| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, ***** ургийн овгийн С.Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 55 минутад улсын дугааргүй, улбар шар өнгийн мустанг-150 маркийн тээврийн хэрэгслийг /мотоциклийг/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 55 минутад улсын дугааргүй, улбар шар өнгийн мустанг-150 маркийн тээврийн хэрэгслийг /мотоциклийг/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Б гэм буруутай болох нь:
-Гэрч А.А-н “...2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн газрын 7048102 дугаараас Говь-Алтай аймгийн ***** сум ***** багийн ******-н худгийн дээд талд гурван хүн тасраад уначихсан байна гэх дуудлагыг өгөөд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Ч-н хамт очсон юм. Тэгэхэд тэнд 3 мотоциклтой, согтуу хүмүүс байсныг цагдаагийн газрын хоёрдугаар байран дээр авчирч драгер үлээлгэсэн юм. С.Б-г шүүж үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эрхээ хасуулсан байсан юм. Б-тэй хамт байсан хүмүүс нь зөрчлөөр бүртгэлд орсон. С.Б-г драгер үлээлгэхэд 2,45 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дах тал/,
-Гэрч М.Ч-н “...2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутын үед **** багийн худгийн дээд талд гурван хүн тасраад уначихсан байсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 7048102 дугаар утсанд ирсэн байсан. Би зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.А-н хамт тус дуудлагад очсон. Дуудлагаар очиход нэг хүн нь тасраад уначихсан. Хоёр хүн нь босчихсон сууж байсан. Тасраад уначихсан байсан хүнийг сэрээж аваад цагдаагийн машинд суулгаж ирж драгер үлээлгэсэн юм. Б-г драгер үлээлгэхэд 2,45 хувийн согтолттой гарсан. Тэнд байсан 3 мотоциклийг бүгдийг нь журмын хашаанд аваачиж хийсэн. Б нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эрхээ хасуулсан байсан, Харин хамт явж хоёр хүн нь хоёулаа эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэж зөрчлийн бүртгэлээр орсон шалгагдаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дахь тал/,
-Цагдаагийн ерөнхий газрын “эрх хасагдсан” гэх лавлагаа /хх-ийн 12 дахь тал/,
-2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /хх-ийн 13-14 дэх тал/,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/1730 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 8-10 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б-г амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч багажаар шалгаж үзэхэд 2,45% спиртийн зүйл илэрсэн болох нь драгер үлээлгэсэн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Б-д Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/1730 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тус шийтгэврийн хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч С.Б-г Говь-Алтай аймгийн ***** сумын **** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 55 минутад улсын дугааргүй, улбар шар өнгийн мустанг-150 маркийн тээврийн хэрэгслийг /мотоциклийг/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** ургийн овгийн С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч С.Б-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардуулж эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА