2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1555

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг

Улсын яллагч Л.Төгсжаргал

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт ********* холбогдох эрүүгийн 2506027930801 дугаар хэргийг шүүх 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн ********* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварын механик мэргэжилтэй, “*********” ХХК-д засварын механик ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ********* тоотод оршин суудаг, урьд

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,

********* овогт  *********  /*********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч *********ийг “утасны дуудлага авч ярь” гэж сэтгэл санааны дарамт үүсгэн, биед нь халдаж, гар утсаар толгой хэсэгт нь цохих, толгой, мөр, хөл, гар, нуруу хэсэгт нь гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь дух зулай, дагзны хуйх, зүүн баруун сарвуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүн, баруун өвдөг, зүүн гуя, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/, хохирогч *********ийн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, гэрч ********* мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4497 дугаар дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч *********ийг “утасны дуудлага авч ярь” гэж сэтгэл санааны дарамт үүсгэн, биед нь халдаж, гар утсаар толгой хэсэгт нь цохих, толгой, мөр, хөл, гар, нуруу хэсэгт нь гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь дух зулай, дагзны хуйх, зүүн баруун сарвуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүн, баруун өвдөг, зүүн гуя, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********ийн өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед хамтран амьдрагч *********той хамт хүний 2 ширхэг пиво уусан. Тэгээд унтаж амрах гээд хэвтэж байтал миний гар утсанд дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө манай ажлын газрын хүн залгахад би тухайн гар утасны дуудлагыг аваагүй. Тэгэхэд манай хамтран амьдрагч “энэ дуудлагыг ав” гэж миний утсаар толгой хэсэгт 2 – 3 удаа цохисон. Тэгээд би “наад дуудлагыг чинь авахгүй” гэхэд гараараа олон удаа толгой, бие хаа, хөл, гар нуруу гэх мэт газар руу үгийн зөрүүгүй цохисон. Тэгээд би коридор руу зугтаж гүйхэд араас ирж, үстэж гэр рүү оруулж дахин зодож эхэлсэн. Дахин 00-н өрөө рүү гүйж зугтаж орсон. Тэгэхэд би 00-н хаалгыг цоожлох үед “хаалгаа нээ гэж хэлж” байна гээд  00-н хаалгыг хутгаар эвдэж орж ирсэн. Орж ирээд толгой цээж хэсэг рүү зөндөө олон удаа цохиж, 00-с үстэж чирээд дахин өрөө рүү оруулж гараа атган цохиж эхэлсэн. Бас хөлөөрөө тархи толгой, бие хаа руу өшиглөж, миний хоолойг боож хана руу толгой савсан. Тэгээд гэрээс зугтаж гаран хамтран амьдрагчдаа баригдан, үстэж чирүүлж байхад лифтнээс манай хажуу өрөөг түрээсэлдэг 2 залуу гарч ирэн намайг аварсан. Тэгээд тэр 2 залуу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. 2023 оны 01 дүгээр сараас хойш хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст өөрийн ********* дугаарын утсаар дуудлага өгч байсан. Манай байрны хажуу өрөөнд 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хамтран амьдардаг байсан. Гаднаас ажлаа тараад шөнө хүрч ирээд хаалга онгойлгох гэтэл хажуу өрөөнд байдаг байсан эрэгтэй, эмэгтэй 2 зодолдсон байдалтай, тухайн эмэгтэй нүцгэн нүүр нь цус болчихсон байсан. Харин эрэгтэй нь чармай нүцгэн “би чамайг ална, муу замбал янхан минь” гээд хараагаад, харин эмэгтэй нь хамтран амьдрагчаасаа айгаад орцонд гарч ирээд “эгчдээ туслаач, намайг алах гээд байна” гэхээр нь тайвшруулаад гар рүү дотогш ороход ариун цэврийн өрөөний хаалга цөмөрч эвдэрсэн шал нь цус болсон байхаар нь өнөөх эрэгтэй “юу болоод байгаа юм бэ? яацгаагаад байгаа юм бэ?” гэхэд “наадах чинь харин өөр эрэгтэй хүнтэй явалдаад ийм юм боллоо. Хэн ч байсан уурлахаар юм болсон. Чамд тайлбарлаад ойлгохгүй биз дээ” гээд хувцсаа өмсөөд гарах гэхээр нь “байж бай, цагдаад дуудлага өгчихсөн байгаа. Ингэтэл нь зодоод байхдаа яадаг юм бэ?” гэж хэлээд дуудлага өгсөн. Харин зодуулсан эмэгтэйн хамраас цус гарсан, мөн үс нь туг тугаараа унасан байсан. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Би ч тэр байрнаас удалгүй нүүсэн. Шинэ байрандаа нүүж орох болоогүй байсан болохоор хэсэгтээ тэнд хажуу өрөө түрээслэн сууж байгаад нүүсэн. Тухайн байранд амьдарч байх хугацаанд өмнө нь тэр 2 зодолдож байгаагүй. Тэр өдөр л зодоон болж байхыг хэрсэн. Би тухайн хүмүүсийн нэрийг ч мэдэхгүй байна. Тэр өдөр л зодоон болж байхыг харсан. Би тухайн хүмүүсийн нэрийг ч мэдэхгүй байна. Тэр зодуулсан эмэгтэй надад хэлэхдээ хардаад гараараа зодож цохисон, үсдэж 00-руу чирэхээр нь 00-д ороод айгаад хаалгаа түгжсэн байхад гаднаас хаалга эвдэж орж ирээд намайг зодсон гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4497 дугаар:

1. *********ийн биед дух, зулай, дагзны хуйх, зүүн, баруун сарвуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун өвдөг, зүүн гуя, зүүн бугалга, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь “*********ийн биед дух, зулай, дагзны хуйх, зүүн, баруун сарвуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун өвдөг, зүүн гуя, зүүн бугалга, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т “... гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг.”

3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс харвал тэд албан ёсны гэр бүл биш ч тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээн хамтран амьдардаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харгис хэрцгий хандах гэдэг нь гэм буруутай этгээдээс: “... хохирогчтой байнга өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр хандахыг” ойлгох бөгөөд энэ нь хэр хэмжээний хувьд өргөн ойлголт, үнэлэмжийг өөртөө багтаана. Өөрөөр хэлбэл хохирогчид сэтгэл зүйн болон биеийн хүнд дарамт учруулсан байхыг ойлгох бөгөөд үүн дотроо зодох, тарчлаах, доромжлох, хоол, хүнс, ус, унд болон амьжиргаа, эмнэлгийн тусламжаар нь салгах, хүнд хөдөлмөрөөр дарамтлах, орон байрнаас нь хөөх, мөрдөн мөшгөх зэрэг шууд чиглэсэн гэм буруутай санаатай үйлдлүүд хамаарна.

Шүүгдэгч ********* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч *********ийн биед дух, зулай, дагзны хуйх, зүүн, баруун сарвуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун өвдөг, зүүн гуя, зүүн бугалга, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч *********ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,

513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгч *********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ********* нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч *********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүхээс шүүгдэгч *********ид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч ********* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ********* овогт *********  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч *********ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ********* нь энэ хэргийн улмаас цагдан хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС