Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/03200

 

2020 12 16 183/ШШ2020/03200

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Сайнцагаан сум, 0 дугаар баг, 0 тоот хаягт оршин суух, Т овогт Б.Ял /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Ц ТӨХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.        

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Б.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020.01.08-ны өдөр тушаал гарч Цний говийн бүсийн салбар Таван толгой дэд станцын ээлжийн монтёроор ажиллаж эхэлсэн. 2020.08.03-ыг хүртэл ээлжийн монтёроор ажилласан энэ хугацаанд надаас 3 удаа шалгалт авсан.Миний аав Батсүх говийн бүсийн салбарт сургалтын инженерээр ажилдаг. Говийн бүсийн дарга н.Намжилцэрэн гэдэг хүнтэй аав маань тааруу харилцаанаас болж намайг шалгалтад унагааж, хүчээр хүнд асуулт асуусан.Би цахилгааны монтёрын гуравдугаар зэрэгтэй, өөрөө цахилгаан техникчээр төгссөн. Шалгалтын комисс инженерээс авах хэмжээний шалгалтыг 3 зэргийн монтёр надаас авсан, шалгалтын асуултууд маш хүнд, цаг богино байсан. Намайг ямар ч сургалтад хамруулаагүй, шууд шалгалт авсан. Компанийн дотоод журамд 6-7 хүн шалгалт авч шийдвэр гаргана гэж заасан боловч 2 хүн оролцсон. Цнээс ирж говийн бүсийн салбараас шалгалт авсан. Тухайн үед 60 асуулттай тест авахад 3 дугаар зэргийн монтёртой ямар ч хамаагүй асуултууд олон байсан. Мөн дэд станцынхаа схемийг зур гэж надаас шаардахад 5 минут болоогүй зурж амжаагүй байхад материалыг авсан. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр халах тушаал гарсан. Үүнээс хойш эрчим хүчний яам болон дамжуулах руу албан бичиг хүргүүлж эвээр шийдэх гэж үзсэн боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу явуулсан. Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах гэтэл ажилд орсон болон халагдсан тушаал хэрэгтэй байсан ч компаниас халагдсан тушаал өгөөгүй. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр халагдсан тушаалаа гардаж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.

 

Хариуцагч Ц ТӨХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Я нь компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар говийн бүсийн салбарын ашиглалт үйлчилгээний ээлжийн монтёроор томилогдсон. Нэхэмжлэгч туршилтын хугацаанд ажиллах үедээ компанийн ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авах журамтай бөгөөд дагалдан сургалт хөтөлбөрийг хангуулахаар компанийн зүгээс нийтдээ 6 сарын хугацаа олгосон. Салбарын мэргэжлийн хяналтын комисс мэдлэгийн шалгалтыг 3 удаа буюу 2020.03.10, 2020.04.07, 2020.05.19-ний өдрүүдэд тус тус авсан боловч хангалтгүй үнэлгээ авсан. Нэхэмжлэгчийн аав нь Б.Яыг шалгалтад тэнцүүлэхгүй байна гэж үзэж компанийн удирдлагад гомдол гаргасны дагуу компанийн мэргэжлийн шалгалтын комиссын төлөөлөл болон холбогдох хүмүүс 2020.06.12-ны өдөр Б.Яаас цахим хэлбэрээр биечлэн шалгалт авсан боловч хангалтгүй дүн авч, шалгалтад дахин тэнцээгүй. Б.Я 1 сард туршилтын хугацаагаар ажилд орсноос хойш шалгалт өгөх 6 сар хүртэлх хугацаанд шалгалтдаа бэлдэх хангалттай хугацаа компанийн зүгээс олгосон. Иймд ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь компанийн мэргэжлийн шалгалтын комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул компанийн гүйцэтгэх захирлын 2020.08.03-ны өдрийн Б/379 тушаалаар Б.Яыг ажлаас халсан. Ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид 2020.09.17-нд өгсөн талаар маргаан байхгүй. Манай байгууллагын хувьд ажилтан өндөр хүчдэлтэй харьцдаг бөгөөд шалгалтад тэнцээгүй хүн ажиллуулах нь тухайн хүний амь насанд эрсдэлтэй тул мэргэжлийн шалгалтад тэнцэхгүй байгаа хүнтэй цаашид хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй ... гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Ц ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж авах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Я нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 тоот Ц ТӨХК-ийн захирлын тушаалаар Говийн бүсийн салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны Таван толгой дэд станцад ээлжийн монтёроор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, туршилтын хугацаагаар, мэргэжлийн 3-р зэргийн ашиглалтын монтёрын тарифт цалингаар цалинжихаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 7-13, 46 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд Б.Я болон Ц ТӨХК нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Яыг Ц ТӨХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б/379 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ ТӨХК-ийн дүрэм-ийн 10 дугаар зүйлийн 10.11.7 дахь заалт, Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.25 дахь хэсэг, компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.1.3. дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2. дахь заалтын е дэд заалт, Говийн бүсийн салбарын даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01/181 тоот албан бичиг, Говийн бүсийн салбарын даргын зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэр, Говийн бүсийн салбарын 2020/104, 105, 106 дугаар Мэргэжлийн шалгалтын комиссын протокол, Б.Ятай 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 17 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч Б.Я-д ажил олгогч буюу хариуцагч нь туршилтаар ажиллах хугацаанд түүнд дагалдан суралцах хөтөлбөр танилцуулан, суралцах хөтөлбөрийг 30 хоногийн дотор хангахыг мэдэгдсэн болох нь Б.Яын дагалдан суралцах хөтөлбөр танилцуулсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 87-89 хуудас/

 

Мэргэжлийн шалгалт авах байнгын комиссын бүрэлдэхүүнийг Ц ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/33 тоот тушаалаар баталсан байх бөгөөд уг батлагдсан комиссын гишүүд нэхэмжлэгч Б.Яаас мэргэжлийн шалгалтыг авчээ. /х.х-72 хуудас/

 

Ц ТӨХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар тушаалаар батлагдсан Ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-д Мэдлэгийн анхны шалгалтыг шинээр ажилд орж байгаа болон ажлын байр өөрчлөгдсөн, ... ажилтнуудаас авна гэж заасны дагуу ажилд анх орж байгаа нэхэмжлэгч Б.Яаас шалгалтыг Говийн бүсийн салбарын мэргэжлийн шалгалтын комисс нь нэхэмжлэгч Б.Яаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шалгалт авахад нэхэмжлэгч шалгалтад хангалтгүй гэх үнэлгээ авч, комиссын шийдвэрээр дахин шалгалт өгөх шийдвэр гарч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Яаас дахин шалгалт авахад хангалтгүй, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шалгалтад ерөнхий дүн хангалтгүй гэх үнэлгээ тус тус авч, мэргэжлийн шалгалтад нийт 3 удаа тэнцээгүй байна. /х.х 48-54, 73, /

 

Нэхэмжлэгч Б.Яаас Ц ТӨХК-ийн мэргэжлийн шалгалтын комисс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цахимаар тест бөглүүлж, мөн Таван толгой дэд станцын схем зураг зуруулж шалгалт авахад нэхэмжлэгч хангалтгүй үнэлгээ авч тэнцээгүй болох нь Ц ТӨХК-ийн мэргэжлийн шалгалтын комиссын 136/2020 дугаар протоколоор тогтоогдож байна. /х.х-66-69 хуудас/

 

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Б.Я нь анх ажилд ороход ажилтнаас заавал авдаг мэргэжлийн шалгалтдаа тэнцээгүйн ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь мэргэжлийн шалгалтын комиссын үнэлгээний хуудас, шийдвэрээр тогтоогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Ц ТӨХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б/379 тоот Ялалтыг ажлаас халах тухай тушаалыг нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 17-нд ажил олгогч гардуулан өгсөн гэх тайлбарт хариуцагч орон нутгийн салбарын ажилтан тул 2020 оны 9 дүгээр сарын 17-нд Б/379 тоот тушаалыг гардуулсан, уг тайлбарт маргахгүй гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэн хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Яын нэхэмжлэлтэй, Ц ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж авах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасанчлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О