Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Ө.Манзушир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ш-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сум, **** баг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, **** ургийн овогтой Д.Ш.

Шүүгдэгч Д.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2023 онд 60 гаруй сая төгрөгийн ноолуур Н-д өгсөн юм. Тухайн үедээ надад 30 сая төгрөг өгчихөөд 30 нь үлдсэн. Тэгээд тэр ноолуурын мөнгөө авах гээд жил гаруй болсон юм.  Н надтай хамт  нотариат дээр очоод нотариатаар батлуулаад 2024 оны 05 дугаар сард өгнө гээд өгөөгүй. Бүтэн жил өнгөрсөн. Говь-Алтай аймагт ирээд ноолуур авч байхаар нь тэр ноолуураас нь би авсан юм. Тухайн үед авахдаа жинлээд илүү гарсныг нь би буцааж өгөөд тохиролцооны хэлбэрээр авсан. Тэр ноолууран дотор нь миний арваад сая төгрөгийн ноолуур байсан, илүү нь А-н ноолуур байсан гэсэн тайлбар тавьж байгаа юм. Н-г ноолуурын үлдэгдэл тооцоогоо хийхгүй болохоор нь Говь-Алтай аймгийн цагдаад Н нь надаас ноолуур аваад залилаад алга болчихлоо гэдэг хүсэлтээ өгсөн. Н, А нар 2022 оноос хойш хамт ноолуур авдаг танил, хамт ажилладаг хүмүүс юм. Миний зүгээс авах ёстой юмаа хэл амгүй тухайн үед ярилцаж тохиролцоод авсан. Авсны дараа иймэрхүү асуудал үүсээд байгаа нь утгагүй санагдаад байгаа юм... ” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20-21 цагийн үед О болон Н нар нь өөрсдөө Говь-Алтай аймгийн төв дээр ирж хэлсэн. Д.Ш нь 2 хүнтэй хамт ирээд ноолуур аваад явсан гэж хэлсэн. Тэгээд яагаад авсан гэхэд Н нь Ш-д авлагатай, тэр авлаганы оронд ноолуур аваад явсан гэж хэлсэн. О-той хамт ажиллаад 3-4 жил болж байна. Тухайн хэрэг болсон өдөр цагаан өнгийн бонго гэх нэртэй ачааны битүү амбаартай машинтай явж байсан. Би О-н данс руу болон бэлэн мөнгө өгөөгүй. Тухайн ноолуур зарсан малчид руу мөнгийг нь шилжүүлсэн. Би болон О өглөг авлага байхгүй. Н Ш хоёрын хооронд авлагын асуудал байгаа. Ноолуур авч байхад хамт явж байсан. Гэхдээ Н өөрийн мөнгөөр ноолуур худалдан аваагүй компанийн мөнгөөр авсан. Тухайн хэрэг болсон үед Ш машинаас бууж ирээд Н-тэй уулзсан. Тэрний дараа нь шууд машины хаалга онгойлгоод ноолуур аваад явсан...тухайн ноолуурын мөнгийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р тал/

Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Говь-Алтай аймгийн Дарив сумын Далан түрүүний гуанзны тэндээс хөдлөөд замдаа Ээвийн буудлаар дайраад 20 орчим км явж байтал саарал өнгийн приус 41 маркийн машин гэрлээрээ дохиод байхаар нь би замын хажуу руу шахаад зогссон. Би тухайн үед машиндаа Н гэх хүний хамт хоёулхнаа явж байсан юм. Надтай хамт явж байсан Н гэх хүн тухайн приус 41 маркийн машинаас бууж ирсэн эрэгтэй хүнийг хараад Н гэх хүн байна. Би энэ хүнд өртэй байгаа юм гэж хэлж байсан. Н нь машинаас буугаад Н гэх хүнтэй уулзаад байсан. Тэгээд тэр Н гэх хүн нь миний унаж явсан машины арын хаалгыг өөрөө шууд онгойлгосон. Би тэгэхээр нь тэр Н гэх хүнд би энэ ноолуурыг хариуцаж яваа хүн байгаа юм. Наад ноолуур чинь Н гэх хүнд хамаагүй, наад хүн чинь нэг ч кг ноолуур аваагүй ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд Н гэх хүн нь би Н гэх хүнээс авах юмаа авч байна гэж хэлээд машины ард ачаад явж байсан шуудайтай ноолуураас буулгаад нийтдээ 234 кг ноолуурыг приус-41 маркийн машиныхаа ар хэсэг рүү чихээд аваад явсан. Тухайн үед тэр машинаас хоёр залуу бууж ирсэн. Н гэх хүн нь Н-с авах 30.000.000 төгрөгт бодож 14 шуудай 234 кг ноолуурыг авсан. Би хариуцсан хүн болох А гэх хүнд болсон явдлынхаа талаар хэлсэн. А нь та наад ноолуураа өөрөө хариуцаад явж байгаа хүн таниас яахаараа ноолуур авдаг юм бэ гэж хэлсэн. Би тухайн үедээ энэ хүмүүсийг хоорондоо учраа олчих юм байна гэж бодоод юм яриагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. Н гэх хүн нь ******** гэсэн дугаартай байгаа. Миний биед халдаж зодож цохисон асуудал байхгүй. Харин миний гар утсыг булааж аваад бичлэг хийснийг устгасан. Мөн чамд хамаагүй. Би Н-с авах юм аа авч байна гэж хэлсэн. Нийтдээ 14 ширхэг шуудай ноолуур авсан байсан. Би нийтдээ 125.000.000 төгрөгөөр ноолуур авсан. Ан гэх хүн нь “Н” ХХК-ны захирал бөгөөд тухайн компанийн захилгаар би ноолуур авч хөдөөгүүр явж байсан юм. Уг ноолуур авсан гэх мөнгөнд миний өөрийн 60.000.000 орчим сая төгрөг байгаа бөгөөд тэр мөнгөнөөс 15.000.000 төгрөгийг нь суутгаж авна гэж А нь хэлээд байгаа юм. Би тэгэхээр нь тэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Би 2024 оны 05 дугаар сарын 15-наас хойш ноолуур авахаар сумдаар явсан бөгөөд миний авч байгаа ноолуурын мөнгийг шууд Н ХХК-аас шууд шилжүүлдэг юм... Би тухайн үед бэлэн мөнгө байгаагүй. Намайг ноолуур авахад А-н эхнэр Ж тухайн байгууллагын санхүүг хариуцсан хүн би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ж гэх хүүхэн өөрөө шилжүүлж байсан. Надад бэлэн мөнгө өгөөгүй...Би хамт явж байсан Н-с асуусан чинь шоронгоос гарч ирсэн хүмүүс гэсэн гэж хэлсэн. Би цагдаад хэлнэ шүү гэсэн чинь хэлэхгүй юу чи гэж хэлсэн...хамт явж байсан хоёр хүн нь юм яриагүй муухай харж хэсэг зогсож байгаад буцаад суусан. Миний ачиж явсан ноолууранд А.Н-йн ноолуур байгаагүй...А.Н хамт яваад нэг айлаас ноолуур авна гэж явсан. Нөгөө айл нь ноолуураа өгөөгүй хоосон ирсэн... гэх мэдүүлэг:/хх-ийн 13-19-р тал/

Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын нутгаар Д.О-н хамт ноолуур цуглуулаад Говь-Алтай аймгийн төв рүү явж байсан юм. Оройны 17-18 цагийн орчимд Ээвийн буудлыг өнгөрөөд явж байхад өмнөөс саарал өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэл өмнөөс гэрлээрээ дохиод байсан. Тэгээд бид хоёр зогссон чинь Ш явж байсан. Бид хоёр замын хажуу руу шахаж зогсоход Ш-н машин өмнө ирээд зогссон. Би машинаасаа буугаад Ш-тэй уулзсан. Тэгэхэд Ш нь би чамаас өрөө авъя. Би хоёр хүнтэй хамт явж байгаа. Тэр хоёр хүний нэгэнд нь 50.000.000 төгрөгийг өглөгтэй юм. Шорон оронгийн хүмүүс байгаа юм. Цагдаагийн дэд дарга нь манай найз байгаа юм. Чи мэднэ биз дээ гэж хэлэхээр нь би ямарч байсан болж бүтэхээр нь 10.000.000 төгрөг олж өгье. Говь-Алтай аймгийн төв ороодохъё гэж хэлсэн. Тэгэхэд Ш нь энд учраа олно гэж хэлээд чингэлэгтэй портерын арын хаалгыг онгойлгоод шуудайтай ноолуур буулгаад кг буулгаад нийтдээ 234 кг ноолуурыг машиндаа ачсан. Би өөрөө хээр гадаа сүлжээ байхгүй газарт тухайн хүмүүстэй маргалдаж чадаагүй. Тухайн үед О нь миний хариуцаж байгаа ноолуур байгаа юм. Та болохгүй гэж хэлэхэд Ш нь чамд хамаагүй гэж хэлээд О-г утсаар бичлэг хийж байхад утсыг нь булааж аваад бичлэгийг нь устгасан юм. Тэгээд бид хоёр араас нь Говь-Алтай аймгийн төв дээр ирсэн... намайг ноолуур худалдан авсан уу гэхээр нь би ноолуур худалдаж аваагүй гэж хэлэхэд машинаас шууд миний 30.000.000 төгрөгийг суутгаж ноолуур авсан... Би О-той явахдаа аймгийн төв дээр үлдсэн хүмүүст ноолуур авахаар явж байгаа талаараа хэлсэн... тэр хүмүүсээс Ш нь сонссон байх гэж бодож байна...Ш нь 234кг, 14 шуудай ноолуур авч явсан... Д.Ш нь надад хэлэхдээ надтай хамт яваа хоёр хүн шоронгийн хүмүүс гэж хэлсэн. Нөгөө хоёр нь ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоод 30,000,000 сая төгрөгийн ноолуур надаас авч явсан. 230 гаран кг ноолуур байсан тухайн үед хиллээд өгсөн. Одоо хоёр зуун гучин хэдэн кг болсныг санахгүй байна. Д.Ш-тэй хамт явж байсан хоёр хүн тээврийн хэрэгслээс бууж ирээгүй. Д.Ш нь надаас авсан ноолуураа ганцаараа машинд ачсан. Тухайн үед би О-р ноолуур авахуулж байсан С.А гэх хүнд Д.Ш гэх хүнд өртэй байсан чинь Д.Ш нь ирээд ноолуурыг маань ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт очиж энэ талаар мэдүүлэг өгсөн. Энэ талаар өөр хэн нэгэнд ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-38-р тал/

Гэрч С.З-н “...Намайг тэнд байж байхад Д.Ш, Л хоёр машинтай өдөр 14 цагийн орчимд Н-н түүхий эд авдаг цэг дээр хүрээд ирсэн. Д.Ш нь 2018 онд надаас 50.000.000 төгрөг авсан юм. Тэр мөнгөний үлдэгдэл мөнгийг авах ёстой байсан. Би тэгээд Ш-тэй уулзаад чи надад негеө авсан мөнгөө өгөх боломж байна уу, би өөрөө ажилгүй байна. Надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхэд Д.Ш нь би одоо хүнээс мөнгө авах ёстой, тэр хүн өнөөдөр надад мөнгө өгнө гэхээр нь би Ш-с үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлээд надад наторитаар батлуулсан бичиг үзүүлсэн юм. Ш нь би одоо мөнгө өгөх гэж байгаа хүн рүүгээ явах гэж байна. Тэр хүн маань Дарви сумаас ноолуур аваад гарах гэж байгаа юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгвэл би хамт явъя гэж хэлсэн. Тухайн үедээ би өөрөө дотроо итгэл үнэмшилгүй байсан. Би тэгээд Ш-н унаж явсан приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад аймгийн төвөөс хойшоо Дарви сумын чиглэлд явсан. Тэгээд Шарга сумын Ээвийн наад талд явж байтал өмнеөс цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан чинь Ш нөгөө хүмүүс чинь энэ явж байна гэж хэлээд буцаад аймгийн төв рүү хараад зогссон. Д.Ш нь машинаас буугаад явсан. Удалгүй нэг залуутай Ш нь машин дотор орж ирсэн. Би тэр залуугаас Ш нь чамаас 30.000.000 төгрөг авах ёстой юм уу. наторитаар баталсан бичиг үзүүлээд байна. Энэ үнэн юм уу гэж асуусан. Тэгэхэд тэр залуу нь үнэн, би мөнгө өгөх ёстой гэж хэлсэн. Би тэгээд тэр залууд би Ш-с мөнгө авах ёстой юм аа гэж хэлсэн. Тэгээд Ш нь нөгөө залуутай хамт машинаас буугаад яваад өгсөн. Би тухайн үедээ мөнгө авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Ш-г удаад байхаар нь машинаас буугаад яваад очтол гурвуулаа портерийн ар талын чингэлгийн хаалгыг нь онгойлгочихсон. Цахилгаан кило буулгачихсан ноолуур килограммлаад байж байсан. Тэгэхэд тэр гурав тухайн килограммлаж байгаа ноолуурынхаа зургийг дарж байсан уу, бичлэг хийж байсан уу, утсаар дараад байсан. Ш-тэй орж ирсэн залуу нь наад ноолуур чинь арай илүү болчихлоо гэхэд Ш нь 1 шуудай ноолуурыг нь буцаагаад өгч байсан юм. Тухайн портертой хүмүүс цахилгаан жинлүүрийг машиндаа ачаад, чингэлгээ хаагаад хөдлөөд явсан. Ш нь Баян-Уул сумд ноолуур гайгүй авч байгаа гэнэ. Баян-Уул сум руу явъя гэж хэлсэн. Тэгээд жаахан явж байгаад Баян-Уул сум руу хүнтэй ярьчихаад за за больё аймгийн төв рүү буцаад явъя гэж хэлээд аймгийн төв рүү явсан. Би аймгийн төв дээр орж ирээд Н-н түүхий эд авдаг цэг дээр буулгачихаад тэр хоёр яваад өгсөн. А.Н, Д.О нарыг айлган сүрдүүлж, ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би хэрүүл маргаан болж байгааг сонсож үзээгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51-р тал/,

Гэрч М.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Ш бид хоёр З дээр очсон. З, Ш хоёр урьдны өр авлагын талаар ярьж байсан. Тэр яриаг нь би сайн ойлгоогүй. Би тухайн үед тээврийн хэрэгслээс буугаагүй. С.З шээх гэж нэг удаа буусан санагдаж байна. Айлгаж сүрдүүлсэн асуудал байхгүй. Ноолуур хиллэж байхыг нь машин дотроосоо харсан. Нэг шуудайтай ноолуур буцааж өгч байх шиг байсан. Надад мөнгө төгрөг авч өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р тал/,

Д.Ш-с хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн ноолуур жинлэж авсан үеийн 5 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 58-59-р тал/,

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаартай Хаан банкны албан бичиг, Д.О, А.Н нарын дансны хуулга, /хх-ийн 63-86-р тал/,

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Д.О-н Хаан банкны ***** тоот харилцах дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 90-93-р тал/,

Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-н 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-921/248 дугаартай 234 кг ноолуур 29.250.000 төгрөг гэх үнэлгээний тайлан дүгнэлт, /хх-ийн 98-99-р тал/,

Хохирогч С.А-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт, /хх-ийн 102-103-р тал/,

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт гм-198 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалын хуулбарыг гаргуулан авах прокүрорын зөвшөөрөл, гм-198 дугаартай материалын хуулбар, /хх-ийн 146-164-р тал/,  

Дансны хуулгын гэрэл зураг, /хх-ийн 42-44-р тал/,

Д.Ш-с гаргасан “…миний 65,000,000 төгрөгөөр худалдаж авсан ноолуурыг Н нь борлуулж өгнө гэж аваад одоо 30,000,000 төгрөгийг өгөхгүй байна…” гэх гомдолд Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар тогтоол /хх-ийн 62-63-р тал/

Хохирогч С.А-н 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “….Миний бие С овогтой А нь Д овогтой Ш-с нэхэмжилж байгаа 30,000,000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий ноолуурын төлбөрийг иргэн А.Н-с авч төлбөр тооцоогоо барагдуулсан тул иргэн Д.Ш-с өр авлага дууссан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно. Миний бие нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй байдлыг харгалзан үзнэ үү…” гэх хүсэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсныг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

  1. Гэм буруугийн талаар:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ш-г 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Аптай аймгийн Шарга сумын улаан туг багийн Ээв гэх газрын ойролцоо Д.О, А.Н нарыг ноолуур худалдаж аваад буцах замд нь зогсоож улмаар Д.О-д хандан А.Н-с авах юм аа авч байна гэж хэлэн С.А-н эзэмшлийн 234 кг ноолуурыг Д.О, А.Н нараас илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан яллах, өмгөөлөгч талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлыг дүгнэн шалгаж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдал дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:  

Прокуророос шүүгдэгч Д.Ш-г хохирогч С.А-н эзэмшлийн 234 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Гэвч хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би болон О өглөг авлага байхгүй. Н Ш хоёрын хооронд авлагын асуудал байгаа. Ноолуур авч байхад хамт явж байсан. Гэхдээ Н өөрийн мөнгөөр ноолуур худалдан аваагүй компанийн мөнгөөр авсан...” гэж, /хх-ийн 24-25-р тал/

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Надтай хамт явж байсан Н гэх хүн тухайн приус 41 маркийн машинаас бууж ирсэн эрэгтэй хүнийг хараад Н гэх хүн байна. Би энэ хүнд өртэй байгаа юм гэж хэлж байсан. ...Н гэх хүн нь би Н гэх хүнээс авах юмаа авч байна гэж хэлээд машины ард ачаад явж байсан шуудайтай ноолуураас буулгаад нийтдээ 234 кг ноолуурыг приус-41 маркийн машиныхаа ар хэсэг рүү чихээд аваад явсан. Тухайн үед тэр машинаас хоёр залуу бууж ирсэн. Н гэх хүн нь Н-с авах 30.000.000 төгрөгт бодож 14 шуудай 234 кг ноолуурыг авсан...” гэж, /хх-ийн 13-19-р тал/

Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Ш нь би чамаас өрөө авъя. Би хоёр хүнтэй хамт явж байгаа. Тэр хоёр хүний нэгэнд нь 50.000.000 төгрөгийг өглөгтэй юм. ... гэж хэлэхээр нь би ямарч байсан болж бүтэхээр нь 10.000.000 төгрөг олж өгье. Говь-Алтай аймгийн төв ороодохъё гэж хэлсэн. Тэгэхэд Ш нь энд учраа олно гэж хэлээд чингэлэгтэй портерын арын хаалгыг онгойлгоод шуудайтай ноолуур буулгаад кг буулгаад нийтдээ 234 кг ноолуурыг машиндаа ачсан... намайг ноолуур худалдан авсан уу гэхээр нь би ноолуур худалдаж аваагүй гэж хэлэхэд машинаас шууд миний 30.000.000 төгрөгийг суутгаж ноолуур авсан... Тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоод 30,000,000 сая төгрөгийн ноолуур надаас авч явсан. 230 гаран кг ноолуур байсан тухайн үед хиллээд өгсөн. Одоо хоёр зуун гучин хэдэн кг болсныг санахгүй байна. ...Тухайн үед би О-р ноолуур авахуулж байсан С.А гэх хүнд Д.Ш гэх хүнд өртэй байсан чинь Д.Ш нь ирээд ноолуурыг маань ирээд аваад явчихлаа гэж хэлсэн...” гэж, /хх-ийн 32-38-р тал/

Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Д.Ш нь 2018 онд надаас 50.000.000 төгрөг авсан юм. Тэр мөнгөний үлдэгдэл мөнгийг авах ёстой байсан. Би тэгээд Ш-тэй уулзаад чи надад нөгөө авсан мөнгөө өгөх боломж байна уу, би өөрөө ажилгүй байна. Надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхэд Д.Ш нь би одоо хүнээс мөнгө авах ёстой, тэр хүн өнөөдөр надад мөнгө өгнө гэхээр нь би Ш-с үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлээд надад наторитаар батлуулсан бичиг үзүүлсэн юм. Д.Ш нь би одоо мөнгө өгөх гэж байгаа хүн рүүгээ явах гэж байна. Тэр хүн маань Дарви сумаас ноолуур аваад гарах гэж байгаа юм гэж хэлсэн. …Би тэгээд Ш-н унаж явсан приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад аймгийн төвөөс хойшоо Дарви сумын чиглэлд явсан. Тэгээд Шарга сумын Ээвийн наад талд явж байтал өмнеөс цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан чинь Ш нөгөө хүмүүс чинь энэ явж байна гэж хэлээд буцаад аймгийн төв рүү хараад зогссон. Д.Ш нь машинаас буугаад явсан. Удалгүй нэг залуутай Ш нь машин дотор орж ирсэн. Би тэр залуугаас Ш нь чамаас 30.000.000 төгрөг авах ёстой юм уу. наторитаар баталсан бичиг үзүүлээд байна. Энэ үнэн юм уу гэж асуусан. Тэгэхэд тэр залуу нь үнэн, би мөнгө өгөх ёстой гэж хэлсэн. …Тэгээд Ш нь нөгөө залуутай хамт машинаас буугаад яваад өгсөн. Би тухайн үедээ мөнгө авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Ш-г удаад байхаар нь машинаас буугаад яваад очтол гурвуулаа портерийн ар талын чингэлгийн хаалгыг нь онгойлгочихсон. Цахилгаан кило буулгачихсан ноолуур килограммлаад байж байсан. Тэгэхэд тэр гурав тухайн килограммлаж байгаа ноолуурынхаа зургийг дарж байсан уу, бичлэг хийж байсан уу, утсаар дараад байсан. Ш-тэй орж ирсэн залуу нь наад ноолуур чинь арай илүү болчихлоо гэхэд Ш нь 1 шуудай ноолуурыг нь буцаагаад өгч байсан юм. …А.Н, Д.О нарыг айлган сүрдүүлж, ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би хэрүүл маргаан болж байгааг сонсож үзээгүй” гэж, /хх-ийн 50-51-р тал/,

Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн үед Ш бид хоёр З дээр очсон. З, Ш хоёр урьдны өр авлагын талаар ярьж байсан. Тэр яриаг нь би сайн ойлгоогүй. Би тухайн үед тээврийн хэрэгслээс буугаагүй. …Айлгаж сүрдүүлсэн асуудал байхгүй. Ноолуур хиллэж байхыг нь машин дотроосоо харсан. Нэг шуудайтай ноолуур буцааж өгч байх шиг байсан. Надад мөнгө төгрөг авч өгсөн асуудал байхгүй...” гэж, /хх-ийн 54-55-р тал/ тус тус мэдүүлдэг,

Түүнчлэн хохирогч С.А-н 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “…Миний бие С.А нь Д.Ш-с нэхэмжилж байгаа 30,000,000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий ноолуурын төлбөрийг иргэн А.Н-с авч төлбөр тооцоогоо барагдуулсан…” гэх хүсэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Ш, гэрч А.Н нарын хооронд төлбөр тооцооны асуудал байсан, уг төлбөрийг барагдуулаагүйгээс шалтгаалан шүүгдэгч Д.Ш нь зах зээлийн ханшаар тооцож 234 кг ноолууыг Д.О, А.Н нараас авсан үйл баримт тогтоогдож байна.

   Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа буюу хохирогчоос зугтан холдох нөхцөл бүрдэнгүүт зайлсхийсэн шинжтэй үйлдэл хийснийг хамааруулдаг.

   Шүүгдэгч Д.Ш нь хохирогч Д.О, гэрч А.Н нараас ноолуур авсан, ийнхүү авахдаа 30,000,000 төгрөгөөс илүү авсан ноолуурыг буцаан өгч байгаа үйлдлээс дүгнэхэд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

   Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.” гэж заасан.

Шүүгдэгч Д.Ш нь А.Н-с зээлсэн 30,000,000 төгрөгөө авахын тулд А.Н, Д.О нарын ачиж явсан ноолуураас 234 кг ноолуурыг авсан нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан өөртөө туслах үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хохирогч, гэрч нар аль аль нь Д.Ш, А.Н нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу Д.Ш А.Н-с авлагатай байсан талаар мэдүүлдэг. Мөн Д.Ш нь зах зээлийн ханшаар тооцон зээлсэн 30,000,000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний ноолуурыг авч, илүү гарсан ноолуурыг буцаан өгч байгаа зэргээс үзэхэд түүнийг өөрийн эрх ашгийг хамгаалахаар өөртөө туслах үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Гэхдээ өөртөө туслах үйлдлийг хэрэгжүүлэхдээ Д.Ш нь А.Н-н өмчлөлийн бус, өөр этгээдийн ноолуурыг авсны улмаас хохирогч С.А-д 29,250,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд А.Н нь дээрх ноолуурын мөнгийг Д.Ш-н өмнөөс С.А-д төлж барагдуулсан байна.

Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “ Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй”, 12.4-т “ Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг эндүүрч хийсэн буюу хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Д.Ш нь иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр С.А-д учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл дээрх үйл баримт нь иргэний эрх зүйн харилцаа бөгөөд  Эрүүгийн хуульд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд шүүгдэгч Д.Ш-н дээрх үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч ***** ургийн овогт Д.Ш-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ш-г цагаатгах нь үндэслэлтэй байна.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус  зэргийг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** ургийн овогт Д.Ш-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ш-г цагаатгасугай.

2. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА