Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/406

 

 

 

 

 

 

    2021           4               21                                               2021/ДШМ/406                  

 

 

Ч.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэлэнгэ, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Ад холбогдох эрүүгийн 1702001990083 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Ч.А нь:

- “М т с” ХХК-ийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 147 дугаартай тушаалаар тус компанийн “бөөний борлуулагчийн” албан тушаалд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 2012 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл Нарантуул захын бөөний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу өөрийн хүлээн авч байсан тамхины борлуулалтын орлогоос 477,170,000 төгрөгийг завшиж "М т с” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

-2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Бөмбөгөр” хаан банкны салбараар дамжуулан тамхины татвар нэмэгдэх гэж байна, хямд үнэтэй тамхи авч өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Баас 172,700,000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Баяржаргалтай түүний танил Янжинсүрэнгээр дамжуулан утсаар холбогдож “...10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ, найдвартай...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5039444888 дугаартай дансаар 14,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 186,700,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

- шүүгдэгч Ч.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Ч.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2  жил, 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил, 6 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Ч.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Агаас нийт 644,870,000 төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага “М т с” ХХК-д 477,170,000 төгрөгийг, хохирогч Н.Б /РД: ЕЙ74040412/-т 167.700.000 төгрөгийг  тус тус олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээж, Ч.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204048697 дугаартай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Да хүрээ” гудамж 100 дугаар байрны 5 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг хэвээр үлдээж хохиролд нь тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгч Ч.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М т с” ХХК-тай хамтран ажилласан 5 жил гаран хугацаанд:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун”, 104 дүгээр байрны 08 тоот 110 метр2, 308.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууц,

2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун”, 104 дүгээр байрны доор орших 12 тоот, 18.000.000 төгрөгийн үнэ бүхий, дулаан зогсоол,

3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун”, 104 дүгээр байрны доор орших, 18.000.000 төгрөгийн үнэ бүхий, 13 тоот дулаан зогсоол,

4. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр хотхон”-д орших үйлчилгээний

зориулалттай 120 метр2 талбайтай, 360.000.000 сая төгрөгийн үнэ бүхий “Гоо сайхны салон”-ы үл хөдлөх хөрөнгө,

5. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Санрайз” хотхоны 40-ийн И байрны 43 тоот 55 метр2, 159.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө, орон сууц, нийт бодит үнийн дүнгээр 863,000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан.

Намайг зээлээр тамхи үйлдвэрийн үнээр авч, бөөний үнээр худалдаалд эхлэснээс хойш 4 сар гаран хугацааны дараа ...хавтас хэрэгт авагдсан 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ /11хх 150-151/-г байгуулсан. ...“М т с” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ гэх гэрээг байгуулсан цагаас хойш хувиараа өөртөө ажиллаж, ашиг орлого олж байгаа хүн биш “М т с” ХХК-ний ажилтан болсон байжээ. Хэрэв энэ талаар тооцоолон урьдчилан мэдсэн бол миний бие тухайн хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй байх байсан. “М т с” ХХК-аас тус гэрээнд заасан үндсэн цалин гэх цалинг нэг ч удаа авч байгаагүй юм. ...Анхан шатны шүүхээс намайг “М т с” ХХК-ний ажилтан мөн гэж үзэж, тус компаниас тамхи авч худалдан борлуулах үйл ажиллагаандаа дутагдал гаргаж, нийт 477,170.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн тул миний бие шүүхийн дүгнэлтэд илтэд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд удаан хугацаанд хохирол төлбөрийг төлөөгүйдээ гэмшиж байна. Хэдийгээр миний хувьд өмч хөрөнгөө барьцаалж, тайлан тооцоо болон бэлнээр төлсөн төлбөрүүд, төлөлтөд тусгагдаагүй гэж маргаж байсан боловч анхан шатны шүүхээс гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

            Хохирогч Н.Б, Л.Б нарт хохирол учруулсан асуудал нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон байх үедээ бусдаас мөнгө авч буцаан төлөөгүй үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн барьцаа хөрөнгийг хохирол төлбөрт төлж барагдуулах талаар “М т с” ХХК-тай болон хохирогч Н.Бтай өмгөөлөгчөөр дамжуулан тохиролцоо хийхийг оролдож байсан боловч зарим үнийн дүн болон бусад шалтгаанаас болж амжилтанд хүрч чадаагүй. Харин одоо миний хувьд хохирогч Н.Бын хохирлыг барагдуулсан бөгөөд “М т с” ХХК-д учруулсан хохирлыг барьцаалсан эд хөрөнгөөс тооцуулан нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би хууль зүйн мэдлэггүйгээс болж “М т с” ХХК-тай тохиролцсон хохирол төлөлт дээрээ иргэний хэрэг үүсгэсэн байсан. Би өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас болон түүний гаргасан давж заалдах гомдлоос татгалзаж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Ч.А миний бизнес эрсдэлд орсноос шалтгаантайгаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 47 настай, хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээж тэтгэдэг,эрүүл мэндийн хувьд хорт хавдартай гэсэн оноштой байнгын эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд байдаг. Мөн тархины саажилттай, 13 настай хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаангүй.

1. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн гэм буруугийн тухайд: Миний үйлчлүүлэгч Ч.А нь 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “М т с” ХХК-тай харилцан тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, мөн хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу “Зээлийн гэрээ”, хавсралтаар “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, нийт бодит үнийн дүнгээр 863.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан энэ өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 жил 5 сарын хугацаанд тус компанитай хамтран ажилласан.  Энэхүү 830.000.000 төгрөгийн эд хөрөнгийг барьцаалсан нь Ч.А нь барьцааны хэмжээнд багтаан зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхтэй болж байна гэсэн үг юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч болон хохирогч нарын хооронд байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ” зэргийг үнэлэлгүйгээр, “М т с” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тус компанийн ажилтан гэж үзэх үндэслэл болж байгаа талаар дүгнэж, Ч.Аг итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул миний үйлчлүүлэгчээс дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй эсэх эргэлзээтэй үйл баримтууд тогтоогдож байгаа зэргийг үл харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, “М т с” ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, түүний ар гэрийнхнээс удаа дараа хохирол төлбөрийг төлж барагдуулах оролдлогуудыг хийж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн гэм буруугийн тухайд: Шүүгдэгч Ч.А нь хохирогч Н.Бт учирсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Л.Баяржаргалд төлөх төлбөргүй.

2015 оны Шинэчлэн баталсан Эрүүгийн хууль нь өмнөх эрүүгийн хуулиас гэм буруугаа хүлээсэн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй, хохирол төлбөрөө төлсөн этгээдэд нэг удаадаа хөнгөн ял шийтгэл оногдуулах түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг нийгэмшүүлэх зорилтод нийцсэн зохицуулалтуудыг агуулсан. Миний үйлчлүүлэгч Ч.А нь хохирогч Н.Б, Л.Б нарт хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш их гэмшиж байгаагаа илэрхийлсэн, хохирогч нарт учирсан хохирлыг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан тул миний үйлчлүүлэгч Ч.Агийн бизнесийн эрсдэлд орж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, 47 настай, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэй, эрүүл мэндийн хувьд хорт хавдартай гэж оношлогдон байнгын эмчилгээ, эмчийн хяналтанд байдаг зэрэг нөхцлийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол нь хууль зүйн тайлбар байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэсэн тайлбар хийх боломжгүй байна. Манай байгууллагын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй хуульд нийцсэн тогтоол гарсан гэж үзэж байна. Энэ хэргийг 4 жил шалгаж шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд Ч.А хохирол төлбөрийг төлөх бүрэн боломж байсан. Бид хохирол төлбөрийн асуудлаар өөрийн оршин сууж байгаа орон сууцыг нь хохирол тооцуулж шийдвэрлэж байсан. Гэтэл хууль бусаар шилжүүлэн авсан гэх үндэслэлээр Ч.А буцаан өөрөө авсан. Ч.А тодорхой хугацаанд манай байгууллагад ажиллаж борлуулалт хийж тодорхой хэмжээний амжилттай ажиллаж байсан хөдөлмөрийн үр шимийг нь үнэлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгийг нь хохиролдоо тооцож авахад татгалзах зүйлгүй гэсэн шийдвэрийг манай байгууллага гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохиролд тооцуулахаар шийдүүлсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байгаа объект нь 350 сая төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. “Маршал таун”-ны байр, 2 граж, хохиролд тооцохоор шийдэгдсэн объект нийлээд 4 үл хөдлөх хөрөнгө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийг үндэслэж шүүхээс гарсан шийдвэрийг баталгаажуулах зорилгоор шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, яах ёстой талаар би хэлж мэдэхгүй байна. Манай байгууллагын хувьд битүүмжилсэн хөрөнгө дээр хохиролд тооцон авч энэ хүнээс нэхэмжлэх зүйлгүйгээр шийдвэрлэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Ингэж илэрхийлсэн учир торгуулийн ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба үүнийг ялыг өөрчилж байна гэж ойлгож байна. ...” гэв.  

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгааг өнөөдөр хүлээн авч ялыг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд хоёр өөр утга бүхий давж заалдах гомдол гаргасан байсан. Өнөөдөр нэг өмгөөлөгч Р.Пүрэвлхамаасаа татгалзаж байгаа юм байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, ял шийтгэл тохирсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Ч.А нь:

 

  1. “М т с” ХХК-д бөөний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаандаа "М т с” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан, өөрийн хүлээн авсан тамхины борлуулалтын орлогоос 477,170,000 төгрөгийг завшсан болох нь:

хохирогч "М т с” ХХК-ийн төлөөлөгч Х.Сэлэнгийн “...Ч.А нь 2016 оны жилийн эцсийн байдлаар санхүүтай тооцоо нийлээд 30 сая төгрөгийн үлдэгдэлтэйгээр гарсан. 2017 оны 01-р сард тамхи аваад өмнөх оны үлдэгдэлтэйгээ тооцоо нийлээд явсан. 2017 оны 02-р сард мөн адил тооцоогоо нийлсэн байдаг. ...Цагаан сарын баяр болж Нарантуул зах амрахаас өмнө 2017 оны 03-р сарын тамхиа авсан байдаг бөгөөд 178,450,000 төгрөгийн үнийн дүнтэй барааг 2017 оны 02-р сарын 22-ны өдөр Нарантуул зах дээр хүлээн авсан. ...2017 оны 02-р сард 360,811,500 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тайлангаа гаргаж, тооцоогоо нийлсэн. 2017 оны 03-р сард А тооцоо нийлэхдээ авсан тамхиа хүлээн зөвшөөрөөд, тооцоо нийлээд, борлуулалтаа тайлагнаад өөрөө өөрийнхөө тайланг гаргаж өгсөн. Уг сард Ч.А нь 1 тэрбум гаруй төгрөгийн тамхи аваад түүнээс сарын эцэст 510,825,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тооцоогоо нийлж, тайлан гарган гарын үсгээ зурсан байсан. Ийм байдлаар 2017 оны 07-р сарыг хүртэл сар бүр манайхтай тооцоогоо нийлээд явж байсан байдаг. ...санхүүгийн баримтууд үзэж байгаад 2017 оны 02-р сарын 22-ны өдөр авсан 178,450,000 төгрөгийн үнэ бүхий 2017 оны 03-р сарын 01-ний он сар өдөртэй падаан дээр маргаан гаргаад эхэлсэн юм билээ. Ч.Агийн хувьд дээрх тамхийг авсан, түүнийгээ ч хүлээн зөвшөөрөөд явсан. ...” /1-р хх 117-118, 13-р хх 101-102/,

гэрч Б.Лхагвадоржийн “...2017 оны 01-р сард Ч.А болон манай компанийн хооронд ямар нэгэн өглөг, авлагын тооцоо дутагдалгүй болсон. Ч.А нь 2017 оны 01-р сараас янжуур тамхиа аваад боруулалтаа явуулж эхлээд төлбөр тооцоогоо компанид хийхдээ дутуу өгөөд үлдэгдэл өндөртэй яваад байсан. Ингээд 2017 оны 07-р сард наадам болох гэж байгаатай холбоотой багцаар бөөн тамхи авсан. Зөвхөн 7-р сард гэхэд л 1,995,779,500 төгрөгийн тамхи авсан. Тэгээд баяр наадмын амралт таараад 7 сарын эцэс болсон чинь Ч.А авсан тамхиныхаа мөнгийг бүрэн төлж чадаагүй, их хэмжээний үлдэгдэлтэй гарсан. ...сүүлд нь гүйцэтгэх захирлын тушаал гарч комисс томилогдон 2016 оны 08-р сарын 15-ны өдөр Ч.А дээр очиж өөрийн компаниас нийлүүлсэн тамхийг тоолоход 229,330,000 төгрөгний тамхи байсныг тоолж тулгаад буцааж авсан. Харин 477,170,000 төгрөгийн тамхи оргүй дутсан. Ч.А нь уг дутаасан тамхиа "хүмүүст зээлээр өгчихсөн, мөнгийг нь авч чадаагүй байна" гээд өөрийн хөтөлсөн дэвтэрээ үзүүлээд байсан. Зүгээр Ч.А гараараа бичсэн бүртгэл байснаас нөгөө тамхи авсан гэх хүмүүсийнх нь авлаа гэсэн гарын үсэг зэрэг батлах зүйл байгаагүй юм..." /1-р хх121-130, 12-р хх 245-247, 13-р хх 104/,

гэрч Б.Гуамаралын “...урамшууллыг нь тооцож олгохын тулд тухай тухайн сард тооцоо нийлж, төлбөрийг нь авах зайлшгүй шаардлага тулгардаг. Заавал тухайн сардаа мөнгөө төлсөн байна гэсэн шаардлагатай байдаг. Гэвч борлуулагч нарыг өөрсдийг нь бодоод сар дамжуулж өгсөн төлбөрийг нь өгөх ёстой байсан урд сард нь оруулж тооцдог. Үндсэндээ урамшуулал цалинг нь сар сард нь бодож олгохын тулд тэгж байна гэсэн үг. Уг нь А борлуулалтын мөнгөө удаадаг ч гэсэн өгөөд тооцоогоо хаагаад явдаг байсан. Гэтэл 2017 оны 07-р сараас мөнгөө өгч чадахгүй болоод эхэлсэн. ...” /1-р хх 140-141/,

гэрч Ё.Энхтуяагийн: “...Борлуулагч нар чинь өөрсдийнхөө дэвтрийг авч очоод компанийн нягтлантай тооцоогоо нийлээд тэр сард яг тэдэн хайрцаг, тийм нэр төрлийн тамхи авсан, тэдэн төгрөг өгөх ёстой гэж тулдаг. Тэгээд өмнө нь тамхи авсан грушикийнхээ гарын үсэг зурсан падаан дээрээ хүлээн зөвшөөрч өөрсдөө гарын үсгээ зураад явдаг. 2017 оны 03-р сард зарах тамхиа 2-р сард авсан гэдгээ А сайн мэдэж байгаа, ер нь юмыг мартахгүй сайн ойтой хүн. Тэгээд сарын сүүлд тооцоо нийлэхэд өөрөө зүгээр хүлээн зөвшөөрсөн байгаа байх. Тэгэхгүй бол 170-180 сая төгрөгийн асуудал үүснэ биздээ. Тийм зөрүү гарч байхад тухайн үедээ А хэлж, ярина биздээ. А тамхинуудаа зарах үнээр нь зарахгүй бууруулж зараад байдаг байсан. Түүнд их л бэлэн мөнгөний хэрэг байдаг байсан байх. Тэгээд байхаар чинь сүүлдээ ямар ч ашиггүй болно биздээ. Одоогийн байдлаар Нарантуул зах дээр Агаас хямд үнээр тамхи авна гээд бэлэн мөнгөө өгөөд аль ч үгүй болчихсон гэсэн хүмүүс байгаа юм. ...” /1-р хх 142-147/  гэх мэдүүлгүүд,

 “Авера аудит" ХХК-ийн шинжилгээний: “...“М т с” ХХК нь гэрээт борлуулагч Ч.Ад нийт 12.232.155.000.00 тамхи нийлүүлсэн бөгөөд тус компани нь нийт 5 удаа 169.265.000.00 төгрөгийн борлуулалтын урамшуулал бодож Ч.Агийн тамхины борлуулалтын авлагын тооцооноос хасч тооцсон байна. “М т с” ХХК нь Ч.Агаас нийт 12.062.890.000.00 төгрөгийн тамхины борлуулалтын авлагын тооцоотой байсан байна. Үүнээс Ч.А нь “М т с” ХХК-д харилцах данс болон бэлэн мөнгөөр нийт 11.585.720.000.00 төгрөгийг төлж, Ч.А нь “М т с” ХХК-д 477.170.000.00 төгрөгийг төлөхөөр байна.” /1-р хх 208-242/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 074 дугаар Эдийн засгийн шинжээчийн: "...2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар “М т с” ХХК нь Ч.Агаас 1.507.500.000 төгрөгийн авлагатай байна. Энэ дүнгээс борлуулалтын урамшуулал 27.000.000 төгрөг, буцааж хүлээн авсан бараа 229.330.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард Ч.Агаас орж ирсэн 774.000.000 төгрөгийг хасаад одоо 477.170.000 төгрөгийн авлагатай байна...” /2-р хх 66-79/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 962 дугаартай шинжээчийн “...“М т с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баянмөнх болон иргэн Чулуунбаатар овогтой А /РД:74121502/ нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх 2012 огноотой, “М т с” ХХК, “Хөдөлмөрийн гэрээ” гэсэн баримт, 2012.08.01 огноотой, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” гэсэн баримт дээрх гарын үсэг болон шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Агийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2012 огноотой “М т с” ХХК, “Хөдөлмөрийн гэрээ” гэсэн баримтын 4 дэх хуудасны доод хэсэгт, “Хөдөлмөрийн гэрээ байгуулсан:” гэсэн хэсгийн “Ажилтан:” гэсний дор байх, 2012.08.01 огноотой, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” гэсэн  баримтын арын нүүрний “Гэрээ байгуулсан:” гэсэн хэсгийн “Ажилтныг төлөөлж:” гэсний дор байх шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Агийн гэх гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирно.” /11-р хх 232-237/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1287 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “М т с” ХХК-ний “2017 он 3 сар 1 өдөр” гэсэн огноотой зарлагын падаан гэх баримт болон Ч.Агийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх зарлагын падаан гэх баримтын баруун доод хэсэгт, “Хүлээн авсан” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Агийн гэх хялбаршуулсан бүтэцтэй гарын үсгийн туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлого шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” /11-р хх 242-246/ гэсэн дүгнэлтүүд,

шинжээч Ж.Бадамсүрэнгийн “...2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын дагуу ирүүлсэн санхүүгийн баримтуудад үндэслэн шинжилгээ хийж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 074 дугаартай дүгнэлтийг гаргасан. ..."Авера аудит" ХХК-ийн дүгнэлт нь "М т с" ХХК-иас ирүүлсэн кассын баримтууд, банкны дансны хуулгууд, Ч.Агийн борлуулалтын тайлан, зарлагын падаанууд, авлагын дэлгэрэнгүй тайлангууд, бусад дэмжих баримтуудаар тогтоогдож байна. "М т с" ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээт борлуулагч Ч.Ад 7 нэр төрлийн 34,249.2 хайрцаг буюу нийт 12.333.235.000 төгрөгийн тамхийг нийлүүлсэн байна. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "М т с" ХХК нь Ч.Агаас 1.507.500.000 төгрөгийн авлагатай байна. Энэ дүнгээс борлуулалтын урамшуулал 27.000.000 төгрөг, буцааж хүлээн авсан бараа 229.330.000 төгрөг, 2017 оны 8-р сард Ч.Агаас орж ирсэн 774.000.000 төгрөгийг хасаад одоо Ч.А нь тус компанид 477.170.000 төгрөгийн авлагатай болох нь тогтоогдож байна. Ч.Агийн зүгээс шинжилгээ хийж байх явцад өөрөө болон өмгөөлөгчтэйгээ ирсэн. Бараа материал татан авалтын тооцоо хийхэд өөрөө байлцсан. Татан авалттай холбоотой бүх тооцоонууд таарч байсан.Түүний өөрийн хэрэгт хавсаргуулахаар өгсөн дансны хуулгууд, мөрдөгчийг зүгээс нэмэлтээр ирүүлсэн баримтуудыг өөрт нь үзүүлсэн.Ч.Агийн өөрийн сүүлд авч ирсэн гараар хөтөлсөн тооцоо гэх дэвтэрүүд нь Эдийн засгийн шинжилгээний объект болж чадахгүй юм. Учир нь, нягтлан бодох бүртгэлийн хүчин төгөлдөр баримтан дээр эдийн засгийн шинжилгээ хийгддэг юм. Харин "М т с" ХХК-ийн баримтууд нь хүчин төгөлдөр, шинжилгээнд тэнцэх юм. "М т с" ХХК болон Ч.А нарын сар бүр тооцоогоо бодож нийлж, хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулж явсан баримтууд нь
шинжилгээний объект болж чадна..."
/12-р хх 85-88, 13-р хх 114-115/,

шинжээч Ч.Алтанцэцэгийн: “...Аудитын шинжилгээнд хамрагдсан санхүүгийн анхан шатны нотлох баримтаар "М т с" ХХК нь гэрээт борлуулагч Ч.Ад нийт 12.232.155.000 төгрөгийн тамхи нийлүүлсэн бөгөөд тус компани нь 5 удаа нийт 169.265.000 төгрөгийн борлуулалтын урамшуулал бодож Ч.Агийн тамхины борлуулалтын авлагын тооцооноос хасч тооцсон байна. "М т с" ХХК нь Ч.Агаас нийт 12.062.890.000 төгрөгийн тамхины борлуулалтын авлагын тооцоотой байсан байна. Үүнээс Ч.А нь "М т с" ХХК-д харилцах данс болон бэлэн мөнгөөр нийт 11.585.720.000 төгрөгийг төлж, Ч.А нь "М т с" ХХК-д 477.170.000 төгрөгийг төлөхөөр байна гэсэн дүгнэлт гарсан. ...Ч.А нь Б.Лхагвадорждоо өглөгтэй, авсан тамхины мөнгөө дутуу өгсөн байдаг боловч миний зүгээс дээрх хоёр хүнтэй хоёулантай нь уулзаж тэр талаар асуухад хэн хэн нь "энэ нь бидний хоорондын тооцоо, одоо ямар нэгэн өглөг, авлагын тооцоо байхгүй" гэж хэлж байсан. Иймээс дээрх хоёр хүний хоорондын тооцоотой холбоотой асуудлыг "М т с" ХХК болон Ч.Агийн хоорондын тооцоонд оруулаагүй, дүгнэлтэнд тусгаагүй юм. ...” /1-р хх 243, 12-р хх 238-241/ гэсэн мэдүүлгүүд,

“Монгол Тамхи Co” ХХК, Чулуунбаатарын А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний хуулбар, цалингийн жагсаалт, Ч.Аг ажил томилсон тушаал/12-р хх 42-51, 147-151/ зэрэг,

2. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  Н.Быг “...тамхины татвар нэмэгдэх гэж байна, хямд үнэтэй тамхи авч өгье...” гэж хуурч, төөрөгдөлд оруулан итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Бөмбөгөр” хаан банкны салбараар дамжуулан Н.Баас 172,700,000 төгрөгийг, иргэн Л.Баяржаргалтай түүний танил Янжинсүрэнгээр дамжуулан утсаар холбогдож, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар “...10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ, найдвартай...“ гэж төөрөгдөлд оруулж,  Л.Баяржаргалаас 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн Хаан банкны 5039444888 дугаартай дансаар 14,000,000 төгрөгийг тус тус  шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Н.Бын “...дэлгүүртээ зарах тамхийг Нарантуул захаас Агаас худалдан авдаг байсан бөгөөд түүнээс хойш танил болсон. А нь Нарантуул зах дээр павилонд тамхи зардаг байсан бөгөөд тэр үедээ би Монтекарло, Эссэ зэрэг импортын тамхинуудыг авдаг байсан. ...2017 оны 04-р сарын 17-ны өдөр А надруу утсаар яриад "тамхины үнэ нэмэгдэх гээд хүмүүс их хэмжээгээр тамхи авч дарж байна. Би нэг хүнтэй яриад арай гэж жаахан тамхи авахаар болчихлоо, харин надад мөнгө байхгүй байна. Тиймээс чи аваад хадгалчих" гэж ярьсан. Би "тэгвэл би тамхи авья" гэсэн. Тэгээд түүнтэй тамхины үнэ мөнгийг ярьсан. ...би Агийн Хаан банкны 5039444888 тоот дансруу 172.700.000 төгрөгийг шилжүүлсэн. А бол миний явуулсан мөнгөөр эссэ, параламент тамхи худалдаж аваад надад өгөхөөр болсон юм. Тэгээд 2 хоногийн дараа Аруу ярьж "тамхиа очиж авья" гэхэд тэр "тал тамхийг чинь авчихсан, одоо тал нь гааль дээр байж байна. Тэр тамхийг буухаар нэг мөсөн бүгдийг нь авахгүй юу" гэсэн. Түүнээс хойш ярих бүрд "тамхи гаалиас буугаагүй" гэдэг байснаа "тамхийг чинь аваад найдвартай компанийн агуулахад хийчихсэн, санаа зоволтгүй, тамхи чинь тэндээ байж байг, тэртэй тэргүй тамхины үнэ нэмэгдэхээр зарах юм чинь чи тэр тамхийг очиж авч ажил болоод яадаг юм бэ" гээд байсан юм. ...Агаас мөнгө нэхэх бүрт "яг одоо банкруу орж байна, очерт 3 хүний ард зогсож байна, банкин дээр яг мөнгө тоолуулж байна" гэх зэргээр байнга худлаа яриад хуураад байсан. Заримдаа "өөр банкны дансны дугаар байна уу" гэдэг байсан. А ийм байдлаар худлаа яриад байсан. ...” /10-р хх 210-213/,

хохирогч Л.Баяржаргалын “...Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ сууж байсан чинь миний танил Янжаа эгч утас руу залгаад чамд мөнгө байна уу гэхээр нь байгаа надад 14 сая төгрөг байна гэсэн чинь манай нэг найзад мөнгөний хэрэг гараад байна би урьд энэ найздаа өөрөөсөө мөнгө зээлүүлж байсан юм чи 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр 14 сая төгрөгөө манай найзад зээлчихээч энэ хүн их найдвартай гэхээр нь би барьцаа өгөх юм уу,нотариат хийлгэх юм уу гэж асуусан чинь Янжаа эгч хэрэггүй найдвартай хүн байгаа юм гэхээр нь би итгээд за гэж хэлсэн чинь удалгүй нэг 99112856 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүнзалгаад би Янжаагийн найз нь байна. Янжаа чамтай ярьсан байх эгчдээ мөнгөө
зээлчих
, эгч нь заасан хоног хугацаандаа мөнгөө төлнө, найдвартай гэхээр нь за за яаж
авах вэ гэсэн чинь миний данс руу шилжүүлчих гэж хэлээд 5039444888 гэсэн Хаан
банкны дансны дугаар явуулахаар би тэр даруйд нь 14 сая төгрөгийг өгсөн данс руу
шилжүүлсэн. Тэгээд 10 хоногийн дараа Агийн утас руу залгаад нөгөө
зээлүүлсэн мөнгөө авъя гэсэн чинь чи нэг сар сунгаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч нэг
сарын хугацаа сунгасан
. Тэгээд сарын дараа дахин залгаж мөнгөө нэхсэн чинь
ойлголоо өнөөдөр маргаашийн аль нэгэнд нь хийнэ гэж хэлээд
хийгээгүй, түүнээс
хойш Агаас мөнгөө авч чадахгүй байна...
Сүүлдээ 2018 оны хавар яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ч.Агийн 99112856 дугаартай утас руу залгаж түүнд зээлсэн мөнгөө нэхсэн чинь тэр "чи ямар ядаргаатай юм бэ, чи чаддаг юм бол цагдаадаа өгөөд надаас мөнгөө гаргуулж авгээд шууд загнаад унасан. ...” /12-р хх 188-194, 13-р хх 99/,

гэрч О.Түвшинболдын: ...2017 оны 04-р сард ах, эгч хоёр маань хоорондоо "тамхины татвар өсөх гэж байгаа, тамхи хямдхан байхад нь худалдаж аваад дарчихвал удахгүй үнэ нь өснө, та нарт мөнгө байвал тамхи аваач гэж А ярьж байна" гэсэн зүйл ярьж байсан. Тэгэхэд нь би дотроо зах дээр тамхи зардаг А нь юм байна гэж ойлгосон. ...Болдбаатар ах "байрныхаа доод талын подволд агуулах зориулалттай өрөө түрээсэлсэн, Агаас тамхиа аваад хураах гэж байгаа" гэж ярьж байсан. Баахан тамхи авч дараа бөөн ашиг олно гэсэн зүйл яриад байсан. Ингээд нэг хэсэг чимээгүй байсан. Би ч асуугаагүй. Зун нь би нэг хэсэг хөдөөгүүр явж байгаад 2017 оны 7-р сарын сүүлчээр ирсэн чинь ах, эгч хоёр нөгөө Агаа олохоо больчихсон, тамхи ч байхгүй, мөнгө ч байхгүй гээд эрэн сурвалжилсан байсан. ..." /10хх 218-219/,

гэрч Ц.Янжинсүрэнгийн “...Би Чулуунбаатар овогтой Аг танина. Одоогоос 7-8 жилийн өмнө түүнийг таньдаг болсон. …2016 оны эхэн үеэс эхлэн Ч.А
над руу яриад мөнгө зээлж авдаг болсон. Ч.А өөрөө Нарантуул зах дээр
"М т с" ХХК-ийн бөөний борлуулагч хийдэг бөгөөд "маш сайн ашигтай
ажилладаг" гэж ярьдаг байсан.
... Надад их шаардлагатай, чи мөнгө олоод туслаад өгөөч" гээд байсан. Иймээс би Ч.Ад тусалъя гэж бодоод найз нөхдөөсөө 30,000,000 төгрөг аваад Ч.Ад өгсөн. Мөн танил Л.Б гэдэг эмэгтэй рүү утсаар яриад "миний дүүд мөнгө байна уу" гэхэд тэр "мөнгө байгаа, эмчилгээнд зориулах хэдэн төгрөг байна" гэсэн. Тэгэхэд нь би "манай нэг найз байгаа юм сарын эцэст хэдэн төгрөг хэрэг болоод байдаг юм, чи түүнд мөнгөө зээлчих 10 хувийн хүүтэй гээд байгаа юм, тэр нь яах вэ чи өөрөө боломжоороо өгчих, би чиний утасны дугаарыг найздаа өгөөд холбогдуулаад өгье А гээд манай найз байгаа" гэсэн. Л.Б "тэгье, та миний утасны дугаарыг өгчих" гэсэн. Ингээд би Ч.Атай яриад Баяржаргалын 99097529 дугаартай утсыг нь өгсөн юм. Ч.А ч түүнтэй холбогдоод 14.000.000 төгрөг авсан байсан. ...” /12-р хх 207-208/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /10-р хх 82,185/, /12-р хх 186/ зэрэг тус тус хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Агийн "М т с” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа өөрийн хүлээн авч, итгэмжлэн хариуцсан тамхины борлуулалтын орлогоосоо 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд 477,170,000 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө ...-ийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэсэн шинжийг,

- урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  Н.Быг “...тамхины татвар нэмэгдэх гэж байна, хямд үнэтэй тамхи авч өгье...” гэж хуурч, төөрөгдөлд оруулан итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Бөмбөгөр” хаан банкны салбараар дамжуулан Н.Баас 172,700,000 төгрөгийг, иргэн Л.Баяржаргалтай түүний танил Янжинсүрэнгээр дамжуулан утсаар холбогдож, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар “...10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ, найдвартай...“ гэж төөрөгдөлд оруулж,  Л.Баяржаргалаас 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн Хаан банкны 5039444888 дугаартай дансаар 14,000,000 төгрөгийг тус тус  шилжүүлэн авч, нийт 186,700,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залаих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Хуурч,  эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ....бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл ...урьдын хаилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж заасныг баримтлан Ч.Агийн үйлдсэн хоёр удаагийн залилах гэмт хэргийг нэг зүйлчлэлээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Ч.Агийн үйлдлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн байна, зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А нь давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас татгалзаж байгаа тухай хүсэлтийг ирүүлсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Пүрэвлхамын давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхгүй гэж татгалзсанг дурьдаж байна.

 Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар нь оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ч.А нь шийтгэх тогтоолоор төлөхөөр шийдвэрлэсэн хохирогч Н.Бын хохирол 167,700,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн байна. Мөн “М т с” ХХК-ний хохирлыг төлөхөө шүүхэд илэрхийлж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох болон хорих ялыг сонгож оногдуулж болохоор хуульчилсан байна. 

 

Түүнчлэн Ч.Ад торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг зөрчихгүй гэж үзэв.   

Иймд Ч.Агийн хохирогч Н.Б, Л.Б нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хохирогч “М т с” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг болон хохирлыг төлөх эд хөрөнгөтэй, байнгын асаргаанд байдаг бага насны хүүхэдтэй, өөрийнх нь эрүүл мэндийн байдал зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасан торгох ялыг түүнд оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агийн 2021 оны 02 дугаар сарын 8-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 72 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон Ч.Ад оногдуулсан торгох ялаас хасч эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Ад 3 /гурав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Ч.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2  жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүнд оногдуулсан хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ч.Агийн нийт эдлэх торгох ялыг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

 3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Агийн цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож Ч.Агийн эдлэх дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаас  хасаж, Ч.Агийн эдлэх ялын хэмжээг 38,920,000 /гучин найман сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоосугай. ...”

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 38,920,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн  хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Ад мэдэгдсүгэй. ...” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

4. Шүүгдэгч Ч.Аг нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

                                ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ