Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Б.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны **** сарын **** өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт зохицуулагч ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сум, **** багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, **** ургийн овгийн Ц.А.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-г Завхан аймгийн Отгон сумын Бадрал баг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин баг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дамнан хариулгатай байсан хохирогч Ч.Э-н 14 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр нутагт байхад нь хулгайлан авч хохирогч Ч.Э-д 19,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ц.А нь Завхан аймгийн Отгон сумын Бадрал баг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин баг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дамнан хариулгатай байсан хохирогч Ч.Э-н 14 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр нутагт байхад нь хулгайлан авч хохирогч Ч.Э-дт 19,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

1. Хохирогч Ч.Э-н “...Би 2023 оны 12 дугаар сараас хойш Завхан аймгийн Отгон сум Бадрал баг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин баг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дамнан хариулгатай байсан 14 тооны адуугаа хайгаад олохгүй байсан юм. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 17, 18-ны үе байсан байх фейсбүүк-т Их Алтайн Дэлгэрчүүд гэх групп дээр миний хайгаад олохгүй байсан 14 адууны 6 адууных нь зураг байсан. Зурган дээр **** гэсэн дугаарыг тавиад эдгээр адууны эзэн холбогдоорой гэж бичсэн байсны дагуу уг утас руу залгаж холбогдоход өөрийгөө Дэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б гэх хүн байна гэж танилцуулан фейсбүүк дээр тавьсан адуунуудын содон шинж тэмдгийг надаар нэг бүрчлэн хэлүүлж өөрийн чинь адуу мөн бол Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт ирж уулзана уу. Танай адуу хаагуур нутагладаг вэ? гэж асуусан. Би түүнд Дэлгэр сумын Гуулин багийн нутаг Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн нутаг Баянхонгор аймаг Баянбулагийн нутгаар дамнаж нутагладаг. Тийшээ чигт байдаг адуунууд гэж хэлсэн. Миний алга болсон адуунуудын шинж тэмдэг гэвэл саран тамгатай хул морь, буудай тамгатай өндөр хээр морь, нар саран тамгатай бор хээр морь, хас тамгатай шар халтар морь, саран дэвсгэртэй хас тамгатай халтар морь, нар саран тамгатай хүрэн морь, буудай тамгатай хул гүү, саран дэвсгэртэй хас тамгатай хул гүү, нар саран тамгатай сүүл цагаан хээр алаг гүү, саран дэвсгэртэй хас тамгатай бор хээр гүү, ахиад саран дэвсгэртэй хас тамгатай бор хээр гүү, буудай тамгатай хүрэн морь, саран дэвсгэртэй хас тамгатай бор хээр морь, саран дэвсгэртэй хас тамгатай шар хээр морь эдгээр 14 тооны адуунаас саран тамгатай хул морь, буудай тамгатай өндөр хээр морь, нар саран тамгатай бор хээр морь, хас тамгатай шар халтар морь, саран дэвсгэртэй хас тамгатай халтар морь, нар саран тамгатай хүрэн морь зэрэг нь зураг дээр харагдаж байсан. Тухайн адуунууд дотор уядаг хурдалдаг морь байхгүй, харин цустай гүүнүүд байгаа. 2 бор хээр гүү маань 25 хувийн цустай адуунууд байгаа юм. Би гомдолтой байна. Хохиролгүй болмоор байна эдгээр адуунуудын араас мөн ч их шаналлаа эрж хайхаас өгсүүлээд бөөн зардал гарах юм байна шүүдээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

2. Хохирогч Ч.Э-н дахин өгсөн “...Би Баян-Өлгий аймгаас өөрийн алга болсон 14 адуунаас 4 адууг нь очиж авч ирсэн. Тэгж авч ирэхдээ Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн иргэн Б гэх хүний бас нэг адууны хамтаар Е гэх мөрдөгчөөс нийт таван адууг очиж авч ирсэн. Ингэж явахад манай нутгийн Б надтай цуг явсан. Ба-н 3 адуу алга болсноос нэг нь тэнд байсныг тухайн үед Б бас Дэлгэр сумын фейсбүүк группээс хараад өөрийн нэг адуугаа таньж надтай цуг Баян-Өлгий аймаг явж авч ирэлцсэн юм. Дээр өгүүлсэн өөрийн 4 адууг авч ирсэн гэж хэлсэн. Уг нь бол тэнд миний 4 адуу байсан нь үнэн. Бас өмнө нь 2023 оны 02 сард өөрөөр хэлбэл урд өвөл нь Дэлгэр сумын Г гэх хүний зээ Д билүү хэн билээ нэрийг нь сайн санахгүй байна нэг хүүд зарсан байсан хас тамгатай, хүрэн зүстэй соёолон азарган үрээ /одоо хавчиг соёолон/ тэнд цуг байж байсан. Тэр адууг би зараад нэг жил гаран болж байсан адуу байгаа юм. Тухайн үед таниагүй юм байна лээ. Өөр нэг азаргатай адуунаасаа зарсан байсан адуу байгаа юм. Е мөрдөгч тухайн үед авахгүй яасан юм бэ? Би танд хэлсэн шүү дээ гэж байсан. Миний алга болдог 14 адуу азарга үгүй, 7 бүдүүн морь, 7 бүдүүн шахуу гүүнүүд байж байгаад алга болсон. Үүнээс 4 морийг нь Баян-Өлгий аймгаас авч ирсэн. Баян-Өлгий аймагт явж байхдаа тус адуунуудыг ачиж очсон. Э гэх хүнтэй би уулзсан. Тэр хэлэхдээ тэдгээр 4 адууг Дэлгэр сумын төв дээр намайг өвс зарж байхад А гэх хүн надад авч ирж өгсөн. Би таны адуунуудыг Дэлгэр сумын Г гэх хүний хашааны үүднээс ачсан гэж хэлээд надад А гэх хүний ***** гэх утасны дугаарыг өгсөн. Тэгээд тэр хүн рүүгээ өөрөө залгаад чи надад хулгайн адуу ачуулсан байна үлдсэн адуунуудыг нь энэ хүнд дөхүүлж өг газрын ойр гайны бага дээр гэж байсан. Энэ хүн 14 адуу алдсан гэж байна гээд тэр хүнтэйгээ утсаар ярьсан. Ингээд би нутагтаа ирээд нөгөө надад өгсөн утсаар залгаж нэг хүнтэй ярьсан. Нэрээ надад хэлээгүй өөрийгөө би бие муутай хүн байгаа юм. Баянхонгор аймагт байна. Манай дүү ийм хэрэг хийчихжээ. Таныг хохиролгүй болгож өгье гэсэн. Би дүүгийнх нэрийг асуугаад утасны дугаарыг нь өгчих гэхэд дүүгийнхээ нэрийг Б гэсэн. Тэгээд түүнийгээ Увс аймагт явж байгаа гэж хэлж байсан. Утасны дугаар өгөөгүй үүнээс хойш хэд, хэдэн удаа утсаар ярьсан. Тэгээд нэг ярихдаа 4 сарын 10-ны үе байх өдрийг нь нарийн санахгүй байна. Таны 4 гүүг ачуулаад 2 хүнээр тань руу явууллаа. Гэтэл машин нь замдаа эвдэрсэн байна. 4 гүүг чинь Отгон сумтай залгаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг Тэгшийн өвөр гэх газарт буулгачихлаа. Та очоод олоод аваарай гэж ярьсан. Үүний дагуу би 3 хоногийн дараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг Хөшөө нуур гэх газар айлын адуунд байхад нь олж очиж авсан. Тэр үеэр тэнд миний 4 байгааг тэр хавьд нутаглаж байсан Б гэх манай нутгийн хүн надад утсаар хөшөө нуур луу 4 гүү чинь орлоо гэж яг зүсээр нь хэлсэн. Гүүгээ авах гээд явахаас өмнө буюу нөгөө хүн машин эвдрээд Тэгшийн өвөрт таны 4 гүүг орхилоо гэж ярьсны маргааш нь гэрт байхад Б надад утсаар тэгж хэлж байсан. Тэгшийн өвөр Хөшөө нуур хоёр хоорондоо залгаа нутаг 5 км зайтай их ойрхон газрууд байгаа юм. Миний 4 гүү зүсээрээ мөн байсан. 2 хул гүү нэг нь буудай нөгөөх нь хас тамгатай сүүл цагаан хээрлэг гүү саран тамгатай, халиун гүү хас тамгатай. Яг дүрээрээ байсан. Үүний дараа дахин нөгөө хүнтэй холбогдоод 4 гүүгээ авлаа. Одоо үлдсэн 6 адууг нь хэзээ өгөх вэ гэхэд надад би танд охин голдуу өөр 6 адуу өгье гэсэн. Би түүнд зүстэй адуугаа авна гэж хэлсэн. Тэгтэл тэр надад таны 2 адуу үхсэн гэсэн. Зүсийг нь хэлээд үхсэн сэгийг нь зургийг нь дараад явуулчих гэсэн. Гэтэл за ч гээгүй үгүй ч гээгүй. Тэгээд би танд соёолон хязаалан голдуу гүүнүүд өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надаас манай нутгийг асуусан хаана нутаглаж байна гэж асуусан. Тэгээд өнөө маргаашгүй аваачиж өгнө гэж ярьсан. Үүнээс хойш 4-5 удаа одоо аваачиж өглөө. Та гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авчих гэж намайг ятгах болсон. Тэгээд миний адуунуудыг авчирч өгөөгүй одоог хүрлээ. Адуу авч ирээд өгчихвөл би өргөдлөө аваад гомдолгүй гэж хэлье гэж тэр хүнд зөндөө хэлсэн. Одоо болтол сураг үгүй байна. Одоо миний буудай тамгатай бор хээр морь, саран дэвсгэртэй хас тамгатай жижиг хүрэн морь, саран тамгатай бор хээр морь, саран дэвсгэртэй хас тамгатай шар халтар гүү, хас тамгатай бор хээр гүү, саран дэвсгэртэй хас тамгатай хээр гүү зэрэг 6 адуу байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,

3. Хохирогч Ч.Э-н дахин өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн 14 адууг эхнэр А-н зээ дүү нар болох Т.Н түүний ах Т.М нарт отроор хариулуулахаар өгсөн Т.М 2013 оны 12 дугаар сарын 20-оос хойш билүү дээ хугацааг нь нарийн сайн тэдний өдөр гэж санахгүй байна надтай утсаар ярьсан. Ярихдаа таны 14 адууг хайгаад олохгүй байна. Уг нь Дэлгэр сум Баянхонгор багийн нутаг “Мөрөн” гэх газарт байсан юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-р тал/,

4. Хохирогч Ч.Э-н дахин өгсөн “...Би нийт 14 тооны адуу алдсан бөгөөд 6 морь, 8 гүү алдсан юм. Өргөдөл дээрээ болон мэдүүлэг өгөхдөө тоог нь буруу хэлж андуурсан байна. Би дараах адуунуудыг алдсан юм.

Шар хээр морь /хас тамгатай/

Хул морь /Давхар саран тамгатай/

Бор хээр морь /саран тамгатай/

Халтар морь /саран дэвсгэртэй хас тамгатай/ эдгээр 4 морийг би Баян- Өлгий аймгаас очиж авч ирсэн. Эдгээр адуунууд одоо байгаа.

Сүүл цагаан алаг гүү /саран тамгатай/

Хул гүү/Буудай тамгатай/

Хул гүү/нар, саран тамгатай/

Бор халиун гүү /саран дэвсгэртэй хас тамгатай/ эдгээр 4 гүүг миний 4 морийг Баян-Өлгий аймагт авч очсон байсан. Э гэх залууд миний морьдыг зарсан байсан хүнтэй холбогдож байж буцааж авсан юм. Тухайн залууг хүмүүсийн ярианаас сонсоход А гэдэг хүн гэсэн бөгөөд тухайн А нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг “Тэгшийн өвөр” гэх газарт миний 4 гүүг буулгасан. Машин эвдрээд энд буулгалаа гэж манай нутгийн А.И /Б/ гэх залууд хэлээд захиж үлдээсэн байсан. Би уул нь миний 4 гүүг авч ирж байгаа А гэх залуутай уулзах гээд хүлээж байсан боловч нүүрээ буруулаад 4 гүүг дээр хэлсэн газарт үлдээгээд явсан байсан. Тухайн 4 гүү одоо адуундаа байгаа. Ингээд алдсан 14 адуунаасаа 8 адууг нь /4 морь, 4 гүү/-г олж авсан юм.

-Цагаан оломтой хүрэн морь /саран дэвсгэртэй хас тамгатай/

-Өндөр хээр морь /буудай тамгатай/

-Шар халтар гүү /хас тамгатай/

-Бор хээр гүү /хас тамгатай/

-Хээр гүү/саран дэвсгэртэй хас тамгатай/

-Хээр гүү /хас тамгатай/ эдгээр 4 гүү, 2 морь одоо байхгүй байгаа... Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг “Тэгшийн өвөр” гэх газарт миний 4 гүүг буулгасан А гэх хүн надтай холбогдож таны 6 адууны оронд гүү голцуу адуу өгье гэхээр нь тэг, ачаад авч ирээд өгчих гэсэн юм. Тэр залуу тэгье л гээд байсан. Тухайн залуу нь таны 6 адуунаас 2 нь үхчихсэн гэхээр нь би тэгвэл зургийг нь явуулчих гэсэн. Юу ч надад хэлээгүй. Аль 2 адуу нь үхсэн талаар ч надад хэлээгүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37-р тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н гэрчээр өгсөн “Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны үеэр хугацааг нарийн сайн санахгүй байна Дэлгэр сумд өвс тэжээл зарах гэж очоод нийт 4-5 хоносон байх. Өвс зарагдахгүй байсан юм. Энэ явалт маань 2024 оны 02 дугаар сарын 23-24-ний үеэс хойш Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 3 дахь удаагаа ирж байгаа нь энэ. Өвс тэжээлээр адуу, Портер сольж авсан. Нийт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас 11 адууг авсан. 4 адууг нь бэлэн 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгөөр тохиролцож авсан. Үүний 1,000,000 (нэг сая) төгрөгийг өгөөгүй байгаа. 7 адууг нь өвс тэжээлээр сольж авсан юм. Ингээд би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөөний 10 цагийн үед Баян-Өлгий аймаг руу явсан. Явахаасаа өмнө Ш гэх залуугаас өмнө ирэлтээрээ 50 боодол тариан толгойт өвс өгсөн байсныхаа оронд 2 адууг авсан. Хүрэн үрээг нь Дэлгэр сумын нутгийн иргэн Ц гэх хүнд азаргаар сольж авахаар тохиролцон үлдээсэн. Ц-н Азаргыг Ховдын Дарви сумаас авахаар тохирч үлдээсэн. Хээр зүстэй гүүг нь Г гэх нутгийн залууд явдлын гар даахааргүй юм байна. Тэжээж бай гээд үлдээсэн. Ингээд би үлдсэн 9 адууг тээвэрлэн Баян-Өлгий аймаг орсон. Л гэх хүнээс хонгор халзан морь (үрээ)-г 42 боодол ногоон өвсөөр, Ц гэх хүнээс хүрэн азарга (эрлийз 50 хувьтай) 30 боодол ногоон өвс бас буудайн толгойттой хольж авсан шиг санагдаж байна. Түүний тоог нарийн сайн санахгүй байна. Б гэх залуугаас хойд хоёр хөл шийр цагаан хээр даага, шар хээр зүстэй морь хоёрыг 28 уут хэвгээр сольж авсан. Эдгээр 4 адууг 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдөр авсан. ****** гэх дугаартай хүнээс түүний нэрийг А гэж байсан шар хээр (хээр) морь, хоёр халтар морь бараан зүстэй, нэг хул морийг нийт ийм 4 адууг бэлэн 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгт тооцож 1,800,000 (нэг сая найман зуун мянган) төгрөгийг бэлнээр өгч 1,000,000 (нэг сая) төгрөгийг нь гарал үүслийг нь араас ирүүлсний дараа өгөхөөр тогтож наймаа хийсэн. А гэх хүнээс авсан энэ 4 адууг 2024 оны 03 дугаар сарын 13-ны орой аажуу сумын төвд байх шар өнгөтэй UB oil гэх колонкын (ШТС) урдаас ачсан. Эдгээр адуунуудыг А нь ертөнцийн зүгээр урд зүгээс тэнд байх нэг уурын зуухны урдаас хөтөлж гаргаж авчирч ачиж өгсөн. Эдгээр адуу их номхон морьд байсан. Маргааш нь буцах замдаа Говь-Алтай аймгийн Төвөөс Д гэх хүнд өмнө өгсөн байсан 20 боодол өвснийхөө үнэнд нэг азарган хүрэн үрээг авсан. Маргааш өглөө буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймаг руу Дэлгэр сумаас явсан. 2024 оны 03 дугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт ирээд цагдаад саатуулагдан машин болон ачиж очсон адуунуудаа бүгдийг нь хураалгасан. Говь-Алтай аймаг Дэлгэр сумаас гарахын урд шөнө би салиаркгүй болчхоод Тэ гэх залуугийн хамтаар түлш хайсан боловч олдоогүй. Өглөө нь төв зам тосож байж хүнээс 20 л салиарк буюу түлшийг худалдан авсан. Тэгээд Баян-Өлгий аймаг руу явсан. Т-н гэрт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би Т-тэй жаахан архи уусан байсан. Тэнд унтчихсан байна лээ. Намайг унтаж байх араар Т-н гэрт надтай уулзах гэж Г ирсэн гэсэн. Би их согтуу байсан болохоор санахгүй байгаа юм. Би согтуу учир түүнтэй уулзаж чадаагүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 70-72-р тал/,

6. Гэрч Б.Т-н “...Би Э-тэй 2024 оны 03 дугаар сарын 13-ны тэр өдөр түүнийг дагаж яваад танилцсаных гээд нэг шил 0,5 л савлагаа бүхий Агар нэртэй архийг хувааж уусан. Тэр хүн маань том тэргээ унаж явж байгаад Дэлгэр сумын төвд байх замын тэмдэг тэмдэглэгээ мөргөж унагасан. Г гэх айлын гадаа очоод зогссон, Би тэндээсээ өөрийн гэр рүүгээ явсан. Тэр хүн машинаа тэнд орхиод надтай манай гэр рүү явсан. Би гэрт хоол хийж өгсөн. Хоол хийх хооронд нөгөө хүн манайд унтсан. Ингээд байж байтал манай гэрт гаднаас Г гэх манай нутгийн ах орж ирсэн, Ирэхдээ халамцуу байсан нэг шил дээрээс нь бага зэрэг уусан 0,5 л савлагаатай экс гэх архийг барьж орж ирсэн. Тэгээд Б-г татаж сэрээсэн Б тэндээс 2 татсан байх. Ахиад эргээд унтаад өгсөн. Би үлдсэн архийг нойлын нүх рүү хийсэн. Г ах гараад явсан. Тэр үед цаг 18-19 л цаг болж байсан байх. Цагийг нарийн сайн мэдэхгүй байна. Манайд Б-г байж байх хооронд намайг хоол хийж байхад Б айл А ах руу залгасан. Тэгэхдээ ирж байна уу гээд байсан. Цаад хүн нь очиж байна. Чи хэнтэй байгаа юм гээд хоорондоо ярьж байх нь надад сонсогдсон Б өөрийгөө айлд байна гэж хариулж байсан. Утас нь спикер дээр тавигдаагүй байсан ч хоорондын яриа нь сонсогдож байсан. Энэ үеэр Г ах манайд орж ирсэн. Архи хундагалж байхдаа чи байж бай А, Н 2 адуутай ирж байгаа гэж Б-д хэлж байсан. Тэгээд Г ах гараад явсан. Би үлдсэн архийг нь нойлын нүх рүү хаясан. Нээрээ Г ах тэгж манайд ирэхдээ 3 хүнтэй өөртэйгөө дөрвүүлээ орж ирсэн. Ингээд Г ах нөгөө улсуудаа дагуулаад явсны дараа миний хийж байсан хоол болсон. Б-г би сэрээж хоол өгсөн. Б хоол идчихээд надаар Г-н гадаа байх машин дээрээ хүргүүлсэн. Тэгээд утсаар надтай дараа ярья гээд тэндээ үлдсэн. Би гэртээ ирээд унтаж байтал шөнийн 00 цагийн үед Н ах манайд ирсэн. Ирээд адуундаа өвс өгөөд манайд унтсан. Ингээд бид 2 унтаж байтал нөгөө Б шөнийн 03 цагийн үед гэрийн хаалга цохисон. Би босож тайлаад өгсөн. Б орж ирээд салиаркгүй болчихлоо. Танай сумд салиарактай колонк байхгүй байна. Надад салиарк олж өгөөч гэж намайг гуйсан. Би түүнийг дагаад салиарк хайгаад явсан. Гэрээс гараад очиход түүний машин **- ** *** гэх том тэрэг нь манай сумын уурын зуухны урд байж байсан. Намайг машин дээр нь очиход Н ах бид 2-н өгсөн адуутай нийлээд нийт 8 адууг ачсан байсан. Хаанаас авсныг нь асуухад Б надад хэлэхдээ өвс тэжээлийнхээ адууг ачаад явж байна гэж хэлж байсан. Би салиарк хийх сав олдохгүй болохоор нь шланк бариад сумын төвд дизель хөдөлгүүртэй тэрэг барьдаг Ч, Ж гэх 2 айлаар очиж салиарк асуух гэсэн боловч хаалгаа тайлж өгөөгүй. Хүнгүй байх шиг байсан. Ингээд салиарк олдоогүй. Эндээс манайд очиж жаахан унтсан. Б унтаж байгаад гэрээс гараад явсан. Удаагүй эргээд ирсэн. Гарч явахдаа Г ахаас салиарк асууна гэж байсан. Б буцаж ирээд бид 2 өөдөө төв зам тоссон. Зам тосох гээд өөдөө явж байхад цаг өглөөний 07 болж байсан байх. Нээрээ бид 2 шөнө 03 цагийн үед эхлээд Ч ахынд очоод хаалгыг нь цохисон хаалга тайлаагүй. Дараа нь Ж ахын гэрт очсон. Очтол тэднийд хүн байхгүй байсан. Буцаад явж байтал Б Г ахын гэрээр нэг ороодохъё. Нөгөө хэд явсан байна уу яаж үзээдэхье гээд байсан. Г ахын гэрийн гадаа Б машинаас буугаад байшингийнх нь цонхонд дөхөж очоод гэрэлтэй цонхоор нь дотогш харсан би зэрэгцээд Б-н араас Г ахын цонх руу харсан Г ахтай цуг 2 хүн архи уугаад гэрт нь сууж байсан. Тэр 2 хүний нэг нь нөгөө айл А ах байсан. Нөгөөхийг нь би таниагүй би гэрт нь орох гэтэл Б намайг оруулаагүй Г-д салиарк байхгүй байхаа өөр газраас асууя гээд оруулаагүй тэгэхэд Г ахын хашаанд түүний жижиг цагаан машин бас нэг хөх өнгийн бонго жи 3 гэх бардактай ачааны жижиг машин 2 зогсож байсан. Дугаарыг нь хальт харахад **** билүү ***** билүү иймэрхүү дугаартай  харагдсан Тэр шөнө сайхан сартай шөнө байсан. Цаг шөнийн 03 өнгөрч байсан байх. Тэндээсээ бид 2 манайд очиж жаахан унтсан. Тэгээд дээр өгүүлснээр босоод төв зам руу машин тосохоор явсан. Б-н машин дээр ачаатай байсан 8 адуунаас Н ах бид 2-н өгсөн нөгөө 2 дээр шар хээр морь нэг ширхэг тамгыг нь харах боломжгүй байсан. Машины хашлаганд хаагдаад байсан. Нэг хонгор зүстэй юм байх шиг байсан. Нэг бор хээр юмуудаа гэхээр зүстэй бас нэг адуу байсан. Аймгийн Алдарт уяач Ц ахын сартай хүрэн азарга бас байсан. Хар бор ч юм уу гэмээр өмнө нь үзээгүй нэг морь байсан. Нөгөө үлдсэн нэгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Бараан голдуу адуунууд ачигдсан байсан. Би өөрийнхөө хашаанаас өгсөн 2, Ц ахын хүрэн азарга 3-г бол сайн таньсан. Б тэр үед надаас чиний таньдаг адуу байна уу гэж асууж байсан. Би өөрийн өгсөн 2-г Ц ахын хүрэн азарга энэ 3-г таньж байгаагаа хэлсэн. Бусдыг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Б тэр 3-с бусдыг нь хэн өгснийг надад хэлээгүй. Харин хойноос Ховдоос ирэхдээ аймаг дээр өвс тэжээлээр нэг адууг Д-с худалдаж авсан. Түүнийгээ одоо буцахдаа машин дээрээ ачаад явна гэж байсан. Би тэр миний таньж байгаа 3 адуунаас бусдыг нь Г ахаас авсан юм болов уу гэж таамагласан. Тэр орой айл А, Н 2-г адуу ачиж авч ирж өгөх гэж байгаа талаар Г ах Б-д манайд байхдаа хэлж байсан болохоор нь тэгж бодсон. Айл А, Г ах 2 бол их сайн найзууд байгаа юм. Н гэх тэр хүнийг бол би танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58-р тал/,

7. Гэрч Г.Н-н “...А нь манайд 4 тооны адуутай /2 хонгор, шар хээр, бас нэг бараан зүсмийн байсан санагдаж байна./ ирсэн байсан бөгөөд тухайн 4 адуугаа ачаад Дэлгэр сум руу оруулаад өгөөч гэж надаас гуйсан юм. А нь надад хэлэхдээ тухайн 4 тооны адуу нь манай хамаатны хүний адуу байгаа юм. Дэлгэр сум руу оруулж өгнө гэж ярьж байсан. Тэгээд би өөрийн бонго жи-3 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ гэрийнхээ гаднаас тухайн 4 тооны адууг ачаад А-тай хамт Хүрээмарал сумаас шууд Дэлгэр сум руу хөдөлсөн. Хүрээмаралаас А миний машинд түлш хийж өгсөн. Бид хоёрыг Дэлгэр сумд орж ирэхэд оройны 19, 20 цагийн орчим болж байсан. Орж ирэхэд Дэлгэр сумын төвийн бензин колонкийн хажууд ачааны тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд А бид 2 тухайн машин дээр очсон. Бид хоёрыг очиход Э гэх залуу байсан бөгөөд өвс, тэжээл зараад байж байсан. Э гэх хүнтэй би 2022 онд Баян-Өлгий аймагт адуугаа зарах гээд очоод явж байхдаа танилцаад Э-д 2 адуу зарсан бөгөөд тухайн өдрөөс хойш 2 адууныхаа мөнгийг авч чадаагүй байж байгаад Дэлгэр сум дээр тааралдаж байгаа нь энэ юм. А, Э 2 бас бие биеэ таньдаг болж таарсан. Тэр хоёр юу ярьсан талаар би сонсоогүй. А машинаас буугаад Э-тэй юм яриад байсан. Би машин дотроо байж байсан юм. Тэгээд тэр хоёр хоорондоо ярьж байгаад 4 адуугаа А Э-д зарсан бөгөөд Э-н ачааны машинд нь 4 адуугаа зөөж ачилцаж өгсөн. 4 адууг Э-н машинд ачсаны дараа би Э-тэй уулзаад 2 адууныхаа үнийг авъя гэтэл би одоо чамд өгөх юм байхгүй байна. Өвс авчих гэхээр нь би зөвшөөрсөн. Э нь би Г гэх хүнийг хашаанд өвс буулгасан байгаа. Тэндээс очоод 60 боодол өвс аваарай гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд явсан. А бид хоёр Г гэх хүний хашаанд очоод машин дээрээ өвсөө ачсан. Өвсөө ачиж дууссаны дараа Г-н гэр рүү орчхоод тэгээд А бид хоёр хөдөлсөн. Ань Дэлгэрийн төв дээр нэг айлд буугаад үлдсэн. Би шууд Хүрээмарал сум руу хөдөлсөн ийм л үйл явдал болсон юм. А гэх хүн 2024 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээмарал сумд манайд ирэхдээ шар хээр морийг нь эмээллээд уначихсан, нөгөө 3 адууг нь туугаад ирсэн байсан. Хүрээмарал сумын төвийн доороос ирлээ гэж л ярьж байсан. Тухайн 4 адууг хамаатныхаа адуу гэж ярьж байсан боловч Э-тэй уулзсаны дараа хүргэж өгөхөөргүй боллоо ийшээ зарна гэж хэлээд л шууд Э-д өгчихсөн. Э А нар 4 адууны тооцоогоо хэрхэн хийсэн талаар би мэдэхгүй, утсаар яръя гэх зүйлүүд л ярилцсан. Тооцоогоо тухайн үедээ хийсэн үгүйг би мэдэхгүй байна. Би А гэх хүний авч ирсэн гэх 4 тооны адууг хулгайн адуу гэж ерөөсөө мэдээгүй. Мэдсэн бол ачихгүй байсан юм, одоо ч тэр адуунууд хэний адуу болохыг мэдэхгүй. ...Э гэх хүн Г гэх хүний хашаанд хэзээ өвс буулгасан байсан талаар би мэдэхгүй, Э нь Г гэх хүний хашаанд зарагдаагүй өвсөө үлдээсэн байгаа тэндээс очоод 2022 онд өгсөн 2 мориныхоо оронд 60 боодол өвс аваарай гэж хэлснийх нь дагуу л очиж аваад тэгээд өргүй болцгоосон. Э-г би Дэлгэрт явж байгаа талаар ерөөсөө мэдээгүй, А нь харин Дэлгэр сум руу орж ирээд чи хаана байна гэх зэргээр хүнтэй утсаар ярьж байсан. Тэгээд колонкийн дээд талын тийшээ яваарай гээд тэгээд тэнд очоод Э-тэй уулзсан юм. Э-н машинд өөр 2 адуу байсан. Ямар адуунууд байсныг анзаарч хараагүй. Би Завхан аймгийн Э гэж хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-111-р тал/,

8. Ашид Билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-н 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-921/101 дугаартай “Ч.Э-н нийт 14 тооны адуу 19,400,000” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 136-138-р тал/,

9. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 143-144, 147-149-р тал/,

10. Хулгайд алдагдсан 4 тооны адуу болон 1 тооны адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 151-152-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.А нь Завхан аймгийн Отгон сумын Бадрал баг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин баг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дамнан хариулгатай байсан хохирогч Ч.Э-н 14 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр нутагт байхад нь хулгайлан авч хохирогч Ч.Э-д 19,400,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ч.Э-н 14 тооны адууг авч нийт 19,400,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ч.Э нь 14 адууны хохирлыг бүрэн барагдуулж авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.А-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

      2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар Ц.А-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Ц-н эзэмшлийн бонго-3 маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Ц-д буцаан олгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д 1 /нэг/ жил 6 /зургаан/  сар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 1(нэг) жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Ц-н эзэмшлийн бонго-3 маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Ц-д буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ