т төлөх төлбөргүйд тооцлоо.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Ч*******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 9,059,568 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон байна.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.А иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 9,059,568 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч Ж.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4,559,568 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч Ж.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.Б*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналтай байна...” гэв.

Хохирогч: “...Манайх бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд нөхөр маань манай гэр бүлээ авч явж байгаа ганц хүн нь юм. Тийм учраас тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааны нэг нь цаг агаарын таагүй байдал байгаа. Б*******, Ч******* нар нь хэдийгээр эхнэр, нөхөр боловч Б******* нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж эхнэрийнхээ эрүүл мэндэд их санаа зовж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хайр халамжийг цаг алдалгүй үзүүлж ирсэн. Бага насны хоёр хүүхэдтэй, одоо гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тийм учраас дээрх бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Б*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтас хэргийн 141 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 143 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтас хэргийн 144 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 145, 153 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 146, 156 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 147 дахь тал/, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 148 дахь тал/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтас хэргийн 150 дахь тал/, Б.Агийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас хэргийн 151 дэх тал/, Б.Тгийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас хэргийн 152 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтас хэргийн 154 дэх тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй сээх талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 155 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Б*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Б******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Б*******од тусгайлан сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан  шүүгдэгч Ж.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудал:

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдаж ирсэн Ж.Б*******ын №1399247 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И******* овогт Ж*******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Б*******од “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Б*******од сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Ж.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт хураагдаж ирсэн холбогдогч Ж.Б*******ын №1399247 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ