Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/371

 

 

 

 

 

 

  2021             4              13                                          2021/ДШМ/371

 

 

Г.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ст холбогдох 2011000000979 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овогт Г-ийн С, 1996 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Г.С нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2020 оны 1 дүгээр сараас мөн оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд нэр бүхий 3 иргэний тус байгууллагаас авсан зээлийн эргэн төлөлтийн буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 3.232.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д овгийн Г-ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сийг 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь энэ тогтоолоор оногдуулсан 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.С нь эцэг, эхийн хамт цайны газар ажиллуулдаг бөгөөд дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлаас болж цайны газрууд жигд ажиллах боломжгүй байгаа байдлыг харгалзан үзэж 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу “1 /нэг/ жил” гэснийг “3 /гурван/ жил” хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор төлүүлэхээр тогтоосугай гэснийг 3 /гурван/ жил болгож өөрчилж өгнө үү” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар төлөхөөр тогтоож өгөх боломжтой. Иймд өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нет капитал финанс” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2020 оны 1 дүгээр сараас мөн оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд нэр бүхий 3 иргэний тус байгууллагаас авсан зээлийн эргэн төлөлтийн буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 3.232.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нандин-Эрдэнийн "...зээлийн төлбөрийг тухайн иргэд хугацаандаа хийсэн байтал манай байгууллагад ажиллаж байсан Г.С өөрийн хувийн дансаараа авч завшсан байгаа. Г.Сийн дансны хуулгаар авч завшсан мөнгө нь тодорхой, мөн дээрээс нь шалгалтын явцад Г.Стэй дутсан мөнгөний талаар нийлсэн, өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 14-15/,

 

гэрч Б.Мөнхцэцэгийн "...Г.Сийн гаргасан зээлийн 1 багц 200 орчим материалд шалгалт явуулсан чинь хугацаа хэтэрсэн зээлтэй гурван хүн байсан, тэр гурван хүнтэй яриад яагаад хугацаа хэтрүүлээд байгаа талаар асууж тодруулахад “танай ажилтан Г.С гэдэг хүний өөрийнх нь хувийн данс руу нь хугацаандаа шилжүүлсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд энэ гурван хүний талаар Г.Сээс асуухад "...харин тийм ээ би тухайн 3 харилцагчийн зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн хувийн дансаараа аваад хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан, дээш доош нь хэлж болохгүй шүү, би удахгүй төлчихнө..." гэж хэлж байсан. ..." /хх 20/,

Шүүгдэгч Г.Сийн яллагдагчаар өгсөн “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би харилцагч нарын зээл төлөх мөнгийг өөрийнхөө хувийн дансаар аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан юм. Нийт 3.232.000 төгрөг хувийн дансаар авсан юм. Энэ бол миний буруутай үйлдэл гэдгийг би ойлгосон. ...” /хх 7-8/ гэх мэдүүлгүүд,

Шүүгдэгч Г.Сийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 453182233 дугаартай дансны хуулга /хх 27-55/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-55/, хөдөлмөрийн гэрээ /хх 56-58 хуудас/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Сийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “...шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор төлүүлэхээр тогтоосугай гэснийг 3 /гурван/ жил болгож өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Учир нь, шүүгдэгч Г.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор төлүүлэхээр тогтоосныг 2 /хоёр/ жилийн дотор төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь энэ тогтоолоор оногдуулсан 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн дотор төлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                                

                                ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ