| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогч Д.Т,
Шинжээч Ч.Сэргэлэнбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох 2524000310045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Ц овогт Д Б, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Быг хохирогч Д.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Ар бургастай гэх газарт байрлах өвөлжөөнд иргэн Д.Ттай үхрээ бэлчээрт гаргасангүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Д.Тын “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус сумынхаа Зарт баг Ар бургастай гэх газар өвөлжөөн дээрээ өглөөний 09 цагийн үед би хашаандаа үхрийн баас цэвэрлээд явж байтал Д.Б нь үхрээ бэлчээрт нь тууж гаргасангүй хар пязданууд үхрээ маллаж чаддаггүй гэх мэтээр харааж зүхээд байхаар нь чи үхрээ хөдөлгөчихгүй яасан юм гэхэд хуцаад бай та нар үхэр малаа харж чадахгүй хүнээр мал харуулж байж арчаагүй гэж хараасан. Улмаар хар пязда минь ална шүү чамайг гээд хүрээд ирэхээр нь би хоёр гарыг нь бариад автал намайг шууд мөргөж унагаасан. Тэгээд миний хамраас цус гарч байсан ба намайг тонгойсон байх үед ахиад нүд хэсэгт цохисон. Улмаар би эмнэлэгт үзүүлсэн чинь хамар чинь хугарсан байна, хамрын мэс засалд орно гэж эмч хэлсэн. ...Д.Б нь миний хамар хэсэгт мөргөсөн ба тонгойсон байх үеэр нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Миний хамар хугарсан. Өглөө босох үед нүүр хэсэгт хавдаж байгаад өдөртөө хавдар нь буучхаад байна. Мөн миний толгой байнга өвдөж байна. Намайг Д.Бт зодуулах үед малын хашаан дотор бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг цусаа гоожуулчихсан байх үед О ирж цус тогтоож өгсөн. ..Би түүнд гар хүрч зодоогүй. Д.Б намайг Улаанбаатар хот явах үед 100,000 төгрөг өгсөн. Би одоо эмчилгээний зардал 1,300,000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 10-12-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч С.О “...Манайх Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Ар бургастай гэх газарт Т, Б гэх 2 айлтай 3 гэрээрээ хамт өвөлжиж байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөөний 09 цагийн үед өөрийнхөө 3 тооны үхрийг бэлчээрт нь тууж гаргачхаад Т ах буюу С.Т гэрт орсон. Тэдний гэрт Т ахын хамраас нь цус гараад цусаа хувинд гоожуулаад байж байсан. Би түүнээс яасан юу болсон бэ? гэхэд Б миний хамар руу мөргөсөн гэж хэлсэн. Яагаад таныг мөргөж байгаа юм бэ? гэхэд үхрээ туучих гэсэн чинь чи туухгүй юу гээд түүнээс болоод маргалдаад миний хамар руу мөргөчихлөө гэж хэлсэн. Т ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Быг чи яагаад Т ахыг зодож байгаа юм бэ? гэхэд миний дээлний хоёр ханцуйнаас бариад авахаар нь дугтарсан чинь нүүрээ миний толгой руу мөргөсөн гэж хэлсэн. Б архи уугаагүй мөн эрүүл байсан. Бид гурвын өвөлжиж байгаа өвөлжөө Т ахын өвөлжөө байгаа юмаа...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 39-40-р хуудас/,
- Гэрч Д.Т “...Тухайн үед манай дүү болох Д.Т нь бусдад зодуулах үед нь би Улаанбаатар хотод хүүхдээ үзүүлэн эмнэлгийн ажлаар явж байсан ба Д.Тыг Их-Уул сумын эмнэлгээс гэмтэл нь гайгүй байна гэсэн болохоор нь гэр лүү нь явуулсан гэсэн. Улмаар толгой тархи нь өвдөөд байхаар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн гэдгийг дуулсан. Би тэрийг сонсоод манай дүүг зодсон гэх Д.Бын утас руу залгаж ярьсан. Гэтэл Б.Б нь гэмшсэн шинжгүй байсан бөгөөд манай дүүгийн хамар ам нь болохгүй, толгой тархи нь өвдөөд байна гэж байна чи нэг нутаг усны хамт өвөлждөг хүн байж ядаж очоод уучлалт гуйчхаж болоогүй юм уу гэж хэлсэн. Гэтэл Д.Б нь би ганц гэрээр явж байна надад очиж уулзаж уучлалт гуйх цаг зав алга гэж хэлсэн. Эмчилгээний зардлыг нь төлөхгүй бол цагдаад хэлж явдаг газраар нь шийднэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 43-44-р хуудас/,
- Гэрч Д.Б “...2025 оны 01 дүгээр сарын 20-21 орчим байхаа нэг өглөө гэрээсээ адуунд явах санаатай гараад иртэл манай хамт өвөлждөг Б, Т 2 үхрийн хашаан дотор барилцаад авсан байсан. Тэгэхээр нь би явж очоод “та 2 юу болоод байгаа юм, нэг дорын хүмүүс байж” гэж хэлээд салгаад 2 тийш болгосон. Би очоод салгатал Б үхрийн хашаанаас гараад явсан. Т нь тэндээ үлдсэн. Энэ 2 яагаад юунаас болж муудалцсан талаар хэлж мэдэхгүй байна. ...Намайг очих үед тэр 2 маргалдаад дуусчихсан байсан. Тын хамраас цус гарчихсан, Бын баруун талын шанаа нь халцарсан байдалтай байсан. Би тэр 2-г салгачхаад адуундаа яваад орой нь гэртээ иртэл эмнэлэг ирээд Д.Б, Д.Т нарыг аваад явсан гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа ирсэн байхаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
- Гэрч Ө.А “...Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ий өдөр Их-Уул сумын эрүүл мэндийн төвд алсын дуудлагад явах ээлжтэй байсан. Тэр өдөр эрүүл мэндийн төвд 13 цагт Т гэх хүнээс “хүний хамрын 2 нүхнээс цус гарна, бөглөхөөр ам руу орно” гэсэн дуудлага гэж надад танилцуулсан. Би жолооч Э хамт уг дуудлага өгсөн хаягаар буюу Их-Уул сумын Зарт баг Ар бургаст гэх газар руу явсан. Уг хаяг нь сумын төвөөс нэлээд зайтай байсан яг хэдэн километр байсан талаар мэдэхгүй байна. 1 цаг орчим яваад хаяг дээр буюу Т гэдэг хүний гэрт очсон. Намайг очих үед Т гэдэг хүний хамраас цус гараад тогтсон байсан. Орон дээр хэвтэж байсан, гэрт нь бас нэг эрэгтэй хүн байсан. ...Хамраас нь цус гараад тогтсон, баруун зовхи хөхөрсөн, баруун шанаандаа жижиг шалбарсан, баруун нүд улайсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад хажуу айлын хүн намайг ирээд цохисон гэж хэлж байсан. Тэгтэл гаднаас бас нэг хүн орж ирээд юм мөргөсөн гэж хэлж байсан. Тэр хүн Ттай маргалдсан Б гэдэг хүн байсан. Би Бын даралтыг үзэхэд хэвийн байсан, аль нэг талынх нь гар эрхий хурууны ар хэсгээр бага зэрэг хавдсан байсан. Би үзэх гэхэд “би зүгээрээ, наад хүнээ л үз гээд” үзүүлэхгүй байсан. Би үзлэг дуусгаад Тыг шинжилгээ хийлгэх зорилгоор сумын төв рүү авч явсан. Тэр үед Б гэдэг хүн хамт яваад сумын төв ороод буусан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗАВ/0725/097 дугаартай “...1. Д.Тын эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамрын хянга ясны хуучин хугарал, хамрын таславчын муруйлт хохирол тогтоогдлоо.
3. Учирсан хохирол нь шинэ хохирол байна.
4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Д. Тын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ЗАВ/0725/126 дугаартай “...1-3. №3АВ0725/097 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлээс гадна Д.Тын эрүүл мэндэд өөр хохирол тогтоогдсонгүй.
2. Хамрын таславчын муруйлт хохирол нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Уг хохирол нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна.
3. Шинээр үүссэн хамрын таславчын муруйлт хохирол нь дангаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Хамрын хянга ясны хуучин хугарал хохирол нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэн Болохыг нарийн тогтоох боломжгүй байна...”нэмэлт дүгнэлт /хх-ийн 75-76-р хуудас/
- Шинжээч Б.Сэргэлэнбаярын “...Хохирогчид үүссэн хамрын таславчийн муруйлт хохирол нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байсан. Уг хохирол нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/,
- 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 106-108-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Ар бургастай гэх газарт байрлах өвөлжөөнд иргэн Д.Ттай үхрээ бэлчээрт гаргасангүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Маргааны улмаас хохирогч биед нь халдсан нөхцөл байдлын улмаас биеэ татаж салгахдаа хохирогч ирж мөргөлдөж хамартаа гэмтэл учирсан буюу тухайн хор уршигт болгоомжгүй хандсан үйлдэл байна. Ийм учраас гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохооргүй, гэмт хэрэг гэж хуульчлаагүй учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү” гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн цаг хугацаанд хохирогч, яллагдагч нар нь маргалдаж үхрийн хашаан дотор хохирогч Д.Тын хамраас цус гарсан байсан талаар гэрч Д.Б мэдүүлсэн байна. Мөн үүний дараахан гэрч С.О Д.Тын гэрт нь ороход хамрын цусаа хувинд гоожуулаад байж байсан, Д.Б мөргөж гэмтэл учруулсан гэж хэлсэн талаар тус тус мэдүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримт нь хохирогч Д.Тын эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шууд санаатай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Тын эмчилгээний зардалд 1,300,000 төгрөг дансаар шилжүүлсэн гэх тайлбар хэрэгт авагдсан байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Т “...Д.Б намайг Улаанбаатар хот явахад 100,000 төгрөг өгсөн. Өөр хохирлын мөнгө төгрөг өгөөгүй. Одоо эмчилгээний зардал 1,300,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “…Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүх нотлох баримтыг үндэслэн хохирлыг шийдвэрлэх бөгөөд хохирогч Д.Тын нэхэмжилж буй хохиролтой холбоотой ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэргээс авсан гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээ үйлчилгээний зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 392,584 төгрөг гарсан байна. Шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь ХААН банкны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Д.Баас шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 30-р хуудас/
Иймд шүүх шүүгдэгч Д.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Д.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 122-р хуудас/
Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Д.Бын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Д.Тын 1,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ