Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1072

 

 

 

 

 

 

 

 

 

А.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00707 дугаар шийдвэртэй, А.Эийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох алдагдал нөхөн барагдуулах журмын дагуу 5 558 492 төгрөгийн өр хуваарилсныг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлтэй, 4 969 088 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э нь “М” ХХК-ийн МД-106 салбарт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "Хөдөлмөрийн гэрээ" байгуулан менежерээр ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11 сарын 30-ны өдөр тус байгууллагын гүйцэтгэх захирлын 3026 тушаалаар өөрийн хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан болно.

А.Э нь тус компанид ажиллаж байх хугацаанд маш их хэмжээний өр, төлбөр гаргасан бөгөөд “Алдагдал нөхөн барагдуулах журам”-ын дагуу нийт ажилтнуудад өрийг хуваариладаг. Уг журмын дагуу А.Эийг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, журмын хавсралт, дутагдал хуваасан хүснэгтээр 2018 оны 9 дүгээр сар болон 10 дугаар сарын алдагдал дутагдал гэж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 5 558 492 төгрөгийн өр хуваарилан авлага үүсгээд байна.

Гэтэл энэ мөнгийг А.Э нь ажлын хариуцлага алдсан өр биш тул хэн нэгний хулгайлсан зүйлийн өрийг журмын дагуу хуваарилж төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд А.Эт “М” ХХК-ийн “Алдагдал нөхөн барагдуулах журам”-ын дагуу нийт 5 558 492 төгрөгийн өр хуваарилсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Э нь анх 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулан МД-123 салбар дэлгүүрт кассчны албан тушаалд орж, үүнээс хойш албан тушаал ахин дэвшиж Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах МД-106 дугаар салбар дэлгүүрийн дарга буюу менежерийн албан тушаалд 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж эхэлсэн болно.

Иргэн А.Э нь мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу ажиллах ёстой байсан ч салбар дэлгүүрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чадаагүйгээс 2018 оны 9, 10 дугаар саруудад хариуцсан дэлгүүр их хэмжээний өр дутагдал гаргаж үйл ажиллагаа доголдолтой ажилтан тогтохгүй зэрэг асуудлууд үүссэн. Энэхүү нөхцөл байдал цааш удаан даамжруулахгүйн тулд удирдлагын хорооны хурлаар МД-106 салбар дэлгүүрийн дарга А.Эийг үүрэгт ажпаас чөлөөлөх санал шийдвэр гарсантай холбогдуулан, бараа материал үлдэгдэл баталгаажуулах болон хөрөнгийн хяналтын тооллогын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/52 тоот тушаалын дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Санхүү албаны хяналтын баг болон МД нягтлан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн тооллогоор тус салбар дэлгүүрт 5 859 138 төгрөгийн бараа материалын дутагдалтай гарч ажил хүлээлцүүлсэн.

А.Эийг даргаар ажиллах байх хугацаанд тус салбар дэлгүүрт нийт 36 127 117 төгрөгийн төгрөгийн бараа материал тооллогоор дутсан бөгөөд байгууллага эрсдэл тооцох журмын дагуу 8 020 308 төгрөгийн эрсдэл, 2 604 465 төгрөгийн дутагдал, 2018 оны 8 дугаар сарын дутагдалаас 2 000 000 төгрөг тус тус хасч өгсөн байдаг.

Нийт даргаар ажиллаж байх хугацаанд хариуцсан салбар нь 25 502 344 төгрөгийн дутагдал хувааж төлж байгаагаас А.Эт 6 306 773 төгрөгийн бараа материалын дутагдал тавигдсан бөгөөд энэ дутагдалд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн болно. Компаний зүгээс иргэн А.Эт албан хүчээр өөрөө хүлээн зөвшөөрөөгүй барааны дутагдал цалин дээр тавиагүй байгааг үүгээр нотлогдож байна.

А.Э 10 сар даргын албан тушаалд ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлтод заасан үүргийг гүйцэтгэж байсан. Энэ нь дэлгүүрийнхээ дутагдлыг хуваалган хянаж өөрөө гарын үсэг зурдаг байсан нь өр дутагдлыг хүлээн зөвшөөрч байсныг нотлож байна. Манай компанийн зүгээс иргэн А.Эийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3026 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Санхүүгийн тайлан тооцооны бүртгэл болон программ дээр 4 969 088 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Манай байгууллагад үүссэн авлага болох 4 969 088 төгрөгийг иргэн А.Эаас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Байгууллагад учирсан хохирлын хэмжээг элэгдэл хохирлыг хасч, ажилтан тус бүрээр тодорхойлдог. Гэтэл МД-106 дугаар сүлжээ дэлгүүрт гарсан нийт өрийг надад ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчиж, 5 558 492 төгрөг өр гэсэн нь үндэслэлгүй гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК, нэхэмжлэгч А.Эаас 4 969 088 төгрөг шаардах эрхгүй болохыг тогтоож, хариуцагч “М” ХХК-ийн нэхэмжлэгч А.Эаас 4 969 088 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 103 886 төгрөг, хариуцагчийн төлсөн 94 450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 94 450 төгрөг нөхөн гаргуулан нэхэмжлэгч А.Эт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.4 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын үндэслэлийг тусгаагүй байна.

Нэхэмжлэгч нь “М” ХХК-аас шаардах эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шаардлагыг өөрөөр томъёолж бичсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, үндсэн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тусгагдаагүй орхигдуулсан бөгөөд зөвхөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хэргийн оролцогч бус этгээдүүдэд холбогдуулан дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагч байгууллагын ажилтнуудад эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна. А.Эаас бусад ажилтан нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн ноцтой алдаа гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл энэхүү маргаанд огт хамааралгүй бөгөөд энэ талууд сахилгын шийтгэл оногдуулсан эсэх талаар маргаагүй юм. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ нотлох зорилгоор гарган өгсөн нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч нь “Алдагдал нөхөн барагдуулах журам”-ыг анхнаасаа мэддэг бөгөөд өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлэх юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан “Алдагдал нөхөн барагдуулах журам”-ын дагуу 5 558 492 төгрөгийн өр хуваарилсныг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 4 969 088 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзлээ. Учир нь А.Эийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд түүний эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй, өр хуваарилсан гэх ажил олгогч талаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад эрх нь зөрчигдөх гэж байна гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан зохицуулалтад нийцэхгүй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэх тайлбар нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй татгалзлын үндэслэл гэж үзэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

            Түүнчлэн, шүүх хуулиар зөвшөөрөгдөөгүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал, хариуцагч тал нэхэмжлэгчээс хохирол гаргуулахаар шаардаж буй сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...“Алдагдал нөхөн барагдуулах журам”-ын дагуу компанийн эд хөрөнгөд учирсан хохирлыг ажилчдад хувааж хариуцуулсан...” гэж тайлбарлан, уг журмыг нотолгооны эх сурвалжаа болгон өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарсан хуулбар баримтыг шүүхэд өгчээ. /хх 42-52 дахь тал/ Шүүх дээрх нотолгооны ач холбогдол бүхий баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрээр бэхжигдсэн эсэхийг хяналгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

            Мөн шүүх хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэхээр байна.

            Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх зөрчлийг залруулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

           

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД