Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 173

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

хохирогч А.Ариунаагийн өмгөөлөгч Н.Дашдулам,

шүүгдэгч О.Даваадагва, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Тайчууд овогт Осорын Даваадагвад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201724000278 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 15-479 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайчууд овогт Осорын Даваадагва /РД: ЙР62070170/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Даваадагва нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхон дахь “Номин” супермаркет дэлгүүрийн хойд замд Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс хохирогч А.Ариунаагийн эзэмшлийн Бенз-Ж-500 маркийн 00-52 УНО дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж шууд зардал болох 13,200,944 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоол бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.Даваадагва Би 2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Ард кино театрын хажуунаас ажилчдаа аваад супермаркет дээр ажилчдаа буулгаад 8 цагийн орчим эргээд замын уулзварт орж ирээд харахад миний ойролцоо 2 машин зогсож байсан. Тэгээд хоёр машиныг нь өнгөрөөгөөд харахад нөгөө талд байсан машин зайтай юм шиг болохоор нь яваад орсон чинь тэр машиныг мөргөсөн. Миний буруу, хохирогчтой уулзад хохирлыг төлж бид эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, нотлох баримтын агуулга:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О.Даваадагвыг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхон дахь “Номин” супермаркет дэлгүүрийн хойд замд Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс хохирогч А.Ариунаагийн эзэмшлийн Бенз-Ж-500 маркийн 00-52 УНО дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж шууд зардал болох 13,200,944 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хохирогч А.Ариунаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эзэмшлийн Бенз-Ж 500 маркийн 00-52 УНО улсын дугаартай автомашиныг манай нөхөр Ц.Эсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө охин Э.Анударийг сургуульд нь хүргэж өгөх гэж гэрээсээ гарч яваад замдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Номин супермаркет дэлгүүргийн хойд талын зам дээр Х.Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байсан. Энэ ослын улмаас миний автомашины баруун урд хаалга, хоёр хаалганы голын багана, доод гишгүүр, баруун урд хөмсөг, баруун хойд хаалганы эмжээр зэрэг нь гэмтсэн байсан. Миний автомашинд албан ёсны үнэлгээгээр шууд зардал нь 13,200,944 төгрөг, нийт зардал нь 14,345,944 төгрөгийн үнэлгээ гарсан. Би машинаа Мерседес Бенз засварын газарт 18,532,501 төгрөгөөр завсарт оруулсан. ...Жолооч О.Даваадагва нь 1,500,000 төгрөг өгсөн байгаа. Түүнээс хохирлыг бүрэн барагдуулаагүй байна. Би завсарт төлсөн 18,532,501 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх-ийн 32-33/ гэсэн,

Гэрч Ц.Эсэн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад охиныг хичээлд нь хүргэж өгөх гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байгаад “Ривер гарден” хотхон дахь “Номин” супермаркет дэлгүүрийн харалдаа хойд талын замаар явж байтал Номин супермаркет дэлгүүрийн зогсоол дээр байсан Х.Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай автомашин нь надад зам тавьж өгөлгүй миний унаж явсан Бенз-Ж 500 маркийн 00-52 УНО улсын дугаартай автомашины баруун хажуу талаас ирж мөргөсөн. ...Энэ  машин нь Номин супермаркетын зогсоол буюу урдаасаас зүүн хойд зүгт гарч ирсэн. ...Би зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд 5-10 км/цагийн хурдтай явж байсан, тухайн зам дээр хурдны хязгаарлалт байдаг учраас бага хурдтай явж байсан юм...” /хх-ийн 88/ гэсэн мэдүүлгүүд,

- Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1436 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд “...Шууд зардлын дүн 13,200,944 төгрөгөөр, шууд бус зардлын дүнг 1,145,000 төгрөг, нийт дүнг 14,395,944 төгрөгөөр тогтоосон...” /хх-ийн 13-14/ гэсэн,

-Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар дүгнэлтэд “...1.Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай автомашины жолооч Осор овогтой Даваадагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Бенз Ж-500 маркийн 00-52 УНО улсын дугаартай автомашины жолооч Цэлмэг овогтой Эсэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 44/ гэсэн  дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Ариунаагийн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1436 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар гэмт хэргийн улмаас шууд хохиролд 13,200,944 төгрөг учирсан  болох нь тогтоогдож байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж,  мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.4-т “...Энэ гэмт хэргийг ...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж гэмт хэргийн шинжийг заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно, мөн зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно”,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”  гэж тус тус зохицуулсан байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинжийг заагаагүй ба 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.4-т “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” буюу 50,000,000 /50,000х1,000=50,000,000/ төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Үүнээс дүгнэхэд шүүгдэгч О.Даваадагвын холбогдсон хэргийн шууд хохирол нь 13,200,944 төгрөг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй буюу түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно; 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5-т “тухай үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэж заажээ.

 

Дээр дурьдсанчлан О.Даваадагвын холбогдсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүх хуралдааны ялын дүгнэлтийн хэсэгт улсын яллагч нь О.Даваадагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах саналтай гэсэн зэрэгт дүгнэлт хийхэд О.Даваадагвад холбогдох эрүүгийн 201724000278 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирол төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээг гаргаж ирүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

О.Даваадагвын эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн О.Даваадагвын В, С, D ангиллын 126181 дугаартай жолоочийн үнэмлэх, Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай  тээврийн хэрэгслийн 01562074 дугаартай гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож шийдвэрлэв.

О.Даваадагвад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Даваадагвад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн 201724000278 тоот хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Даваадагва нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Тайчууд овогт Осорын Даваадагвад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Мөрдөн байцаалтын шатанд О.Даваадагвын эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн О.Даваадавгын В, С, D ангиллын 126181 дугаартай жолоочийн үнэмлэх, Хьюндай Грейс маркийн 47-67 УБӨ улсын дугаартай  тээврийн хэрэгслийн 01562074 дугаартай гэрчилгээ зэргийг тогтоол хүчинтэй болмогц түүнд буцаан олгосугай.

 

4. Эрүүгийн 201724000278 тоот хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч А.Ариунаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, цагаатгагдсан этгээд О.Даваадагва нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  О.Даваадагвад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгагдсан этгээд О.Даваадагвад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР