| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч М.Дийн М.Гомборагчаа,
Шүүгдэгч М.Д, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д, Б.Б нарт холбогдох 2524000350055 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,Х овогт Б.Б, регистрийн дугаар
2. Монгол Улсын иргэн, Х овогт М.Д регистрийн дугаар:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн ...........сумын Төөнт багийн нутаг “Баруун уулын Цагаан өтөг” хэмээх газарт хохирогч М.Дтай урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний баруун гар хэсэгт сүхээр цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны хугарал, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт, хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Д нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг “Баруун уулын Цагаан өтөг” хэмээх газарт хохирогч Н.Бтай урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд бүсэлхийн хоёрдугаар нугалмын хугарал, хамрын хянга ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг “Баруун уулын Цагаан өтөг” хэмээх газарт хохирогч М.Дтай урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний баруун гар хэсэгт сүхээр цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны хугарал, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт, хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Д нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг “Баруун уулын Цагаан өтөг” хэмээх газарт хохирогч Н.Бтай урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд бүсэлхийн хоёрдугаар нугалмын хугарал, хамрын хянга ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч М.Дийн “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн малчин иргэн С гэдэг айлд очиход Д, С, Б нар архи уугаад байж байсан. С гэдэг айлын тэр архийг нь хувааж уугаад байж байхад Б гэдэг залуу гэр лүүгээ явсан. Удалгүй Б, Сын гэрийн гадаа намайг гараад ир гэхээр нь би Сын гэрийн гадаа гарахад Б миний нүүр лүү нэг удаа духаараа мөргөхөөр нь би зөрүүлээд хоёр удаа духаараа мөргөсөн. Тухайн үед миний хамрын цус гараад байсан. Тэгэхэд Б нь С ахын гэрийн гадаа байсан түлээний сүхээр миний баруун талын гарын шуу хэсэгт 2 удаа цохисон. Мөн нуруу хэсэгт 3 удаа сүхээр цохисон. Зүүн талын гарын бугуй хэсэгт 3 удаа цохисон. Тухайн үед би Б луу “чи миний гарыг хугалчихлаа” гэсэн чинь “битгий худлаа яриад бай” гэж хэлээд тоохгүй яваад өгсөн. ...Тухайн үед С, Д, Б нар байсан. Миний нүүр хэсэгт нэг удаа мөргөхөөр нь би зөрүүлээд 2 удаа нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Бгийн “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед манай 2 дахь хүүхэд болох 6 настай С “аав хоёулаа С ахынд очъё. Би бэлгээ авмаар байна” гээд байхаар нь би хүүгээ дагуулаад С ахынд очсон юм. Тэгтэл С ах “Сар шинийн юм амсуулъя” гээд нэг 0.5 граммтай хараа архи гаргаж ирээд хоол цай чануулж идэж ууж байх хооронд С ах тэр архинаас надад хоёр гурав удаа хийж өгөөд би тэр хийж өгсөн болгоныг татаад дотор жоохон халсан. Тэгээд хүү бид хоёр буцаад гэр лүүгээ явах гээд гэрээс нь гарах хооронд С ах намайг “Ахын дүү хүүхдээ хүргэж өгчхөөд буцаж ирээд жаахан сууж ганц нэг татангаа хууч хөөрөхгүй юу” гэхээр нь би хүүхдээ хүргэж өгчхөөд буцаад С ахынд очоод нөгөө шил архи уунгаа С ахтай юм яриад сууж байтал гаднаас Ч орж ирсэн. Тэгтэл С ах дахиад Чад сар шинийн юм гээд нэг шил архи гаргаж задлаад бид гурав тэр архийг хувааж уугаад хууч хөөрөөд сууж байтал гаднаас манай багийн залуу М.Д нь 19 цаг өнгөрч байхад орж ирээд бид дөрөв 0,75 граммтай Тайга, 0.5 граммтай хараа зэрэг 2 шил архи хувааж уусан юм. Би тэр хооронд Даас “Ахын дүү ахынхаа машиныг хэзээ янзалж өгөх гэж байна даа” гэж асууснаас болоод Д бид хоёр маргалдаж эхэлсэн. Учир 2024 оны 10 дугаар сарын эхээр байх сар өдрийг тодорхой сайн санахгүй байна. Д нь Баянхайрхан сумын төв дээр намайг өөрийнхөө машинтай явж байхад жаахан халамцуу явж байгаад нойтон цас дээр халтираад миний машины урдаас мөргөөд манай машины гэрэл, копуд зэрэг зарим нэг эд ангийг маань эвдсэн юм. Д тухайн үедээ би жаахан архи уучихсан байна. Бие биеэ таньдаг юм чинь дараа нь хоёулаа болно биз дээ гээд хөдлөөд явчихсан юм. Тэгээд сая тэгж уулзаад архи уусандаа түүнийгээ өр болгон нэхсэнээс хэрүүл үүсэж сүүлдээ хоорондоо зодолдсон юм. Тухайд ийм л асуудал болсон. ...Миний тухайд С ахын гэрт Дтай хэрүүл хийж байгаад гэрээс гарсан хойноо хоёулаа бие биеэ барьж аваад боогоод хэрэлдэж, ноцолдож байснаа би санаад байгаа юм. Харин тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Учир би тухайн үед архи уусан дээрээс нь уурласандаа багтраад хэсэг ухаанаа алдсан байна лээ. Би гэрийн гадаа Дтай хэрэлдэж зодолдсон хугацаан дахь үйл явдлыг бол тодорхой сайн санахгүй байгаа юм. Д намайг цохисон эсэх талаар яг үнэндээ санахгүй байна. Ямар ч байсан зодоон цохион болоод дууссаны хэсэг хугацааны дараа юм шиг байгаа юм. Би буцаад Сын гэрт ороод баганын дээд талд нь суучихсан байхад Д над дээр ирээд “Энэ дээлийн ханцуйнаас татаадах чи миний гар луу сүхээр цохиод хугалчих шиг боллоо” гэж хэлэхэд нь би сэргэсэн. Зодоон болсны дараа сэргэх үед Д өөрөө “Чи миний гар луу сүхээр цохисон” гэж хэлсэн. Тэгээд би сүхээр Дийн гар луу нь цохисон гэдгээ мэдсэн. Тухайн үед миний хамар, нуруу, толгойны ар дагзны хэсэгт хавдаж хөхөрсөн байсан. Дээрээс их өвчтэй толгой ар дагзны хэсэгт юманд хүрч болохгүй хөндүүрлэх өвдөг, ялангуяа нуруу сууж босоход хүндрэлтэй өвчин орчихсон тэрнээсээ нэг хэсэг явж чадахгүй байсан. Мөн миний хамар одоо болтол хөндүүрлэж өвддөг, битүүрдэг болсон, дээрээс нь битүүрч байгаа. Ер нь бол байнгын өвчин намдаах эм ууж, тариа хийлгэж байгаа. ...Надад Даас өөр хүнтэй зодоон цохион хийсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Сын “...Би тухайн өдөр 10 цагийн үед Бгийнд орчхоод малдаа яваад орой иртэл Б хүүхэдтэйгээ орж ирээд цай уучхаад гарах гэхээр нь “Чи хүүхдээ гэртээ хүргэчхээд ир, хоёулаа зуу татъя” гэхэд Б хүүхдээ хүргэчхээд ирэхээр нь сар шинийн дайллага гээд хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөөд бид нар хувааж уугаад байж байтал ойролцоогоор 19 цагийн үед Д орж ирсэн. Тэгээд би бас л нэг шил архи гаргаж ирээд нөгөө архиа дөрвүүлээ хувааж уугаад байж байтал Д, Б хоёр цувраад гараад явсан юм. Тэр хооронд Ч бид хоёр хууч хөөрөөд сууж байтал хэсэг хугацааны дараа Д “Б миний гар луу сүхээр цохичихлоо” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь юунаас болоод, яагаад чиний гар луу цохидог юм бэ? гэхэд зүгээр ярьж сууж байгаад сүх аваад цохичихлоо гэж хэлсэн. Тухайн үед Д гар хугарчих шиг боллоо гээд бариад суугаад байхаар нь “Чи эртхэн явж эмч, бариачид үзүүлсэн дээр байх” гээд Ч Дийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод тэр 2 цуг манай гаднаас мордсон. Тухайн үед ийм асуудал болсон. ...Миний тухайд Б нь Дийг сүхээр цохихыг хараагүй. Учир нь Ч бид 2 гэрт байсан болохоор гадаа юу болсныг сайн мэдээгүй. Харин сүх нь бол манай гэрийн гадаа түлээн дээр байсан. Манай сүх юм. ...Тухайн үед манайд байх хугацаандаа өөр хүмүүстэй зодоон цохион хийгээгүй. Харин манайхаас яваад өөр газар яваад зодоон цохион хийсэн талаар мэдэхгүй байна. ...Надад энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Миний тухайд сүхээ үнэлж чадахгүй байна. Учир манай сүх хэрэглээд удаж байгаа хуучин сүх байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Э.С “...Тухайн өдөр 18 цагийн үед манай нөхөр Б хүүхэд Сын хамт манай хөрш зэргэлдээ айл болох С ахынд очиход Б буцаж эргэж ирээд хүүхдээ үлдээчхээд С ах буцаж ирээд жоохон сууж хууч хөөрч байгаад яваач гэнэ одоо буцаад С ахынд очлоо гээд явсан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн үед гэртээ ирэхдээ баруун нүдний ухархайг тойрч улайгаад хавдчихсан, хамраас цус гарсан бололтой уруулынх нь дээр хатчихсан, дээлийн энгэр ханцуй нь цус болчихсон, духных нь дунд жижигхэн шалбарсан, уруулын дотор тал нь язарсан байдалтай орсон ирсэн. Тэгээд босоод яасан юу болсон талаар нь асуухад “М.Дтай зодолдож байгаад ирлээ” гэхээр нь “яагаад юунаас болоод хүнтэй зодоон цохион хийгээд байдаг юм” гэхэд “өнгөрсөн жилийн намар Д манай машиныг мөргөсөн асуудлаас болоод маргалдахгүй юу?” гэж хэлсэн. Тэгээд унтах гээд хувцсаа тайлаад орондоо орох гээд хэвтэх үед миний нуруу өвдөөд байх юм. Чи хараадахаа гээд над руу хэлэхээр нурууг нь хартал ууцных нь дээхэн талд алга дарам газарт улайчихсан байсан. Тэгээд манай Б нь тэр шөнө бие өвдөөд байгаа бололтой яраглаж хоносон. Маргаашаас толгой хамар, ууц нуруу өвдөөд байна гээд өвчин намдаах эм уучхаад 7 хоноод бүүр өвчин нь намдахгүй болохоор би сумын төв орж өвчин намдаах эм тариа авчирч тариаг хийж өгөөд, эмийг уулгасан. Тэрнээс одоог хүртэл хамар, нурууны өвчин нь намдахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Ч.Ч “...Тухайн өдөр би үхэр хайж яваад С гэх айлд ойролцоогоор 20 цагийн үед очиход тэднийд Б, С 2 сууж байсан. Тэгээд намайг ороход С сар шинийн юм гээд Хараа нэртэй архи задлаад түүнийг нь бид 3 хувааж уугаад байж байтал гаднаас Д орж ирсэн. Тэгээд дөрвүүлээ болоод архиа хуваагаад ууж байтал Д, Б 2 гараад явсан. Би тухайн үед тэр хоёрыг гэр, гэр лүүгээ явж байгаа юм байна гэж бодож байсан юм. Тэгээд удалгүй Д гаднаас орж ирээд Б миний гар луу сүхээр цохичихлоо гэж орж ирсэн. Б нь орж ирэлгүй явчихсан байна лээ. Д нь гэрт орж ирээд удалгүй би харихгүй бол болохгүй нь, энэ гар өвдөөд байна гэж хэлээд явсан. ...Миний тухайд тэр хоёрыг цохиж, нүдэж байхыг нь хараагүй. “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Б.А “...Тухайн өдөр манайд Баасандорж гэх залуу золгож ирээд морио алдчихаар нь би гэрт нь 00 цагийн үед аваачиж өгөхөд Б нь Б ээж Ж сууж байсан. Тэр үед Б нь нэлээн согтуу байсан. Тэгээд юм ярьж суугаад Бгийн манай гэрийг ухсан талаар яриа үүсээд Б “Та яаж намайг танай гэрийг ухсан гэж бодоод байгаа юм бэ? Танд гэрчлэх гэрч байгаа юм уу” гэхээр нь миний уур хүрээд битгий хуцаад бай, гэрчлэх гэрч одоо амьд байна гээд гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл хажуугаас Б дүү А нь А ах та одоо боль, манай гэрт битгий зодоон хийгээд бай гэхээр нь би дахиад цохих гэж байснаа больчихсон. Тэгтэл Б “ах хоёулаа гарч уулзъя” гэхээр нь гэрээс гарч уулзтал “таны наад том гар чинь хүн цохивол алахаар байна шүү” гээд би тэр онд танай гэрийг согтуу байхдаа гэрийн хаалгыг чинь цөм цохиод орчихсон байна лээ. Танд би гэрээс авсан юмнуудаа авч ирж өгнөө гэхээр нь за чи өөрөө сайн юмаа бодоорой гэж хэлчхээд бид хоёр буцаж гэрт ороод нэлээн сууж байгаад арай гэж Б явсан. ...Б нь надтай уулзах үедээ доод уруул нь дотор талдаа язарсан, толгойны ар хэсэгт жижигхэн газар хавдартай байсан. Юунаас болоод тархи толгойгоо, уруулаа гэмтээсэн юм гэхэд сая хүн зодчихоод ирлээ. Хэнийг гэсэн чинь Дийн гарын сүхээр цохиод хугалчихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,
Гэрч Т.А “...Тухайн өдөр намайг гэртээ байхад 22 цагийн үед Б ах согтуу орж ирээд ах нь зодоон хийж яваад ирлээ. Ахынхаа толгойны арыг үзээдэх цус гарч байна уу үгүй юу хараадах гэхээр нь би очоод харахад цус гарсан зүйлгүй байхаар нь гараараа тэмтрээд үзэхэд чихний арын дагз хэсэгт нь жоохон газар хавдчихсан байсан. Мөн бас доод уруул нь дотор талдаа язарсан байдалтай байсныг надад харуулсан. ...Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгээд байж байтал манай ах Б, Б. ах хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд тэр гурав хоорондоо юм ярьж байгаад гэнэтхэн Б, А ах нар хэрэлдэж муудалцаад Анхболд ах Б ахыг гараараа нүүр лүү нэг удаа цохиод автал Б буцаагаад цохих гэхээр нь манай бэргэн эгч Л бид хоёр салгасан. Тэгээд хоёр тийшээ болсон. Тэгээд тэр хоёр гэрээс гарч хэсэг юм ярьж байгаад эвлэрээд орж ирээд хэсэг юм ярьж сууж байгаад Б ах харина гээд мориндоо мордоод явсан. Анхболд ах манай ахынд унтчихаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “...Бор шар өнгийн модон иштэй, хүрэн хар өнгийн төмөр толгойтой, түлээ хагалах зориулалт бүхий 1 ширхэг сүх”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗАВ0725/108 дугаартай “....М.Дийн биед баруун гарын шуу ясны хугарал, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт, хаван гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүдийг зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗАВ0725/111 дугаартай “...Б.Бгийн эрүүл мэндэд гэмтэл учирсан байна. Бүсэлхийн хоёрдугаар нугалмын хугарал, хамрын хянга ясны хугарал хохирол тогтоогдлоо. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хохирогчийн зааж байгаа хугацаатай таарч тохирч байна. Уг хохирол нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.Бгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б, М.Д нар нь урьдын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Б, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Д нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Дид 400,000 төгрөг өгсөн гэж, хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бие биедээ төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч М.Дийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,777,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тухайн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлэв. Иймд шүүгдэгч Б.Бгаас 1,777,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б, М.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх бөгөөд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Б.Б, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б, М.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 900 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Дийг 800 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сүхийг иргэний нэхэмжлэгч Д.Ст шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Б, Х овогт М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 900 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч М.Дийг 800 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Д нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ирүүлсэн 1 ширхэг сүхийг иргэний нэхэмжлэгч Д.Ст буцаан олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б 1,777,000 /нэг сая долоон зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Б, М.Д нар нь гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ