| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүү,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дт холбогдох 2524000000056 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Ч Д, регистрийн дугаар.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Д нь хохирогч Э.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ч.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран баг Хайрхан хэсгийн 1201 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Оын биед халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний хажуу, толгойн оройн зүүн дээд хэсэгт шарх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөгний хажууд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Э.Оын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би гэрээсээ 08 цагийн үед дэлгүүр орохоор гарч яваад замдаа Дийн гэрт ороход Д, Д нар Хараа нэртэй архи дундаа тавьсан ууж байсан. Тэгээд тэрнээс хамт ууж дуусаад дахин 1 шил Хараа нэртэй архи Д гаргаж ирээд түүнийг нь ууж сууж байгаад гаднаас П орж ирээд Дийг аваад гарсан. Тэгээд Д бид хоёр гэрт үлдээд юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь толгойноос цус гарсан, гэрийн шал цус болсон байдалтай байгааг мэдээд тэдний гэрээс гарч гүйж гэртээ ирэхэд манай эхнэр Нандинцэцэг цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Миний толгойн хэсэгт цохисон байсан тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор яг юугаар цохисныг мэдээгүй. Архи ууж байсан аягаараа л цохисон юм шиг байна лээ. ...Миний толгойны зүүн хойд хэсэгт хагарч, баруун нүдний дээд талын хөмсөг задарсан байсан. Тухайн үед Д бид хоёроос өөр хүн байгаагүй. Д байж байгаад гараад явсан. ...Манай эхнэрийн хамаатан болохоор манайхаар орж гардаг хүн байгаа юм. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор тийм зүйл болсон байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
- Гэрч Т.Н “...2025 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед манай нөхөр О нь би дэлгүүр ороод хүүхдэдээ ундаа аваад ирье гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Тэгээд ирэхгүй болохоор гэрээсээ гараад гудамж тойроод харахад Дийн хашааны гадна мотоцикл байсан. Тэгээд би цаашаа хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явсан. Тэгээд өдөр 14 цагийн үед манай 1 дүгээр ангийн хүүхэд цонх нүдээд байхаар нь би яасан гэж асуухад надад хандаж аав их хэмжээний цус болсон гэр лүүгээ алхаж байна гэж хэлэхээр нь би сандарч урдаас нь гарахад манай нөхөр О нь надад хандан намайг Д зодлоо гэж хэлсэн. Тэгээд би Дийн гудамж руу эргэхэд урдаас П, Д нар таарахаар нь би манай нөхөр О хэн зодсон бэ гэж асуухад Д зодсон гэж хариулсан. Тэгээд би цагдаагийн хэсэг рүү залгаж дуудлага өгөөд цагдаагийн байгууллагын машинаар нөхрөө эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...П, Д нараас асуухад О, Д нар зодолдсон гэж хариулсан. Манай нөхөр О нь зодуулснаас болж толгойны зүүн хойд хэсэгт хагарсан, толгойн орой хэсэгт хагарсан, мөн баруун нүдний дээд талд хөмсөг хэсэгт зүсэгдсэн байсан. ...Гэртээ ирэхдээ нүүр, толгойн хэсэгт их хэмжээний цус гоожсон байсан. Манай нөхөр О болон Д нар нь хоорондоо өс хонзон, өр авлагын зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
- Гэрч Б.Пийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед Дийн гэрт эхнэр Бгээс юм асуух ажлаар гэрт нь ороход эхнэр Б нь байгаагүй. Харин Д, Д, О нар сууж байсан. Тэгээд Д надад хандаж намайг гэрт хүргээд өгөөч миний хөл өвдөөд байна гэхээр нь би сугадаж аваад тэднийхээс гараад явж байхад хойноос О нүүрэндээ цус болсон байдалтай гүйж ирээд би сандраад чи яачихав аа гэж хэлээд цусыг нь тогтоохоор ариун цэврийн цаас өгөх гэхэд гүйгээд гэр лүүгээ явсан. Тэгээд бид хоёр алхаж байхад гудамж эргээд эхнэр Н гарч ирээд Д бид хоёроос манай нөхөр Оыг хэн зодсон гэж асуухад нь би Д зодсон гэж хариулсан. ...Д, О хоёр үлдсэн. Өөр хүн байгаагүй. Хөмсөг хэсэгт нь задарсан харагдсан. Бусад зүйлийг нь сайн анзаараагүй гэр лүүгээ гүйгээд явчихсан. Намайг ороход “Хараа” нэртэй архи дундаа тавьсан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэр их согтуу байсныг сайн анзаараагүй ямар ч байсан халамцуу л байсан. Би гэрт нь ороод Дийн эхнэр байхгүй болохоор Дийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗАВ/0725/150 дугаартай “...1. Э.Оын биед: Баруун хөмсөгний хажуу, толгойн оройн зүүн дээд хэсэгт шарх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөгний хажууд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шарх бүр нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
3. Э.Оын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байх тул гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Э.Оын биед: Баруун хөмсөгний хажуу, толгойн оройн зүүн дээд хэсэгт шарх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөгний хажууд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,
- 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ч.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран баг Хайрхан хэсгийн 1201 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Оын биед халдаж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний хажуу, толгойн оройн зүүн дээд хэсэгт шарх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөгний хажууд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хууль зүйн мэдлэг болон бие биедээ хүлээцтэй хандаж ойлголцох байдал дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Оыг Завхан аймаг руу эмчилгээнд өөрөө авч явсан бөгөөд шатахууны болон бусад зардалд 200,000 төгрөг зарцуулсан гэх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. Мөн хохирогч Э.Оыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 365,292 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Ч.Д бүрэн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ч.Дт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цагаан өнгийн шаазан аяганы 7 ширхэг хагархай, Хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цагаан ногоон өнгийн шаазан аяганы хагархай 7 ширхэг, Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ