Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01021

 

ЧД дэх ЦХХ-ийн хүсэлттэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2019/00861дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ЧД дэх ЦХХ-ээс ирүүлсэн, О.С-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг  гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ЧД дэх ЦХХ-ээс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овот О-ийн С нь байнга архидан согтуурч, орчин тойрны болон ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, 2015 оноос хойш архи ууж байгаа, 2019 оноос хойш 2 удаа эрүүлжүүлэгдэж, архины албадан эмчилгээнд явж байгаагүй, зөрчлийн хуулиар шийтгүүлсэн, архинд донтох 3 дугаар шатны өвчтэй болох нь  О.С-ийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, хэсгийн ахлагч С.Наранцэцэг, авто эргүүлийн офицер цагдаагийн ахмад Б.Эрхэмбаяр,  төрсөн дүү гэрч Ц.Номин-Эрдэнэ нарын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн О.С-ийг архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оноос хойш архи ууж байгаа баривчлах арга хэмжээ, архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй, харин торгуулж байсан. Он гарснаас хойш 2 удаа эрүүлжүүлэгдсэн. Би ажил хийдэггүй, найз нөхөдтэйгээ нийлж архины мөнгө босгож архи авч уудаг. Цаанаасаа архи уумаар санагдаад байдаг, архи хэнтэй ч хамаагүй хуваагаад уудаг. Би гаргасан зөрчлөө мэдэж ойлгож байна, архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх:Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Б овгийн О-ийн С /РД:УХ89012490/-ийг албадан эмчилгээнд явуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ЧД дэх Ц 2 Х нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар О.С-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж,  

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар О.С-ийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг ЧД дэх Ц 2 Х-т үүрэг болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд О.С давж заалдах гомдолдоо: 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр цагдаа намайг 11 дүгээр хороон дээр аваачиж албадан саатуулах тогтоолгүй хонуулаад 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр эмнэлэг авч явж цээжний зураг, өндөгний цус авахуулаад өөр үзлэг хийлгүй шүүхээр оруулж чамайг 14 хоног л баривчилна, чи санаа зовох хэрэггүй гээд ачиж явуулсан юм. Ээж н.Нарантуяа минь тархины мэс засалд ороод эмчийн асаргаа хяналтанд байдаг. Миний дүү О.Номин-Эрдэнэ нэг ойтой нялх хүүхэдтэй, гэр бүлийн хамтран амьдрагч байхгүй. Би ажил хийж ээждээ эм тариа болон дүү нарын хоол хүнс, нялх хүүхдийн хэрэглэх ариун цэврийн хэрэглэл зэрэг зүйлсийг бэлдэж ам бүлээ авч явдаг хүн юм. Ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

ЧД дэх ЦХХ нь О.С-ийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тухайн этгээд согтуурах, мансуурах донтой өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн зэрэг нөхцөл бүрдсэн тохиолдолд албадан эмчилгээнд хамруулахаар зохицуулсан.

Гуравдагч этгээд О.С согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр 2019 оны 1 дүгээр сарын 27, 2019 оны 4 дүгээр сарын 4, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус тус эрүүлжүүлэгдэж, захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн болон баривчлах арга хэмжээ авагдаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлээр тогтоогдож байна. /хэргийн 23-28 дугаар тал/

Түүнчлэн О.С нь архинд донтох өвчний 3 дугаар шатанд байгаа болохыг тогтоосон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн комиссын дүгнэлт, тэрээр архины эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн тайлбар, гэрч О.Номин-Эрдэнэ, С.Наранцэцэг, Б.Эрхэмбаяр нарын “...О.С 2015 оноос хойш архи ууж байна. Өдөр болгон архи уудаг, нэг уухаараа тасралтгүй уудаг. Цагдаад олон удаа дуудлага өгч байсан...” мэдүүлэг /хэргийн 9-14, 17 дугаар тал/-ээр тогтоогдсон тул цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Мөн О.С-ийг албадан эмчлэх эмчилгээг зогсоох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба тэрээр ар гэрээ авч явдаг, эх н.Нарантуяаг асарч халамжилдаг гэх байдал баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, О.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2019/00861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд О.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА