Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2022/0070

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК,

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А,

         Хариуцагч: “Э” ТӨҮГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г, Н.Х нарын хоорондын  “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах,

“Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” тухай тендерийн маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А /цахим/, түүний өмгөөлөгч Т.Н /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨҮГ-т  холбогдуулан “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах,

“Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан.

 

2. “Э” ТӨҮГ-аас 2022 оны 08-р сарын 23-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлж, “Б” ХХК-тай “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг байгуулахаас татгалзсан.

3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийн талаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 22/267 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасныг  хүлээн авч, тус яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03/6631 тоотоор хариу өгчээ.

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан /ХХ-ийн 1-5 дугаар тал/.

5. Нэхэмжлэгч “Б” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Б-ийн 2022 оны 08-р сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134- 12/3794 тоот шийдвэр гаргасан.

1/ “Б” ХХК-ийн “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон. Уг шийдвэрийг манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2022 оны 08-р сарын 25-ны өдөр “Э” ТӨҮГ-т гомдол гаргасан боловч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-134-12/3949 тоотоор хүлээж аваагүй хангахаас татгалзсан.

2/ 2022 оны 09-р сарын 22-ны өдөр Сангийн Яаманд гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56-р зүйлийн 56.2. “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана.” хэмээн заасан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3/  "Б” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-д заасны дагуу 5 хоног дотор Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн Яаманд 2022 оны 06-р сарын 27-ны өдөр гомдол гаргасан.

4/ Сангийн Яамнаас “Б” ХХК-ийн уг гомдлыг хянаад, 2022 оны 07-р сарын 18-ны өдөр №03/4975 тоот шийдвэр гаргаж, захиалагч буюу “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06-р сарын 23-ны өдрийн дээрх №ДҮ-134-12/3018 тоот шийдвэрийг хүчингүй болгосон.

5/  “Э” ТӨҮГ-аас 2022 оны 08-р сарын 02-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” №ДҮ-134-12/3444 тоот шийдвэр гаргасан учир “Б” ХХК-ний нягтлан Б.Н 2022 оны 08-р сарын 10-ны өдөр “Э” ТӨҮГ-т очиж, “Э” ТӨҮГ-ийн гэрээний ажилтан Н.Х-тай уулзаж, гэрээ байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн.

            6/ “Э” ТӨҮГ-аас 2022 оны 08-р сарын 23-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэр гаргаж, “Б” ХХК-ийн гарын үсэг зурж үлдээсэн “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг байгуулахаас татгалзсан.

            Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагч өнөөдөр  Авлигатай тэмцэх газраас бүх тендерийн материал, гэрээг аваад явсан гээд тайлбарлаж байна, гэхдээ нотлох баримт байхгүй. 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээг нь аваад явсан бол дахиж хэвлээд гарын үсэг зуруулах боломж байгаа. Авлигатай тэмцэх газар шалгалаа гээд бүх ажлаа хаях ёстой юм уу. Үйл ажиллагаагаа явуулах ёстой. Албан бичигт Авлигатай тэмцэх газраас хамаг материал аваад явсан учраас гэрээ байгуулсныг хүчингүй болголоо гэсэн зүйл гэж бичээгүй. Авлигатай тэмцэх газраас материал авч явсан учраас гэрээ байгуулаагүй гэх үндэслэл яриад байж болохгүй. Нөгөө талаас тендерийн ямар хууль, журамд Авлигатай тэмцэх газраас материал аваад явсан бол гэрээ байгуулахгүй гэж заасан юм бэ. Тийм ямар ч хууль, журам байхгүй. “Э” ТӨҮГ шалгарсан компанитай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ байгуулах үүрэгтэй. Өөрсдөө хугацаа хэтрүүлсэн буруутай талаараа сая хүлээн зөвшөөрлөө. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Б-ийн 2022 оны 08-р сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон  мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, мөн хуулийн 106.3.4-т заасны дагуу “Э” ТӨҮГ-т “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг даалгаж өгнө үү” гэв.

  6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Н.Х нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Э ТӨҮГ-ын 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй зарласан. Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээхэд “Б” ХХК, “Б” ХХК-ууд тендерийн материал ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тендерийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу нээхэд “Б” ХХК, “Б” ХХК-уудын тендерийг шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерээс татгалзсан.

Захиалагчаас үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/3018 дугаартай албан бичгээр “Б” ХХК-д, ДҮ-134-12/3019 дугаартай албан бичгээр “Б” ХХК-д тус тус мэдэгдсэн. Тендерт оролцогч “Б” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/4654 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс түдгэлзүүлж байгааг мэдэгдэж, тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг зогсоосон. Улмаар Сангийн яам 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/4975 дугаартай албан бичгээр “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин үнэлгээ хийж, “Б” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн захиалагчаас 2022 оны 08 дугаар сарн 02-ны өдрийн ДҮ-134-12/3444 дугаартай албан бичгээр “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан тул “Э” ТӨҮГ-ын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/3794 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж заасан тул захиалагч болон үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаанд багтаан тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчинтэй болгох тухай мэдэгдсэн захиалагчийн  мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хууль зөрчөөгүй тул тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссаны дараа гэрээ байгуулах үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/3794 дугаартай албан бичиг нь  хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан талаарх хариу албан бичиг болохоос зөвхөн нэхэмжлэгчийн  эрх, ашиг сонирхлыг хөндөх зорилготой шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул дээрх албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй шинжээрээ захиргааны акт биш юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сангийн яамны хүсэлтийн дагуу “Б” ХХК-ийн тендерийн материалыг хянаж үзээд Үнэлгээний хорооны гишүүд буруу шийдвэрлэсэн байна гэсэн. Бид нар Сангийн яамны бодлогыг дэмжинэ.  Үнэлгээний хороо дахин хуралдаж дүгнэлт гаргаж, “Б” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээ байгуулах явцад Авлигатай тэмцэх газраас манай материалыг аваад явсан. Ингээд 21 хоногоор хойшилсон. Энэ хугацаанд тендерийн хугацаа явж байсан. Гэрээ байгуулах явцад хугацаа дууссан. Мөн гэрээ байгуулах явцад Авлигатай тэмцэх газраас “Б” ХХК-ийн өмнө нь нийлүүлсэн төхөөрөмжийг захиалагч байгууллагын ажилчидтай уулзаж шалгасан. Өмнө нь нийлүүлсэн зөөлөн холболтын систем нилээн гэмтэл, согог гарч асуудалтай байсан учраас Авлигатай тэмцэх газраас шалгалт хийгээд чанаргүй төхөөрөмж нийлүүлсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас аж ахуйн нэгж, хувийн компаниуд хохирол амсч байна.

Манай компанид зөөлөн холболтын системийн нөөцгүй байна. Төхөөрөмж эвдэрлээ гэхэд ажил зогсохоор байна. “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангавал бид нар хэрэгжүүлээд явна. Сангийн яамны гишүүдэд нөлөөлсөн асуудал яригдаж байгаа. Үүнийг Авлигатай тэмцэх газраас эцэслэн шийдвэрлэсний дараа “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг  шийдвэрлүүлэх саналтай байна. Хугацааны асуудал дээр Э-ээс шалтгаалсан зүйл байхгүй. Авлигатай тэмцэх газраас баримтууд авсанаас болж хэтэрсэн, нэхэмжлэлийг эсэргүүцээгүй. Сангийн яам шийдвэрээ гаргасан учраас “Б” ХХК-ийг шалгаруулж, тендерт ирүүлсэн материалыг хангалттай үндэслэлтэй гэж үзэн дэмжсэн. Дэмжсэн асуудалд  гомдол гарч, Авлигатай тэмцэх газар биднийг буруутгаж байна. Эрх бүхий албан тушаалтан болон Үнэлгээний хорооны гишүүдийг буруутгасныг сая танилцлаа. Төрийн байгууллагуудын уялдаа холбооноос энэ асуудал үүсээд байна“ гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамын хүсэлтээр төрийн өмчийн байгууллага асуудлаа шийддэг болчихсон юм уу. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар “Б” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд танайх тэнцээгүй байна, санал нийлэхгүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргаж болно гэсэн. Ингээд “Б” ХХК-аас гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч шалгаад, Э ТӨҮГ-ыг үндэслэлгүй шаардлага тавьсан байна гээд хүчингүй болгосон.

Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Авлигатай тэмцэх газраас “Б” ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж гэмтэл, согогтой байсан гэж байна. Авлигатай тэмцэх газар техникийн гэмтэл, согог шалгадаг байгууллага биш. Авлигатай тэмцэх газар гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгадаг байгууллага болохоос Э-т нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний гэмтэл, согогийг шалгадаг байгууллага биш. Авлигатай тэмцэх газар тендерийн материал аваад явсан учир гэрээ байгуулаагүй гэдэг утгагүй зүйл яриад байж болохгүй. Хавтаст хэргийн 169 дүгээр хуудаст танайх 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газар баримтуудыг гаргаж өгсөн байна. Эндээс үзэхээр гэрээг авч явсан нь нотлогддоггүй. Авлигатай тэмцэх газар тендерийн материал аваад явсан учир гэрээ байгуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй тул бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК  нь “Э” ТӨҮГ-т  холбогдуулан “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах,

“Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд  гаргажээ.

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ...”Э” ТӨҮГ-ын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/3794 дугаартай албан бичиг нь  хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан талаарх хариу албан бичиг болохоос зөвхөн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөх зорилготой шийдвэр биш учир дээрх албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй шинжээрээ захиргааны акт биш юм. Мөн Авлигатай тэмцэх газраас тухайн тендерийн баримт бичгүүд болон байгуулагдаж байсан Худалдах, худалдан авах гэрээг эхээр нь авч явсанаас болж тендерийн хүчинтэй байх хугацаа хэтэрсэн... Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудад дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Маргаан бүхий №ХБ-134-12/3794 /Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай/ тоот албан бичиг нь “Э” ТӨҮГ-аас “Б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож байгаа тухайгаа мэдэгдсэн, өөрөөр хэлбэл эрх зүйн шууд үр  дагавар бий болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй шийдвэр бөгөөд уг шинжээрээ захиргааны актад хамаарахаар байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан болон үйл ажиллагааг ойлгоно” заасан байдаг.

6. Тодруулбал, “Э” ТӨҮГ нь Монгол улсын Сангийн яамны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/4975 тоот албан бичгийг хүлээн авч, Үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот үнэлгээний дүгнэлтээр “Б” ХХК-ийн тендерийг “Шаардлагад нийцсэн”, “Хамгийн сайн тендер” гэж дүгнэн шийдвэрлэжээ. /ХХ-ийн 153-157 дугаар тал/

7. Энэ дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 /Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ/ дэх хэсэгт зааснаар “Э” ТӨҮГ-ын Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-134-12/3444 тоот албан бичгээр “Б” ХХК-тай гэрээ байгуулахаар мэдэгдсэн байна. /ХХ-ийн 19 дүгээр тал/

8. Нэхэмжлэгч нь захиалагчийн дээрх албан бичигт дурдсан хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулахад шаардлагатай баримт бичиг, саналаа хүргүүлж, мөн тухайн өдөр захиалагч /Ажил, үйлчилгээ худалдан авах хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Х/-аас гэрээний төслийг баталгаажуулан хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар,  mail-ээр санал, мэдээлэл солилцсон баримтуудаар тус тус нотлогдож байна. /ХХ-ийн 216 дугаар тал/

9. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 /Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна/ дахь хэсэгт зааснаар   “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын Худалдах-худалдан авах гэрээг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, гэрээний талууд болох  Худалдагч /”Б” ХХК/, Худалдан авагч талаас эрх бүхий 6 субьектээс Ерөнхий инженер Т.Б, Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.А, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Х нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /ХХ-ийн 217-225 тал/

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-аас шүүх хуралдаанд  “...Авлигатай тэмцэх газраас тухайн тендерийн баримт бичгүүд болон байгуулагдаж байсан Худалдах, худалдан авах гэрээг эхээр нь авч явсанаас болж тендерийн хүчинтэй байх хугацаа хэтэрсэн...” гэж тайлбарласан бөгөөд эндээс дүгнэвэл  гэрээний хүчинтэй байх хугацааг нэхэмжлэгч талаас хэтрүүлсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

“Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тухайд:

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг, 46 дугаар зүйлийн 46.1 /Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:/, 46.1.1энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 46.1.2үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 47 дугаар зүйлийн 47.2 /Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна/, 47.2.2тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” тус тус зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал тул шүүхээс “гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

            13. Иймд шүүх нэхэмжлэгчийн “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Харин маргаан бүхий “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг нэгэнт шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,  46.1.3 47 дугаар зүйлийн 47.2 , 47.2.2  зааснаар Захиалагч талд “Б” ХХК-тай “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажил”-ын гэрээ  байгуулах /эрх олгох шийдвэр гаргах/  үндэслэл үүснэ.

            15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч талаас шүүхэд гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 36-51, 54-59, 62-68, 71-77, 80-88, 90-96, 99-106, 109-119, 119-131, 137-141, 145-150, 154, 160-167, 176-177, 180-185, 186 хуудасны ар талд авагдсан нотлох баримтуудыг хавтаст хэргээс хасуулах” тухай хүсэлт гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

            16. Учир нь эдгээр нотлох баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 /Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна/ дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэв.

            17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт, түүний бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэхээр, түүнчлэн нэхэмжлэгч талаас түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх санал гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-аас “шүүх хуралдаанд өөрөө оролцоод явах боломжтой” гэх тайлбар тус тус гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 106.4  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Б” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ТӨҮГ-ын санхүүгээс 70200 /Далан мянга, хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ