| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ108 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ108
2025 06 13 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2402007530172 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишиг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны ******* ******* төрсөн, 27 настай, урианхай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Багануур дүүргийн ******* тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.10 дахь заалтуудад зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ******* (*******)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Илүүр гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй 3.8 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9-Тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий “өвс” гэх хэрэглээний нэршилтэй 3.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт “...2024 оны 9 дүгээр сард хөдөө ууланд явж байсан. Байгалд анх тэр өвсийг олж хараад таньсан. Яагаад гэвэл интернэт орчноос зургийг нь харж байсан болохоор мөн байна гээд сонирхоод түүж авсан. Тухайн үед нойтон ургамал байсан учраас хэрэглээгүй. Тэрнээс хойш цүнхэндээ хийж авчираад хадгалсан байснаа өөрөө мэдээгүй байсан. Бусдад худалдаалах, түгээх, харуулах, таниулах зорилго байгаагүй. Өөрөө тэр бодисыг хадгалж байгаагаа мартчихсан байсан. Тэгээд шүүхийн байранд ирээд цүнхээ шалгуулахдаа мэдсэн. Гэмшиж байна. Саваагүй зангаасаа болсон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Мөрдөн шалгах ажиллагааны үед *******ын өгсөн “...би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригдсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн Шүүхийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шүүх хурлын товыг сонсох гээд шүүгчийн туслахтай уулзах гээд Багануур дүүргийн шүүхийн байранд очсон. Тэгээд очиход үүдний жижүүрийн цагдаа дотогш нэвтрүүлэхдээ миний биед болон миний үүрч явсан хар саарал өнгийн цүнхэнд үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийх явцад миний цүнхнээс цагаан өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн өвс гарч ирсэн. Тэгээд тухайн цагдаа дуудлага дуудаж өгсөн. Би одоогоос нэг сарын өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байх Илүүр гэх нэртэй газарт самар түүхээр явж байхдаа хэрэглэж үзсэн. тухайн үед таван салаа бүхий хатсан ургамлыг түүж бэлтгэж аваад тамхи шиг ороогоод сонирхоод татаж хэрэглдэсэн. Хүлээн зөвшөөрч байна. Би хэрэглэж үзье гээд хэрэглэж үзсэн.Тухайн зүйлийг өмнө нь интернетээс үзэж байсан тэгээд түүж аваад хэрэглэж үзсэн. Тухайн хар саарал өнгийн цүнх нь миний өөрийн цүнх. Би тухайн цүнхийг ашиглаагүй удаж байгаад үүрсэн болохоор юу байгааг нь мэдэхгүй байна. Тухайн цүнхийг надаас өөр хэрэглэдэг хүн байхгүй. Би өөрөө үүрэхгүй бол хадгалж байсан. Тухайн нунтаг ногоон өнгийн зүйл нь өвсний төрлийн ургамал би сайн мэдэхгүй байна. Ямар ургамал гэдгийг нь. Хүнээс аваагүй миний цүнхэнд байсан. Хэзээ хийсэнээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68-69-р хуудас)
Гомдол мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн санал /хх-ийн 11-12-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 99, 100 дугаартай прокурорын тогтоолууд (хх-ийн 26-29-р хуудас)
Эд мөрийн баримтаар тооцох тухай болон эд мөрийн баримтанд үзлэг хийсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хх-ийн 30-33 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6410 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9- Тетрагидроканнабинол ((delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Дельта-9- Тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 3,8 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 42-44 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6408 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэнэ. “******* *******” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургууд (хх-ийн 52-54 хуудас)
Шүүх сэтгэц эмгэг судлын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №427 дугаартай “...******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт (хх-ийн 63-64 хуудас)
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагаас Багануур дүүргийн шүүхийн байранд харуулын цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд тус өдрийн 18 цагийн үед Шүүхийн байранд үүрэг гүйцэтгэж байхад согтуугаар тээврийн хзрэгсэл жолоодож зөрчил гаргасан ******* нь шүүхийн туслахтай уулзаж шүүх хуралдааны товыг сонсох эрх үүрэгтэй танилцахаар орж ирсэн. Тэгээд тухайн *******ын биед үзлэг хийж Шүүхийн байранд нэвтрүүлэх гэтэл *******ын авч явж байсан хар өнгийн цүнхний дунд талын халааснаас цагаан өнгийн гялгар уутанд хийж ам хэсгийг нь боосон нунтаг ногоон өнгийн өвс мэт зүйлийг гаргаж ирсэн. Тэгээд би *******оос юу болох талаар асуухад ******* нь би сайн мэдэхгүй байна гэх хариулт өгч байсан. Тэгээд би мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис байж магадгүй гээд шалгуулахаар Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. ******* нь буржгар хар урт үстэй, шаргал өнгийн хар оруулгатай куртиктэй, хөх өнгийн женсэн өмдтэй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гаднаас харагдах байдал хэвийн, доошоо харж суугаад асуусан асуултад хариу өгөх байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36- 37 хуудас),
Гэрч *******гийн өгсөн “...******* нь миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаант 7-9 тоотод амьдарч байна. ******* нь өөрийн гэсэн 2-3 цүнхтэй, уг цүнхнүүд манай жижиг өрөөнд байдаг ба *******оос өөр хүн хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41 хуудас),
Сэжигтэн *******ийн өгсөн “...Би тухайн өдөр найз *******ыг шүүх дээр байна гэхээр нь худалдааны газраас юм авах гэж явах замаараа шүүх дээр очиход манай найз ******* сууж байсан. Тухайн үед *******ыг шүүгчийн туслахтай уулзуулахаар цагдаа нар аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас цагдаа нар орж ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр найз Цэлмэг, Батбаяр, Бат-Эрдэнэ нарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Маанийн дугна” гэх нэртэй газар самар түүхээр очсон. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын дундуур Манхан гэх газарт самар түүж байгаад таван салаа бүхий навчтай, ногоон бор өнгийн газраас өвдөгний доод талаар татаж ургасан ургамлыг түүж тамхины цаасанд ороож тамхи шиг татаж үзсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 72-73 хуудас)
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан... ” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 110-125-р хуудас/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 107-109-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан энэ гэмт хэрэг нь өөрөө онцлох гэмт хэрэг, хохирогч байхгүй, хохирол төлбөр байхгүй. Тиймээс миний үйлчлүүлэгч ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ. Энэ төрлийн гэмт хэрэг нь өөрийгөө хохироох гэмт хэрэг юм байна гэдгийг ойлгосон. Цаашид энэ төрлийн гэмт хэргээс хол байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Илүүр гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий “өвс” гэх хэрэглээний нэршилтэй 3.8 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9-Тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий “өвс” гэх хэрэглээний нэршилтэй 3.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь дээрх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат бус байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай тул сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар олж авсан, хадгалсан” гэж ойлгож, дээр дурдсан үйлдэл нь хор уршиг учруулаагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.
Өөрөө хэлбэл сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур олж авч өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хууль бусаар байлгахыг “хууль бусаар хадгалсан”, харин сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг худалдан авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүй авч байгаа идэвхитэй үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж тус тус үзнэ.
Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлүүддээ санаатай хандсан болох нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд *******ын хоёр удаагийн үйлдлийг өөр өөр цаг хугацаанд үргэлжилсэн гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгчээс энэ хэрэгт холбогдуулан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял гэсэн сонгох санкцтай. Сэтгэцэд нөлөөт бодис нь нийгэм, хүн амд хор хохирол учруулдаг. Хэдийгээр шүүгдэгч нь энэ бодисыг хэрэглээгүй сонирхлын чиглэлээр олж авсан гэж байгаа боловч энэ хориглосон зан үйл нь Эрүүгийн хуульд заасан шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Иймд түүнд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,8 грамм цэвэр жин бүхий ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан гэдэг зүйл ангиар өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд гэмшиж харамсаж байгаагаа, мөн цаашид засарч хүмүүжээд сайн хүн болоод суралцаад нийгэмдээ хэрэгтэй хүн болохоо илэрхийлж байна. ын зан байдлын хувьд даруу, хөгжим тоглох дуртай, аливаа зүйлд мэрийлттэй, хичээлдээ онц сурдаг. Одоогоор Монгол Үндэсний Их сургуульд олон улсын харилцааны хятад хэлний ангид суралцдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан *******ын үйлдсэн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж өгнө үү. Залуу хүн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна, гэмшиж байна, мөн энэ гэмт хэрэг нь хохиролгүй гэмт хэрэг. нь Багануур дүүргийн тоотод байнгын оршин суух хаягтай. *******ын хувьд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг байнга хэрэглэдэг, байнгын ийм бодисоос хамааралтай болчихсон хүн биш. Миний үйлчлүүлэгч цаашдаа засарч хүмүүжээд энэ нийгэмд зөв хүн болоод сургуульдаа суралцаад ажил хөдөлмөр эрхлээд явна гэдгээ илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүхээс түүнд 2,5 жил хүртэлх хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс ”...миний хувьд ямар нэгэн санаа зорилго агуулж, худалдаалах, дэлгэрүүлэх зорилго байгаагүй. Өөрийнхөө болчимгүй, хариуцлагагүй, хэнэггүй зангаасаа болсон. Өөрөөсөө ичиж, маш их гэмшиж байна. Надад боломж олговол би сурах маш их тэмүүлэлтэй. Суралцахын тулд өөрийгөө маш их дайчилдаг. Би Тайвань улсаас ирээд суралцахыг орхиогүй, дахин суралцахыг хүссэн. Энэ зүйлийг цааш нь даамжируулаад ямар хохирол учруулсан байхыг өөрөө ч хэлж мэдэхгүй байна. Надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, бусдад төлөх төлбөргүй гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснын журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******од шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий цагаан өнгийн торонд хийсэн ногоон өнгийн цэвэр жин 3.8 грамм ургамал мэт зүйлийг журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснын журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг “сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий цагаан өнгийн торонд хийсэн ногоон өнгийн цэвэр жин 3.8 грамм ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. *******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ