2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1173

 

 

 

 

 

 

 

 

   2025        05          07                                       2025/ШЦТ/1173

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-т холбогдох эрүүгийн 2309 03276 0051 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *****  мэргэжилтэй, ам бүл 3, ***** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******** дугаартай, Д.Н.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***** эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байхдаа тус тасагт эмчлэгдэж байсан 02 сар 24 хоногтой А.О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч А.О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас баран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг уншиж танилцуулахдаа болсон үйл явдлыг тодорхой уншиж, танилцуулсан тул надад нэмж хэлэх зүйл алга. Баримтаар ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-15 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-18 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 26-27 дахь тал/,

Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 29 дэх тал/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 31-33, 60-62 дахь тал/,

Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 35-38 дахь тал/,

Гэрч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 40-42, 44-45 дахь тал/,

Гэрч Б.-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 52-54 дэх тал/,

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 56-58 дахь тал/,

Гэрч О.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 64-65 дахь тал/,

Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 67-70 дахь тал/,

Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 72-73 дахь тал/,

Гэрч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 75-76 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2829 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 101-113 дахь тал/,

Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 118-120 дахь тал/,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/2240 дугаартай албан бичиг, хавсралт /1хх-ийн 129-141 дэх тал/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1хх-ийн 144 дэх тал/,

Өвчний түүх /хүүхдийн/, яаралтай тусламжийн хуудас /хүүхдийн/, эмчийн үзлэг /1хх-ийн 146-183 дахь тал/,

*** эмнэлгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/72, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/154  дугаартай тушаал /2хх-ийн 25-26 дахь тал/,

*** эмнэлэг албан тушаалын тодорхойлолт 23/2023 /2хх-ийн 27-29 дэх тал/,

Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 81358 дугаартай гэрчилгээ /2хх-ийн 31 дэх тал/,

Гэрч С.-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 167-168 дахь тал/,

Гэрч Б.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 170-171 дэх тал/,

Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 173-174 дэх тал/,

Гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 176-177 дахь тал/,

Гэрч И.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 241-242 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 129-131 дэх тал/,

Эрүүл мэндийн яамны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн албан бичиг /3хх-ийн 135 дахь тал/,

Гэрч М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 142-144 дэх тал/,

Иргэний хариуцагч ***** эмнэлгийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 198-199 дэх тал/,

Яллагдагч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 174-176 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***** эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байхдаа тус тасагт эмчлэгдэж байсан 02 сар 24 хоногтой А.О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч А.О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас барсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***** эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байхдаа тус тасагт эмчлэгдэж байсан 02 сар 24 хоногтой А.О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч А.О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд амь хохирогчийн ар гэрийнхнээс шүүгдэгчээс ямар нэгэн хохирол, төлбөр, оршуулгын зардлыг нэхэмжлээгүй. Харин ***** эмнэлгийн эрхлэгчээс амь хохирогчийн ар гэрийнхэнд оршуулгын зардалд 5.000.000 төгрөгийг өгсөн байдаг. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт орсон. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас нас барьсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах...” эрхтэй талаар заасан. Энэ хэргийн тухайд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өөрчлөлт болон Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тушаалын нэгдүгээр хавсралт батлагдсаныг үндэслэн мөн Хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 25 дугаар тогтоолын 3.3-т заасан “...хохирогч нас барьсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж хуульчлан зохицуулсны дагуу амь хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Амь хохирогч нь 2023 онд 02 сартай байхдаа нас барсан ба мөн онд Улаанбаатар хотод амьдарч байгаа монгол эмэгтэй хүний дундаж наслалт 76,85 гэсэн тооцоолол гарсан. Иймд амь хохирогчийн ар гэрийн сэтгэл санааны хохирлыг монгол эмэгтэй хүний дундаж наслалтыг 5 дахин нэмэгдүүлж, 211.337.500 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгч Н.Н нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ..., ...эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс..., ...хохирогч нас барсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Тодруулбал тухайн гэмт хэргийн субъект нь тусгай субъект буюу эмнэлгийн мэргэжилтэн байхаар хуульчилжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “…эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг…” хэлнэ гэжээ.

Шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/231 дугаартай тушаалаар 2023.06.26-ны өдрөөс 2028.06.26 хүртэл 5 жилийн хугацаатайгаар 81358 дугаартай Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /2хх-ийн 31 дэх тал/-г авч, ***** эмнэлгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/154 дугаартай тушаал /2хх-ийн 26 дахь тал/-аар ***** эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тус баримтуудаар тогтоогдож байна.

Харин тухайн гэмт хэргийн гипотиз нь эмнэлэгийн тусламж үйлчилгээг албан ёсоор авч байсан нөхцөлд үүсэхээр заажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3 дахь заалтад “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг…” хэлнэ гэжээ. Мөн хуулийн 13.6 дахь хэсэгт “…Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон түүнтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна…” гэж тус тус тогтоожээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч.А /***** эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хүүхэд нь манай эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Ирсэн үед нь манай эмнэлэг авахгүй халдварт өвчин тул ХӨСҮТ-ийн эмнэлэгт манай эмч Б эмч авч очсон байдаг. Гэтэл Халдвартын эмнэлэг нь шинэ тушаалаар дүүргийн эмнэлэг авна, манайх хүлээн авахгүй гэж хэлээд аваагүй..., …Амь хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ***өөс төрөлхийн тэмбүү арьс өнгөний өвчтэй, арьсны их тууралттай, хамар нь битүү 2 сартай О нэртэй эмэгтэй хүүхэд хэвтэн эмчлүүлэх бичигтэй ирсэн ба уг амь хохирогчийг арьс өнгөний өвчтэй тул *** эмнэлэг авахгүй гээд Халдварт өвчин судлалын эмнэлэгт шилжүүлэх гэсэн боловч Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын А/133 тушаалаар төрөлхийн тэмбүү арьс өнгөний өвчтэй хүүхдийг харьяа дүүргийн эмнэлгийн тасагт хүлээж авч эмчилнэ гэсэн байсан учраас *** эмнэлгийн хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд байсан юм...” /1хх-ийн 40-42, 44-45 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.С /***** эмнэлгийн Хүүхдийн эмч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…энэ оны 10-р сар гарч байхад амь хохирогч хүлээн авахаас эрчимт эмчилгээний тасагт, төрөлхийн тэмбүү өвчтэй, ханиадтай биеэр тууралт өгсөн байдалтай хэвтэж тусад нь өрөөнд хэвтүүлж эмчилгээг хийж эхэлсэн…” /1хх-ийн 52-54 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын саналаар шинжлэн судалсан бусад баримтуудаар амь хохирогч ***** дүүргийн хэвтэн эмчлүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Тухайн гэмт хэргийн обьектив талын шинж нь бланкетны диспозициор илрэх буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж гүйцэтгэснээр тухайн гэмт хэргийн шинж тодорхойлогдох юм.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Н-ыг албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 27-28 дахь тал/-д заасан “…үйлчлүүлэгчид эмчийн заалтаар эмчилгээг хийнэ...” гэж тодорхойлсныг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс…”  гэж заасан гэмт хэргийн диспозици шинжийг хангаж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь албан тушаалын тодорхойлолт гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “…албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг…” хэлнэ гэжээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино…”, мөн хуулийн 17.7 дахь хэсэгт “…Ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолтыг ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална…” гэжээ.

Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолт нь зөвхөн ажил олгогч ажилтан хоёрын хооронд л үүсэх харилцааг зохицуулах бөгөөд энэхүү харилцааг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1 дэх хэсэгт “…Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно…” гэж зааснаар сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хууль нь хувийн эрх зүйнд хамаарах харилцаа бөгөөд ажилтан ажил олгогч хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүссэн зөрчлөөр гэмт хэргийн шинжийг тодорхойлох боломжгүй юм.

Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлэхгүй байх гэсэн гэмт хэргийн диспозицийг тодорхойлох хууль зүйн шаардлага үүсэх юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино…” гэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн  1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино…” гэж тус тус заасан нь хоёр өөр харилцааг өөр өөр хуулиар зохицуулахаар хууль тогтоогчоос хуульчилжээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний 7 төрөл байхаар тогтоосон бөгөөд мөн хуулийн 8.1 дэх хэсэгт “…Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 14.2.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,  , тусгай эмнэлэг, амаржих газар, клиник үзүүлнэ…”, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “…Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ энэ хуулийн 3.1.5-д заасан тусламж, үйлчилгээнд хамаарна…”, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт “…Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусламж, үйлчилгээний жагсаалт, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална…” гэжээ.

Бага насны амь хохирогч А.О-ын өвчний түүх /1хх-ийн 146-183 дахь/ авагдсан байх бөгөөд ***** дүүргийн  т 2023 оны 10 дугаар сарын 20-нд Яаралтай тусламжийн хуудсаар “Төрөлхийн тэмбүү өвчин” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/614 дугаартай тушаалаар “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатитийн В вирус, тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох журам”-ыг баталжээ[1]. Тус журмын Хүснэгт 8. Нярайн төрөлхийн тэмбүүгийн эмчилгээний хувилбарыг баталжээ. Үүнд:

1. Пенициллины бүлгийн антибиотикт харшилгүй бол:

1.1. Усанд уусдаг кристалл пенициллин G Өдрийн тун нь 100.000 - 150.000 нэгж/кг байхаар тооцон 50.000 нэгж/кг, 12 цагийн зайтай судсанд 7 хоног, дараагийн өдрүүдэд 8 цагийн зайтай, нийт 10 хоногийн турш тарина. Эсвэл

1.2. Прокайн пенициллин 50.000 нэгж/кг, булчинд өдөрт 1 удаа, 10 хоног тарина.

1.3. Бензатин пенициллин G 50.000 нэгж/кг байхаар тооцон булчинд 1 удаа тарина.

 

2. Пенициллины бүлгийн антибиотикт харшилтай бол:

2.1. Эритромицин 7.5-12.5 мг/кг, өдөрт 4 удаа 30 хоног уулгана. Эсвэл

2.2. Цефтриаксон 75 мг/кг-аар өдөрт 1 удаа булчинд эсвэл судсаар 10-14 хоног тарина.

            Мөн Эрүүл мэндийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаартай тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн заавар[2]”-ыг батлажээ. Үүнд:

            Хүснэгт 16. Нярайн төрөлхийн тэмбүүгийн оношилгоо, эмчилгээнд баримтлах хувилбарт:

- Усанд уусдаг кристалл пенициллин G, өдрийн тун нь 100.000-150.000 нэгж/кг байхаар тооцон 50.000 нэгж/кг, 12 цагийн зайтай судсанд 7 хоног, дараагийн өдрүүдэд 8 цагийн зайтай, нийт 10 хоногийн турш тарих,

- Эсвэл Прокайн пенициллин 50.000 нэгж/кг, булчинд өдөрт 1 удаа, 10 хоног тарих,

- Бензатин пенициллин G 50.000 нэгж/кг байхаар тооцон булчинд 1 удаа тарих,

            Мөн Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан “Сувилагчийн гардан үйлдлийн стандарт” /MNS 4621:2008/-аар 4-р бүлэгт Тарилга хийхэд баримтлах аюулгүй үйл ажиллагааг журамлажээ. Үүнд:

Заалт: Тарилга хийх тухай эмчийн заалтаар,

 

Эсрэг заалт: Үйлчлүүлэгчээс тухайн эмийн бодисын харшил, бусад сөрөг нөхцөл байдал бий эсэхийг асуун шалгаж тодруулна.

 

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

 

- Эмчийн заалт болон тарилга хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана.

- Үйлчлүүлэгчид тарилга хийх гэж буй талаар хэлж ойлгуулан, зөвшөөрөл авч, тарилгын явцад огцом хөдлөх, цочихгүй байхыг үйлчлүүлэгчид сануулна.

- Тарих эмийн бодисоо зааврын дагуу 3 удаа уншиж шалгана гэжээ.

Гэтэл шүүгдэгч Д.Н нь амь хохирогчид тариаг хийхдээ дээрх журмалсан хэм хэмжээг зөрчиж гүйцэтгэсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Яллагдагч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүүхдүүдэд тарих 18:00 цагийн тариа нь болчихоор нь тариа хийх ёстой хүүхдүүдийн эмчилгээний хуудсыг ялгаад 2 сартай нярай О-д тарих ёстой тарианы эмчилгээний хуудсыг харсан чинь “Benzylpenicillini” гэсэн тариаг бичсэн байхаар нь би сэхээн амьдруулах тасгийн эм, тариа хадгалдаг шүүгээнээс Бензатин бензилленициллин гэх бичиглэлтэй тариаг авсан бөгөөд тухайн тариаг яаж хийдгийг мэдэхгүй байсан учир сувилагч Бтэй утсаар холбогдож “...Benzylpenicillini тариаг тухайн хүүхдэд хийх юм байна, шүүгээнд болохоор “Бензатин бензилленициллин” гэдэг нэртэй тариа байна, энийг хийх нь зөв юм уу гэж асуусан чинь Б сувилагч урдаас “Хийх нь зөв зөв” гэж хэлэхээр нь би урьд өмнө нь хийж үзээгүй тариа байна, хэрхэн найруулж хүүхдэд хийх вэ гэж асуусан чинь натри уусмалаар найруулаад эмчилгээний хуудсан дээрх тунгаар татаж аваад судсанд хийнэ гэж хэлэхээр нь хэлсний дагуу найруулж байгаад талийгаач хүүхэд Оын ээжид ийм тариа хийх гэж байна шүү гэж танилцуулсан чинь арай л өөр өнгөтэй байна гэхээр нь би эмчилгээний ширээн дээр байсан хуруу шилтэй тариаг авч үзүүлсэн урдаас сонин юмаа гэж хэлж байсан. Тэгээд би О гэх хүүхдийн зүүн хөлийн шагайны судсанд тухайн тариаг найруулаад тарьсан чинь хүүхэд уйлаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед тариандаа болоод уйлж байгаа юм байх гэж бодсон ба дараагийн хүүхдэдээ тариаг нь хийчхээд тарианы өрөөнд орж ирэх үед араас талийгаач хүүхэд О-ын ээж нь хүүхдээ тэвэрчихсэн орж ирээд манай хүүхэд тариа хийснээс болоод уйлж байгаад хөхөрчихлөө гэж хэлэхээр нь ээлжид гарч байсан эмч О-д болсон асуудлыг хэлсэн. Тэгсэн эмч ирж үзээд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч тухайн хүүхдийн зүрх нь зогссон юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 174-176 дахь тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-15 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-18 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд өнөөдөр 18 цагийн орчим цагийн тариа хийлгэсэн, хийлгэх үед урд нь огт харагдаж байгаагүй, тариа хийж байгаагүй сувилагч тариа хийхээр нь гайхаж байсан. Тэр сувилагч манай охины нэрийг асуугаад эмчилгээний сторийг нь харж байгаад тариа найруулж эхэлсэн. Эхэлж байх үед нь хартал урд нь манай хүүхдэд хийж байгаагүй цагаан өнгийн тунадастай тариа шпризэндээ соруулж байхыг нь би хараад манай хүүхдэд ийм тариа тарьдаггүй шүү дээ ус шиг тунгалаг тариа тарьдаг юм, яагаад ийм тариа тарих гээд байгаа юм бэ гэж асуухад уг сувилагч ингэж л тарьдаг шүү дээ энэ хараа пенцилин гэж байгаа биз дээ гэж хэлээд надад тариаг нь харуулсан тэгтэл тэр харуулсан тариа нь хүртэл цагаан өнгийн тунадастай тариа байсан. Тэгээд надад харуулаад нөгөө тариагаа манай хүүхдийн хөлд байсан уян зүүгээр судсанд шууд шахчхаад гараад яваад өгсөн. Тэр тариаг шахаж байхад нь манай хүүхэд уйлаад байсан. Урьдын сувилагч нар унтаж байхад нь хүртэл тарьдаг маш удаан хэмнэлээр тарьдаг миний охин огт уйлж байгаагүй. Тэгээд тэр сувилагчийг гарсны дараа манай хүүхэд нэг л биш уйлаад байхаар нь авах гээд хартал толгойноосоо эхлүүлээд маш хурдан бүх бие нь тэр чигтээ хөхрөөд эхэлсэн би сандраад охиноо тэврээд шууд нөгөө сувилагчийн өрөө рүү орсон. Ороод тарианаас чинь болоод манай хүүхэд ийм болчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө сувилагч цаашаа гүйгээд яваад өгсөн эмч дагуулаад ороод ирсэн эмч нь “энэ яасан юм бэ?” гээд нөгөө сувилагчийг чи ямар тариа хийчихсэн юм бэ? гэж хэлээд цээжин дээр нь дараад эхэлсэн. Тэгээд ар араасаа олон эмч сувилагч нар орж ирээд манай хүүхдийн ам руу урт гуурс хийгээд амаар нь нөгөө тарьсан тариаг нь гаргаад байсан миний охины амнаас бүр нөгөө тарьсан тунадастай цайвар өнгийн тариа нь байхыг би өөрийн нүдээр харсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27 дахь тал/,

Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н над руу утсаар холбогдоод “тариа 20 граммаар шингэлчихлээ, 300гр тариаг 1.5 граммаар татах нь зөв биз дээ” гэж асуухаар нь би “Тийм ээ, тэр тариагаа буцаагаад 20 грамм хүртэл нь шингэлнэ” гэж хэлсэн..., ...Пинзит пинцилин гэх 5 мл /1 саятай гэж нэрлэдэг/ тариаг хийх ёстой байсан. Пинзит пинцилин гэх жижиг шилтэй тариаг 5 граммаар найруулаад 1.5 граммаар татаад, 20 грамм болтол шингэлээд судсанд хийх ёстой байсан. ...10 мл-тай Пинзит пинцилин гэх тариаг 2.4 саятай гэж нэрлэдэг, уг тариаг эмчийн заалтаар шингэрүүл гэсэн хэмжээгээр шингэрүүлж тарьдаг, сувилагч дур мэдэж шингэрүүлж тарих ёсгүй. 10 мл-тай Пинзит пинцилин гэх тариаг эмчийн заалтаар хэдэн ч насны хүнд шингэрүүлж хийж болно. ...Сувилагч Н 17 цаг 30 минут өнгөрч байхад над руу залгаад нэг тариаг 20 граммаар шингэлчихлээ, тэгээд 300 граммыг хийх юм чинь 6 граммаар татна биз дээ гэж асуухаар нь би тун нь хэд юм гэхэд 300 грамм гэхээр нь би тийм ээ 6 граммаар татна гэж хэлсэн. Би тухайн үед сувилагч Н-ыг хэнд, хэдэн настай хүүхдэд, ямар тариа хийх гэж байгааг асуугаагүй юм. Надаас асуусан асуултад л хариулж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-70 дахь тал/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авахаас хүргэгдэн ирсэн. Ханиадтай мөн биеэр тууралт гарсан оноштойгоор ирж Б эмч анх үзлэг хийж хүлээн аваад тасагт С эмч эмчлэгч эмчээр хүлээн авсан. Мөн эмчлэгч эмч нь О гэдэг эмч үзсэн. Амь хохирогчийн эмчилгээг Б эмч бичиж сувилагч нар эмчилгээг хийсэн. Миний хувьд эмчийн зааврын дагуу “БензилПинцелин” 300 саяар 6 цагийн зайтай судсанд, Витамин C 2 грамм судсанд, Рингер 100 пр судсанд дуслаар, китедорем 1 мг 4/1 ээр өдөрт 1 удаа, Леникс өдөрт 2 удаа бүтэн, Веферон лаа 500.000 өдөрт 2 удаа шулуун гэдсээр хийж байсан. Миний хувьд эхний өдөр болон өнөөдөр үдээс өмнө дээрх эмчилгээг хийсэн. ...Энэ өдөр 16 цагаас хичээлдээ явсан. Хичээл дээрээ байж байхад асрагч Ж над руу утсаар ярьж 2 сартай нярай тариа хийгээд бие нь муудчихлаа хурдан ирээрэй гэсэн. 20 цагийн орчим ирэхэд амь хохирогч нас барсан, дэргэд нь Н сувилагч, О сувилагч, Ж асрагч нар байсан. Тэд хоорондоо ямар нэг зүйл яриагүй. Орж ирээд Н-аас ямар тариа хийсэн юм бэ гэхэд “БензилПенцилин”-ийг би хийсэн л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33, 60-62 дахь тал/,

Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эм зүйч Х 4 ширхэг Бинзатинбинзел пенциллин авч ирсэн байсан, авчраад эрчимт рүү өгсөн. Тухайн өдөр сэхээний эмч С байсан тул би түүнд *****-рүү яриад энэ тариа болох уу гэж асуу гэсний дагуу эмч асуусан. Гэтэл энэ тариа биш байна, усан суурьтай бинзелпиницллин тарих ёстой гэж хэлсэн тул би нөгөө Х эм зүйч рүү яриад энэ тариа биш байна бинзелпиницллин тариа олоорой гэж хэлсэн. Гэтэл олдохгүй байна энэ хавиар хайя гэж хэлсэн. Тухайн үед манай эмнэлгээс хүнд өвчтөн *****-ийн эмнэлэг рүү зөөвөрлөсөн түүнийг би мэдэж байсан болохоор тухайн хүн тээвэрлэсэн эмчийг ирэх замдаа бинзелпиницллин олоод ирээч яаралтай хэрэгтэй байна гэж хэлсэн. Яагаад яаралтай гэсэн болох нь тухайн хүүхдийн эмчилгээг 18 цагаас оройтуулж болохгүй эхлэх ёстой байсан. Гэтэл Г эмч над руу зургийг нь явуулаад энэ мөн үү гэсэн би тухайн үед харахад мөн байсан тул 20 ширхгийг ав, ирээд хүлээн авахаас мөнгийг аваарай гэж хэлсэн. Түүний дагуу Г эмч авчраад хүүхдийн сэхээнд өгөөд эмчилгээг эхлүүлсэн. ...Ер нь Бинзатинбинзел пиницллин тариа ав гэсэн, түүний дагуу буруу тариа авчраад шууд хүүхдийн сэхээнд өгсөн байсан. Тэгээд биш гэсэн тул буцааж аваагүй шинэ тариа авч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-42, 44-45 дахь тал/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эмчилгээг Б эмч, Эрүүл мэндийн төвийн БЗХӨ-ний эмч М нартай зөвлөлдөн ЭМС-ын 133 тоот тушаалын дагуу халдвартай хүүхдэд хийгдэх тэмбүү үүсгэгч бензилпинцилин 300 мг-аар 6 цагийн зайтай эхлүүлсэн. Ирсэн өдрөө 39 градус хүртэл халуурч, эмчилгээ хийгээд халуун буусан. Маргааш нь М эмчид хүлээлгэж өгөөд буусан, дахин үзээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54 дэх тал/,

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...сувилагч Н хүрч ирээд хүүхдийн бие муудаад байна, доошоо буугаад ирээч гэхээр нь зүүгээ тавьж дуусгачхаад доошоо хоёр давхар луу бууж ирсэн ба ирэхэд буюу эрчимт эмчилгээний өрөө рүү ороход эмчлэгч эмч О, сувилагч Н, талийгаачийн ээж гэх хүмүүс байсан. Мөн хүүхдэд хүчилтөрөгч өгч байсан. Эмч үзээд чагнаж байсан. Тэгээд ардаас эмч нар ирж байсан ба зүүн талын хөлд уян зүү байсан. Нэмэлтээр баруун талд зүү тавьсан. Тэр зүүгээр 0,9 натри нэмж урсгасан. Тэгээд би дээшээ 4 давхар луу тариагаа хийгээд буцаж бууж ирсэн ба бууж ирэхэд нярайн зүрх зогссон, амьсгал хураасан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-58 дахь тал/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эмчилгээг Б эмч, Эрүүл мэндийн төвийн БЗХӨ-ний эмч М нартай зөвлөлдөн ЭМС-ын 133 тоот тушаалын дагуу халдвартай хүүхдэд хийгдэх тэмбүү үүсгэгч бензилпинцилин 300 мг-аар 6 цагийн зайтай эхлүүлсэн. Ирсэн өдрөө 39 градус хүртэл халуурч, эмчилгээ хийгээд халуун буусан. Маргааш нь М эмчид хүлээлгэж өгөөд буусан, дахин үзээгүй. Өнөөдөр буюу 23-ны өдрийн 17 цагийн орчим хүүхдээ авах гээд сургууль дээр нь хүлээж байхад сувилагч О утсаар яаралтай дуудаж би ажил дээрээ 18 цаг 30 минутын үед ирээд хүүхдийг харахад хүүхэд амьсгал, зүрх зогсож байсан ба амьсгал зүрх судас дэмжих, сэхээн амьдруулах аппаратаар удирдаж, иллэг массаж хийж, зүрх дэмжих адерналин хийж байсан, тэгээд дэмжлэг аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54 дэх тал/,

Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг хүүхдийн эмчлэгч эмч нь мөн. Гэхдээ өнөөдрөөс надад хуваарилагдан ирсэн юм. Уг хүүхэд нь төрөлхийн тэмбүү өвчний оноштойгоор манай эмнэлэгт ирж хэвтээд 4 дэх хоногтоо эмлэгдэж байсан хүүхэд, мөн баруун уушгиндаа хатгаатай байсан..., ...Тэгээд сая 18 цаг 10 минутын орчимд сувилагч Н хүүхэд хөхрөөд эвгүй болчихлоо гэж намайг дуудсан. Би өнөөдөр жижүүр эмчээр хонож байсан. Намайг очоод үзэхэд хүүхэд хөхөрсөн амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь хүүхдэд хүчил төрөгч өгөөд зүрхний иллэг хийсэн. Энэ хугацаанд эрчимт эмчилгээний эмч, тасгийн эрхлэгч хоёрыг дуудсан. Намайг зүрхний иллэг хийгээд хүчилтөрөгч өгөхөд хүүхэд өөрөө цааш амьсгалж эхэлсэн. Тэгэхээр нь гайгүй болох юм болов уу гэтэл дахин амьсгал нь цөөрч эхэлсэн. Тэгээд сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч хүүхдийн амьсгал дахин сэргээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-38 дахь тал/,

Гэрч О.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...*****төвийн БЗХӨ-ий эмчийн бичиж тэмдэглэсний дагуу бензил пенициллиныг кг жинд нь 50.000 нэгжээр тооцож хийж байсан хүүхдийн биеийн жин 6 кг байсан тул тооцоод үзэхээр 300.000 нэгжээр 6 цагийн зайтай 300.000 нэгжээ натри хлорид 0,9 хувийн 20 мл тарилгын уусмалд найруулаад судсаар шахуургаар 6 цагийн зайтай хийхээр эмчилгээний хуудсанд тэмдэглэсэн. Мөн уг хүүхдийн өвчин нянгийн шалтгаантай учраас хордлого тайлах зорилгоор Рингер 100 мл-ийг 20 мл цагийн хурдтайгаар судсанд шахуургаар тарихаар бичсэн. Мөн дархлаа дэмжих зорилгоор Виферон лааг 12 цагийн зайтай шулуун гэдсээр хийхээр, мөн Леникс ашигтай бактерийг гэдэсний бичил орчин алдагдах, мөөгөнцөртөхөөс сэргийлж нэг ширхгээр өдөрт хоёр удаа уухаар, Кетотифен 1 мг-тайг 4/1 ширхгээр оройд нэг удаа уухаар бичсэн, мөн витамин C дархлаа дэмжих зорилгоор судсанд тарихаар бичсэн. Энэ эмчилгээг баасан гарагийн өдөр хэвтэн эмчлүүлснээс нэг дэх өдөр эмчлэгч эмч хүлээн авах хүртэл эмчилгээг гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 дахь тал/,

Гэрч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 сарын 20-ны өдөр манай хажуу өрөөнд 2 сартай охинтой эмэгтэй ирж хэвтсэн. Өрөөндөө тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд өчигдрийг хүртэл хүүхэд нь инээгээд хөөрхөн ээжтэйгээ тоглоод байж байсан. Тэгээд өчигдөр 18 цагийн тарианы дараа 5 минутын дараа байх ээж нь “чи миний хүүхдэд юу тарьчихваа, би битгий тарь гэж хэлсэн биз дээ” гээд орилоод байсан. Тэгээд хүүхдээ тэврээд тарианы өрөө рүү орсон. Тэр үед хүүхэд нь бүх бие нь хөхөрсөн, хөдөлгөөнгүй байдалтай болчихсон байсан. Би тэр үед тарианы өрөөний гадна хаалган дээр зогсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2829 дугаартай: “...Талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй. Эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксийн хариу урвалын улмаас нас баржээ. Бензатин бензилпенициллин 2.4 ОУН-тэй пенициллин бүлгийн тариа нь стрептококк, стафилококк, пневмококк ба спирохетээр үүсгэгдсэн улаан эсэргэнэ, ангина, архаг үжил, эндокардит, хэрх, тэмбүү зэрэг өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг ба натри хлорид 0.9%-н уусмалаар хөвмөл болгон зөвхөн өгзөгний булчинд цусны судас дайруулахгүйгээр гүнд тарина. Пенициллин 1М тариаг арьс зөөлөн эдийн идээт халдварууд, чих, хамар, хоолой, хамрын дайвар, амьсгалын замын болон дунд чихний зэрэг олон төрлийн халдвар, цусан үжил болон түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн цусан халдвар, ясны чөмөгний архаг үрэвсэл, менингит, заг хүйтэн, төрөлхийн болон мэдрэлийн тэмбүүгийн үед хэрэглэх ба булчин, судсанд тарьж хэрэглэнэ. Химийн шинжилгээгээр Pencillini 1 M, Benzathine Bentyl, Penicilling 2.4 техникийн боломжгүй тул эдгээр төрлийн шинжилгээ хийх боломжгүй байна. Талийгаач нь цус төлжлийн шалтгаант цус багадалт, төрөлх тэмбүү /элэг тэмбүүгийн гранулёмт үрэвсэл арьсан дээр гөвдрүүт тууралтууд/, баруун уушгины завсрын хатгалгаа, нойр булчирхайн завсрын эдийн архаг үрэвсэл, бөөрний дээд, шүлсний булчирхайн архаг сийрэг үрэвсэл өвчтэй байх ба эдгээр өвчин нь нас барахад нөлөөлөөгүй байна. Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна. 63.0 см урттай, 6.950 гр жинтэй байна. *****  эмнэлгийн Хүүхдийн тасгийн № **** тоот өвчний түүхт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 10 минутад нас барсан байна. Эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксийн хариу урвал нь маш богино хугацаанд түргэн явцтай тул эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 101-113 дахь тал/,

Шинжээч Ө.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анафилаксийн шок гэдэг бол өөрийн хийх ёстой бодисоос үүссэн хариу урвал гэж болно. Энэ тухайн хүний бие организмаас шалтгаалан үүсэж байгаа харшил юм. Харин уг хүүхдийн хувьд Т78-2 буюу хийх ёсгүй эмийг өндөр тунг хэмжээг тохируулаагүйгээс хийсэн хариу урвалаас үүссэн шок юм. Энэ нь уг хүүхдийг үхэлд хүргэсэн байна. Бензетин пинцелин гэдэг тариаг булчинд тарих ёстой. Гэтэл судсаар тарьсан тул эмийн бодисын шалтгаант харшлын шок үүсэж нас барсан. Тухайн хүүхдийн төрөлхийн тэмбүү гэдэг өвчин нь хүүхдийн үхэлд нөлөөлсөн зүйл байхгүй, цаашид өсөж торних эсэх талаар тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-120 дахь тал/,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/2240 дугаартай: “...Пенициллин 1.000.000ед тарилгын нунтаг нь мэдрэг нянг шууд үхүүлэх үйлдэлтэй, булчинд болон венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Ихэнх шархны халдварууд, арьс зөөлөн эдийн идээт халдварууд, болон чих, хамар, хоолой, хамрын дайвар, амьсгалын замын болон дунд чихний зэрэг олон төрлийн халдваруудын эмчилгээнд хэрэглэдэг. Мэдрэг нянгаар үүсгэгдсэн цочмог ба ясны чөмгөний архаг үрэвсэл болон менингит, татран, боом болон нярайн В бүлгийн стрептококкийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор болон хоёрдогчоор хүндэрсэн заг хүйтний гаралтай үе мөчний өвчин, төрөлхийн болон мэдрэлийн тэмбүү өвчний үед хэрэглэнэ. Хүүхдэд: Биеийн жинд хоногт 15-30мг/кг (25,000- 50,000 ед) тунгаар тооцон хоногийн тунг 2-4 хуваана. Бензатин бензилпенициллин 2.4 сая ОУН тарилгын нунтаг эм нь мэдрэг нянг шууд үхүүлэх үйлдэлтэй. Бензилпенициллинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд сийвэнд тогтоогдсон тунгийн хэлбэрээр удаан хугацаанд барих шаардлагатай үед мэдрэг стрептококкоор үүсгэгдсэн амьсгалын дээд замын хөнгөн, дунд зэргийн халдвар, бэлгийн замын халдварууд тэмбүү, мөөгөнцөр, яв зэргийн эмчилгээнд зөвхөн булчинд тарьж хэрэглэнэ. Нярай, бага насны хүүхдэд 27кг (60lbs) хүртэл жинтэйд 300.000-600.000 нэгжээр тарина. Натрийн хлорид 0.9%-250мл тарилгын шингэн нь эсийн гаднах шингэний эзлэхүүн, осмос даралтыг хэвийн байлгах үүрэгтэй ба энерги, биеийн шингэний нэмэлт тэжээл, бүх шалтгааны улмаас биеийн шингэн алдсан нөхцөлд хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэхдээ тун, дусаах хурдыг сайтар хянах шаардлагатай. Лабораторийн шинжилгээгээр Бензатин бензилпенициллин 2.4 сая ОУН тарилгын нунтаг нь (бүтэн) химийн шинжилгээгээр бензилпенициллины таних урвал өгч, түүний агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнд буюу 74.02%, харин задарсан бүтээгдэхүүн нь бензилпенициллины таних урвал өгч, халууруулах чанаргүй, хорон чанаргүй, бактерийн эндотоксин зөвшөөрөгдөх хэмжээнээс ихгүй байна. Пенициллин 1М тарилгын нунтаг (бүтэн, задарсан) нь биологийн шинжилгээгээр чанарын шаардлага хангаж, химийн шинжилгээгээр бензилпенициллины таних урвал өгсөн. Натрийн хлорид 0.9%-250мл тарилгын шингэн нь хими болон биологийн шинжилгээгээр АНУ-н фармакопейн шаардлага хангасан байна...” гэх албан бичиг, хавсралт /1хх-ийн 129-141 дэх тал/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1хх-ийн 144 дэх тал/,

Өвчний түүх /хүүхдийн/, яаралтай тусламжийн хуудас /хүүхдийн/, эмчийн үзлэг /1хх-ийн 146-183 дахь тал/,

Эрүүл мэндийн яамны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн: “...Албан тоотоор ирсэн хүсэлтийн дагуу 2309032760051 тоот хэргийн материал болон цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй танилцав. Эмчилгээ хийж байсан сувилагч тариаг андуурч хийсэн, мөн шүүх эмнэлгийн шинжилгээний “Анафилаксийн шок-ийн улмаас нас барсан” гэх дүгнэлт гарсан байна. Пенициллиний бүлгийн антибиотикийг аль ч насны хүнд өндөр тунгаар, эсвэл андуурч тарих нь харшлын гаралтай өвчлөл, эсвэл анафилаксийн шалтгаант үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй бөгөөд хэрэгт авагдсан материалаас үзэхэд анафилаксийн шокийн улмаас нас барсан гэх үндэслэлтэй байна. Иймд пенициллиний бүлгийн тарианы тунг андуурч хийснээс “анафилаксийн шок”-д орсон гэх дүгнэлттэй санал нэг байна...” гэх албан бичиг /3хх-ийн 135 дахь тал/,

Шүүгдэгч Д.Н-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар бүлэгт заасан Эрүүл мэндийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хүндрүүлэх шинж:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол…” гэжээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2829 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 101-113 дахь тал/-ээр 02 сар 24 хоногтой А.О нас барсан болох нь тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж, мөн зүйлийн 16.6 дахь хэсэгт “...эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн субьектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна. /УДШ-ийн 2019.12.25-ны №4 тогтоол/

Шүүгдэгч Д.Н нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэжээ.

Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас шууд учирсан хохирлоос үүдэн хохирогчид цаашид учирч буй бие махбодын зовуурь шаналал, сэтгэл санаанд үүсэж буй тавгүй байдал, амьдралын хэвийн горим алдагдсанаас улбаалж хохирогчийн нийгэм, эдийн засаг, бие махбодод үүсгэж буй  хүндрэлийг хэлэх юм.

Энэхүү нөхцөл байдлуудыг арилгаж, хохирогчийг хохирсон дээр нь дахин хохироохгүйн тулд гэмт хэргийн улмаас алдагдсан бүхий л боломжийг нь тодорхойлж үнэлэх шалгуур аргыг хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуульд мөнгөн хэлбэрээр үнэлэх хэлбэрээр олгох эрх зүйн үндэслэлийг бий болгосон нь эрүүгийн эрх зүйн хөгжлийн хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” баталгаатай эдлэх эрхийг үндэсний эрх зүйн системд бэхжүүлсэн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заажээ.

Гэвч иргэний хариуцагч *****  эмнэлгийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би *****  эмнэлгийг төлөөлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа юм. Би байгууллага төлөөлж иргэний хариуцагчаар оролцох эрхтэй, манай даргын албан бичгийн дагуу байгууллагаа төлөөлж оролцож байгаа юм..., ...Би хувиасаа тухайн хүүхдээ алдсан ээжийг өрөвдөөд талийгаач хүүхдийн ээжид оршуулгын зардал гэж 5.500.000 төгрөгийг өгсөн учир дахин хохирол мөнгө төгрөгийг байгууллагын зүгээс өгөх боломж байхгүй...” гэж мэдүүлсэн /3хх-ийн 198-199 дэх тал/ -ийг шүүхээс дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н нь *****  эмнэлгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/154 дугаартай тушаал /2хх-ийн 26 дахь тал/-аар Хүүхдийн тасагт сувилагчаар хөдөлмөрийн гэрээгээр үндсэн орон тоонд ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “…Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ…”, мөн зүйлийн 498.2 дахь хэсэгт “…Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана…” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Харин Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаартай: “...Амь хохирогч А.О-ын хууль ёсны төлөөлөгч И.А-ийн сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 129-131 дэх тал/,

Гэрч И.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эгч маань 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бага охин 02 сар 24 хоногтой А.О-д буруу тариа хийсний улмаас нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үйл явдлын дараа эгч маань сэтгэл санааны хувьд байдалд ороод хүүхдээ оршуулсны дараа гэнэт сав нь хөөрч галзуурсан байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 241-242 дахь тал/,

Гэрч М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би адилхан эх хүн болохоор өрөвдөөд хувиасаа А-д оршуулгын зардал гэж увуулж цувуулан нийт 5.500.000 төгрөгийг өгч байсан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 142-144 дэх тал/,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын тооцсон “Хүн амын дундаж наслалт”-д улсын хэмжээнд эмэгтэй хүний дундаж наслалтыг 76.85 нас гэж тооцжээ.

Иймд амь хохирогч А.О * оны * дугаар сарын *-ны өдөр төрсөн буюу нас барахдаа * сар * хоногтой байжээ. Үндэсний статистикийн хорооны дундаж наслалт 76.85-аас амь хохирогчийн насыг хасахад 76.63 болж байх тул дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /792.000х5=3.960.000/ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогч А.О-ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг  303.454.800 төгрөгөөр тогтоож, иргэний хариуцагч “*** эмнэлэг”-ээс гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн хуулийн 505.1 дэх хэсэгт “…дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...”, мөн хуулийн 507.1 дэх хэсэгт “...Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тус тус заасан нь хохирогч хор уршгаа нэхэмжлэхдээ тухайн үеийн хугацаанд үүссэн төлбөрийн дүнгээр нэхэмжлэх эрх нь үндэсний эрх зүйн системд нэгэнт тогтсон хууль зүйн үндэслэл юм.

 Иймд хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирол учирсан өдрөөр бус хор уршиг хэзээ илэрсэн өдрөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь…, …зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасанд нийцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан нь шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон аливаа хууль тогтоомж нь хүчин төгөлдөр байх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн сувилагчийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Bentazathine benzylpenicillin” 2.4 гэсэн бичиглэл бүхий 10 мг хэмжээтэй цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн тариа 3 ширхэг, тариаг задалж найруулан талыг нь хэрэглэсэн савтай тариа 1 ширхэг, Penicillin 1М гэх тод цагаан өнгийн бөмбөлөгтэй 5m хэмжээтэй дотроо нунтаг цагаан зүйлтэй задалсан цэнхэр өнгийн таг бүхий шил 1 ширхэг, Penicillin 1М гэх тод цагаан нэршилтэй дотроо тунгалаг шингэн зүйлтэй төмөрт тагтай задлаагүй бүтэн шил 1 ширхэг, SOBIUM CHIORIDE 0.9%-250 ML гэх нэршилтэй пиавар материалтай дотроо шингэн зүйлтэй саарал өнгийн пиавар тагтай сав 1 ширхэг, SAFY BOX-АЮУЛТАЙ ХАЙРЦАГ гэх тод хар бичигтэй цагаан өнгийн 25х12мм хэмжээтэй босоо хайрцаг дотор нь том жижиг хэрэглэсэн тариурууд зэрэг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Тухайн үед эмнэлгийн байгууллагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөг өгсөн. Амь хохирогчийн ар гэрийнхнээс шүүгдэгчээс ямар нэгэн хохирол, төлбөрийг нэхэмжлээгүй. Амь хохирогчийн ар гэрийнхэнд учруулсан сэтгэл санааны хохирлыг тус эмнэлгийн байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал их сургуулиа төгсөөд тус эмнэлэгт ажилласан, түүний сувилагчаар ажилласан хугацаа нь ердөө 4 сар л байдаг. Уг гэмт хэрэг гарахад миний үйлчлүүлэгчийн мэдлэг, ажлын туршлага тааруу, өмнө нь тэр төрлийн тариаг харж байгаагүй, ижил төстэй тариаг андуурсан гэх нөхцөл байдлууд нөлөөлсөн. Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, төрөөд удаагүй нялх биетэй зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би өөрөө эх хүн учраас энэ эмэгтэйд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хүүхдийг ээжээс нь салгамааргүй байна...” гэв.

Шүүгдэгч Д.Н нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 104 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 101 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

Шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасаж, мөн 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Д.Н-ын ***** оршин суудаг байдлыг харгалзан ***** нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Bentazathine benzylpenicillin” 2.4 гэсэн бичиглэл бүхий 10 мг хэмжээтэй цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн тариа 3 ширхэг, тариаг задалж найруулан талыг нь хэрэглэсэн савтай тариа 1 ширхэг, Penicillin 1М гэх тод цагаан өнгийн бөмбөлөгтэй 5m хэмжээтэй дотроо нунтаг цагаан зүйлтэй задалсан цэнхэр өнгийн таг бүхий шил 1 ширхэг, Penicillin 1М гэх тод цагаан нэршилтэй дотроо тунгалаг шингэн зүйлтэй төмөрт тагтай задлаагүй бүтэн шил 1 ширхэг, SOBIUM CHIORIDE 0.9%-250 ML гэх нэршилтэй пиавар материалтай дотроо шингэн зүйлтэй саарал өнгийн пиавар тагтай сав 1 ширхэг, SAFY BOX-АЮУЛТАЙ ХАЙРЦАГ гэх тод хар бичигтэй цагаан өнгийн 25х12мм хэмжээтэй босоо хайрцаг дотор нь том жижиг хэрэглэсэн тариурууд зэрэг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н-ын сувилах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг *** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н-ын сувилах эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “***** эмнэлэг ”-ээс 303.454.800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгож, иргэний хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс тус зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Bentazathine benzylpenicillin” 2.4 гэсэн бичиглэл бүхий 10 мг хэмжээтэй цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн тариа 3 ширхэг, тариаг задалж найруулан талыг нь хэрэглэсэн савтай тариа 1 ширхэг, Penicillin 1М гэх тод цагаан өнгийн бөмбөлөгтэй 5m хэмжээтэй дотроо нунтаг цагаан зүйлтэй задалсан цэнхэр өнгийн таг бүхий шил 1 ширхэг, Penicillin 1М гэх тод цагаан нэршилтэй дотроо тунгалаг шингэн зүйлтэй төмөрт тагтай задлаагүй бүтэн шил 1 ширхэг, SOBIUM CHIORIDE 0.9%-250 ML гэх нэршилтэй пиавар материалтай дотроо шингэн зүйлтэй саарал өнгийн пиавар тагтай сав 1 ширхэг, SAFY BOX-АЮУЛТАЙ ХАЙРЦАГ гэх тод хар бичигтэй цагаан өнгийн 25х12мм хэмжээтэй босоо хайрцаг дотор нь том жижиг хэрэглэсэн тариурууд зэрэг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ШИНЭХҮҮ